Дэгээ тавихаа больчих уу?
МАН |
Харин нэг нам нь улс орноо дэгээдээд байгааг одоо юу гэх вэ?
2012 оны сонгуулиар Ардчилсан намыг (АН) дангаараа засаг барих хэмжээнд олон суудал өгч сонгоогүй (зарим нэг суудлаа луйвардуулсан байх магадлалтай) боловч ямар ч байсан голлох дүрд нь тоглоод энэ айлын амьдралыг нэг өөд нь татаж болдог бол өөд нь татаад яваач гэж итгэл өгсөн. Ард түмний дийлэнх нь Монгол Ардын Намын (МАН) молигыг олон жил үмхээд залхсан хэрэг.
Гэтэл итгэлээ алдсан МАН их ууртай байна. Уур нь гардаггүй ээ. Уурандаа шинэ эрх баригчдад дэгээ тавьж эхэллээ. Ялагдсан анхныхаа өдрөөс л ингэж эхэлсэн. Д.Дэмбэрэл гишүүн анхны чуулганыг ахмад настны хувьд даргалах байтал намба алдаж намаа дагаж зугтаагаад бойкотлосон. МАН нь яг тэр үеэр хурлаа хийж байна гээд төрийн ажлыг зогсоож байсан.
Шинэ Их Хурлын даргыг хууль бус гэж баахан эсэргүүцэж байснаа чимээгүй болсон.
Хэлсэн ярьсандаа үнэнч байвал уг нь зүгээр дээ энэ намынхан. Ааш нь олддоггүй хүүхэн шиг л элдэвлэх юм.
Намын бүлэг байгуулах дүрэм ёсоор хүсэлтээ хуулийн хугацаанд албан ёсоор гаргаагүй үл тоомсорлож өнгөрөөчихөөд дараа нь манай намын бүлгийг зарлахгүй байна гэж хэл ам хийсэн. УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар дарж суучихаад хэнийг ч оруулахгүй төрийн ажил тасалдуулж байсан. Торгууль төлж шийтгүүлээд л өнгөрсөн байх.
Засгийн газрыг биш, Ерөнхий сайд Алтанхуяг гэдэг хүн л болохгүй байна гэсэн сонин юм ярьж, айлын авгайн хов жив шиг хэдэн шалтаг гаргаж ирсэн нь бүтэлгүйтэж, завсарлага авах нэрийдлээр төрийн ажлыг бас 14 хоног саатууллаа.
УИХ-ын дэд даргын албан тушаалд томилох хүнийг хэлэлцүүлэх үеэр өөр асуудлаар барьцаалж бас 5 хоногийн завсарлага авлаа. Уг нь Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой байсан боловч СХД-ийн дахин сонгуульд ялсан гэх Сумъяабазарын тангарагийг өргүүлэх тухай маргаан гаргаж үймүүллээ.
Сумъяабазарын тангараг өргөх асуудал тэр өдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтанд ороогүй байсан бөгөөд тэгээд ч сонгуулийн хууль зөрчсөн гомдолтой холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн учраас хараахан эцэслэгдээгүй асуудал юм билээ. Санал хураалтыг 22 цагт дуусгах ёстой байтал 20 цагт хаалгаа барьсан гэдэг асуудлаар маргаан үүсгэсэн байгаа. ҮХЦ маргааныг шийдтэл түр хойшлуулсан гэдгийг хэлсээр байтал ямар ч хамаагүй асуудал дээр завсарлага авч байгаа нь ерөөсөө дэгээ тавьж л байвал хамаагүй гэсэн аятай.
МАН-ынхан энэ мэтээр ажилд саад болж, гацааж удаашруулж байгаагаа АН-аас хариугаа авч байна гэж бодоод байх шиг. Үгүй дээ, та нар бидэнд бүгдэд нь дэгээ тавьж унагаж байна. Нэг өдөр алдахад л энэ улсын хөгжил тодорхой хугацаагаар хойшилж байгаа. Энэ чинь улсын хөгжилд тавьж байгаа дэгээ. Та нарын өс хонзонгоос болж бүхэл бүтэн ард түмэн хохирох ёсгүй биз дээ? Эсвэл бид л санаагаа гүйцэлдүүлж байвал хэн яах нь бидэнд хамаагүй гэж боддог юм уу?
Сүүлийн 20 гаруй жилийн ихэнхэд нь төр барьж тоглохдоо МАН үнэндээ төр барьж тоглох чадвар тун тааруу гэдгээ харуулсан. Үүний нотолгоо нь өнөөгийн Монголын дүр төрх, байгаа байдал. Ажил хийж чадаагүй гэдгээ шударгаар хүлээгээд, чадна гээд гараад ирсэнд нь боломж өгөөд чимээгүйхэн , дэгээ тавилгүй сууж байж чадахгүй юу? Зөв бодитой шүүмжлэлээ тавиад, болж байгаа юмыг нь дэмжээд явж болохгүй байна уу? Харин энэ "тайм-аут" авсан цаг хугацаагаа ашиглаад өөрсдийгөө боловсруулаад дараагийн шударга өрсөлдөөнд бэлдэж суувал дээргүй юү? АН-ыг чадах гээд ард түмнээ чадаад байна. Больчих, тэх үү?
Comments
Post a Comment