Posts

Showing posts from August, 2013

Хэнэггүй зан хэрэггүй

Image
Дэлхийн аварга М.Уранцэцэг Манай зарим тамирчид жаахан танигдаад ирэхээрээ биеэ тоох маягтай болж, нэг хоёр удаа гайгүй амжилт үзүүлээд цаашаа ахихаа больчих юм.  Энэ бол "хуучирсаны" гай.  Тэмцээн болгонд анх удаа оролцож байгаа хэн ч танихгүй шинэ хүн шиг бэлдэж, оролцох ёстой юм, уг нь.  Гэтэл өмнө гаргасан амжилтаа үүрдийн юм шиг ойлгож, бэлтгэл дасгалаа хайнга хийснээс болж өндөр амжилт үзүүлж чадахгүй итгэл алддаг. Нэгэнт дэлхийн аварга, эсвэл Олимпийн аварга болоод насныхаа хоолыг баталгаатай болгосон болохоор түүнээс хойшхи тэмцээнүүдэд нэрийн төдий оролцох, эсвэл  жиндээ өөр олигтой өрсөлдөгч байхгүйн "ачаар" том тэмцээнүүдэд автоматаар явдаг бололтой.  Ийнхүү  жаахан хуучраад ирэхээрээ  биеэ дайчлахаа болиод "орон тоо" бөглөж  улсын нэрийн өмнөөс ийш тийшээ "зугаалдаг"  явдлыг болиулмаар. Жюдогийн дэлхйн аварга Бразил улсад болж байна. Анхны өдөр хамгийн хөнгөн жинд манайх алт, мөнгө авлаа. "Хэн ч танихгүй" шинэ цэрэг

Ирээдүйн нийгмийн шаарууд?

Image
Хэнтий аймагт 8 сурагч   16 настай нэг охиныг биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулж хүчиндсэн хэрэг гарсан гэнэ. Найман хөвгүүнээс ганцхан хүү л 3 жилийн хорих ял авч бусад нь ялгүй мултарсан аж. "Туг тахисан" ганц хүүгийн ар гэр нь танил тал муутай, хөрөнгө бэл бага байсан бололтой. Гэвч энэ бол өрөвдөх шалтаг болох ёсгүй л дээ. Хамгийн гол учир нь манай хууль шүүхийнхэн энэ хэрэгт нөлөөлж,  шударга хандаагүйд л байгаа юм. Ерөнхий Прокурор Дорлигжав болон Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин нар энэ хэргийг анхааралдаа авч зохих ёсоор нь шударгаар  шийдүүлэх талаар ажиллаасай гэж хүсэж байна. Хууль шүүхийн байгууллагад байгаа иймэрхүү үл бүтэх нөхдөөс болж энэ салбарын нэр хүнд унаж  байгаа учраас асуудал гарсан даруйд шийдэж засаж явах нь маш чухал. Өдрийн сонины   8 сарын 20-ны дугаарт энэ хэргийн тухай дэлгэрэнгүй бичсэн  Л.Баатарын нийтлэл  байна. Тэнд бичсэнээр, хэргийг гэмтнүүдэд ашигтай шийдэхийн тулд Хэнтий аймгийн хяналтын прокурор С.Наран өргөсөн тангарагаа у

"Тэмбүүтэй" нам

Image
"МАН шинэчлэгдвэл бид бүгдээрээ хожно" гэж Баабар бичсэн байна.  Үнэндээ бол цаадах чинь  цаашлуулж байгаа байхгүй юу. Аягүй бол нөгөө хэд нь онгироод, "За тэр харав уу? Баабар манийг төрд хэрэгтэй зайран гэж байна!" гэж хөөрч байгаа биз.  Бид байхгүй бол Монгол баларна гэсэн шүү юм бодож байж ч мэдэх. Шинэчлэл гэж нэг дуусдаггүй юмтай учирчээ, энэ нам. Аль 90 оноос л эхэлсэн, 23 жилийн дараа мөн л ярьсаар л. Нэг юм нь болохоо байнгуут л "шинэчлэл хийхгүй бол болохоо байлаа" гээд унадаг өвчтэй болсон бололтой. Намынхаа онол номыг ч хэд солиод авсан нам даа. Одоо тэр юмаараа оролдохгүй юм гэнэ лээ. Харин намын дүрэм, дотоод бүтэц, зохион байгуулалтаараа оролдох юм даг уу даа. Толгойгоороо бас оролдох юм дуулдсан. Тэгээд цээжин биеэ жаахан янзлаад, бөгсөн биеэ харин оролдохгүй  юм гэнэ лээ. Хаа очих "бөгс" сайтай нам даа. Толгой бол авах юмгүй болсон гэлцэнэ. "Тэмбүүрсэн" гэнэ. Толгой "тэмбүүрнэ" гэж бас байдаг аж. 

Нэг арга байна

Image
Шууд ардчилал Цаг сайхан болжээ. Шууд ардчилал энэ тэр ярьдаг болж. Гэхдээ тэрнийхээ ид шидийг амьдрал дээр хэрэгжүүлэхдээ муу,  эсвэл хэрэгжүүлж чадахгүй, нэг л аргаа олохгүй байгаа юм шиг. Эсвэл санаачлага дутагдаад байна. Уг нь асуудал болгон дээр ( мэдээж ард түмний болон нэг хэсгийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудал дээр шүү дээ ) иргэдээсээ санал хураагаад л олонхийн  сонголтынх нь дагуу шийдээд явдаг бол амар байхгүй юу! Олонхийн эсрэг "муу цөөнх" яах юм бэ?  Тэгээд л олонхийн таашаалын дагуу шийдвэрээ хэрэгжүүлэхдээ төр "төмөр нүүрээ" нэг харуулах шиг болоод л явчихад бүх юм гацаа, саадгүй усны урсгал шиг сайхан  "урсаад" явчихна. Нэг санаа байна:  Асуудал шийдэхдээ ард олноосоо "гялс" асуугаад шийдэж байвал яасан юм? "Экспресс асуулга" гэж нэрлэвэл яаж байна? Гадаад үг болж өгвөл  хэрэглэж байхгүй санаа байна. "Блиц" гэж сайхан үг бий, гэвч бас л гадаад.  "Шуурхай асуулга" гэдэг юм бил үү?

Сайн юманд саад мундахгүй гэгчээр

Image
Шинэ дүрэмт хувцас (ахлах анги) Энэ жилээс эхлээд бага, дунд, ахлах ангийн сурагчид нэг стандартын   дүрэмт хувцас өмсөж жигдрэх юм байна. Загвараа батлаад, үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдээ сонгоод ажилдаа ороод эхэлжээ. 9 сарын 1 гэхэд бүгд зэрэг жигдэрч чадахгүй ч ээлж дараалан тодорхой заасан хугацаанд хангагдах юм байна.  Шинэ дүрэмт хувцас урьд өмнөхийг бодвол ихээхэн онцлог ялгаатай. Ялангуяа материалын хувьд өөр болох юм байна. Дотоодын  ноосны хольцтой чанартай даавуугаар хийх аж. Тийм болохоор үнийн хувьд ялгаа байнаа. Хуучин бол урд хөршөөс оруулж ирсэн голдуу нийлэг (нейлон) материалаар  олон аж ахуйн нэгж янз бүрээр хийдэг байж л дээ. Даавууны чанар муу, эдэлгээгүй  учраас  үнэ хямд байж. Загвар нь өөрчлөгдөөд материал нь солигдоод ирсэн чинь үнэ нэмэгдээд, үүнээс болоод  хэл ам хийх хүмүүс ч байна. Гадны бизнесмэнүүдийн гар хөл гэхээс  илүү хувийн ашиг сонирхол нь хөндөгдсөн хэсэг нөхөд хэрүүл хийгээд яваа бололтой.  Ж. Оюунчимэг Эгнээндээ 60 оёдлын үйлдвэрүүд элсү

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё

Image
"Цагаан хас" бүлгийн гишүүд "Цагаан хас" гэдэг 100 хүнтэй нео-нацист бүлгийн тухай дуулаагүй хүн үгүй биз. "Даяар Монгол", "Хөх Монгол" гэсэн нэртэй бүлгүүд бас бий. Үндсэрхэг үзэлтэй залуус байдаг юм уу даа. Сайн хэрэг. Гэхдээ би нэг юмыг их гайхдаг юм. Гадны улсын түүхэнд тодорч гарч байсан хэн нэгэн болон ямар нэгэн хүчнийг  даган дуурайж аяглаж байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа юм.   "Цагаан хасын"  тухайд Хитлер болон Германы нацистуудыг  тахин шүтэж , дуурайж байна.  Сарын өмнө Ройтерсийн Шанхай дахь нэг сэтгүүлч ирээд тэд нарын тухай өгүүлэл бичиж , зураг хөрөгтэй нь  интернэтээр цацжээ. Өмнө нь ч гадны сэтгүүлчид иймэрхүү сурвалжлага хийж дэлхийн "чихийг дэлдийлгэдэг" л байсан. "Цагаан хас"-ын "бодлого, зорилго" ойлгомжгүй байна. "Хэн бэ" гэдэг нь мэдэгдэхгүй юм. Нео-нацист гэж дуудуулахыг нь бодвол нөгөө дөрвөлжин сахалтын  "Монгол цэргүүд" юм шиг.  Арьсны үзэлтэн нео

Бухын доодохыг харж үнэг боож үхнэ

Image
Бухын "доодох" (улаан сумаар заасан) Ха ха ха. (Гурван ха шүү!)  "Бухын доодохыг харж үнэг боож үхнэ" гэнэ үү?  Асуулт байна: Яахаараа бухын "доодохыг" харсан үнэг "боож үхдэг" билээ? Бухын "доодох" гэж юу юм? Хариулт: Бухын "доодох" гэдэг бол хойд хоёр хөлний хооронд, салтаанд нь унжиж явах "арьсан уутанд хийсэн хоёр бөмбөлөг" болой. Энэ унжиж санжиж явдаг "доодох" гэгч  зүйл бол хэзээ мөдгүй "тасраад" уначихмаар харагдах боловч хэзээ ч унадаггүй эд.  Гэвч үнэг "тэнэг" амьтан юм болохоороо хэзээ газар унах бол хэмээн горьдон алсуур дагаж явсаар "тураад үхдэг" болой. Тэгэхээр үнэг "боож үхдэггүй" , харин "турж үхдэг" юм. Үндэсний телевизээр "Үндэсний шилдгийн эрэлд" хэмээх  реалити шоу (үүнийг монголоор юу гэж орчуулмаар юм?) үзлээ. Гурван хүнтэй 2 багийн нэг нь "Засгийн газар" , нөгөөх нь "Сөрөг хүчний"

ММСУХ дахин нэг хүүхдээр туг тахив

Image
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ) хэмээх сайн дурын төрийн бус нэг  байгууллага  Монголын хүүхдүүдийн эрлэг болсоор олон жил болж байна. Жил жилийн наадмаар хүүхдийн "зүрхээр туг тахидаг" хоббитой. Энэ жил хурдан морь унадаг 2 хүүхдийг золигт гаргасан. Хэдийг бэртээсэн нь бүү мэд. Ер нь бол бэртэж, гэмтэхийг тоож авч хэлэлцдэг юм уу?  Мориноос унаж бэртсэн хүүхдүүд хожим эрүүл мэнддээ ямар хохирол авч үлдэх нь тэдэнд огт сонин биш. Мориноос унаж нас барсан хүүхдүүд ч тэгж ярьвал сонин биш. Уламжлал юм чинь одоо яалтай билээ, амьд явах заяагүй  л хүүхдүүд байж дээ гэсэн  маягтай тоомжиргүй хандана. ММСУХ-ы Ерөнхийлөгч М.Энхболд Энэ байгууллагын  Ерөнхийлөгч нь  УИХ-ын гишүүн М. Энхболд . Энэ нөхөрт зүрх сэтгэл гэж байдаггүй бололтой. Хүүхдийн амь сүйдээд байхад л нохойн гөлөг үхсэн чинээ тоохгүй, шоу хийсээр л явна. Саяхан "их солиорол" гэж нэрлэгдсэн 3000 морины уралдааныг   (үнэндээ 4000 гаруй морь  оролцсон) Хүй Долоон худагт зохион байгуулж

"Монгол" хаягаа халъя

Image
Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл   хүн амынх нь бараг тал нь бүгчихсэн УБ хотыг өөд нь татах их ажилд нухлагдан орондоо унтах ч завгүй хичээж яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Эрхэм Захирагчийн  энэ хичээл зүтгэлийг хувийн зүгээс сайшаан талархаж байгаа шүү. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрийг нь өөрчлөх шийдвэр гаргасан нь зөв гэж бодож  дэмжиж байгаа. Нийслэлээ хот шиг хот болгохын тулд хаягжилтийн асуудал их чухал гэдгийг хүн бүр мэдэж байгаа боловч өнөөг хүртэл нэг л буруу яваад байх шиг. "Монгол маягийн" хаягтай бид хэдий болтол өөрсдийгөө "төөрүүлж" , гадныханд   "гайхуулж" явах вэ? Дэлхийн жишгээр соёлжсон "стандартын" хоттой  больё гэж байгаа бол хаягжилт нь мөн "стандартынх" байх учиртай. Монгол маягийн, хийц загвартай гудамж гэж байдаггүйтэй  адил. Тэгэхээр дэлхийн бусад орны адил хаягаа зөв хийж, зөв хэрэглэж сурах хэрэгтэй байна. Энэ чухал ажлыг Нийслэлийн Засаг дарга Бат-Үүл  барьж авч, бүрэн эрхийнхэ

Зүй бус хорогдол

Малын зүй бус хорогдлын тухай  ярих гэсэнгүй.  Өнөөдрийн сэдэв: Хүний   "Зүй бус хорогдол . Монгол хүчирхэг болохын тулд  Монголчууд олон болох хэрэгтэй байна.  Хүн хүч муутай улсын зовлонг бүгд мэдэж байгаа биз ээ. Олуулаа болох гээд л "үзээд" байдаг, гэвч саад их байнаа. Хэдийгээр төр засгаас хүүхэд төрүүлж өсгөхийг дэмжиж, тэтгэж байгаа боловч одоо байгаа хэдээсээ "зүй бусаар" алдаад байгаа нь даанч гачлантай.Шинээр "ирж" байгаа иргэд, "одож" байгаа иргэдийн тооны зөрүү нэмэх гарч байгаа боловч ингээд хорогдоод байвал яаж хурдан өсөх билээ? Зүй бус хорогдол олон учир шалтгаантай. Өвчний тухай болон байгалийн гамшигаас үүдэлтэй хорогдлын тухай  энд ярихгүй. Автын осол, ахуйн элдэв осол, галын аюул, усны аюул, хурдан морины уралдааны осол, амиа хорлох зэргээс болж цаг нь болоогүй байхад олон хүн биднийг орхин явж байна. Энэ гамшигаас сэргийлж, энэ хорогдлыг үгүй болгох, адаглаад маш ихээр багасгах боломжын тухай хэлэлцье. Зарим нэгэнд бар

Ямар их хорсол, гомдол вэ?

Image
Ө.Энхтүвшин (МАН-ын дарга) МАН-ынхан юунд хорсоод бухимдаад байгаагаа саяын болж өнгөрсөн Бага хурал дээрээ харин ч нэг сэтгэлээ онгойтол хэллээ дээ. Хүмүүсийн таамаглаж байсан нь үнэн байжээ. Зөвхөн сонгуульд ялагдсандаа ч биш, шоконд орж цочирдсондоо ч биш, хамгийн гол нь олон суудал авсан АН засгийн газраа байгуулахдаа МАН-ыг хамтрая гэж гуйгаагүйд туйлаас их гомдож өс санасан юм байна. Энэ тухай МАН-ын дарга Ө.Энхтүвшин Бага хурал дээр тавьсан илтгэлдээ, "Өрсөлдөгчөө өөд нь татаж явсаны үр дагавар, гашуун сургамжийг манай нам мартах ёсгүй" хэмээн заналтайгаар хэллээ. Та нарыг  хорхой идсэн араандаа зуугаад саначихая аа гэсэн үг. МАН-ын дарга 2008 оны үйл явдлыг хэлээд байгаа нь энэ. Тэр үед МАН-ын дарга байсан С.Баяр ёстой л "ямар ч үнээр хамаагүй ялах болно" гэж хэлсэн ёсоороо элдэв луйвар, мэх хэрэглэж байж олонхи суудлыг авчихаад, дангаараа засгаа байгуулах бүрэн боломжтой мөртлөө АН-тай хамтрая гэж "гажиг" шийдвэр гаргаж билээ.  Гэхдээ