Гай болсон гавъяат

Ц.Сарантуяа
Ерөнхийлөгчийн засаглалыг нэвтрүүлнэ гэдэг нь бүгдийг тэгээс эхлэхтэй утга нэг гэж Ц.Сарантуяа гэдэг хүн хэлжээ. Энэ хүн бол МУИС-ын багш, хууль зүйн доктор, профессор, гавъяат хуульч юм байна. Мөн Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос  гавъяат цолоо авч байсан аж.
Энэ хүний ярилцлагыг itoim.mn сайт дээр тавьжээ. Энд дарж   уншаарай.

Ярилцлагын эхэнд тэрээр Үндсэн Хуулийн үнэт зүйлийн тухай ярьжээ. Асуудлын сэдэв маань ямар засаглалын хэлбэрийг сонгох тухай юм шүү гэдгийг эхлээд санацгаая! Бидний сонгосон нийгэм ардчилсан нийгэм. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс.
Засаглалын хэлбэр өөрчлөгдөх нь  бидний дээрх сонголт өөрчлөгдөнө гэсэн үг биш. Тэгэхээр Үндсэн Хуульд суулгасан дээрх үнэт зүйлс бүгд хэвээр хадгалагдаж үлдэнэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлал бий болж (хаант засаг лугаа адил) , дээрх ардчилалын үнэт зүйлс үгүй болж, хэлмэгдүүлэлт бий болно гэж ойлгож, ярьдаг хүмүүс байгаа учраас ийм тайлбар хийлээ. Мэдээж зориуд мэдэн будилж мушгин гуйвуулах зорилгоор ингэж ярьдаг хүмүүс бий. Нэг хүний дарангуйлал гэдэг хадны мангаагаар айлгах зорилготой. 
Энэ хуульч маань ярилцлагынхаа төгсгөлд дээрх үнэт зүйлсийг үгүй хийх гэж байгаа юм шиг ойлголт төрүүлэхээр жигтэй юм хэлсэн тухай би нийтлэлийнхээ эцэст хэлэмз.

Ерөнхийлөгч шүүгчийг томилдог учраас хяналтгүй болж дураараа дургих болно гэж хамаатны нэг дүү маань мэтгэж байна. Шүүх засаг, хууль тогтоох засаг, гүйцэтгэх засаг гурвын хараат бус байдал, эрх мэдэл, харилцааг зөв тогтоогоод хуульчлаад өгчихвөл  ийм асуудал гарахгүй юм л даа. Бид өөрчлөлт хийхдээ энэ бүхнийг сайн тооцоолж хийх л хэрэгтэй. Хуучин хууль дүрэм таарахаа болих учраас шинээр бичих шаардлагатай болно.

Эргээд дээрх ярилцлагандаа оръё. Ц.Сарантуяагийн хэлсэнээр зарим асуудлыг заавал Үндсэн Хуульд багтааж шийддэг байх албагүй юм. Шүүхийн тухай болон  УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах гэх мэт тусдаа хуулиар зохицуулж болох юмыг Үндсэн Хуулинд тусгах шаардлагагүй гэдэг бол зөв. Гэхдээ энэ нөхөр 1-рт, ямар засаглалын хэлбэр бид хэрэглээд байгааг мэдэхгүй байна, 2-рт, асуудлын шийдлийг санал болгосонгүй.
Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй, Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй, шүүгчийн нэр дэвшүүлэх эрхтэй зэрэг нь нөгөө сонгодог Парламентын засаглалд байдаггүй учраас манайд сонгодог Парламентын засаглал байна гэж хэлж болохгүй. Гэтэл сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж, сайд нараа УИХ-аар хэлэлцүүлж зөвшөөрүүлдэг учраас Парламентын засаглал ч юм шиг. Үүнээс харвал Парламентын засаглал нь жинхэнэ сонгодог утгаараа манайд хэрэгжээгүй гэхээр байна. Хагас Парламентын - хагас Ерөнхийлөгчийн засаглал манайд ноёрхож байна гэж яриад байгаа биз? 

Нөгөө талаар засгийн тогтворгүй байдал нь (байнга огцорч байдаг) одоо бидний хэрэглээд байгаа засаглалтай (Хагас Парламент-хагас Ерөнхийлөгч) холбоотой гэдгийг олж харж чадахгүй байна, энэ хүн. Засаг олон огцордог шалтгаан нь ашиг сонирхлын зөрчил, талцал, намчирхал, эв түнжингүй байдал гэж хэлж байна. Тэгвэл энэ бүхний чинь эх үүсвэр нь энэ Парламентын гэгч засаглал юм шүү дээ. Парламентад олонхи болсон намынхан ээлжилж "хоолондоо орох" гээд л хор найруулж  суудаг. Ялсан намынхан ч хоорондоо ясаа булаалдана, ялагдсан сөрөг хүчин ч эсрэг талаа боломж л гарвал унагаж, нэр хүндийг нь сэвтүүлэхийг оролдоно. Албан тушаалын төлөө алаан болдог байхгүй юу! Давхар дээл, фракцуудын зодоон. Яагаад гэвэл Парламентын эрхэм гишүүд Засгийн газрын хувь заяаг шийдэх эрхтэй бөгөөд өөрсдөө ч сайд болох бүрэн боломжтой учраас тэр. Өөрсдийнх нь хүслийг биелүүлээгүй бол Ерөнхий сайдаа ч (намынх нь дарга шүү дээ!) огцруулж чадна. Намууд төр засгаар хүссэнээрээ тоглож чаддагийг харж болно. Нам гэдэг албин чөтгөр төр засгийн дээр гарчихлаа гэж үүнийг л хэлээд байгаа юм. Энэ зодоон жирийн төрийн албан хаагчийн амьдралыг бусниулна. Ялсан намынхан бүх шатанд өөрийн хүмүүсийг зоож, өмнө нь ажиллаж байсан нам бус болон эсрэг намын бүх хүмүүсийг хоморголж хална.  Энэ бол аймшигт хэлмэгдүүлэлт! Бүгд мэдэж байгаа. Энэ бүх үймээн, бужигнаан  намаар дамжина.  Намаар дамжуулж засаг барьдаг тогтолцоо ийм гай авчирна. 

Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол энэ бүх ёс бус үзэгдэл гарах боломжгүй болно. Яагаад? 
Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож, Засгийн газраа байгуулж толгойлно. Багаа өөрөө сонгож бүрдүүлнэ. УИХ-ын гишүүд Засгийн газарт ордог үзэгдэл байхгүй болох ба Засгийн газраар оролдох боломжгүй болно. Давхар дээл түүх болж үлдэнэ. Сайд болох гэж Их Хурлын сонгуульд өрсөлддөг гаж зуршил устаж алга болно. Намдаа мөнгө өгч сайд болдог уламжлал ч байхгүй болно. Засгийн газрыг бүх ард түмнээс сонгогдож итгэл хүлээлгэсэн Ерөнхийлөгч дангаараа мэддэг болох учраас бидний мэдэх олон зүй бус үзэгдэл арилна. Дээрээс нь бид хэнтэй тооцоо хийхээ мэддэг болно. Засгийн ажил муу явбал Ерөнхийлөгчийн толгойтой ярина гэсэн үг. Хуучин шиг УИХ, Засгийн газар, ялсан нам гурвын дунд хэнтэй нь хариуцлага тооцохоо мэдэхгүй төөрөлддөг байдал алга болох юм. 
Ийм л ялгаа байна. Гэтэл Ц.Сарантуяа гэгч гавъяат хуульч маань "Үндсэн Хууль нь УИХ-д Засгийн газрыг огцруулаад байх үүрэг хүлээлгээгүй"  ч гэх шиг хачин юм хэлээд сууж байдаг. 

Гавъяат хуульчийн ярилцлага дотор байсан  нэг ойлгомжгүй зүйл бол цаазын ялын тухай "хууль зүйн шинжлэх ухаанаар тодорхой зохицуулагдсан"  гэдэг үг байлаа. Юу ч гэсэн үг юм. Бодвол цаазын ялыг халах нийтлэг жишиг дэлхийд тогтож байгаа гэж хэлж байгаа юм болов уу даа. Энгийн үгээр хэлчихэж болох юманд  ингэж сүржин бөгөөд утгагүй үг хэрэглэх шаардлага баймааргүй. Монгол Улс цаазын ялнаас татгалзсан улс боловч цаазын ялыг сэргээж хэрэглэх нөхцөл байдал үүсээд байгаа учраас энэ асуудал дахин яригдаж эхэлсэн хэрэг. Мэдээж маш тодорхой хэрэг дээр яригдаж байгааг тодотгоё! Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт ийм ялыг сэргээе тухай яригдаж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга гарч ирээд гэв гэнэт ийм юм яриад унаагүй. Иргэд энэ саналыг гаргаж,  цаазын ялыг сэргээх шаардлага тавьж байгаа. Ерөнхийлөгч энэ саналыг сонсоод хэлэлцэж  дүгнэлт гаргахыг холбогдох байгууллагуудад үүрэгдсэн гэж ойлгосон. Хууль зүйн шинжлэх ухаанаар зохицуулагдсан асуудлыг "энгийн ухамсрын түвшинд" (Ц.Сарантуяагийн үг шүү) шийдэж болохгүй гэнэ дээ. Энгийн ухамсрын түвшин гэдэг нь нөгөө жирийн иргэдийнхээ (цаазын ялыг сэргээе гэдэг) санаа бодлыг хэлээд байгаа юм байна. Энгийн иргэдийн ухамсарын түвшин энгийн байдаг юм байх. Энэ нь нөгөө Монголын Үндэсний Олон Нийтийн Радио  Телевизийн дарга Нинжжамц гэдэг этгээд Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд "сойж"  байхдаа "Ард түмэн чинь Сарандаваад итгэдэг цагаан цаас шүү дээ" гэж хэлж байсныг бодогдуулна.
Тэгэхээр ард иргэдийн санаа бодол бол энэ шүүгчийн хувьд чухал биш юм байна гэж ойлголоо. Ийм л гавъяат хуульчтай  улс шүү дээ, бид.

Ц.Сарантуяагийн ярилцлагыг цааш нь уншвал энэ хүн Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг хүн гэдэг нь илт байна. 1992 онд Үндсэн Хууль батлахдаа Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгогддог хувилбарыг тусгасны хүчинд Парламентын засаглалыг авч хадгалж чадсан гэжээ. Бахархаад байгаа бололтой юм. Гэвч харамсалтай нь тэр бахархаад байгаа засаглалын хэлбэр нь манайд огт тохирсонгүй гэдэг нь  өнгөрсөн жилүүдийн дараа батлагдаж байна. Ард түмэн ядуураад, эрх мэдэлтнүүд нь баяжаад байгаа нь баталгаа биш үү? Үнэндээ хөрсөн дор нь эрдэнэ байгаагүй бол бид юугаа зарж жаахан мөнгө олох байсан юм? Бага ч гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан хөнгөн үйлдвэрээ устгачихсан улс чинь яаж амьдрах байсан болж байна? Тэнгэрийн авралаар бид чинь ухаад идчих байгалийн баялаг ихтэй улс юм. Тэрний хүчинд л өдий болтол сөхөрчихөлгүй  тэсэж байна. Гэвч энэ балай засаглалын гайгаар тэр их баялагийн өчүүхэн хэсгийг нь ард түмэн долоож, ихэнх талыг нь цөөхөн хэдэн луйварчин хүртэж хагартлаа таргалжээ. Одоо байгаа энэ хачин засаглал (хагас Парламент-хагас Ерөнхийлөгчийн засаглал) луйварчдад  ийм боломж олгосон. Буух эзэнгүй, буцах хаяггүй ийм тогтолцоотой үед хариуцлага гэж яриад нэмэргүй, хэн дуртай, эрх мэдэлтэй нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг байхгүй юу!

Энэ гаж байдлыг зарим хүмүүс яагаад харахыг хүсэхгүй байна гэдэг нь их гайхмаар. Бараг л энэ байдал тэдэнд ашигтай болоод л өөрчлөхийг хүсэхгүй байна гэхэд буруутахгүй байх. Өөрөөр ямар шалтгаан байх билээ? Өлөн зөлмүүн иргэдээ, гуйлгачин хүмүүсээ хараад тэд  нарт юм бодогдохгүй байна аа?  Юм бодох нь байтугай харин ч энэ байдлыг заавал туулж өнгөрөх ёстой юм шиг загнаж байна.  Бүр ичихгүй худлаа хэлж дөвчигнөж байна. Ц.Сарантуяагийн ярилцлагаас дахиад иш татая: 
Тэрбээр, "Парламентын засаглал бүхий төрөө бүрэн утгаар нь ажиллуулаагүй, үр шимийг нь хүртээгүй байж, огт танил биш, Монголын хөрсөн дээр хэзээ ч байгаагүй Ерөнхийлөгчийн засаглалыг нэвтрүүлнэ гэдэг нь бүгдийг тэгээс эхэлнэ гэдэгтэй утга нэг" гэж айлджээ. 

Тайлбар хэлье: Таарч тохирохгүй юм чинь яаж бүрэн утгаараа ажиллах вэ дээ. Нөгөөтэйгүүр бидний  энэ хэрэгжүүлээд байгаа чинь сонгодог Парламентын засаглал биш гэдгийг дээр дурдсан.  Хагас Парламентын засаглалын үр шимийг нь бараг 30-аад жил хүртээд шал дордчихоод байхад өөр бас ямар үр шим  хэзээ хүртээх гээд байгаа юм бол доо гэж. Гучаад жилийн үр дүн бол өнөөгийн байдал. Яриад байгаа үр шимийг нь хэзээ амсах юм? Дахиад 30 жил хүлээх үү? Хэд нь тэсэж үлдэх бол? 

Огт танил биш, Монголд хэзээ ч байгаагүй Ерөнхийлөгчийн засаглал гэчихжээ. Парламентын засаглал тэгээд өмнө нь Монголд хэрэгжиж байсан байх нь уу? Харин ч Монголчууд нэг удирдлага дор нягтарч хүчирхэгжиж байсан болохоос олон толгойтой байхдаа байнга доройтож байсан түүхтэй улс. Тэгж ярьвал Парламентын засаглал чинь харин Монголчуудад харь зүйл. Ерөнхийлөгчийн засаглалыг Хаант засагтай адилтгаад байгаа хүмүүс их андуурч байна. Албаар "андуурдаг"  байх л даа.  

Ярилцлагын эцэст хэлсэн үгийг уншаад бүр цочирдсоноо хэлье гэж бодлоо. Энэ нөхөр үнэнээсээ ингэж хэлээд байгаа юм уу, эсвэл зориуд ингээд байгаа юм уу гэдгийг мэдмээр байна. Тэрээр, одоо цагт  үзэл баримтлал, үнэт зүйлсээ өөрчлөх шаардлагагүй гэжээ.  Уучлаарай, ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээ таягдан хаях (Үндсэн Хуулиасаа авч хаях) тухай ерөөсөө хэн ч яриагүй шүү гэдгийг хэлчихье. Мушгиж гуйвуулна гэхэд арай хэтрүүлж байгаа юм биш үү? 
Ийм гавъяатнууд улсдаа гавъяа байгуулах биш гай болж байна. 







Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө