Зүй бус хорогдол

Малын зүй бус хорогдлын тухай  ярих гэсэнгүй.  Өнөөдрийн сэдэв: Хүний  "Зүй бус хорогдол. Монгол хүчирхэг болохын тулд  Монголчууд олон болох хэрэгтэй байна.  Хүн хүч муутай улсын зовлонг бүгд мэдэж байгаа биз ээ. Олуулаа болох гээд л "үзээд" байдаг, гэвч саад их байнаа. Хэдийгээр төр засгаас хүүхэд төрүүлж өсгөхийг дэмжиж, тэтгэж байгаа боловч одоо байгаа хэдээсээ "зүй бусаар" алдаад байгаа нь даанч гачлантай.Шинээр "ирж" байгаа иргэд, "одож" байгаа иргэдийн тооны зөрүү нэмэх гарч байгаа боловч ингээд хорогдоод байвал яаж хурдан өсөх билээ?

Зүй бус хорогдол олон учир шалтгаантай. Өвчний тухай болон байгалийн гамшигаас үүдэлтэй хорогдлын тухай  энд ярихгүй. Автын осол, ахуйн элдэв осол, галын аюул, усны аюул, хурдан морины уралдааны осол, амиа хорлох зэргээс болж цаг нь болоогүй байхад олон хүн биднийг орхин явж байна. Энэ гамшигаас сэргийлж, энэ хорогдлыг үгүй болгох, адаглаад маш ихээр багасгах боломжын тухай хэлэлцье. Зарим нэгэнд бараг дасал болчихсон байж мэдэх л юм. Тэгвэл сэрэх цаг болжээ. Хамгийн ихээр хүний амь авч оддог 3 төрлийн осол байна.

1. Автын осол

Зам тээврийн ослоос болж 2012 онд улсын хэмжээнд 541 хүн нас барж, 6214 хүн  бэртжээ гэсэн мэдээ байна.  Өмнөх жил нь  мөн 531 хүн өнгөрч, 6335 хүн гэмтсэн байна. 2013 онд бас нэг 500 хүнийг  "зүй бусаар" нөгөө ертөнц рүү илгээж, 6000 хүнээ тахир дутуу болгох уу? Жил бүр ингээд байвал цөөхөн Монголчуудаас овоо хэдэн хүн хороогдож, баахан эрэмдэг хүн бий болох нь. 541 хүн бол 2900000 хүний зууны хоёр хувь ( 0.02%) болж байна. АНУ-д жишээ нь, 2011 онд энэ төрлийн ослоор 32367 хүн нас баржээ. Энэ нь нийт хүн амынхаа  (311 сая 600 мянга)  зууны нэг хувийг (0.01%) эзэлж байна. Манайх 2 дахин их хүнээ алддаг байгаа биз?
 
Замын осол гаргадаг хоёр  ноцтой шалтгаан байна. Нэгд нь, согтуугаар машин  барих, хоёрдахь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчих (хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, гэрэл шилжүүлэх г.м). Энэ хоёр дээр л манай ЗЦГ сайн анхаарч хяналт тавьж баймаар. Гэхдээ мэдээж одоо мөрдөж байгаа  хууль, журманд нь өөрчлөлт оруулахгүй бол "хазья гээд шүдгүй" гэдэг л болж байна.

Ялангуяа согтуу жолоочийн шийтгэлийг эрс чангалахгүй бол болохгүй нь ээ! Зүгээр үнэмлэхийг нь хураагаад, торгоод, эрхийг нь хасаад нэмэр алга. Эрхээ хасуулчихаад л, үнэмлэхгүй ч гэсэн хамаагүй маргааш нь нөгөө машинаа дахиад л халамцуу бариад хүн дайрч алахад "бэлэн" явж байна шүү дээ, яг үнэндээ бол. Тийм учраас энд таарах хамгийн үр дүнтэй  шийтгэл бол тухайн тээврийн хэрэгслийг нь хурааж улсын орлого болгодог байх явдал! Эрхээ хасуулсан, үнэмлэхээ хураалгасан, машингүй хүн дараа нь юугаа унах юм?! Явганаар л "хүн дайрах" байх.

Хүний хувийн өмчид халдсан хэрэг болно хэмээн эсэргүүцэх хүмүүст хэлэхэд, согтуу жолоочийн машинд дайруулж амиа алдах хүн чинь ар гэртээ хэрэгтэй, цаашилбал улсад хэрэгтэй "төрийн өмч" учраас төр өмчөө хамгаалж байгаа хэрэг.  "Хутга барьсан" согтуу хүний "хутгыг" хураагаад авчихаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ийм хатуу журам үйлчлээд эхэлбэл хүмүүс хэдий согтуу ч "сохор ухаанаа" гаргаж, машинаа согтуугаар барихаас шууд татгалзахаас  гадна өөр хүнд машинаа өгч хэрэглүүлдэг явдал багасна. Хэрэв өөр хүний машин согтуугаар барьж байгаад хураалгавал машины эзэн тэр согтуутай л тооцоо хийхээс төр засагтай яриад байх юм байхгүй. Хэн тэрийг согтуу хүнд "хутга" өг гэсэн юм?

ЗЦГ-ын сайт дээр мэдээлсэнээс үзвэл 2012 оны 8 сарын 3-нд  "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон журамлагдсан:  54 тохиолдол" бүртгэгдсэн  байна. (www.trafficpolice.gov.mn) Үүнээс хойшхи өдрүүдийн мэдээлэл алга. Сайтыг нь хөтөлдөг хүн нь  цаг үеийнхээ мэдээллийг цагт нь тавихаа болиод удаж байгаа бололтой. Сайтаа "амь оруулж" цаг үеийн мэдээллээр хангаж  байхыг ЗЦГ-ын удирдлагаас  энэ далимд хүсье.   Юутай ч 8 сарын 3-ны тэр өдөр "хутга" барьсан согтуу 54 хүн явж байж. Баригдаагүй цаана нь хэд ч байсан юм билээ, бүү мэд. Азаар тэр өдөр тэдгээр согтуучуудад амиа алдах  хүн гарсангүй, тэнгэр ивээж. Энэ байдал зөвхөн нийслэлд ч биш, бусад хот суурин газар, хөдөөд дасал болсон гээд бод доо! Нийт дүн нь хэд гэж гарах бол?

Тэгвэл энэ "муу зуршил" яагаад арилахгүй байна? Шийтгэл нь цочроо өгөхгүй байгаа учраас тэр.  Дээр хэлсэнчлэн, өмчтэй нь ярихаас өөр арга алга даа. Энэ аргыг хэрэглэдэг улс орон байдаг юм гэнэ лээ. Үр дүн нь мэдээж онц гайхалтай! Хүн гэдэг "шуналын тулам" юм болохоороо өмчтэй нь яриад ирэхээр "гол нь тасарч, хулхи нь буудаг" аж. Манайд энэ шийтгэлийг хэвшүүлбэл 10 согтуу жолооч машинаа хураалгаад ирэнгүүт согтуу жолооч "нүдний гэм" болно гэдэгт үл эргэлзэнэ. Шалихгүй юмнаас болж  үнэтэй цайтай өмчөөсөө  бүрмөсөн салах тэнэг "согтуу толгой" олдохоо болино. Ноднингийн Цагаан сараар нийслэлд согтуугаар машин барьсан 344 зөрчлийг илрүүлсэн гэнэ. Азаар хүний амь сүйдээгүй боловч, 63 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Энэ жилийн Цагаан сараар хэдэн согтуу жолооч хэдэн хүн "цааш нь харуулж", хэдийг нь эрэмдэг болгох бол?

Хурд хэтрүүлдэг сагсуу жолоочийн "хандыг хага"  дарахгүй бол бас согтуу жолоочоос  дутахгүй аюултай нөхөд. Удаа дараа ингэж зөрчил гаргаж байгаа бол машиныг  удаан хугацаагаар журамлах байдлаар шийтгэл  оноодог байсан ч гэмгүй. Долоо хоногоор, хагас сараар, сараар, хэдэн сараар ч гэдэг юм уу.  Зөвхөн торгуулийн хуудас бичиж явууулаад нэг их нэмэргүй л болов уу. Ялангуяа баячуудын  "аавын цээж" болсон нусгай баньд нар тэр торгуулийн мөнгийг чинь инээж  байгаад төлчихөөд, уралдаж давхидаг хэвээрээ л байна. Тэдний заримых  нь  мулгуу тархинд, хүн дайраад алчихсан ч мөнгө төлөөд мултарчихна гэдэг ойлголт  бат шингэчихсэн яваа гэвэл  гайхах юмгүй. Чинээлэг нөхөд л ихэвчлэн  үнэтэй, хурдан машин эдэлж "хэргийг нь гаргадаг" гэдгийг   хэн хүнгүй мэдэх биз ээ.

Нийслэлийг аймгуудын төвүүдтэй холбох авто зам тавьж байгаа. Энэ замууд дээрх  хөдөлгөөнд байнгын  хяналт тавихгүй бол хөндлөн зам багатай учраас хурд хэтрүүлэх зөрчил их гарах магадлалтай. Хол замд жолооч амарч байх боломж хангасан зам дагуу салаа замаар холбосон  цэгүүдийг байгуулах нь маш чухал.  Нойр муутай явж байгаад осолд ордог тохиолдол их гардаг.

2. Галын осол

Галд амь насаа алддаг тохиолдол цөөнгүй гардаг нь бас л  урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, болгоомжгүйгээс болдог. Гэр бүлээрээ угаартаж байсан тохиолдол бий. Пийшин, зуухны галтай болгоомжгүй харьцах, цахилгааны элдэв гэмтэл зэргээс болж гал алддаг. Бүр жаахан хүүхдүүд чүдэнзээр тоглосоноос гал алдаж сүйдсэн тохиолдол байна. Тэгвэл  энэ аюулаас сэргийлэх, зайлах боломжтой. Утаа болон хийг мэдэрч дуут дохио өгдөг ахуйн зориулалтын  жижиг төхөөрөмж байдаг.  Хөгжилтэй орнуудад угаарын хий болон шатдаг ахуйн хийг (хийгээр ажилладаг зууханд хэрэглэдэг) мэдэрдэг мэдрэгчтэй, эсвэл хоёуланг нь мэдэрдэг гэхчлэн янз бүрээр үйлдвэрлэж,  хэрэглэдэг. Хэмжээгээрээ дэлгэсэн гарын хэмжээтэй бөгөөд авсаархан энэ төхөөрөмжийг гэрийн тоононы ойролцоо унинд болон байшингийн таазны доохон талд хананд бэхлэж суурилуулдаг.

Унтаж байхад ямар нэгэн шалтгаанаар гал гараад утаа бүрхэхэд хүн сэрж чадахгүй унтаагаараа угаартаж үхдэг. Тэгвэл энэ төхөөрөмжийг байрлуулсанаар утаа болон хий дэгдэнгүүт маш чанга түгшүүрийн дохио өгч унтаж байгаа хүнийг сэрээж аюултай газраас  зугтаж гарах боломжийг өгдөг.  Энэ төхөөрөмжийг манай аж ахуйн нэгжүүд Монголд оруулж нийтэд худалдаалмаар байгаа юм.  Одоо Монголд зарагдаж, санал болгож байгаа нь голдуу том обьект, газрыг тоноглохоор байгаа учраас иргэд авч хэрэглэхгүй байгаа болов уу. Яг гэр ахуйн зориулалтаар хэрэглэж болохоор жижиг авсаарханыг нь оруулж ирсэн нь харагдахгүй л байна. Энэ тухай би өмнө нэг нийтлэлдээ бичиж байсан даа.  ( http://bodonchor.blogspot.com/2013/04/blog-post_4.html )

Далимд хэлэхэд, манай мэргэжлийн гал түймэртэй тэмцэх албаныхан иргэдээ мэдлэгжүүлэх, боловсруулах тал дээр ажилламаар байгаа юм. Ядаж аятайхан ухуулга сурталчилгааны материал хэвлүүлж тарааж байвал их хэрэгтэй байна. Сургуулийн сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх, галын аюулаас яаж сэргийлэх тухай хичээл орох зэргээр санаачлага гаргаж болмоор. Боловсролын яамтай хамтарч программ боловсруулж сурагчдад заадаг байж болно шүү дээ. Хүүхдүүдийг багаас нь энэ хэрийн мэдлэгтэй болгочихвол адаглаад гал алдахаас яаж сэргийлэх, аюул тохиосон үед юу хийхээ мэддэг болно. Гарсан галыг очих унтраах биш, болж өгвөл гаргахгүй байх тал дээр иргэдээ сургаж зааж байвал их  хөрөнгө, хүн хүч хэмнэгдэж , хүний амь, эд хөрөнгө сүйдэхээс сэргийлж чадах бус уу?
Бүр цаашилбал, галын аюулгүй байдал хангагдсан эсэх талаар, ялангуяа гэр хорооллын хувийн байшингууд, гэрүүдэд хорооны засаг захиргаатай хамтран тогтмол графикаар шалгалт явуулж, зөрчил илэрсэн тохиолдолд яаж засах талаар зөвлөлгөө өгдөг байвал мөн олон галын аюул, хүний амь, хөрөнгө сүйдэхээс сэргийлж чадна даа. Тухайн зөрчил бүхий айл өрхийг торгох, айлгах ичээх тухай яриагүй шүү.  

3. Усны осол 

Гол мөрөн багатай газрын хүмүүс болон хот суурингийн иргэд усанд сэлж сураагүй улмаас гол, нууранд живж амиа алдах явдал их гардаг. Энэ онд сүүлийн нэг сард гэхэд л 40 иргэн усанд осолдсоноос ихэнх нь бага насны хүүхдүүд гэнэ. Мөн согтуу байхдаа усанд орж эндэх  тохиолдол цөөнгүй гардаг.  Яаж сэргийлэх вэ? Ухуулга сурталчилгаа сайн хийх хэрэгтэй. Ялангуяа согтуу үедээ, усанд сэлж чадахгүй хүмүүс урсгал устай гол, нууранд орвол живэх аюултай гэдгийг толгойд нь ортол ойлгуулбал хүмүүс гэндэхээ болно. Радиа, ТВ бол хүчтэй ухуулагч учраас Иргэний хамгаалалт, Онцгой байдлын газар зэргээс сурталчилгааны видео бичлэг хийж үзүүлж байвал зохино. Усанд живээд гаргасан хүнд яаж хиймэл амьсгаа хийж сэргээх тухай мөн видео хичээл их чухал. Хүүхэд залуучуудыг усанд сэлдэг болгож сургахын тулд сургуулийн биеийн тамирын хичээлийн програмд усанд сэлж сурах хөтөлбөр баймаар. Үүний тулд бассейн нэмж барих шаардлага гарна. Шийдэх л асуудал. Одоо байгаа ганц төв бассейн хаанаа ч хүрэхгүй биз.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё