Нэг арга байна
Шууд ардчилал |
Нэг санаа байна: Асуудал шийдэхдээ ард олноосоо "гялс" асуугаад шийдэж байвал яасан юм? "Экспресс асуулга" гэж нэрлэвэл яаж байна? Гадаад үг болж өгвөл хэрэглэж байхгүй санаа байна. "Блиц" гэж сайхан үг бий, гэвч бас л гадаад. "Шуурхай асуулга" гэдэг юм бил үү? Ямар "Яаралтай асуулга" гэлтэй биш дээ, ха ха ха. За энэ наргиа яахав, тэгээд ингэвэл яасан юм:
Аливаа томоохон асуудлыг хурдан шийдэж байхын тулд "Шуурхай асуулга" явуулдаг байя. Харин энэ асуулгаа яаж явуулах аргаа олох. Миний мунхаглаж байгаагаар бол нэг тийм программ баймаар юм шиг. Манай мундаг компьютерийн мэргэжилтнүүд санал асуулгын иймэрхүү программ хөнгөхөн зохиочих биз. Энэ программ нь интернэтээр болон биеэр өгсөн иргэдийн саналыг нэг цэгт төвлөрүүлээд дүнг нь нэгтгээд гаргадаг байх юм (тусгай сайт дээр ч юм уу). Аль шийдвэрийг нь олонхи санал дэмжсэн байна, тэр шийдвэрийг бүгд мөрдөнө.
Ер нь ингэж тодорхой бөгөөд шийдэмгий үзэлцэхгүй бол болохгүй байгааг бид байнга харж байна. Сая л гэхэд Нарантуулын үндсэн зах ба хажуугийн өргөтгөл хоёрын дундуур засмал зам тавихын тулд уг захыг 2 хоног хаах шийдвэр хотын захиргаанаас гаргангуут тэр зах дээр суудаг наймаачид эсэргүүцэж сүйд болов. Захиргааны өмнө цуглаж, хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж, хаалт боолт хийж дөвчигнөжээ. Бүр төр засагтай хүртэл "хэлэлцээр" хийж, гуйлгуулж байж "зөвшөөрөл" өгсөн юм уу даа. Уг нь тэр замыг барьчихвал замын түгжрэл багасах юм л даа.
Захын наймаачид яагаад эсэргүүцэв? Тэд зөвхөн амин хувийн ашиг сонрихлоо л урьтал болгож байгаа учраас тэр. 1-2 хоног наймаагаа хийхгүй бол ашиг орлогоо алдаад их хохирох юм байх. Харин тэр зам тавигдсанаар замын түгжрэл багасч, энэ нь эргээд нийт олны сонирхолд нийцсэн, нийтийн эрх ашгийн төлөө ажил болох юм аа гэдгийг тэд мунхагласангүй. Мунхаглахыг хүссэнгүй гэвэл онох байх. Ийм л бэртэгчин дүр харагдаж байна.
Энэ асуудал дээр жишээ нь хотын захиргаа иргэдийнхээ дунд 7 хоногийн хугацаатай "Шуурхай асуулга" (ША) явуулсан бол ийм цуглаан, хурал, жагсаал болохгүй байсан даа. Иргэдийн олонхи нь зам тавихыг зөвшөөрсүгэй гэсэн бол тэгээд л бандан тас! Үүнтэй мөн адил жишээнүүд олон байна. Нийслэлд замын өргөтгөл хийж байгаа цөөнгүй газар зам тавих хэсэгт орчихсон айлууд, аж ахуйн обьектүүд газраа чөлөөлж өгөхгүй хэл ам хийгээд ажилд мөн ч их саад болж байна даа. ША явуулаад л, хэрвээ газар чөлөөлж өгөх хэрэгтэй гэж шийдвэр гарвал тодорхой хугацаа өгөөд, тэр хугацаанд нүүхгүй бол төрийн төмөр нүүрийг үзүүлж албадлага хэрэглээд л шийдчихнэ гэсэн үг. "Аман хуур" кинон дээр гардаг Соном өвгөн шиг нүүж өгдөггүй яхир хүмүүс их байна. Зарим нь ч нүүнэ гэх боловч амандаа багтахгүй мөнгө нэхээд суучихдаг гэнэ. Олонхийн шийдвэрээр тэр айлууд, ШТС газраа чөлөөлөх ёстой! Хамгийн гол нь энэ. Энэ бол элдэв маргаангүй даруй гүйцэтгэх ёстой ажил. Харин тэр төлбөрөө ямар хэмжээтэй байх юм гэдгээ дараа нь (!) шүүх юмаараа яваад шийдчих боломж нээлттэй. Ийм л дарааллаар явах ёстой. Олонхийн шийдвэрээр газар чөлөөлж өгөхгүй (хүссэн мөнгөө авч байж нүүнэ гэдэг ч юм уу) өгсөн хугацаа хэтрүүлсэн бол албадлагаар нүүлгэдэг байх хэрэгтэй. Эхлээд газраа чөлөөл, дараа нь мөнгөний асуудлаа зохих газраар нь шийдүүл гэж.
Буруу талдаа жолоотой машины тухай Үүл дарга "дураараа" шийдвэр гаргаад яалаа? Ард түмэнд шүүмжлүүлээд, дараа нь ард түмний Ерөнхийлөгчид загнуулаа биз дээ? Хэрвээ ША явуулсан бол ингэж эвгүй байдалд орохгүй байсан байхгүй юу. Олонхи ингэж шийдлээ гэж хэлээд бардам сууж байх байсан юм. Одоо явж байгаа хэдэн "солгой тэрэгний" тухай асуудал шүү дээ. Тэрнээс биш гаднаас оруулж ирэх, хориглох тухай асуудал бол мэргэжлийнхэн болон зохих эрх бүхий газрууд шийдэх хэрэг. Зөв талын дүрэмтэй манай улсад буруу жолоотой тээврийн хэрэгсэл байх нь зөв эсэх нь эргэлзээтэй. Хилээр оруулахыг хориглоод, одоо явж байгаа нь "тэтгэвэртээ" гараад ирэхийн цагт манайд ийм машин үзэгдэхээ болино.
Энэ мэт маргаан дагуулж мэдэх дотоод асуудлаа олноороо хэлэлцэж байгаад шийдээд явдаг бол дарга нар чичлүүлээд байх нь багасна. Тэдэнд өөрсдөд нь ч ашигтай. Хэн чичлүүлээд байхыг бодох билээ? Харин ША-ыг явуулах аргачлалаа сайн боловсруулах хэрэгтэй. Гэртээ болон ажил дээрээ компьютертэй хэсэг нь онлайнаар саналаа өгчихөж болно. Овог нэг, регистерийн дугаараа хийгээд л аль нэг шийдвэрийг нь сонгоод саналаа оруулчихна. Тийм боломжгүй хэсэг нь хороон дээрээ очоод, эсвэл дүүрэг дээрээ очоод бичиг баримтаа үзүүлээд сонголтоо хийж болохоор зохион байгуулж болно. Хамгийн гол нь нэмэлт зардал төсөв гаргахгүйгээр нэг төрийн албан хаагчийг (үндсэн ажлаас нь түр чөлөөлөөд) нэг компьютертэй 7 хоног суулгачихад хийчих биз ээ. Шаардлагатай бол нэмж нэг хүн гаргах зэргээр зохицуулж болно. Энд элдэв цаас маягт орохгүй учраас зардал гарахгүй бөгөөд санал бүртгэж авч байгаа хүн үндсэн ажлаа хийж байгаа шиг цалингаа авах тул бас нэмэлт зардал шаардлагагүй. Тэгэхээр илүү ямар ч зардал гарахгүй хийж болох ажил. УИХ-ын ч юм уу, Ерөнхийлөгчийн сонгууль шиг үйл ажиллагаа биш учраас улс орон даяар явагдахгүй, зөвхөн тухайн аймаг, хотод хамаарах тул оролцох иргэдийн тоо харьцангуй бага. Мөн тухайн шийдэх гэж байгаа асуудал хүн бүрийн ашиг сонирхлыг хөндөх албагүй учраас зарим хэсэг нь саналаа өгөхгүй байх тохиолдол гарна. Гэхдээ нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлууд дээр иргэдээ идэвхтэй байж саналаа өгөхийг уриалж дэмжиж байх нь мэдээж чухал. Саналаа өгсөн хүмүүсийн олонхийн хүслээр асуудал шийдэгдэх учраас "ирц хүрээгүй" гэдэг юм байхгүй болно. Гарсан дүнг үндэслэн засаг захиргаанаас албан ёсны шийдвэр гарсанаар асуудал нэг тийшээ боллоо гэж ойлгоно. Шийдвэрийн биелэлтийг төр засаг хариуцаж гүйцэтгэнэ.
Иймэрхүү зарчмаар зарим нэг чухал асуудлаа шийдээд явбал хэн хэн нь толгойны өвчин тусахгүй, хэрүүл маргаан бага гарч, ажил үйлс нь саад тотгор багатай урагшлах юм шиг бодогдоно. ША-ыг яаж явуулбал хамгийн оновчтой зөв байх тухай олон мэргэн санал гарах нь мэдээж. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг. Ямар арга технологиор хийвэл хамгийн хурдан бөгөөд чирэгдэл багатай, шударга зөв болох вэ гэдгийг хэлэлцээд шийдэж болно. Миний дээр бичсэн аргачлал бол хамгийн бүдүүлэг, ноорог хэлбэртээ яваа нэг санаа. Хамгийн дэвшилттэй шийдлээ сонгоод үтэр түргэн энэ аргаа хэрэглээд эхэлмээр санагдана. Эс тэгвэл эцэс төгсгөлгүй, ажил уясан элдэв маргаан тасрахгүй. Салаа зам дээр ирчихсэн юм шиг асуудлаа шийдэж чадахгүй алцаганаж байхын оронд аль нэгийг нь сонгоод хурдан түргэн явмаар байна.
Явган хүний зам дээр обьект бариад , эсвэл хашаагаа тэлж хатгаад, явган хүмүүсээ машин зам дээгүүр явахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа нөхцөл байдлыг шийдэж чадахгүй дэмий л хаана хаанаа хараалаа урсгаад л, биесээ зүхээд л явцгааж байна шүү дээ. Хэний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм? Ийм илэрхий юмыг шийдэж чадахгүй байгаа бол ажил хийж чадахгүй хүмүүс ажлаа өгөх хэрэгтэй. Ард иргэд нь шаарддаг, эрх ашгаа хамгаалж өөрсдийнхөө төлөө дуугардаг байх хэрэгтэй. Хэрэв хууль журам нь дутагдаад байгаа бол санаачлаад бий болго л доо. Хууль дүрмээр тусгайлан зохицуулах шаардлагагүй бөгөөд боломжгүй ахуйн чанартай асуудлуудаа иргэдийнхээ оролцоотой (жишээ нь, ША явуулах мэтээр) хурдан шуурхай нэг талд нь шийдээд цаг алдалгүй явмаар байх юм.
Цаг бол алт гэж худлаа цэцэрхээд бид юу хожих вэ дээ. Эрх баригчид алдаан дээрээ суралцаж , ажлаа элдэв саадгүй явуулахын тулд шаардлагатай (хуулийн болон хуулийн бус) зохицуулалт, арга техникийг санаачлан нэвтрүүлж, хэрэглэж баймаар байна. Хуулийн зохицуулалт байхгүй гэж тайлбарлах, эсвэл яахаа мэдэхгүй гацаанд орж цаг алдаад байвал ажил чинь урагшаа явахгүй гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Амлалтаа биелүүлэх хугацаа чинь хязгаартай, цаг чинь яваад байгаа шүү! Чаг , чаг , чаг ....
Comments
Post a Comment