Ямар засаглалын хэлбэр Монголд тохирох вэ?

 

Ямар засаглалын хэлбэр Монголд тохирох вэ, яагаад?


Ойрхоноос Ардчилсан Намын даргын сунгаа эхэллээ. Ерөнхийлөгч агсан Х.Баттулга нэрээ дэвшүүлж өрсөлдөж байгаа юм байна. Уг нь Женко муу нохой ч манай нохой, гэхдээ аймхай нохой. Ерөнхийлөгч байхдаа МАН хууль бусаар төрийн эрхийг авчихаад байхад л сөрж чадаагүй хулчийсаар байгаад хугацаагаа дуусгасан юмдаг. Уг нь бүх баримт нотолгоо ил, иргэд түүнийг талд байж, шаардлагатай бол гудамжинд гарахад бэлэн байлаа. Гэвч тэр хулчийсан. Эсвэл хуйвалдсан. Их Хурал дээр МАН-ыг тараана гэж сүртэй үг хэлээд л таг болсон. Ийм хулчгар нохой одоо АН-ын дарга болно гэнэ. Больчих оо, Женко! Одоо зүгээр л бизнесээ хийгээд холхон явж үз.

Сунгаа эхлэхийн үеэр сурвалжлагчдын асуултад хариулж байгааг нь сонслоо. Нэг нам дангаараа ноёлоод Парламентын зарчим гажуудсан юм байх аа, тэгээд жинхэнэ Парламентын засаглалыг бий болгохын төлөө тэмцэх юм байх. Юу ярьж байгаагаа ч мэддэг юм уу даа. Угаасаа л нэг нам Парламентын (УИХ) сонгуульд ч ялж олонхи болоод, дээрэс нь нэмээд Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал бүгдийг л авна шд. Ялсан нам бүгдийг авдаг зарчимтай. Гажуудаад байсан юм огт байхгүй. Болдог юм номоороо л болсон. Энэ тал дээр хүн ойлгохооргүй хачин юм яриад сөөнгөтөөд байх хэрэггүй. Онигоо болно шд.

Одоо үндсэн сэдэвтээ ороё. Үндсэн сэдэв маань “Аль засаглалын хэлбэр нь манай улсад тохирох вэ, яагаад?” гэсэн гарчигтай. Женко Парламентын засаглал гажуудсан гэж хэлсэн учраас оршилд жишээ авлаа. Женко маань аль нь юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа юм чинь Зургаан буудлын Зууннаст өвөө яаж мэдэх билээ дээ. Мэдэхгүй иргэд олон бий. Тэдний буруу ч биш, харанхуй байлгаж ирсэн өмнөх системүүдийн буруу юм л даа.

Төр нийгмээ сайжруулж өөрчлөхийн тулд иргэдийнхээ улс төрийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Харанхуй иргэдтэй байгаад л байвал амархан л мадлагдаад л байгаад байна. Мэдлэгтэй иргэд бол амархан мэхлэгдэхгүй. 30 жил мэхлүүлж, далаараа цэвэр тавиуллаа, одоо болсон байх аа.

Тэгэхээр, ардчилсан засаглалын үндсэн 2 хэлбэр байна.

  1. Парламентын

  2. Ерөнхийлөгчийн

Ялгааг нь энгийнээр тайлбарлавал, эхний тогтолцоонд хууль тогтоох засаглал (УИХ) ба гүйцэтгэх засаглал (Засгийн газар) хоёр холилдсон байдаг бол удаах тогтолцоонд энэ хоёр тусдаа байна.

Эхний тогтолцоонд давхар дээл өмсөж болдог бол удаах тогтолцоонд тийм зүйл байхгүй.

Эхний тогтолцоонд Парламент нь (УИХ) гүйцэтгэх засгийн ажилд тоглоомын Ерөнхий сайд гуншинтай намын даргаар дамжуулан хутгалддаг бол удаах тогтолцоонд Гүйцэтгэх засгийг ялсан намын дарга биш, бүх ард түмнээр сонгогдсон Ерөнхийлөгч толгойлж, Парламентаас хамааралгүй бие даан үйл ажиллагаагаа явуулдаг.

Эхний тогтолцоонд Засгийн газрын ажлын хариуцлагыг нам гэгч амьгүй биет “үүрдэг” бол удаах тогтолцоонд Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгч гэдэг амьтай биет хар толгойгоороо хариуцлагаа үүрдэг.

Эхний тогтолцоонд бүтцүүд (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалууд) хараат бус, харилцан хяналттай, бие даасан байдал байдаггүй бол удаах тогтолцоонд засаглалын хувиарлалт жинхэнэ утгаараа биеллээ олдог.

Төр нийгмийн бүтэц үндсэн 3 засаглалаас бүрддэг. Үүнд, Хууль тогтоох засаглал (манайд УИХ), Гүйцэтгэх засаглал (Засгийн газар) ба Шүүх засаглал (бүх шатны шүүхүүд). Энэ гурван бүтэц бие даасан тусдаа, бие биенээсээ хараат бус байж гэмээнэ засаглалуудын тэнцвэртэй, харилцан хяналттай байдал бий болно.

Парламентын тогтолцоонд энэ байдал алдагддаг. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоох засаглал нь гүйцэтгэх засаглалаа хөнжилдөө оруулчихдаг учраас нөгөө хараат бус байдал алга болно.

Дээрээс нь шүүх засаглалыг хувааж аваад томилдог нь бас л хараат бус байдлыг нь үгүй хийж байгаа хэрэг.

Манайд Парламентын засаглалыг Үндсэн Хуулиараа тунхаглаад, 30 жил хэрэгжүүлээд үр дүн авчирсангүй. Монгол хөгжсөнгүй. Дүгнэлт нь ойлгомжтой. Энэ хэлбэр Монголд тохирохгүй юм байна аа, адаглаад л хэрэглэх цаг хугацаа, нөхцөл нь бүрдээгүй юм байна аа гэж.

Тэгвэл одоо нөгөө нэг хэлбэр болох Ерөнхийлөгчийн засаглалыг хэрэгжүүлэх цаг болжээ. Парламентын ардчилалыг бэхжүүлнэ, сонгодог утгаар нь хэрэгжүүлнэ гэх мэтийн гоё үгс манай улс төрчдийн амнаас гардаг. Гэнэт ухаарсан юм шиг. Худлаа л байхгүй юу! Одоо л сайжруулаад алж өгөх ухааны юм донгосцгоох.

Харин иргэд маань ойлгох хэрэгтэй. Хар ухаанаар бодъё. Болохгүй юмыг болно бүтнэ гэж муйхарладаг зан бол тэнэг л хүний шинж. Гучин жил туршлаа, одоо хангалттай. Улс хөгжөөд амьдрал сайхан болох хангалттай хугацаа өнгөрлөө. Өмнөд Солонгос 20 жилийн дотор л өндийж ирээд л Азийн бар болсон гэдэг биз дээ? Одоо бас хэдэн жил бухын доодохыг харж хүлээх гэсэн юм?

Ерөнхийлөгчийн засаглал бол дээр хэлсэнчлэн бас л адилхан Ардчилсан засаглалын хэлбэр. Хаант засаг биш шүү дээ. Эсвэл нэг хүний дарангуйлал ч биш. Парламентын засаглалыг сохроор шүтэгсэд ингэж гуйвуулдаг.

Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ганц хүнийг (Ерөнхийлөгчийг) гаднын улс худалдаж аваад (элсүүлээд) ашиглачихна гэж гэнэн хүүхдийн сэтгэхүйгээр ярьдаг.

Засаглалын харилцан хяналт, тэнцвэртэй байдал гэдэг чинь иймэрхүү гэнэн зөгнөлийг биелэшгүй болгодог юм шүү дээ. Нэгд, Ерөнхийлөгч бол Гүйцэтгэх засаглалын (Засгийн газрын) тэргүүэгч, хоёрт, улс орны аюулгүй байдал, ашиг сонирхлыг хөндсөн гадаад оронтой хийх аливаа том тохиролцоо, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүд эцсийн шатандаа Парламентаар давхар орж байж шийдэгддэг байх ёстой. Ийм механизм байх ёстой. Ингэж байж харилцан хяналт бий болдог.

Тэгэхээр нэг хүн дураараа улсдаа хохирол учруулаад, гаднын сонирхлыг биелүүлнэ гэдэг бол боломжгүй зүйл, хэрвээ механизмаа л зөв хийж чадвал. Мэдээж дотоод эдийн засаг, аж ахуйн ажлаа Ерөнхийлөгч өөрөө удирдаад хийгээд явна.

Парламентын засаглалтай үед Парламент нь Засгийн ажилтай шууд болон шууд бусаар хутгалддаг, шийддэг (мөнгө шийддэг, зарцуулдаг) учраас Парламент чинь шуналтай хүмүүсийн шуналыг хөдөлгөөд, соронз мэт татаад байгаа юм. УИХ-ын гишүүн болох гэж үхэн хатан зүтгэдгийн учир энэ. Тэнд орчих л юм бол мөнгөний авдарт гар хүрч болох боломж бүрдэнэ гэсэн үг, ямар нэг аргаар.

Ерөнхийлөгчийн засаглалтай бол УИХ-ын гишүүдэд ийм боломж байхгүй. Тэд хуулиа л бичих ажилтай болно. Энд тэндхийн тендэрийг өөрийнхөө хүмүүст авч өгөх, элдэв сангаас зээл авах, зуучлах, банкнаас зээл хусах, янз бүрийн томоохон мөнгөтэй ажлуудыг авах, энд тэнд шахаа хийх, нэр нөлөөгөө ашиглах зэрэг хорхой хүргэсэн боломжууд хаагдана. Юун давхар дээл өмсөх!

Энэ бүх ажлууд Ерөнхийлөгчөөр толгойлуулсан Засгийн газрын мэдэлд очих учраас тэр. Сайд майд болж давхар дээл өмсөх ч байхгүй болно. Ийм учраас л намууд Парламентын засаглал гэгчээ үхэн хатан хамгаалж, Ерөнхийлөгчийн засаглалыг муулаад байгаа хэрэг. Ер нь бүх намууд, ихэнх улс төрч нэртэй нохойнууд ингэж ярьж байгаа. Одоо байгаа засаглалын хэлбэр тэд нарт идэж уух сайхан боломж олгодог учраас тэр. 

За тэгээд Парламентын гишүүн нь зөвхөн хууль зохиох, хэлэлцэх, батлах зэрэг нойр хүргэсэн, ямар ч ашиггүй ажилтай болох учраас тийшээ орох гэж алалцдаг хүн цөөрнө. Зөвхөн бичиг цаастай ноцолдох дуртай, эдийн шуналгүй эрдмийн шуналтай, ажил амьдралын арвин туршлагатай, нас намба тогтсон, төрийн ажилд оролцох нь нэр төрийн хэрэг гэж боддог эрдэмтэн мэргэд, номын цагаан өтнүүд” л Их Хуралд орох гэж нэрээ дэвшүүлэх  болно. 

Тэр хэмжээгээр төр хүчирхэгжиж, цэвэршиж, нэр хүнд нь дээшилж, гарсан хууль ном нь элдэв зай завсаргүй, хийгүй, салаа утгагүй, түмэнд тустай, зөв шударга байж чадна.

Угаасаа хоцордог, хүчин үйлддэг, эрхтэн юмаараа гайхуулдаг, бидон сав, бэлэг сэлт, мөнгө тараадаг, ажлаа тасалдаг, арзайтлаа хэрэлддэг, ажил дээрээ компьютер тоглоом тоглодог, боов иддэг, хүний өмнөөс кноп дардаг, зодоон хийдэг, согтуу ирдэг, ажил дээрээ архиддаг, авилга авдаг, гаднын этгээдэд биеэ үнэлдэг, нас бага цус нь шингэн нялхас, эд мөнгөний шуналтай этгээдүүд Их Хуралд шургаж орохыг сонирхохоо больж төр цэвэршинэ.

Монголд тохирох засаглалын хэлбэр нь Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нь хар ухаанаар бодоход ойлгомжтой байгаа биз? Бүх ард түмнээс сонгогдсон Засгийн газраа тэргүүлж, улс орноо төлөөлж гадаад этгээдтэй харилцана. Одоогийн тогтолцоогоор бол Ерөнхийлөгч ямар ч эрх мэдэлгүй мөртөө гадаадад айлчилж, Ерөнхий сайдын дүрд тоглох нь инээдтэй.

Засаглалын хэлбэрээ өөрчлөхийн тулд Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийх шаардлагатай болно. Одоо Их Хуралд суудалтай намууд Парламентын тогтолцоогоо хадгалж үлдэхийн тулд Үндсэн Хуульд дураараа эсэн бусын засвар хийдэг болжээ. Тиймээс хэрвээ өөрчлөлтийг хүсэж байгаа бол ард түмэн өөрсдөө л тэмцэхээс өөр аргагүй. Намуудад бол найдах аргагүй. Юуны өмнө тогтолцоогоо өөрчлөх асуудал чухал.

Бас нэг дорвитой өөрчлөлт хийх зүйл бол намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, хатуу гишүүнчлэлийг хориглох хэрэгтэй. Намаар талцдаг явдал, элдэв эрээн мяраан намууд байгуулж иргэдээ хувааж өмчлөх нь хэтэрлээ. Хэрэв хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоод, Үндсэн Хуулиараа Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглаж чадвал одоо Монголд өвчин болсон намаар талцаж хуваагддаг солиорол алга болно.

Эвтэй бол хамтарч хөгжихөөс биш ингэж хэд хуваагдаж талцаад өөдлөнө гэж үлгэр.

Хайран 30 жил алджээ. Оройтсон ч гэсэн одоо л сэрэхгүй бол бидний улс цэнгэлийн манлайд хүрнэ гэдэг мөрөөдөл хэзээ ч биелэхгүй хоосон хэвээрээ байсаар байх болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө