Хэнэггүй зан хэрэггүй

Дэлхийн аварга М.Уранцэцэг
Манай зарим тамирчид жаахан танигдаад ирэхээрээ биеэ тоох маягтай болж, нэг хоёр удаа гайгүй амжилт үзүүлээд цаашаа ахихаа больчих юм.  Энэ бол "хуучирсаны" гай.  Тэмцээн болгонд анх удаа оролцож байгаа хэн ч танихгүй шинэ хүн шиг бэлдэж, оролцох ёстой юм, уг нь.  Гэтэл өмнө гаргасан амжилтаа үүрдийн юм шиг ойлгож, бэлтгэл дасгалаа хайнга хийснээс болж өндөр амжилт үзүүлж чадахгүй итгэл алддаг. Нэгэнт дэлхийн аварга, эсвэл Олимпийн аварга болоод насныхаа хоолыг баталгаатай болгосон болохоор түүнээс хойшхи тэмцээнүүдэд нэрийн төдий оролцох, эсвэл  жиндээ өөр олигтой өрсөлдөгч байхгүйн "ачаар" том тэмцээнүүдэд автоматаар явдаг бололтой.  Ийнхүү  жаахан хуучраад ирэхээрээ  биеэ дайчлахаа болиод "орон тоо" бөглөж  улсын нэрийн өмнөөс ийш тийшээ "зугаалдаг" явдлыг болиулмаар.

Жюдогийн дэлхйн аварга Бразил улсад болж байна. Анхны өдөр хамгийн хөнгөн жинд манайх алт, мөнгө авлаа. "Хэн ч танихгүй" шинэ цэрэг Уранцэцэг  48 кг-д дэлхийн аварга болж сенсаац тарилаа. Шинэ дээрээ ийм хөөрхөн байдаг байхгүй юу!  Уранцэцэгтээ баяр хүргэе!   Алтын төлөө  барилдаанд Японы дэлхийн аварга байсан бөхийг сайхан өчсөн дөө.
Эмэгтэй 52 кг-д манай Бундмаа  бэлтгэлээ оромдсоноо баталж олигтой явсангүй. Хоёрдахь барилдаанд Германы бөхөд ялагдлаа. Барилдах хугацааны сүүлийн хагаст л "мах" болчих юм. Хүчний бэлтгэл хийдэггүй юм уу? Хийсэн ч оромддог нь харагдаж байна. Хүмүүс их найдлага тавьж байсан байх даа. Бусдыгаа бодвол "танигдсан" бөх л дөө, уг нь.

Д.Амартүвшин (мөнгөн медаль)
Эхний өдөр эрэгтэй 60 кг-д манай Амартүвшин мөнгөн медаль авсан. Маш сайн барилдсан. Амартүвшиндээ бас баяр хүргэе! Ганбат ч бас сайн барилдсан. Хүрэл авах боломжтой л харагдсан.  Дараагийн өдөр эрэгтэй 66 кг-д манай хоёр мундаг бөх барилдаж медалийн тоог нэмэх болов уу горьдож байсан боловч юу ч үгүй хоцорч урам хугаллаа. Жиндээ тэргүүлдэг бөхчүүд шүү дээ, уг нь!  Төмөрхүлэг, Мияарагчаа хоёр!  Төмөрхүлэг эхний барилдаанаар Украйныг барсангүй. Мияарагчаа  3 дахь барилдаан дээрээ Испаний бөхөд ялагдаж шившиг болов.  Шившиг гэдэг нь  "хэн ч мэдэхгүй" нэг бөхөд цэвэр хожигдож байгаа юм.

Барилдааныг үзлээ. Ерөөсөө бэлтгэл муу, дээрээс нь хэнэггүй зангаасаа болж хоёр вазари алдаад л мулт! Барилдаж байгаа байдал, биеэ авч байгаа байдал зэргийг харахад нөгөө бөхөө илтэд бассан, үл тоомсорлосон, хайнга, худлаа түрэмгийлсэн байдалтай явсаар цаг дуусгасан. Ямар ч идэвхигүй, үнэн санаанаасаа хичээж, мэрийж барилдаж байгаа шинж байхгүй,  барилдаанаа өөрийн дураар  зогсоогоод л (шүүгч зогсоогоогүй байхад шүү!) ихэрхэж байх юм. Ялагдсан хойноо гараа хичнээн савчаад, шүүгчийн шийдвэрийг эсэргүүцээд  яах билээ.

Өрсөлдөгчөө хэзээ ч басаж болохгүй, хүн бүртэй  барилдахдаа үнэн санаанаасаа хамаг хүчээ дайчилж, бөндгөрөө ажиллуулж, хөлсөө гаргаж, дайчин идэвхтэй бай гэж дасгалжуулагч нар нь хэлдэг л баймаар. Эсвэл "хуучраад" хүний үг авахаа больтлоо биеэ тоочихсон юм уу? Хэрэв тийм бол тэд нарыг тийш нь явуулж байхаар амжилт гаргая гэсэн зорилготой, ирээдүйтэй залуу бөхчүүдээ явуулж байвал яасан юм?
Тэд туршлага суугаад дараагийн дэлхий болон олимпийн аварга болог л дээ.

Төмөрхүлэг, Мияарагчаа хоёрын "нөөц" нь шавхагдаж, цаашаа амжилт үзүүлэх чадвар, сонирхол, чармайлт нь буурсан  байж магад.
Тэгээд жаахан амжилт гаргаад нэртэй болоод ирэнгүүт зангаа хувиргаж, хэнэггүй болсон бол  дахиад амжилт гаргаж улсынхаа нэрийг дуурсгана гэж горьдолтгүй болсон биз ээ. Жиндээ эзлэх үнэлэмж, зэрэглэлээ баталж чадахгүй бол хичнээн магтаад ч яах юм билээ.  Пийк үө нь өнгөрөөд уруудаж яваа тамирчид  л гэж ойлгохоор байна. Мянга "Powerhouse" гэж өргөмжлүүлээд хэрэг байна уу, тэр хоёрт?

Бусад жингүүдэд манай бөхчүүд ямар амжилт гаргахыг  таах  аргагүй.  Медалийн тоо нэмэгдэх байх гэж найдаад л дээлийнхээ  захыг мушгиад сууж байя. Бусад орны бөхчүүдийг харж байхад эцсийн секунд дуустал хөдөлж, идэвхтэй байх юм. Ядарсан шинж нэг их харагддаггүй нь хүчний бэлтгэл сайн хийдэгтэй холбоотой биз ээ. Манай бөхчүүд харахад их удаан, ядарсан цуцсан юм уу гэмээр, хөдөлж цөхөх юм. Дээрээс нь манай дасгалжуулагч нар "тэгээд зогсож бай" гээд л идэвхгүй байдал руу командлаад байгаа дуулдах юм. Оноо илүү байсан ч гэсэн тэгж идэвхгүй, хамгаалж барилдвал амархан торгуулж ялагдах аюултай гэж мэдмээр юм.

Жич:  Уранцэцэгийг алтан медалиа гардах ёслол дээр  хийсгэх  Монголын төийн далбаа байхгүй байсан бололтой. Том дэлгэц дээр Монголын далбаа хийсч байгаа нэг видео бичлэгийг тавиад төрийн дуулал эгшиглүүлж байна лээ. Манайхан улсынхаа далбааг авч яваагүй юм уу, эсвэл зохион байгуулагч орон  Монголын далбаа байхгүй хариуцлага алдав уу гэдгийг  олж мэдсэнгүй.  Баг тамирчид маань ер нь алт авна гэж өөдрөг бодож, улсынхаа далбааг авч явж баймаар. Юмыг яаж мэдэхэв, тэмцээн зохион байгуулагч орон Монголын далбаагүй байвал өгч хэрэглүүлж байхгүй  юу.    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё