Монгол хүн
"хүн биш" болсон цөвүүн цаг иржээ. Нийтэд нь нялзаах нь буруу мэт боловч Монгол хэмээх нэгэн цагт агуу байсан үндэстэнг хүний бие махбодь хэмээн төсөөлбөл, биеийн зарим эд эрхтэн хүндээр
"өвчилсөн" мэт болжээ. Бусад эрхтэндээ халдаагүй боловч сайн эмчилгээ хийхгүй бол яваандаа бүх биеэр тархах аюул нөмрөх нь ойлгомжтой. Энэ өвчний нэр бол
"хүнлэг бус араншин" болой.
"Хүнээ байх" гэж бас хэлэх нь бий.
Социализмын материал техникийн бааз байгуулж байх үеэс эхлэлтэй энэ өвчин
"хөнгөн хэлбэрээр" нуугдмал байдалтай байж байгаад сүүлийн үед
"хүндэрч" , элдэв янзаар илрэх болжээ.
"Хөнгөн хэлбэрийн" шинжүүд гэвэл
"матах"," ховлох", "атаархах", гэх мэт. Хүндэрсэн хэлбэртээ ороод ирэхээр
"гүжирдэх", "доромжлох", "гутаах", "тавлах", "нулимах", "зэрэмдэглэх", "хөнөөх", гэх мэт.
Нийгэм өөрчлөгдөж, хувь хүний эрх, эрх чөлөө илүү хангагдахын хэрээр
"хүнлэг бус араншин" улам олон төрлийн шинжтэй, олон арга замаар, хэлбэрээр илэрч байгаад бид өөрсдөө дэмий л гайхаж шогшрохоос өөрийг үл хийнэ.
"Биднийг бага байхад ийм байгаагүй" гэсэн ганц жижүүрийн үгтэй ахмад үе маань толгой сэгсрэхээс хэтрэхгүй. Ирээдүй рүү ойртох тусам байдал улам дордсоор. Уг нь эсрэгээрээ сайжирч, дээшлэх ёстой баймаар. Дээхэн үед бага хүүхэд том хүнээс айдаг, эмээдэг байжээ. Одоо эсрэгээрээ. Хөгшчүүл, ахмадууд нь залуустаа зодуулчих шахан, холуур дөлөн айж явна. Юуны чинь автобусанд суудал тавьж өгөх!
"Хүнлэг" нийгэм байгуулж байгаа Америкт гэхэд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд суух нэжгээд суудлуудыг автбусны урд хэсэгт хуулиар
"хувиарлаад" өгчихсөн байдаг юм билээ. Манайх яваандаа тийм болж таарах биз.
Уг нь бид чинь бас
"хүнлэг" нийгэм гээчийг байгуулж байгаа л даа. Жаахан ядруу хэсгээ тэтгээд, нэг ч хүн хоцроохгүй
"чирээд явчих" санаатай. Гэхдээ
"хүнлэг нийгэм" байгуулах,
"хүнлэг хүн" бий болгох хоёр асуудал хэдийгээр ижил төстэй мэт харагдавч өөр өөр арга технологи шаардсан ажлууд юм аа. Бид
"хүнлэг нийгэм" байгуулах тухай түлхүү яриад,
"хүнлэг хүн" бий болгох ажлаа орхигдуулжээ. Ингэсэн учраас
"хүнлэг бус араншинтай хүн сүрэг" олноор бий болсон байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, шатаж байгаа машин дотроос хүнийг нь аврахын оронд гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан байх юм. Машин дотроо шатаж үхэх аюулд ороод байгаа хүнийг аврах нь чухал биш, харин бичлэг хийх нь сонин байж. Ийм хүмүүс аль
"сүрэгт" хамаарах вэ?
|
Ерөнхийлөгч Элбэгдорж ээжтэйгээ |
Ерөнхийлөгч Элбэгдоржийн өндөр настай ээж сая таалал төгсөж, бурхны оронд очжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдээллийг сонин хэвлэл болон интернэт дээр тавьсан байна. Интернэт дээр тавьсан мэдээллийн дор уншигчдаас бичиж үлдээсэн сэтгэгдлийг (коммент) үзээд цочлоо би.
"Хүн биш хүн сүргийн" араншин ийм
араатан шинжтэй болох юм гэж зүүдлээгүй явжээ. Элбэгдоржид дургүй байж болноо. Бүр ноцтой шалтгаанаар үзэн яддаг ч байж болно. Гэсэн хэдий ч төрүүлсэн ээжийнх нь үхлээр далимдуулж даапаалж тохуурхах нь яаж бий болсон араншин бэ? Өшөө хорсол, үзэн ядалт тэдгээр хүмүүсийг араатан болгосон гэж үү? Хүний үхэл хагацал, гашуудлыг ч зүгээр өнгөрөөхгүй
"дайснаа" доромжилж бахаа хангах хэрэгсэл болгож байгаа энэ хүмүүс
"хүн биш ээ."
Тэгвэл ийм
"хүнлэг бус" хүн сүрэг яаж бий болов оо? Олон янзын шалтгаан, нөхцлөөр бий болсон нь тодорхой. Шатаж байгаа хүний бичлэг хийж байгаа хүмүүс, Элбэгдоржийг ээжийнх нь үхлээр тавлаж байгаа хүмүүс хэдийгээр бүгд тэр
"хүн сүрэгт" багтах боловч
"гарал үүслээрээ" ялгаатай юм. Эхний хэсэг нь зөвхөн амин хувийн ашиг сонирхлоо тэргүүн ээлжинд тавьж, бичлэг хийж байгаа бол дараагийн хэсэг хүмүүс улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж байх шиг. Улс төрийн ашиг сонирхол гэдэг нь Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч учраас тэр. Хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож ялалт байгуулсан учраас гэвэл илүү ойлгомжтой байх. Тэгэхээр тэрхүү хараал зүхлийг өрсөлдөгч хүчний зүгээс, тэдний дэмжигчдийн зүгээс гарсан үйлдэл гэж ойлговол логикийн хувьд зөв болж байна. Өөрөөр яаж тайлбарлах билээ? Ерөнхийлөгч Элбэгдорж
"хувийн шугамаар" хүмүүстэй
"хонь чоно" болтлоо муудалцаж , дайсагналцаж явсан гэдэгт итгэмгүй. Сэтгэгдлүүдийг уншаад нэгийг тунгаах буй заа.
|
Дээрх хоёр сэтгэгдэл Энхбаярыг уучилж сулласан тухай хэлж байгаа бололтой. |
|
"Хужаатай суусан авгай байсан биз дээ" гэж гарчиг дор ингэж бичсэн байна: "Энэ хөгшин чинь хужаатай сууж Дутуудорж гэдэг хужааг төрүүлж, Монголд маш их балаг тарьсан хөгшин дөө. Ум мани пад ни хум!" |
Зочин нэрээр орсон, 173.172.122... гэсэн IP дугаартай нөхөр дараах 3 бичлэгийг үлдээжээ. Латинаар галиглаж бичсэнийг нь уншихад хялбар болгож кириллээр доор нь бичлээ:
|
"Нээрээ хужаагийн шээс гаргаж Монгол улсыг сөнөөсөн чуганц шүү дээ, муу хүмүүс үхдэггүй гэдэг худал бололтой, харин ч урт насалж. Элбэгдоржоо чи одоо үхвэл таарна даа. Чиний хийсэн лайгаар олон эх үхсэн дээ. Надад сайхан байна, би бүр баяртай байна. Ээж чинь үхсэнд баяр хүргэе, ОК." |
|
"Хэн нэгэн дурак нь, чи эхгүй хүн үү гэж тэнэгтэх байх л даа, тиймээ ээжгүй болсон хүн. Учир нь Элбэгдорж миний ээжийг алсан юм. Тэгвэл би тэрний эхийг алаагүй шдээ, энэ бол том ялгаа" |
|
"Ерөнхийлөгчид гүн талархал илэрхийлье" |
Хүнээ байсан ийм араншин гаргадаг хүн сүргийг яаж хорогдуулах, шинээр
"бүл нэмэхгүй" байлгах талаар юу хийх хэрэгтэй вэ гэдгээ одооноос бодож ажиллаж эхлэхгүй бол эцэстээ бие биенээ
"барьж иддэг" вампирууд болсон хойноо
"юу болоод өнгөрөв өө?" гээд л хоцорно. Магадгүй гадны идэш ч болчихсон байх юм бил үү, хэн мэдлээ. Хүүхэд байхаас нь хүнийг хайрладаг, бие биенээ хайрладаг болгож хүмүүжүүлэхээс эхлээд
"хүн" болсон хойно нь элдэв шалтаг, үндэслэлээр (нутаг ус, ястан угсаатан, нам холбоогоор гэх мэт) талцах боломжийг гаргуулахгүй байж чадвал бид
"хүн биш хүн сүрэг" гэж айх юмгүй амар тайван эвсэг амьдарч чадна. Эс тэгвэл бид мөхдөггүй юм аа гэхэд өөдлөхгүй. Чингис хаан нэгэнтээ хүчээр нэгтгэж, эвлэрүүлж нэгэн цул болгож байсан, гэвч одоо цагт ийм боломжгүй учраас ухаанаараа эвлэлдэж урагшлахаас өөр зам алга. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.
Comments
Post a Comment