Шүүх засаглалыг хараат бус болгох арга


Шүүх засаглалын тухай ярилцая. Саяхны судалгаанд  оролцогчдын 90% нь шүүхэд итгэхгүй байна гэж хариулжээ. Энэ бол Монголд шүүх засаглал дампуурсаны нотолгоо. Шүүх засаглал бол ардчилсан засаглалын тулгын 3 чулууны нэг. Хууль тогтоох засаглал (УИХ), Гүйцэтгэх засаглал (Засгийн газар), Шүүх засаглал гэдэг 3 тулгын чулуу харилцан хяналттай, хараат бус, эрх тэгш байх нь ардчилсан тогтолцооны баталгаа. Манай улсын хувьд энэ баталгаа цаасан дээр л тунхагласан байдаг нь гадна талдаа ардчилсан улс гэж харагдах гэснээс цаашгүй хуурамч баг гэлтэй.

Монголын шүүх нэр хүндээ баржээ. Шүүхийг яавал жинхэнэ утгаар нь хараат бус болгох вэ? Яавал улс төрийн нөлөөнөөс ангид байлгах вэ? Хараат бус шүүх л элдэв гадны дарамт нөлөөнд автахгүй зөв бөгөөд шударга шийдвэр гаргаж чадна. Мэдээж боловсон хүчний сонголт чухал гэхдээ хамгийн гол нь хараат бус болгох нь тэргүүн зорилт.

Үүний тулд шүүгч нарын томилгоонд улс төрчид, төр засгийн өндөр албан тушаалтнууд оролцох, нөлөөлөх ёсгүй. Нэг хэсэгтээ ийм аргаар шүүхээ бүрдүүлмээр байна. Өөрөөр хэлбэл сонгуулиар шүүгч нараа шат шатанд нь сонгодог болгоё. Яг л Ерөнхийлөгчөө сонгодог шиг, УИХ-ын гишүүдээ сонгодог шиг шат шатны шүүгч нараа ард түмэн сонгодог байя. Тулгын 3 чулуу маань ийнхүү гурвуулаа ард түмнээс сонгогддог болчихвол адил тэгш эрхтэй, бие биенээс хараат бус, харилцан хяналт тавьдаг  байж чадна. 

Одоогийн хуулиар Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) гэдэг байгууллага шүүгч нарын сонголтыг хийж, санал болгож уламжилдаг. ШЕЗ-ийн санал болгосноор УИХ хэлэлцэж, Ерөнхийлөгч томилдог. Ихэнх орнууд иймэрхүү маягаар шүүхээ байгуулдаг, гэхдээ бид арай өөрөөр хийх хэрэгтэй байна. Тухайлбал, ШЕЗ гэдэг байгууллага нь тухайн шатанд (Дээд шүүх, анхан шатны шүүгч г.м) тэнцэх нэр дэвшигчдийг шаардлага хангасан эсэхийг хянаж нэрсийн жагсаалтыг  гаргах бөгөөд харин сонгох эрхийг нь ард түмэн эдэлдэг байх юм.  ШЕЗ нь нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахаас гадна шүүгчдийг эргүүлэн татах эрхийг эдэлдэг байвал зохино. Ёс суртахууны алдаа гаргасан, шүүгчийн дүрэм, тангарагийг зөрчсөн тохиолдолд иргэдийн гаргасан гомдлын дагуу шалгах ажиллагаа явуулж, хэрвээ нотлогдвол шууд огцруулж, тухайн сонгуулиар удаалсан нэр дэвшигчийг автоматаар томилох эрхтэй байх нь зүйтэй. Энэ аргаар шүүхээ байгуулбал шүүгч нарын томилгоонд УИХ (улс төрчид) болон Ерөнхийлөгчийн оролцоог (нөлөөллийг) алга болгож чадна. Өөрөөр хэлбэл шүүх засаглал хараат бус болно гэсэн үг. Сонгуулиар олонхийн саналыг авсан  нэр дэвшигч шүүгчийн тангараг өргөснөөр сонгогдсонд тооцогдоно. Одоогийнх шиг УИХ дээр "байцаагдах" шаардлагагүй (угаасаа тэр байцаалт нь шаардлагагүй бөгөөд нэр төдий оромдолт байдаг), Ерөнхийлөгч албажуулж томилох ёслол хэрэггүй болох юм. 

Шүүхийн индекс өндөртэй улсуудад (Чили, Норвег, Дани , Швед г.м) шүүх засаглал нэр хүндтэй байдаг нь засаглалын тогтолцоо гэхээсээ илүү иргэдийнх нь соёл, ухамсар, боловсрол, уламжлалтай холбоотой. Манай иргэд тийм түвшинд хүрэхийн тулд маш урт хугацаа шаардлагатай бөгөөд бидэнд  тэр замыг туулж хугацаа алдах нь хайран учраас аль болохоор товчлох нь зүйтэй. Тиймээс засаглалуудаа ("хүчээр") салгах энэ аргыг хэрэглэе.  Бид сэлж сайн сураагүй байж бусад галууг дуурайж дагах шаардлагагүй, өөрийнхөө зохиосон техникээр зам товчилж сэлэх хэрэгтэй байна. Шинэ аргаар зам товчилж явах, эсвэл хөгжингүй орнуудын туулсан урт бөгөөд хэцүү замыг туулах хоёр сонголт л байна. Эхнийх нь эрсдэл багатай бөгөөд ирээдүйтэй, удаах нь удаан бөгөөд хохиролтой байж мэдэх нигууртай. Энэ байдлаар дахиад 100 жил болбол Монгол үлдэх болов уу?  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө