Posts

Showing posts from October, 2021

НЭГ Л ТОЛГОЙТОЙ БАЙЯ

Image
Монголчууд сөнөх тавилантай улс юм байна. Бид бол жижигхэн сүрэг загас. Жижиг загас аварга загаснуудын аманд хэзээ нэгэн цагт орох нь тодорхой,гэвч тэр цаг хугацааг уртасгаж, галав юүлж дэлхий хайлахын цагт санаа амар бүгд том жижиггүй нурам болоод дуусах үе хүртэл тэсэх азгүй ард түмэн юм байна.  Бид хэн нэгний боол болж, бусдын эрхшээлд орж, үндэстний хэмжээнд танигдахгүй болтлоо уусаж, өөрийнхөө амьдралд цэг тавих цаг улам ойртсоор. Ингэж сөнөсөн үндэстэн олон бий. Одоо тэд цаасан дээр л үлдсэн байдаг. Биднийг ч мөн тийм тавилан хүлээж байна.  Уг нь жижиг хэрнээ аварга загаснуудад үмхүүлчилгүй, аятайхан амьдраад байж болох боломж бий, гэвч даанч тийм ухаан алга. Аварга загаснуудад хайр зарлаад сэтгэл нь хоёрдож, биеэ үнэлэхээс буцахаа больсон жараахайнууд олон болж. Дээрээс нь мөнхөд амьдрах юм шиг загнаж, эд хураахын донд шүглэсэн хэсэг нь бусдыгаа шулж, амттай бүхнийг цөлмөх юм. Өлсгөлөн хэсэг нь цатгалан хэдийнхээ хаяж өгсөн хоолны шавхруун дээр талцан зодолдож, өстөн болцгооно.