Ямар их хорсол, гомдол вэ?
Ө.Энхтүвшин (МАН-ын дарга) |
МАН-ын дарга 2008 оны үйл явдлыг хэлээд байгаа нь энэ. Тэр үед МАН-ын дарга байсан С.Баяр ёстой л "ямар ч үнээр хамаагүй ялах болно" гэж хэлсэн ёсоороо элдэв луйвар, мэх хэрэглэж байж олонхи суудлыг авчихаад, дангаараа засгаа байгуулах бүрэн боломжтой мөртлөө АН-тай хамтрая гэж "гажиг" шийдвэр гаргаж билээ. Гэхдээ яагаад ийм сонин шийдвэр гаргасаныг тааж цөхөх юмгүй л дээ. Хоёр л гол шалтгаан байсан:
1. Сонгуулийн луйвар хийсэн гэж сөрөг хүчнээс элдэв хэл ам, хэрүүл хийх вий гэж болгоомжлон хэдэн сайдын суудлаар амыг нь барьсан. Үүнд мөн 7 сарын 1-нд буудуулж амь алдсан 4 хүн, намынх нь байранд халаалтын пааранд гавлуулж өнгөрсөн байсан 1 хүн гээд 5 хүний амьтай холбоотой асуудлыг чимээгүй өнгөрөөхийн тулд АН-д саймширхаас өөр аргагүй болсон.
2. Дөрвөн жилийн дараа сонгуульт хугацаа дуусахад алдсан алдаагаа АН-тай хуваалцах, байгуулсан гавьяагаа голлох хүчний хувьд өөр дээрээ нялзаах алсын бодлого, муу санаа давхар агуулж байсан.
С.Баяр (Ерөнхий сайд асан) |
Гомдсондоо өрсөлдөгчөө аль муугаар дайрахаа мартсангүй. Уг нь илтгэл нь, "Оноо алдааны нэгэн жил: Ухаарал, цаашдын зорилт" гэсэн мундаг нэртэй л дээ. Гэвч оноо алдаагаа, цаашдын зорилтоо ярихаасаа илүү буруу бүхнийг өрсөлдөгч рүүгээ чихэж, эгээ л хэлмэгдсэн аятай зохиол найруулан бичжээ. Чухам өөрөө найруулж бичсэн үү, өрөөлөөр бичүүлсэн үү гэдгийг хэлж мэдэхгүй боловч ямартай ч улс төрийн нэг том намын даргын илтгэл гэхэд даанч хариуцлагагүй "эссе" болж. Илтгэлд орсон зарим нэг санаануудыг тунгааж үзэхэд ойлгомжтой болно: "Олонхийг бүрдүүлсэн гол хүчин АН өөрт олдсон давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон, улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлсээр ирлээ. Энэ бол тэдэнд нэг жилийн өмнө төрсөн санаа биш, бүр 1996 оны сонгуулийн дараа нэгэнт ил болсон бодлого юм." гээд л эхэлж байна.
МАН-ыг (тэр үед МАХН байсан) түүхийн тавцангаас арчихын тухайд гэвэл ардчилсан хүчнүүд харин ч өгөөмөр зан гаргаж, 1990 онд МА(Х)Н-ыг намын хувьд татан буулга гэж шаардаагүй хүндэтгэлтэй хандсан гэвэл үнэнд нийцнэ. Хуучин социалист системийн орнуудад бол ер нь коммунист намаа бүрмөсөн татан буулгаж, зарим улсад хориглосон нь ч бий. Түүхийн тавцангаас арчих байсан бол аль 1990 онд хийх байсан юм. Юуны чинь 1996 оноос ил болох. Ер нь аль ч нам нь засгийн эрхэнд гарсаны дараа өөрсдийн талын хүмүүсийг томилж, өрсөлдөгчийнхөө талын хүмүүсийг олноор нь халдаг зохисгүй үзэгдэл АН, МАН хоёуланд нь байсан. Энэ нь мэргэшсэн хүмүүсийг намын харьяаллаар халж, засаг төрийн бүтцийнхээ чадавхийг муутгадаг, сулруулдаг муу үр дагавартай учраас халах ёстой "зуршлын" нэг. Намаар хуваагдаж талцдаг, намчирхдаг гажиг үүнтэй холбоотой. Энэ бол шийдэх ёстой, шийдэж болох асуудал. Харин МАН-ын даргын хэлсэнчлэн, "түүхийн тавцангаас арчих" үйл ажиллагаа гэж нэрлэх нь дэндүү дэгс бөгөөд тэнэгдүү томьёолол.
"Өнөөдөр энэ нь улам түрэмгий, хонзогносон шинжтэй, 1996 онд чадаагүйгээ заавал гүйцээнэ гэж шүд зуусан төрхтэй, илүү зохион байгуулалттай цогц бодлого, үйл ажиллагаа болж хувирсан нь тодорхой харагдаж байна." Үгүй ээ мөн айхтар, сүр сүр үгнүүд хэрэглэжээ! Шүд зуусан, хонзогносон, түрэмгий...
Ө.Энхтүвшингийн хэлж байгаагаар бол АН 1996 онд МА(Х)Н-ыг түүхийн тавцангаас арчих гээд гүйцээж чадаагүйгээ одоо хийж дуусгах гээд шүдээ зуугаад л түрэмгийлэн довтлоод байгаа юм аа даа, янз нь. Намынх нь дарга нь ингэж хийрхэж, хагас галзуу аяглаж байхад бусад гишүүд нь ч аргагүй ч байх даа. МАН-ын нарийн бичгийн дарга сонгуультай, хуучин бас УИХ-ын гишүүн, Байнгын Хорооны дарга хүртэл хийж явсан Ж.Сүхбаатар гэгч увайгүй нөхөр Ерөнхийлөгч Элбэгдоржийг "хөгийн хог" гэж твиттерээр нэг харааж зүхэж байв даа. Энэ намын удирдлагуудын жинхэнэ араншин.
"Шинэчлэл нэрийн дор хуулиас гадуур авирлаж, намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хоморголон халахаас гадна ард түмнээс Ардын Намд өгсөн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, 'зөвхөн МАН-ынхан авилгачид' гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын Намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, биднийг санхүүгийн хувьд улам доройтуулах, мэдээллийн дарангуйллыг тогтоох зэрэг бүх чиглэлээр довтолсоор байна." За энэ их олон чиглэлээр довтлоод байгаа тухайд тус тусад нь жаахан тайлбар хийхээс. Магадгүй мэдээлэл муутай нэг нь үнэмшиж орхивол яана:
- "намын өмч хөрөнгийг хураах" гэсэн үг байна.
Бодвол хуучнаар Лениний музей байсан барилгыг хэлж байгаа биз. Уучлаарай, тэр музейн зориулалттай барилга чинь улсын мөнгөөр боссон эд шүү. МА(Х)Н-ынхан харин ноёрхож байх үедээ шүүхээр өөрийнхөө өмч гэдэг шийдвэрийг гаргуулж, ард түмний өмчийг жинхэнэ утгаар нь булааж, намын өмч болгосон түүхтэй. Хууль шүүхийг атгандаа хийчихсэн нам энэ мэт шийдвэрийг захиалаад л гаргуулах нь ойлгомжтой. 2008 оны 7 сарын 1-ний үймээнд оролцсон гэдэг шалтгаанаар баривчлагдаж хоригдсон олон зуун иргэдийг мөн МАН-ын "мэдлийн шүүгчид" нэг загварын тогтоолоор шүүж байсан нь саяхан. Сүүлд нэг шүүгч бүр "дээрээс үүрэг өгч нөлөөлөөд яаж ч болохгүй байсан юм аа" гэж учирлаж байсан даа. Тэгэхээр энэ бол МАН-ын өмч хөрөнгийг булаах тухай асуудал биш, харин төр өөрөө булаалгасан өмчөө буцааж авах асуудал яригдаж байгаа юм шүү. Бүх шатны шүүхээр төрийн өмч мөн гэдгийг нь тогтоогоод улсад хүлээлгэж өг гэсэн шийдвэр гарсаар атал МАН-ын ичих булчирхай нь ажиллахаа байсан удирдлагууд эс зөвшөөрч давж заалдсан байгаа. Удахгүй шүүх хурал болох байх. Улсын өмчийг булааж авчихаад баар цэнгээний газар болгож түрээсийн мөнгөөр нь намаа санхүүжүүлэх ахар бодол л байхаас биш "эзэнд" нь буцааж өгөөд зориулалтаар нь ашиглаг даа гэсэн эх оронч сэтгэл, ард иргэдээ гэсэн бодол алга энэ намынханд. Тэгээд бас "ардын" нам гэж өөрийгөө нэрлэх дуртайг яана.
- "боловсон хүчнийг хоморголон халсан"
Өмнөх үеэ бодвол харин ч буурь зааж төрийн албан хаагчдыг хоморголж халаад байгаа асуудал АН-ынхан гаргахгүй байгаа. Зарим нэг үзэл бодол таарахгүйгээс хамтран ажиллаж чадахгүй гэсэн МАН-ын угшилтай нөхөд ажлаа өгсөн биз. Ажилдаа сайн, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлээд явах хэн ч гэсэн ажлаа хийгээд л явж байгаа. Зарим нэг улс төрийн албан тушаал дээр бол мэдээж халаа сэлгээ явагдана. Энд тэнд мэр сэр намын харьяалалаас болж зүй бусаар халагдсан тохиолдол гарсан бол тухайн удирдлага нь албан тушаалаа ашиглаж хэлмэгдүүлсэн гэж үзэж шүүхэд хандаад шийдүүлэх боломжтой. Хувь хүний алдаа гаргасан бол засуулах нь зүй. Харин намын бодлого бол хоморголон халах, солих асуудал биш гэдгийг АН-ын удирдлага хэлж байгаа. Тэр нь ч үнэн байх, яагаад гэвэл бөөнөөр халж хоморголлоо, хэлмэгдүүллээ гэж шүүхдсэн, АН-ын эсрэг зарга мэдүүлсэн тийм тохиолдлууд гарсаныг дуулаагүй юм байна. Тэгэхээр энэ бол бас л гүтгэлэг гэж үзэхээс өөр арга алга.
- "Ардын намд өгсөн мандатыг булаан авсан"
2012 оны Их Хурлын сонгуультай холбоотой асуудал ярьж байх шиг байна. МАН энэ сонгуулиар мөн л элдэв булхай хийж байсан нь илэрч, лав 2 тойрог дээр маргаан үүссэн. Өвөрхангайн тойрогт МАН-ын нэр дэвшигчид (С.Чинзориг, Н.Төмөрхүү) сонгуулийн хууль зөрчсөн учраас хэдийгээр тооны хувьд илүү олон санал авсан гэх боловч "эрхэм гишүүн" болж чадаагүй. Харин Увсын тойрогт мөнгө тараасан МАН-ын хоёр "сайн эр" (Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар) өөрсдийнхөө туслахуудыг "гамбит" (золиос) болгочихоод Их Хуралд ороод ирсэн (мөнгө тараасан туслахууд нь шүүхээс ял авцгаасан) . Энэ хоёрын мандатыг хуулиараа бол бас л "булааж авах" ёстой. Хуулиараа бол шүү дээ. Мөнгө тарааж санал худалдаж авах нь хуулиар хориотой учраас Чойжирсүрэн, Хүрэлбаатар хоёр удахгүй "погооноо мулт татаж" өгөх биз ээ. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэр гарах ёстой.
МАН-ын хууль журам гэж их сүржигнэх боловч үнэндээ хуулиа баримталж байсан нь үгүй. Харин хэн нэг нь хуулиа хэрэгжүүлье гэнгүүт "булааж авлаа" гэж ярьж байгаа юм.
Чойжилсүрэн бол тойргийнхоо сонгогчдод "буян" хийж "өглөг барьц" өргөж сонгогддог арвин туршлагатай нэгэн. 2008 онд мөн л ингэж гарч ирсэн. Тэгэхээр энд МАН-ын мандатыг "булааж авах" асуудал биш, харин МАН луйвардаж авсан суудлаа яаралтай буцааж өгөх асуудал яригдах ёстой байгаа биз? Бүр цаашилбал Дархан-уул аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Хаянхярваа тухайн үед хашиж байсан Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж өөрийнхөө тойргийн иргэдэд хүний хөгжил сангийн мөнгөний дутууг бөөндөн өгч "арын хаалгадсан" нь бас л хууль зөрчсөн асуудал. Бусад аймаг, хотын иргэд үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байхад Сангийн сайд ингэж "хаалгадсан" нь яалт ч үгүй сонгогчдод нөлөөлөх гэсэн оролдлого гэдгийг ямар ч тэнэг ойлгоно.
Ингээд бодоод байвал МАН харин ч 2-3 мандат буцааж өгөх болчихоод байгаа юм.
- "намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, иргэдийн төлөөлөгчдийг урвуулан татсан"
МАН-ын өмнөөс нэр дэвшиж сонгогдчихоод дараа нь намаа сольдог "урвагчдын" тухай ярьж байна. Үүнд мэдээж Арвин гишүүн орно. Хөөрхийг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихэд нь өөрийн намынхан нь дэмжихгүй гэж гомдоосон юм гэсэн. Хамт МАН-аас дэвшсэн Баянзүрх дүүргийнхээ намын даргыг дэмжиж гаргацгаая гэж "хуйвалдсан" аж. Гэвч нэмэр болсонгүй. Арвин гарч ирээд АН-д элссэн. МАН-аас гарч батлахаа өгсөн. Янз бүрийн шалтгаан байсан биз ээ. Хувь хүний сонголтыг хэн шүүх юм? Тэр тусмаа "ад үзчихээд" дараа нь "урвагч" хэмээн цоллож байгаа МАН-ынхан өөрсдөө жаахан юм бодмоор. "Урвуулан татах" гэдэг томьёолол бас л гүтгэсэн шинжтэй хэллэг байна. Үнэндээ АН-аас Арвингийн сэтгэл санаанд нөлөөлж, "урвуулах" ажиллагаа явуулсан юм байхгүй байх. Энхтүвшин дарга үүнийг мэдэж байгаа боловч Арвинг "урвуулсан" гэм буруутан нь АН мэтээр "найруулан бичжээ." Арвинг нэр заагаад "урвагч" гээд шууд хэлчихэж зүрхлээгүй байж мэдэх. Тэгээд ч гол нь АН-ыг буруутгаж байвал юу ч гэж хэлсэн яахав гэдэг маягаар хандсан бололтой. Орон нутагт бас иргэдийн төлөөлөгч нь АН-д элссэн тохиолдол ганц нэг гарсан дуулдсан.
Ер нь нам солих явдал бол дэлхий дээр байдаг л үзэгдэл. Тухайн хүмүүсийн л сонголт. МАН-аас гарч байгаа бол энэ нам бүтэхгүй юм байнаа гэдэг ойлголт л авсан хэрэг. МАН-д нөхөрсөгөөр зөвлөхөд, тооны хойноос хэт хөөцөлдсөөр байгаад чанараа алдаад байгаа юм биш үү, байрыг нь солиод үзэх юм биш үү гэж. Намын даргынх нь хэлсэнээр бол МАН өнөөдөр 230 мянган гишүүнтэй юм байх аа. Бүртгэл тооцоо сайн хөтөлдөг нам даа. Цаасан дээр 230 мянган нэр дурайж байж мэдэх юм. Гэвч тэдгээрийн хэд нь "амьгүй албат", хэд нь "амьтай албат" юм бол? Хэд нь сэтгэл зүрхээрээ, хэд нь "хүчинд автаж", хэд нь "амьдралаа дээшлүүлэх" гэж, хэд нь "албан тушаал горилж", хэд нь "хоморгонд орж", хэд нь "найзаа дагаж", хэд нь "аав ээжийн даалгавраар" элссэн юм бол оо? Чөтгөр л мэдэх байх. Нөгөө "цоохор цэрэг" гэдэг шиг.
"Армийн генерал" Энхтүвшин өөрийнхөө 230 мянган цоохор цэрэгт сэтгэл их дундуур байгаагаа илтгэлдээ дурдана лээ.
- "хуулиар олгогдсон бүрэн эрхээ Парламентад хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хаасан"
Сонгуулийн дүн гарсаны дараа Парламентад намын бүлэг байгуулах хэмжээний суудал авсан намууд УИХ-ын даргад бичгээр намын бүлэг байгуулсан тухайгаа мэдэгдсэнээр нам буюу эвслийн бүлэг албан ёсоор байгуулагдсан гэж үзнэ. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор багтааж тухайн нам, эвслийн бүлгийн ахлагч УИХ-ын анхдугаар чуулган дээр бүлэг байгуулсан тухай шийдвэрийг нэрсийн жагсаалтын хамт УИХ-ын даргад өргөн барих ёстой аж. МАН-ынхан энэ хуулийн заалтыг мөрдөөгүй "их зан" гаргасан учраас бүлэг байгуулж чадаагүй нэг хэсэг явсан. Харин ч Ерөнхийлөгч санаачилж, эрх баригч хүчнүүд нааштай хандан, зохих хуулийн өөрчлөлт хийж байж МАН-ыг "хүчээр" бүлэгтэй болгосон доо.
Төрийн эрх барих дээд байгууллагаа (УИХ) байгуулж бүтэц зохион байгуулалтаа хийх ёстой байтал МАН-ынхан УИХ-ын Анхдугаар Чуулганд оролцолгүй намынхаа бага хурлыг хийн бужигналдаж байсан даг. Тэдэнд Монгол төрийн дээд байгууллагын ажил чухал бус, харин намынх нь хурал чухал байсан бололтой. Үнэндээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бөөн паник болж байсан даа, хөөрхийс. Бүлэг байгуулж чадаагүй өөрсдийн буруугаа өрсөлдөгч рүүгээ чихэж, "нөхцөл боломжийг хаасан" гэж ичихгүй гүрийдэг нь энэ намын араншин. Хуулиар заасан хугацаандаа бүлэг байгуулж чадаагүйгээс болж МАН-ын гишүүд Байнгын хороодод орох боломж нь бас багассан. Буруу шийдвэр муу л үр дагавар авчрана.
Үндсэн Хууль гэж ирээд л сүржигнэх. Үндсэн Хуулиар намын бүлэг байгуулах эрх нь байгаа гэдгийг баталгаажуулсан болохоос тэр эрхээ эдлэх эсэх чинь УИХ-ын тухай хуулиар л зохицуулагдана гэдгийг мэдэж байгаа. Гэвч зориуд өөрөөр тайлбарлаж , мушгиж байгаа нь нөгөө өөрсдийнх нь бий болгосон, он удаан жил хэвээр нь байлгах сонирхолтой "харанхуй масс"-д хандаж байгаа хэрэг. Аз болоход цагийн аясаар "харанхуй масс" дотор гэгээ орж байгаа шүү. Гэхдээ их удаан байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй боогдоод байгаа гэдэг нь бас л худлаа болох нь харагдаж байна.
- "'зөвхөн МАН-ынхан авилгачид' гэдэг кампанит ажил өрнүүлж байна"
Одоогийн байдлаар авилгалын, мөнгө угаасан, улсын мөнгийг завшсан зэрэг хэргээр шалгагдаж байгаа, ял аваад хоригдож байгаа хүмүүс нь дандаа МАН-ын угшилтай хүмүүс байна. Аргагүй шүү дээ. МАН л сүүлийн хэдэн жилд төр засгийн эрхэнд байв даа. Иддэг, уудаг боломж ихтэй эрх мэдэлтэй албан тушаалд бүгд л энэ намаас тодорсон "шилдгүүд" ажиллаж байсан биз дээ? "Гэмгүй, номхон"-оороо алдартай Ё.Отгонбаяр хүртэл "доодох нь шал нойтон" байсан нь илрээ биз дээ? Авгай нь гадаад дотоодын банкинд 36 данстай, мөнгийг харин ч нэг "угаах" шиг болж байсныг мань эр мэдээгүй явж гэнээ. Энэ үлгэрээ эмээдээ ярьж өгвөл үнэмших байх. Зөвхөн МАН-ынхан баригдаад байгаа учраас "зөвхөн МАН-ынхан авилгачид" гэдэг кампанит ажил өрнүүлэх шаардлага хэнд ч байхгүй. Угаасаа ард түмэн харж байна шүү дээ. Тэд чинь бас ч гэж тийм яахаа байчихсан тэнэг улс биш. МАН-ынхан маниасаа ингэж хулгайлдаг байж, даанч яав дээ гээд л гаслаад байгаа. Тэгэхээр Энхтүвшин дарга бас л байгаа оносонгүй. АН-ыг кампанит ажил өрнүүллээ гэж гүтгэхийн оронд намынхаа нэрийг баастсан тэр хулгайч, луйварчдаа харааж зүхэх ёстой байсан юм. Хоншоор нь дутна биз.
- "Ардын Намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж байна"
Энэ талаар баримттай мэдээлэл олж хараагүй болохоор бас л үнэмшилтэй сонсогдохгүй байна. Бодит үнэнийг гуйвуулж, буруу тайлбарлаж, бүр гүтгэхээс сийхгүй байгаа хүмүүст хэн итгэх билээ?
- "мэдээллийн дарангуйллыг тогтоосон"
Бас л хоосон сүржигнэл. МА(Х)Н-ын засаглалын үед харин ч МҮОНТВ болон бусад олон сонин хэвлэл эрх барьж байсан энэ намыг байнга магтан дуулдаг байсныг санаж байна. Түүнтэй харьцуулахад одоогийн эрх баригчдыг тэгж "долоож" байгаа мэдээллийн хэрэгсэл алга. Тэгэхээр нэг их дарангуйлал тогтсон юм алга даа. Харин ч хэвлэлийнхэн МАН-ыг ээрч байцаадаг байснаасаа илүү АН-ыг "мөшгөж" байгаа. Жаахан л алдаа хийвэл бөөн сенсаац болгоход бэлэн давхицгаана. Хийсэн ажил болон хийх гэж байгаа ажлынх нь тухай нэвтрүүлэх нь "рекламдаж" байгаа хэрэг биш харин хийсэн ажлыг нь иргэддээ танилцуулж байгаа хэлбэр юм. Ингэх ч ёстой. Худлаа магтан дуулна гэдэг бол шал ондоо асуудал.
Дээрхээс үзвэл, Энхтүвшин даргын үг үнэнээс алд дэлэм зөрж байгаа бөгөөд зөвхөн уур хорсол, өширхөлөө илэрхийлж байгаа хэлбэр гэдэг нь илт харагдаж байна. Намын дарга, улс төрч хүн гэхэд арай л биш ээ. Түүхий байна гэхээс өөр юу гэхэв.
Цааш нь сонирхоё:
"Түүгээр ч үл барам МАН-ын түүхийг бүдгэрүүлэн баллуурдах вандалист үйлдлүүд газар авч байна" гэжээ. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингисийн талбай болгох нь вандалист үйлдэл гэнэ. Вандализм гэдэг нь гэмт хэргийн нэгэн төрөл бөгөөд санаатайгаар бусдын өмч, хөрөнгийг сүйтгэх, түйвээх, эвдэн бусниулах зэрэг гэмт үйлдлүүдийг багтаадаг. Сүхбаатарын хөшөөг эвдэн сүйтгэх гэж байна гээд байгаа юм болов уу даа. Нэгд, Сүхбаатарын хөшөө МАН-ын өмч биш, хоёрт, тэр хөшөөг эвдэж сүйтгэхгүй харин өөр газар шилжүүлэн байршуулах учраас МАН-ын даргын сүржигнэл бол хоосон хийрхэл болоод зогсохгүй маш болчимгүй мэдэгдэл болжээ.
"1921 оны Ардын Хувьсгалын ач холбогдлыг үгүйсгэн, жил бүрийн 7 сарын 11-ний Үндэсний баяр наадмыг огт өөр агуулгатай мэтээр өөрчлөх, хөшөө дурсгалуудыг буулгах, Д.Сүхбаатарын талбайг алга болгох зэрэг балмад ажиллагаанууд нь энэ намын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ялангуяа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн ач холбогдлыг үгүйсгэн, тэр тухай ойлголтыг ялангуяа залуу үеийнхний тархи толгойноос арчих далд санаанаас үүдэлтэй юм." гэнэ. Түүх түүхээрээ л үлддэг. Ямар нэгэн улс төрийн нам түүхийг "арчиж" хаядаггүй юм. Чадах ч үгүй. Ер нь бол социализмын үед зохиож бичсэн гуйвуулгатай түүхийг одоо нэгэнт засаж үнэн зөвөөр нь гаргаж тавих цаг болжээ. Энэ ажил МАН-ын засаглалын үед хийгдэнэ гэж байхгүй. Харин ардчилсан хүчнүүд эрх барьж байгаа үед л боломжтой. Д.Сүхбаатарыг Ленинтэй уулзсан гэдэг үлгэр зохиогоод 70 жил ухуулж ирсэн МА(Х)Н хэрвээ энэ мэт олон "булхай" гарч ирвэл "эвгүй байдалд" орох учраас үнэн түүхийг шинээр бичихийн эсрэг тууштай зогсох нь ойлгомжтой.
Хэрвээ "Улс төрийн намын тухай" хуулинд өөрчлөлт оруулаад намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийчихвэл намынх нь дансанд бүртгэлтэй байгаа 230 мянган "амьгүй албатуудаа" алдчихна гэж айгаад хатуу гишүүнчлэлийг халахын эсрэг байгаатай яг адилхан гэсэн үг. Үнэндээ Сүхбаатараас илүү үүрэг, оролцоо, санаачлагатай байсан анхдагч хувьсгалчид нь Бодоо, Данзан нар байсан юм гэдэг. Тийм байсан гээд ямар Бодоогийн талбай, эсвэл Данзангийн талбай болгож өөрчлөе гэж байгаа биш, харин ч Монгол гэдэг улсыг анх үндэслэн байгуулсан Чингис хаанаараа нэрлэе гэхэд боож үхэхээс наахнуур юм болж байгаа нь гайхмаар. "Ардын хувьсгал", "Д.Сүхбаатар" гэдэг 2 түүз хөзөртэй, түүгээрээ л "амь зогоож" байгаа нам юм уу даа. Тусгаар тогтносон тухайд ярьвал 1921 онд анх Барон Унгерн гаминг хөөж Хүрээг чөлөөлөөд Богд хааныг ширээнд нь залсан байдаг. Бүр албан ёсоор тусгаар тогтносон тухайд ярих юм бол 1946 онд л хоёр хөршөөс эхлээд, дараа нь бусад орнууд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, жинхэнэ тусгаар улс гэж зарлагдсан байдаг. Энэ тухай өөр нийтлэлд дурдсан тул ингээд орхиё.
Гомдсон сэтгэлээ уран яруугаар уянгын халилтай илэрхийлсэн нэг өгүүлбэр байнаа. Дахин дахин уншвал машид гомдсон зүрх нь нүднээ харагдах шиг болж байна. Туршаад үзээрэй.
"Найман оны намрын хүйтэн борооноор хаана буухаа мэдэхгүй нүүж, гунадаж явахад нь 'Монголын үрс ялгаа ялгаа юу байхав' хэмээн урин залж гэрийнхээ талыг зайчлан өгч, дөрөв шахам жил хамт аж төрсөний хариу нь ингэж тусч байна."
Баян Итгэлт цагаач Эрдэнээгийн эрдэм мэдлэгийг ашиглах гэж хажуудаа буулгаж саймширсан. МАН бол АН-ын амыг барих гэж "гэртээ оруулсан" юм. Энэ тухай дээр өгүүлсэн билээ.
За илтгэлд дурдсан бусад асуудлаар санал бодлоо хуваалцана гэвэл бичиж барагдахгүй юм болно. Хоёрхон зүйл дээр хэдэн үг хэлье:
А. Олон сонгууль дараалан ялагдсан шалтгаанаа энэ намын удирдлага олж харахгүй байгаа юм уу эсвэл олж харахыг хүсэхгүй байгаа юм шиг. Энхтүвшингийн хэлж байгаагаар бол, "сонгогч түмний гүнд нь орж, сэтгэл зүрхэнд нь хүрч чадаагүй", "намын анхан шатны байгууллагуудаа бэхжүүлж чадаагүй", "намын Удирдах Зөвлөл, Бага хурлын гишүүд мэтийн сонгуультнууд сэтгэлээ өгч зүтгээгүй", "залуучууд, оюутнуудтай ажиллаж, тэднийг татаж чадаагүй" гэх мэтийн шалтгаануудаас болж ялагдсан гэнэ. Энэ бол бас л нэг хоосон чалчаа. Юунаас болж ялагдсаныг тааж цөхөх юм байхгүй. Ерөөсөө л МАН-ын нэр хүнд шалдаа буусан учраас ингэж угсраа цохилтууд авсан юм шүү дээ. Нэр хүнд нь яагаад унав гэдгийг тайлбарлахад ч амархан. МАН-ын засаглалын үед бий болсон бүх л муу муухай зүйл энд нөлөөлсөн. Тоймтойгоос нь дурдвал: Баян ядуугийн ялгарал, төрийн албыг хөрөнгөжих алба болгосон, авилга бүх шатандаа цэцэглэсэн, шударга ёс мөнгөөр хэмжигддэг болсон, хууль гууль болсон, ард түмнээ амалсан ёсоороо ядуурлаас авраагүй, бэлэнчлэх сэтгэлгээг хөгжүүлсэн, хийсэн бүтээсэн гэх юмгүй мөртөө сонгууль болгоноор сайхан амладаг, цагдаа нь 5 иргэнээ хөнөөж олон зуугаар нь баривчилж яллан сэтгэл зүйн хувьд иргэдийнхээ эсрэг террор хийсэн г.м. Гэтэл энийгээ хүлээн зөвшөөрөх тэнхээ, зориг байхгүй, баахан худлаа шалтаг тоочоод л сууж байна. Надаас ухаантай олон хүн энэ намд байгаа. Тэд үүнийг олж харахгүй байна гэж үү? Эсвэл дуугарч чадахгүй амаа үдүүлчихсэн юм болов уу?
Б. Угсраа цохилт байтугай нэг сонгуулиар ялагдсан бол намын дарга зайгаа тавьж өгөх ёстой. Энхтүвшин албан тушаалаа өгье гэсэн чинь цаадуул нь байж бай гэсэн юм байх. Ерөөсөө сонгуулийн дараа л шууд намын даргаасаа буух ёстой байсан юм , уг нь. Энэ намд улс төрийн соёл, ёс жаяг гэж алга. Удирдах Зөвлөлийнх нь хэдэн хүн байж бай гэсэн бол байж л байдаг юм гэнэ. Марзан байгаа биз? Уг нь өчнөөн жилийн түүхтэй гэж ирээд л том дуугардаг мөртөө ийм энгийн практик мэдэхгүй эсвэл дэлхийн нийтлэг жишгээс гажууд юм хийчихээд сууж байхдаа ичиж зовно гэж байхгүй ээ?
Үгийхээ төгсгөлд МАН-ын дарга өрсөлдөгч хүчнээ хорон үгээр утаж, "доош нь хийхээ" мартсангүй:
"Эрх баригчид нийслэлийн хэдэн газарт цэцэг суулгаад, хүмүүсийн чихэнд цэцэг ургуулаад, их зүйл хийж байгаа мэт сурталчлаад хүмүүст нөлөөлөөд байхад, тусгаар тогтнолоо алдсан дундад зууны хоцрогдсон Монголыг орчин үеийн шинэ Монгол болгож өөрчилсөн манай нам энэ тал дээр үнэхээр муу ажилладаг гэдэгт дүгнэлт хийх ёстой."
За хариу барья. Одоогийн МАН, хоцрогдсон Монголыг шинэ Монгол болгосон тэр үеийн МАХН хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Үнэндээ тэр үеийн МАХН 1990 оноос хойш оршин тогтнохоо больсон юм шүү дээ. Улс Төрийн Товчоо огцроод л тэр намын амин гол нь тасарч "бурхан" болсон юм. Яахав, тэр суурин дээр нь бий болсон гэх боловч одоогийн МАН үндсэндээ шал өөр нам болсон гэхэд болно. Тэр үеийн МАХН-д авилгачид, улсын мөнгө хулгайлагчид, хөрөнгөжих сонирхолтой бирдүүд байгаагүй юм. Харин ч эсрэгээрээ улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, нойргүй ажилладаг эх оронч хүмүүс байжээ. Цэдэнбалын цуглуулсан өмч л гэхэд хэдэн чемодан ном л байсан гэдэг. Одоогийн МАН-ынхан чемоданаар нь мөнгө хураахаа л бодохоос номыг бол шиншлэх ч үгүй, тийм л хүмүүс. Түрүүчээсээ шунал нь ихдээд "шулам" болоод шорон явж байгаа биз дээ? Ийм ялгаатай юм аа. Тийм учраас өөр цаг үеийн өөр намын хийснийг бид хийсэн аятай ярихаасаа жаахан зовж баймаар. Тэгээд ч тэр үед ганц намтай байсан, тэр нам нь хийхгүй тэгээд хэн хийх ёстой байсан болж байна гэдэг асуултыг өөртөө тавиад үзэхийг зөвлөе.
Эрх баригчидыг муулж боорлож байхаар өөрсдийнхөө царайг толинд нэг сайн хараадахаач. Сайн хараарай. Атаа, өшөө хорсол дүүрэн, эдийн шуналд автсан бэртэгчингийн царай харагдаж байгаа биз? За ийм л болчихсон байна даа, та нар! Одоо тэгээд яаж засал хийлгэхийг би хэлж мэдэшгүй нь. Гандан орох уу, бөө удганд хандах уу гэдгээ өөрсдөө мэднэ биз. Ямар ч байсан дотоод сэтгэлгээний засал, сэтгэлгээний ариусал хэрэгтэй болжээ. Сэтгэлгээний өөрчлөлт гэсэн үг л дээ. (Онолын өөрчлөлт гэж андуурав!) Сэтгэлгээгээ засаад авбал наад адгийн шулмын царай чинь аяндаа засагдаад сайхан толийгоод ирнэ. Тэр цагт та бүхнийг надаас өгсүүлээд мишээсэн харцаар мялаах болно гэдэгт итгээрэй. Скаутын үг шүү.
Comments
Post a Comment