Салаа замын алинаар нь явах вэ?

Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тухай жил дамнан яригдаж байгаа энэ үед хүн бүр л өөр өөрийн сувгаар санаа бодлоо илэрхийлж байна. Ерөнхийдөө иргэд маань эхлээд ямар засаглалын хэлбэрийг сонгох вэ гэдгээ шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгсэнийхээ дараа тухайн сонгосон хэлбэртээ тохируулж Үндсэн Хуулиндаа засвар оруулах нь зөв болов уу.
Зарчмаа эхлээд шийдэцгээе.
Өөрөөр хэлбэл, "Парламентын" засаглал гэгчээ  хэвээр үлдээгээд,  нэмэлт хасалтаа  хийгээд явах уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоод эрс өөрчлөлт  хийх үү гэдгээ шийдмээр байна.

Бидний сонгосон одоогийн  Парламентын засаглал Монголд 26 дахь жилдээ хэрэгжиж байна. Үр дүн нь ямар байгааг хүн бүр л мэдэж байгаа. Сайн гэхээсээ муу нь илүү давамгайлсан гэхэд болно.  Муулах гэж муулж байгаа юм биш, байгаа байдал нь илт байна. Монголын баялгийг цөөхөн гэр бүл ашиглаж  байгаа учраас баялгийн хэт тэгш бус хувиарлалт бий болжээ. Энэ нь бүх банкны хадгаламжийн 80% -ийг хүн амын 3%  л эзэмшиж байгаагаар нотлогдоно. Баян ядуугийн ялгаралт туйлдаа хүрчээ. Монголын хүн амын 30% нь ядуу гэсэн мэдээлэл байна. Энэ нь 3 хүний 1 нь ядуу амьдарч байна гэсэн үг. Бусад нь дээсэн дөрөөн дээр, цалингаас цалингийн хооронд , зээл өрөнд баригдсан байдалтай л байгаа хэрэг. Бидний сонгож хэрэгжүүлж байгаа засаглал (Парламентын засаглал) ийм л үр дүн авчирчээ. Эдийн засгийн тогтворгүй байдал, улс төрийн хэрүүл самуун , хариуцлагагүй байдал  гээд яривал их юм бий, гэхдээ тэр болгоныг энд нуршихгүй. Нурших шаардлагагүй учир нь өнөөгийн байгаа байдал энэ Парламентын засаглал гэгч нь явцгүй юм байна гэдгийг нотлох том нотолгоо.

Ерөнхийлөгч сая хэлсэн үгэндээ бидний энэ хоцрогдол тогтолцоондоо байна гэлээ. Тийм учраас энэ тухай талцаж хэрэлдэлгүй ухаанаа уралдуулж шийдэцгээе гэж уриаллаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбоотой сэтгүүлч Д.Төрмөнх "Ерөнхийлөгчийн засаглал уу, Парламентын засаглал уу?" гарчигтай нийтлэл бичжээ. Энэ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.
Товчхондоо манай улс аль нэг тогтолцоог нь (бидний хэлээд байгаа шиг Парламентын засаглалыг биш) сонгоогүй, харин "хагас Парламент- хагас Ерөнхийлөгчийн"  хэлбэрийг авчихсан бололтой. Ингээд өөх ч биш, булчирхай ч биш юм болгочихож. Одоо энэ байдлаа даруйхан өөрчилж реформ хийхгүй бол мухардлаас гарахгүй гэсэн санааг хэлжээ. Мөн манай Монгол шиг улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирно гэсэн санаа гарч байна. Бид одоо тэгэхээр аль тогтолцоог нь сонгох вэ гэдгээ шийдэх шаардлагатай байна. Салаа замын уулзвар дээр ирчихсэн байна гээд л төсөөлцгөөе.

Тэгвэл одоо яах вэ? Салаа замын нөгөөг нь сонгохоос өөр арга үлдсэнгүй дээ. Нөгөө салаа зам нь Ерөнхийлөгчийн засаглал. "Парламентын"  засаглал болсонгүй ээ. Болохгүй юмыг хэзээ болно гэж хэдий болтол турших вэ? Үндсэн Хуулиндаа нэмэлт, өөрчлөлт хийгээд  энэ байдлаараа цаашаа явах нь дээр гэж зүтгэх хүмүүс олон байна. Яван сайжрах юм гэнээ. Хэзээ сайжрах юм бүү мэд. Дахиад 20 жил болбол байдал юу болохыг төсөөлөхөд хэцүү биш байх. Үндсэн Хуулиа муу хийсэндээ биш, харин энэ тогтолцоо манайд тохирохгүй байгаад л хамаг учир байна. Тийм болохоор өнгөн косметик засвар хийгээд нэмэргүй.
Ерөнхийлөгчийн засаглал сонговол  дарангуйлал тогтоод , эрх чөлөө, хүний эрх хумигдах юм гэнэ. Нэг хүний хяналтанд ороод бараг л хаант засагтай болох юм байх. Зарим нэг элдэв сэтэр гуншинтай онолчид Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй гэж мэдэмхийрэх аж.

Улс төрийн коммуникацын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мөнхцэцэг, Тохокугийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав нар "Ерөнхийлөгчийн засаглал Монголын улс төрийг засах гарц биш" гарчигтай өгүүлэл бичжээ.
Уншаагүй хүмүүс байвал  updown.mn  сайт руу орж уншаарай. Энэ өгүүлэл гарчигнаасаа эхлээд л буруу бичигджээ. Засаглалын хэлбэр тухайн улсын улс төрийг засдаг түлхүүр биш л дээ. Улс төрийг засна гэж юугаа ч хэлээд байгаа юм бүү мэд. Ямар засаглалтай (Парламентын юм уу, эсвэл Ерөнхийлөгчийн) байхаас үл хамаараад тухайн орны улс төрийн амьдралд элдэв жүжиг, тоглолт үргэлж л явагдаж байдаг. Ялангуяа ардчилсан тогтолцоог сонгосон, олон намуудтай улсад улс төрийн тэмцэл, өрсөлдөөн тасрахгүй. Тэгэхээр улс төрийг засна гэдэг томъёолол угаасаа ямар  ч утгагүй бөгөөд бидэнд таарахгүй ухагдахуун. Нэгэнт л Монгол Улс ардчилсан улс болох замыг сонгосон бол ийм үг хэллэг хэрэглэх  нь зохисгүй юм. Мөнөөх докторууд маань уг өгүүлэлдээ засаглалын 2 хэлбэрийн тухай тайлбарлаж бичжээ.

Ерөнхийлөгчийн засаглал нөгөө хэлбэрээсээ илүү олон сул талтай гээд, гадны судлаачдын судалгааг дурдсан байна. Ингээд  өгүүллийнхээ эцэст, "Дэлхийн улс орнууд, ялангуяа дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжиж байгаа улсуудын практик болон онолын судалгаануудаас үзэхэд Ерөнхийлөгчийн засаглал нь ихээхэн сөрөг үр дагавартай тул Монгол улсын 1992 оны  Үндсэн Хуулиар баталгаажуулсан Парламентын засаглалыг солих шаардлагагүй юм" гэж дүгнэжээ. 

Гадны элдэв судалгаа гэгчийг үндэслээд хар сохроор өөрсөд дээрээ турших явдал бол маш буруу. Үлгэрлэвэл,  хэн нэгэнд таарахгүй эм тан, хоол идээ өгөхөд яадаг билээ, түүнтэй адил. Хүн хүний биеийн онцлог гэж бий. Надад таарч үйлчилдэг эм тан, өөр нэгэнд таарах албагүйтэй адил. Монголчуудад таарах "эм"  нь юу байж болох вэ? Парламентын сонгодог загвар уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглал уу? Бид өөрсдийгөө эхлээд сайн таньж мэдмээр юм шиг байгаа юм. Монголчууд ямар улс вэ? Нүүдэлчин хүмүүс бол жаахан дураараа, бие даасан байх дуртай, омгорхог улс. Шулуухан хэлэхэд, жаахан хатуу гараар барихгүй бол үгэнд орох дуртай биш. Чингисийн хатуу гар, сахилга бат Монголчуудыг зангидаж хүчирхэгжиж байсан нь үнэн юм. Чингисийн дараа хөвгүүд нь газар орноо хувааж аваад хоорондоо алалцаж дайсагналцаж байсныхаа горыг амсаж, Монголчууд бусдын боол болсон нь маргашгүй үнэн. Бидний натур ийм юм. Натураа мэдэж байвал бидэнд ямар засаглал хэрэгтэйг ойлгоно.
Хаант засаг тогтоох гэл ээ, дарангуйлагч бий болно гэж мэдэмхийрэх хүмүүс  эхлээд өөрсдийгөө таньж мэдэх хэрэгтэй. Ер нь тэгээд өнөөгийн бидний арчаагүй байдал, талцаж хэрэлдсэн зодоон, хуваагдал, бэртэгчин байдал эрс өөрчлөлт, зөв сонголт хийх цаг болсоныг (тийм цаг болоод удаж байгааг) нотлоод байгаа бус уу?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө