Бухын доодохыг харж үнэг боож үхнэ

Бухын "доодох" (улаан сумаар заасан)
Ха ха ха. (Гурван ха шүү!)  "Бухын доодохыг харж үнэг боож үхнэ" гэнэ үү?  Асуулт байна: Яахаараа бухын "доодохыг" харсан үнэг "боож үхдэг" билээ? Бухын "доодох" гэж юу юм?
Хариулт: Бухын "доодох" гэдэг бол хойд хоёр хөлний хооронд, салтаанд нь унжиж явах "арьсан уутанд хийсэн хоёр бөмбөлөг" болой. Энэ унжиж санжиж явдаг "доодох" гэгч  зүйл бол хэзээ мөдгүй "тасраад" уначихмаар харагдах боловч хэзээ ч унадаггүй эд.  Гэвч үнэг "тэнэг" амьтан юм болохоороо хэзээ газар унах бол хэмээн горьдон алсуур дагаж явсаар "тураад үхдэг" болой. Тэгэхээр үнэг "боож үхдэггүй", харин "турж үхдэг" юм.

Үндэсний телевизээр "Үндэсний шилдгийн эрэлд" хэмээх  реалити шоу (үүнийг монголоор юу гэж орчуулмаар юм?) үзлээ. Гурван хүнтэй 2 багийн нэг нь "Засгийн газар", нөгөөх нь "Сөрөг хүчний" дүрд тус тус хувиран өгсөн сэдвээр мэтгэлцэх аж. Яагаад ч юм, зүйр цэцэн үг их хэрэглэх юм. Сэдвээ зөв хамгаалж (ЗГ нь) эсвэл тодорхой үндэслэлтэй  няцааж (сөрөг хүчин нь) чадахгүй юм. Ер нь юу хэлэх гээд байгаа нь сайн ойлгогдохгүй, хэдэн өгүүлбэр хагас дутуу хэлчихээд  суучих юм. Цаг нь тийм давчуу байдаг юм уу, бүү мэд. Мэтгэлцээд байгаа ч юм алга. Аргумент гэж ирээд л нэг их хэлэх юм. Гэсэн мөртөө зүйр цэцэн үгс буруу зөв хэлцгээх.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ёолк нарын хэдэн шүүгч сууж байна. Зүйр цэцэн үгс дээр Ёолк гуай их шүүмжилж байнаа. Аргагүй. Миний үзсэн дугаарт "Бухын доодохыг харж үнэг боож үхнэ" гэж хэнэг ч үгүй залсан юм шүү, нэг багийнх нь гишүүн. Хэлж байгаа үгээ бодсон юм болов уу? Энэ ер нь ямар учиртай үг вэ гэж. Яахаараа үнэг "боож үхдэг" юм бол гэж ядаж нэг удаа тунгаасан янз алгаа. "Сөрөг хүчин  сөрөхийн тулд байдаг" гэж нэг багийн гишүүн тууж байна.
Урд өмнөх болон хойшид гарах дугааруудад энэ мэт хачин юм их сонсогдох биз. Шоуны нэр нь "Үндэсний шилдгийн эрэлд." Иймэрхүү "шилдгүүдтэй" гэдгээ бид чинь алхам дутамдаа харж,  сонсох юм даа. Гэвч засая, залая гэж байгаа оролдлого байна уу? Боловсролын Яамны шинэ сайд Гантөмөр энэ нэвтрүүлгийг үзэж, Монголын боловсролын системийн "гажигтай бүтээгдэхүүнүүдийг"  толиож л байдаг байх даа.  

Өөрийнхөө санааг бүрэн төгс, ойлгомжтой, дэс дараатай, эмх цэгцтэй хэлж ойлгуулах, мөн бичгээр зөв бөгөөд цэгцтэй илэрхийлж сургах ажил Монголын боловсролд хамгийн их орхигдсон, хоцрогдсон хэсэг шүү! Энэ тал дээр анхаарах цаг болдгоо болоод хэтрээд явчихсан гэхэд болно. Иймэрхүү чадвар муутай  "түүхий, дутуу болсон  бүтээгдэхүүнүүд"  гарч ирээд мэргэжлийн салбарт ороод гологдох нь ойлгомжтой. Гэвч мэдээж Монголын нөхцөлд хэн нь хэнийгээ "голох" билээ. Бүгд л нэг хэвэнд цутгуулж гарч ирсэн "гологдлууд" юм чинь.  Адилхан "гологдол" байж хэн нь хэнийгээ гэх билээ дээ.  Ингээд л нөгөө битүү хэлхээ гинж тасрахгүй, шинэчлэл өөрчлөлт орохгүй  цикл нь эргээд  давтагдаад  байгаа хэрэг. "Гагнасан гинжийг" таслах үүрэг Гантөмөр сайдад оногдсон шүү! Мэдэж байгаа гэж найдая. Хийх ажил их, цаг хугацаа бага боловч ядаж эхлүүлээд суурийг нь тавьчихвал маш том ажил хийлээ гэж үнэлэгдэнэ дээ.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё