"Тэмбүүтэй" нам

"МАН шинэчлэгдвэл бид бүгдээрээ хожно" гэж Баабар бичсэн байна.  Үнэндээ бол цаадах чинь  цаашлуулж байгаа байхгүй юу. Аягүй бол нөгөө хэд нь онгироод, "За тэр харав уу? Баабар манийг төрд хэрэгтэй зайран гэж байна!" гэж хөөрч байгаа биз.  Бид байхгүй бол Монгол баларна гэсэн шүү юм бодож байж ч мэдэх.

Шинэчлэл гэж нэг дуусдаггүй юмтай учирчээ, энэ нам. Аль 90 оноос л эхэлсэн, 23 жилийн дараа мөн л ярьсаар л. Нэг юм нь болохоо байнгуут л "шинэчлэл хийхгүй бол болохоо байлаа" гээд унадаг өвчтэй болсон бололтой. Намынхаа онол номыг ч хэд солиод авсан нам даа. Одоо тэр юмаараа оролдохгүй юм гэнэ лээ. Харин намын дүрэм, дотоод бүтэц, зохион байгуулалтаараа оролдох юм даг уу даа. Толгойгоороо бас оролдох юм дуулдсан. Тэгээд цээжин биеэ жаахан янзлаад, бөгсөн биеэ харин оролдохгүй  юм гэнэ лээ. Хаа очих "бөгс" сайтай нам даа. Толгой бол авах юмгүй болсон гэлцэнэ. "Тэмбүүрсэн" гэнэ. Толгой "тэмбүүрнэ" гэж бас байдаг аж. 

Т.Аюурсайхан
Намаа  эрс шинэчлэх гээд байгаа хүмүүсийнх нь хэлж ярьж байгааг уншаад үзвэл тэд маань хуучин  хэдийнхээ өрөөсөн дугуйнууд юм байна гэж ойлгохоор байна. Жишээ болгоод, МАН-ын шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханы тавьсан илтгэлийг авч үзье. "Намаа аваръя-төрөө эрүүлжүүлье-нийгмээ хөгжүүлье" уриатай нээлттэй хэлэлцүүлэг дээр тавьсан илтгэл гэнэ. Уриаг бол сайхан дэвшүүлдэг нам даа, даанч тэр нь "ууршчихдаг" болохоос биш. "Ард түмнээ ядуурлаас аваръя" гэж хичнээн сайхан уриа тэр жил (2004 онд бил үү?) дэвшүүлж биднийгээ баясгаж байлаа, айн?
Одоо "Намаа аваръя" гэдэг  уриа дэвшүүлж байгаа юм байна. Уг нь МАН  амь насаа алдахдаа тулаад хэцүүдсэн юм байхгүй л дээ. Яахав, сүүлийн хэдэн сонгуульд  угсраагаар хэд ойчсон байх, гэхдээ унадаггүй бөх гэж хаа байсан юм?

Бид яагаад хэд дараалаад "өвдөг шороодчихов оо" гэдгээ сайн ярилцаад, зөв дүгнэлт гаргаад, түүн дээрээ үндэслэж алдаагаа засах л асуудал. Нам чинь "тэмбүүрсэн" бол эмчилж эдгээх асуудал. Арай ДОХтоогүй юм шиг байна. Хахууль, авилга бол нэг ёсны шан харамж, бэлэг юм. Энэ бэлгийг авах дуртай, авсаар байгаад амтанд нь орчихсон хүмүүс МАН-аар дүүрэн байна. Тэд бүгд "бэлгийн замаар" халдвар авсан тэмбүүтэнгүүд.  Эд нар МАН-ыг "тэмбүүтэй нам" болгожээ. Ард иргэд "пүү паа" хэмээн ам хамраа дарж холуур дөлөх болсон шалтгааны нэг нь энэ.  "Тэмбүүтэй тэрбумтангууд" гэж нэрлэсэн ч болж байна. Тийм учраас ,  "намаа аврах" биш, "намаа цэвэрлэх" тухай ярина  гэвэл арай бодитой сонсогдоно.

Улсын мөнгө суйлдаг "хармааны хулгайч" нар МАН-д их байна. Зүгээр хулгайлаад гэртээ сейфлээд, эсвэл амраг садандаа данс нээгээд жоорлодог нэг байхад, ийш тийш нь явуулж "угааж цэвэрлээд өсгөдөг" нэг хэсэг ч  байх. Энэ нөхдөөсөө МАН салах хэрэгтэй. Цэвэршье гэж байгаа бол шүү дээ. Эд нарын муу нэрийг "хусаад ч арилахгүй" учраас шууд холбоогоо таслахаас өөр гарц байхгүй.
Аюурсайханы илтгэлээс цааш нь иш татая.

"Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлогч, улс  төрийн ууган нам болсон МАН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийг тодотгон таниулах,  үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх, намын бодлогын суурь бичиг баримт,  хөтөлбөрийг шинэчлэх, намд улс төрийн соёл, хариуцлагын тогтолцоог  бий болгож, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, гишүүдийн шууд оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор МАН-ын  Шинэчлэлийн Хороо байгуулагдсан." гэжээ.

Ухвал:

- Үзэл баримтлал, үнэт зүйлийг тодотгон таниулах 
Энэ намын үзэл баримтлал, үнэт зүйл нь их бүдэг бөгөөд сайн танигдаагүй байсныг тодруулж, таниулах юм байна гэж ойлголоо.
- Үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх
Хуучин аргаараа үйл ажиллагаа явуулах нь явцгүй болжээ гэдгийг олж харсан байна. Маш зөв.
Гэвч "шинэ түвшин" гэдэг нь одоохондоо нууц байгаа боловч цоо шинэ аргаар ажиллах юм байна гэж төсөөллөө.
- Намын бодлогын суурь бичиг баримт, хөтөлбөрийг шинэчлэх
Намын бодлого нь шинэчлэгдэх юм байна. Хөтөлбөр нь мөн адил. Бүгд хуучирсан гэнэ.
- Намд улс төрийн соёл, хариуцлагын тогтолцоог бий болгох
Улс төрийн соёл гэж юм энэ намд байхгүй байсныг бий болгоё гэж байгаа юм байна. Хариуцлага хүлээдэг, хүлээлгэдэг механизмтай болох юм байна гэх ухлаа.
- Санхүүжилтийн ил тод байдлыг хангах
Өмнө нь санхүүжилт нь маш нууц байдалд дарагдаж ирснийг ил болгох юм байна.
- Гишүүдийн шууд оролцоог нэмэгдүүлэх
Жирийн гишүүдийн дуу хоолой "дээшээ" хүрдэггүй, дээдэс нь голдуу асуудлаа шийддэг байсныг өөрчлөх юм байна.

"МАН-ын Шинэчлэлийн  Хороо Монгол Улсын иргэний сонголтыг хууль бусаар булаан авч буй эрх баригчдыг эсэргүүцэх, эрх баригчдаас амлалт нэхэх, шударга ёсыг шаардах, Үндсэн Хууль зөрчсөн Засгийн газрыг огцруулах тэмцлүүдэд идэвхитэй оролцож,  иргэдийн улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах зэргээр нийгмийн үүргээ гүйцэтгэж ирснийг тэмдэглэх нь зүйтэй."  гэсэн байна.


За дээрх үгэнд хариу  хэлэх хэрэгтэй байх:

- "иргэний сонголтыг хууль бусаар булаан авч буй эрх баригчид" гэсэн байна. Худал үгийг мянга давтвал үнэн болчихдог юм гэнэ лээ.  Тэр аргаар л МАН-ынхан болон МАН-ыг "шинэчлэх" гээд байгаа нөхөд ажиллаж байгаа юм шиг байна. Өвөрхангайн тойрогт хууль зөрчсөн МАН-ын 2  нэр дэвшигчийн суудлыг л ярьж байгаа байх. МАН-ын хоёр нэр дэвшигч  тооллогоор олонхи санал авсан боловч хууль зөрчсөн учраас авсан саналын тоогоор тэр хоёрын дараа бичигдсэн хүмүүс (АН-ын нэр дэвшигчид)  Их Хурлын гишүүн болсон. Хууль бол хууль байх ёстой. Харин хуулийг гууль болгоод сурчихсан МАН-ынхан ингэж ярих нь аргагүй.
"Хууль бусаар булаан авсан эрх баригчид" гэж байгаа. Нэгдүгээрт, эрх баригчид "булааж" аваагүй, шүүхээр ороод шийдэгдсэн асуудал. Ямар ч улс төрийн нам шүүхэд нөлөөлөх ёсгүй, боломжгүй. Шүүх хараат бус байх ёстой.

МАН-ын эрх барьж байсан үед шүүх тэр намаас хараат байсан байж магадгүй.  Магадгүй гэдэг учир нь, 2008 оны 7 сарын 1-ний үймээнээр олон залуусыг хоморголж ял өгч байсан тухай нэг шүүгч сүүлд нь дурсахдаа, "дээрээс тулгаад байсан учраас яаж ч чадаагүй юм аа" гэсэн байдаг. Одоо бол өөр болсон. Хоёрдугаарт, шүүх МАН-ын хоёр нэр дэвшигчийг  хууль зөрчсөн гэдгийг тогтоосон учраас "хууль бусаар" гэдэг үг ямар ч утга алга. Шүүх хуулийг баримталж хэргийг шийднэ. Хэрвээ МАН-ынханд  эрх баригчдыг шүүхэд нөлөөлсөн гэдгийг батлах баримт байгаа бол гаргаж ирээд тавих ёстой. Тиймгүй бол  ингэж үгээр тоглох нь  хувь хүний хувьд ч, намын хувьд ч тун болчимгүй үйлдэл.

Шударга ёсыг шаардаад байгаа юм  бол шударга л өрсөлдөх хэрэгтэй байсан юм биш үү, анхнаасаа? Увсын  тойрогт мөнгө тарааж, хууль зөрчиж гарч ирсэн МАН-ын хоёр нэр дэвшигчийн асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа. Тэр хоёр ч мөн адил суудлаа тавьж өгөх  ёстой. Шударга ёс ярих гэж байгаа бол. Мөнгө тарааж "зарлага" хийсэн туслагчид нь ял авчихаад байхад тараах мөнгийг нь гаргасан  хоёр нэр дэвшигч Их Хурлын гишүүн болчихсон явж байдаг чинь шударга ёс уу гэж асуумаар байна. Энийг шударга ёс гэвэл  энэ "шинэчлэгчид" шударга байж чадах уу?

Аюурсайхан энэ илтгэлдээ "шинэчлэлийн" тухай ярихаас гадна  эрх баригчид руу энэ мэтээр дайрч,  намын хууцчуулынхаа "өрөөсөн дугуй" гэдгээ харуулсан байна. Жишээ нь:
"УИХ дахь намын бүлгийг цаг тухайд нь байгуулаагүйгээс нам асар их хохирол амслаа." гэсэн байна. Өөрсдийн буруугаас гээд нэр цохоод хэлчихэж чадахгүй шийрэгнээд, тэгсгээд орхисон байгаа юм. Одоогийн Их Хуралд байгаа хэдэн хоцрогдсон шартай нөхдөөс болж бүлэг байгуулж чадаагүй гэдгээ хэлэх ёстой байсан юм.
Цааш нь, "УИХ дахь суудлаа өсгөх боломжоо алдсанаар барахгүй, улам хорогдуулсан, намын өмч байрнуудаа  булаалгах хэмжээнд хүрч, олон мянган гишүүд дэмжигчид хавчигдан гадуурхагдаж,  эцсийн дүнд МАН-ыг булшлан устгахад чиглэгдсэн эрх баригчдын бүхий л хорон санаархал алхам алхмаар урагшилж байгаагийн нэг шалтгаан нь  УИХ дахь намын бүлгийг цаг тухайд нь байгуулаагүйтэй холбоотой."  гэжээ.
Дээр хэлсэнчлэн, Сонгуулийн Хууль болон бусад хуулийг зөрчсөн Өвөрхангайн хоёр, Увсын хоёр нийлээд 4 суудлыг МАН алдах нь тодорхой. Юуны чинь суудлаа өсгөх боломжоо алдах вэ? Сэрүүн зүүдлэхээ болимоор. Тэгж ярьвал удахгүй нэмж  бас нэг суудлаа   алдах  асуудал ч гарч мэдэх байх. Энэ нь Дарханы тойрогт албан тушаалаа  (Сангийн сайдын эрх мэдлээ) ашиглаж Хүний хөгжил сангийн дутуу мөнгийг өөрийнхөө нэр дэвшсэн тойргийн сонгогчдод "арын хаалгаар" бөөнд нь олгож "вазари" үнэлгээ авсан Д.Хаянхярваа гишүүний хэрэг юм. Энэ бол бас л ноцтой хэрэг.  УИХ-д намын бүлгээ байгуулаагүйтэй ямар ч холбоогүй эд. Хоосон сүржигнэдэг "типичный" гар гэдэг нь илт байна, энэ Аюурсайхан.

Намын өмч байруудаа булаалгасан гэнэ. Эзэн нь юмаа мэдэж , эрэг нь усаа хашдаг гэж  үг бий.  Энэ үгийг цээжлээд авчихад хэрэг болно. Лениний музейн барилгыг зориулалтын бусаар ашиглаж, үзвэр цэнгээний газар болгон түрээслүүлж  өнгөрсөн жилүүдэд овоо мөнгө олсон биз ээ. Одоо болсон.  Энэ барилга улсын мөнгөөр баригдсан  юм  билээ. Харин яагаад намын өмч болчихсон байваа гэвэл ойлгомжтой. Мэдээж шүү дээ, нөгөө шүүхэд нөлөөлдөг дарангуйллынхаа үед намын өмч болгож өг  гээд шүүхээр шийдвэр гаргуулчихгүй юу! Өөрсдөө шүүхэд нөлөөлдөг байсныг батлах сонгодог жишээ мөн биз?  Одоо энэ барилга улсын мэдэлд очиж, зориулалтын дагуу музей, тэр тусмаа манайд хэрэгтэй байгаа динозаврын музей болох юм гэсэн. Гадна дотны хүмүүс очиж үздэг  нэг сайхан музейтэй болох нь.  Тэгэхээр МАН-ынхан "өмчөө" булаалгав гэж уйлан дуугараад байх хэрэггүй. Шившиг л болох гээгүй юм бол.

"МАН-ыг булшлан устгах" гэлээ гэж их ярьцгаадаг болж.  Сүрийг бадруулахын тулд мэдээж сүржин үг хэрэглэх  нь ойлгомжтой.  "Тэтгэвэрт нь гаргах" гэж нэрлэвэл арай дээр сонсогдоно. МАН-ынхан уурлаж байхын оронд  яагаад манай намыг "тэтгэвэрт нь гаргах" (татан буулгах гэж унш) гээд ад үзээд байгаа юм бол гэж бодож үзмээр юм.  Бодоод байхад аль 90 онд л татан буулгаад шинэ намаа байгуулсан бол өдийд ингэж нүдэнд  орсон хог шиг хэлүүлж суухгүй л байсан байх даа. Улсын юмыг улсад нь буцааж өгөөд нэг ижил гараанаас гарах ёстой байсан юм. Ингэж боддог хүмүүс олон бий. Бусад улсын туршлага ч бий.    Нэг намын системтэй байх үеийнхээ давуу талыг ашиглаж, өмч хөрөнгөө авч үлдсэн нь  шударга бус байсан. 

Улаан "галзуу" гэмээр аашилж, элдэв үгээр дайрч гүтгэж, гуйвуулж байгаа зангаараа аргагүй л өнөө цагийн сонгодог "МАНгар" гэдгээ нотолсоныг энэхүү илтгэл гэгчээс нь харж болохоор байна. Иймэрхүү үг хэллэгийг   социализмын үед л түгээмэл хэрэглэдэг байж билээ. Хэдэн жишээ авъя:

- "Сүүлийн жил гаруй хугацаанд МАН-ыг татан буулгах, өмчийг нь хураах, гишүүдийг нь тараахад чиглэгдсэн эрх баригчдын  далд бодлого хүчээ авч, нийгэмд МАН-ыг үзэн ядуулах зохион байгуулалттай явуулга газар авлаа."
"Эрх баригч хүчин МАН-ыг сөхрүүлж, нэг намын  ноёрхлыг тогтоохоор  эцэс төгсгөлгүй аянд мордсон хойгуур, "шинэчлэлийн" гэх Засгийн газар нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ядарсан ардынхаа талхыг булааж, бизнес эрхлэгчдийн зорилго тэмүүллийг мохоож, туйлдуулан унагахаар эргэлт буцалтгүй муйхарлан зүтгэх болов."
- "УИХ-ын даргыг сонгохоосоо эхлээд Үндсэн Хууль, бусад хуулийг зөрчих явдлыг хэвшил болгох зорилтыг агуулж,  Монгол хүний эрх, Монгол төрийн халдашгүй дархлааг устгах гэсэн дотор санааг өвөрлөсөн одоогийн эрх баригчдын Засгийн үед, гэр бүлээр нь галдан шатаадаг,  эх үрс энддэг, хоригдож буй хүн амьдаараа шатдаг, түлэгддэг, бяцхан үрс  хүчирхийлэлд өртөж тамлагддаг зэрэг  нүд халтирч, сэтгэл шимшрүүлсэн  үйлдэл газар авч,  хэвлэл мэдээллийн хэрэгслийг дур мэдэн хаах, татан буулгах, сэтгүүлчийн эрхэнд халдах, иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилох нь энгийн үзэгдэл мэт болж, буруутныг хайх бус өөрсдийгөө зөвтгөх, иргэдийг төөрөгдүүлэх арга самбаачлан суугаа нь харамсалтай."
Тайлбар: Дээрх үгэнд "дотор санаа" гэсэн байна. Энэ бол "хужаа санаа" гэсэн утга илэрхийлдэг.  Тэгэхээр эрх баригчид "хятад санаагаар" Монгол хүний эрх, Монгол төрийн дархлааг устгах гэж байгаа юм байна. Энэ бол ноцтой мэдэгдэл.  Эрх баригчид энэ үгний тайлбарыг шаардах хэрэгтэй.

Аюурсайхан  цааш нь, "шинэчлэлийн" Засгийн газар "шимэгчдийн" Засгийн газар боллоо" , "бусад намуудыг устгах бодлоготойгоо зэрэгцүүлэн бизнес эрхлэгчдийг дарамтлан далайлгаж байна", "цэцэг, хөшөө, музейхнээр ард түмний чихэнд цэцэг ургууллаа", "АН болон бусад намууд бас дотроосоо эрүүлжиж шинэчлэгдэх ёстой"  гэх мэтээр "халуурчээ."
Ийм  үзэл бодолтой, үг яриатай  хүн эрүүл улс төрч байж, эрүүл улс төр хийж чадах уу? Нөгөө МАН-ыг "шинэчлэнэ" гээд байгаа хүмүүсийн нэг толгойлогч нь ингэж ярьж байхад энэ нам эрүүл улс төрийн нам болж өөрчлөгдөнө гэхэд итгэх арга алга. Намын гишүүдийн бүртгэлд бичээстэй гээд байгаа 230 мянган хүн дотроос эрүүл сэтгэдэг, эрүүл яриа хөөрөөтэй, зөв бодолтой хүн олдохгүй байна гэж үү?  Энэ "шинэчлэгчдээс" их юм горьдох хэрэггүй юм байна гэдгийг лав мэдэж авлаа.

Танилцуулга: Т.Аюурсайхан  1975 онд төрсөн. Гурван хүүхэдтэй.  Турк улсад эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Японд болон Өмнөд Солонгост тус бүр магистр зэрэг хамгаалсан. 2008 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн Хуралд төлөөлөгчөөр, 2012 оноос Засаг даргаар ажиллаж байжээ.

пи.эс: Т.Аюурсайханы илтгэлийг эндээс уншина уу: 
http://www.info.mn/wap/news/35437.htm;jsessionid=FFD586BF8A679A0915C23A3D34F98BE1

Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлогч, улс төрийн ууган нам болсон МАН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийг тодотгон таниулах, үйл ажиллагааг шинэ төвшинд хүргэх, намын бодлогын суурь бичиг баримт, хөтөлбөрийг шинэчлэх, намд улс төрийн соёл, хариуцлагын тогтолцоог бий болгож, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, гишүүдийн шууд оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор МАН-ын “Шинэчлэлийн хороо”  байгуулагдсан. - See more at: http://www.info.mn/wap/news/35437.htm;jsessionid=FFD586BF8A679A0915C23A3D34F98BE1#sthash.H26DpetW.dpuf

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё