"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё

"Цагаан хас" бүлгийн гишүүд
"Цагаан хас" гэдэг 100 хүнтэй нео-нацист бүлгийн тухай дуулаагүй хүн үгүй биз. "Даяар Монгол", "Хөх Монгол" гэсэн нэртэй бүлгүүд бас бий. Үндсэрхэг үзэлтэй залуус байдаг юм уу даа. Сайн хэрэг. Гэхдээ би нэг юмыг их гайхдаг юм. Гадны улсын түүхэнд тодорч гарч байсан хэн нэгэн болон ямар нэгэн хүчнийг  даган дуурайж аяглаж байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа юм.   "Цагаан хасын"  тухайд Хитлер болон Германы нацистуудыг  тахин шүтэж , дуурайж байна.  Сарын өмнө Ройтерсийн Шанхай дахь нэг сэтгүүлч ирээд тэд нарын тухай өгүүлэл бичиж , зураг хөрөгтэй нь  интернэтээр цацжээ. Өмнө нь ч гадны сэтгүүлчид иймэрхүү сурвалжлага хийж дэлхийн "чихийг дэлдийлгэдэг" л байсан.

"Цагаан хас"-ын "бодлого, зорилго" ойлгомжгүй байна. "Хэн бэ" гэдэг нь мэдэгдэхгүй юм. Нео-нацист гэж дуудуулахыг нь бодвол нөгөө дөрвөлжин сахалтын  "Монгол цэргүүд" юм шиг.  Арьсны үзэлтэн нео-нацист бол хүчирхийллийг дэмждэг.  Хитлерийг  "тахин шүтээд", харин хүчирхийллийг дэмжихгүй гэвэл алиа сонсогдоно. Өөх бол өөхөөрөө, мах бол махаараа л байх хэрэгтэй. Хоёрын хооронд аль нь ч мэдэгдэхгүй "булчирхай" байх хэрэггүй. Хэрвээ нео-нацистуудын "Монгол хувилбар" юм бол Монгол хүн бүрийн гарал үүсэл,  цусны найрлагыг тодорхойлоод , эрлийз (хятад, орос, америк ялгалгүй)  байвал хороох, эсвэл Монголоос хөөн зайлуулах кампанит ажил өрнүүлэх ёстой баймаар. Монгол цусаа цэврээр хадгалан үлдэх, Монгол хүн бол бусад үндэстнүүдээс "тохой илүү" гэдгийг батлах нь энэ бүлгийн чухал "зорилго"  байх ёстой. Үүний тулд засгийн эрхэнд гарахгүй бол болохгүй. Засгийн эрхэнд гарахын тулд Парламентад олонхи болох хэрэгтэй. Ингэхийн тулд улс төрийн нам байгуулж, сонгуульд хүчээ үзэх шаардлагатай.  "Ари үндэстэн"-ий тухай Хитлерийн  номлолыг санагтун!

"Цагаан хас" бүлгийнхэн
Хэрвээ "хас тэмдэг" Монголын үндэсний билэгдэл  бөгөөд "Цагаан хас" бол гадны дуураймал биш Монголын хөдөлгөөн гэвэл наад нацистын элдэв гоёл, тэмдгээ авч хаяад, хувцсаа өөрчилмөөр юм. Тэр "Хайл Хитлер!" гэдэг ёсолгоогоо боль. Савхин хувцас ямар "германы патент" биш, сайхан Монгол савхиараа гоёход юуны буруу байхав. Харин  нацистын гэж тодорхойлж байгаа тэр янз бүрийн гоёонуудаа мулт татаж хаяад шинэ загвараар хувцаслах хэрэгтэй. Мэдээж хас тэмдэг (Монгол хас шүү!) байж таарна, гэхдээ арай өөрөөр (монголоор) загвар хэлбэрийг нь дүрсэлж зурж хэрэглэмээр.  Тэгээд зөвхөн "байгаль хамгаалагчаар"  ажиллах бус харин элдэв  бусармаг үйлийн эсрэг тэмцэнэ гэж зорилгоо шинээр тодорхойлох хэрэгтэй.

"Цагаан хас"-ын гишүүдийн ёсолгоо
Иймийн тулд  одоо байгаа хөдөлгөөнөө татан буулгаж, шинэ имижтэй, зорилготой, хувцастай өөр бүлэг байгуулбал зохино. Нэрээ өөрчилсөн нь дээр биз ээ. Би шинэ нэр санал болгох уу?
"Цахиур Төмөр" гэвэл ямар сонсогдож байна?  Ядарсан, хохирсон, дээрэлхүүлсэн, дээрэмдүүлсэн, буурай ард иргэдээ өмөөрдөг, тэдэнд тусладаг ард түмний төлөө, шударга ёсны төлөө тэмцдэг хөдөлгөөн болно гэсэн үг.  Иргэд яасан их дэмжих бол! Танай хүрээ ч улам өргөжинө.  Гадаадын болон дотоодын гэж ялгалгүй шударга бус үйлдэл гаргасан , бусдыг хохироосон этгээдтэй хохирогчдын нэрийн өмнөөс "үзэлцэнэ."  Хүчирхийллийн арга хэрэглэхгүйгээр тэмцэх олон арга бий.

Ижил төстэй нөгөө хоёр бүлэгтэйгээ  ("Даяар Монгол" ба "Хөх Монгол") нийлэх юм бол бүр болоод явчихна. Хүн хүч болон боловсон хүчний хувьд хүчирхэгжинэ гэсэн үг. Хууль бус явдалтай тэмцэж, ядарсан хохирсоныгоо өмөөрөх учраас хуульчдын багтай болох шаардлага гарна. Тунгалаг Тамир дээр гардаг Цахиур Төмөрийг дуурайж   баячуудын  хурдан морийг хулгайлж хөөж авчраад малын зах дээр ченжүүдэд бөөндчихөөд мөнгийг нь бэлнээр ядууст тараах ажил биш л дээ. Тийм болохоор аймаг алгасан, хөндлөн гулд морьд хөөж давхина гэхгүй  нэг талдаа "бие амар" боловч хөөцөлдөх ажил ихтэй учраас бас амаргүй л байх болов уу даа.  Сайн дурын хэдэн сайн хуульч, өмгөөлөгчтэй болох нь чухал шүү. Мэдээж энэ "буяны" ажилд оролцогч хүн бүхэн сайн дурын оролцогч.

Миний мөнгийг зээлж аваад "бултчихвал" би тэр хүний араас хөөцөлдөх тэнхэлгүй, эсвэл яаж мөнгөө олж авах аргаа мэдэхгүй, эсвэл хөөцөлдөөд ч бүтэхгүй "хана мөргөөд" байвал "Цахиур Төмөрт" хэлчихэд л болоо гэсэн үг.  Эсвэл би гэмт хэргийн хохирогч болсон байтал жинхэнэ буруутан нь цаагуураа танил тал энэ тэрээ ашиглаад, эсвэл мөнгөөр хахуульдаад хэргийг өөртөө ашигтай шийдүүлсэн  нөхцөлд би дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед  эцсийн найдвар болсон "Цахиур Төмөр" лүү ганц утасдахад л болоод явчихна гэсэн үг. "Цахиур Төмөр" миний өмнөөс яваад хэргийг шударгаар шийдүүлж чадаж байвал болох нь тэр.

"Хөх Монгол" бүлэг
Мэдээж хандсан хүн болгоны хэргийг шалгаж үзээд сонгож, дэс дараатай  шийдэхгүй бол үнэн худал янз бүрийн юм явж байж мэдэх юм. Эсвэл өөрөө яваад шийдчих юмыг биеийн амар хараад "Цахиур Төмөр" ахыг зарах сонирхолтой нэгэн байж мэдэх. Ноцтой, ноцтой, илэрхий шударга бус шийдсэн , эсвэл чирэгдүүлсэн, хүнд суртлаар цаг уясан, албан тушаалтны сонирхолоор дарагдсан гэх мэтийн онцгой хэргүүд их байдаг. Албан тушаалтнуудтай зууралдах хэрэг их гарна даа. Гэвч шударга ёсны төлөө явж байгаа "сайн эр" юунаас айх билээ. "Цахиур төмөрт"  алдах юм байхгүй. Ард чинь бид байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй сайн хамтарч ажиллавал тэд чинь бас айхтар зэвсэг шүү.

За ингээд дүр төрхөө хувиргаад шинээр "төрөх" хэрэгтэй  болжээ.  Алийн болгон гадны сэтгүүл сонинд Хитлерийн "алиа салбадай" шиг бичигдэж, зураг хөргөө тавиулж, амьтны доог болж онигоонд орж явах вэ?! "Нео-нацист" гэдэг балай нэрнээсээ салцгаа. Түмэнд хэрэгтэй үйл хийж буян болбол та нар сайн нэрийг олж ард түмний хайрыг татах болно. Хаа явсан газарт чинь бид тарган хонины мах, тарваганы боодог, аманд тос амтагдсан хамгийн сайхан айргаараа дайлж угтах болно. Тоглоогүй шүү, харж л байгаарай.  Хүнд сурталтнууд, хулгайч луйварчид, адгийн шаарнуудын зүрхэнд шар ус хуруулсан "сайн эр Цахиур Төмөр" шинээр мэндэлж, ядарсан олноо баясгах тэр цаг мөч удахгүй ирэх болтугай хэмээн залбиран хүлээж сууя. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол