Ирээдүйн нийгмийн шаарууд?

Хэнтий аймагт 8 сурагч  16 настай нэг охиныг биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулж хүчиндсэн хэрэг гарсан гэнэ. Найман хөвгүүнээс ганцхан хүү л 3 жилийн хорих ял авч бусад нь ялгүй мултарсан аж. "Туг тахисан" ганц хүүгийн ар гэр нь танил тал муутай, хөрөнгө бэл бага байсан бололтой. Гэвч энэ бол өрөвдөх шалтаг болох ёсгүй л дээ. Хамгийн гол учир нь манай хууль шүүхийнхэн энэ хэрэгт нөлөөлж,  шударга хандаагүйд л байгаа юм. Ерөнхий Прокурор Дорлигжав болон Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин нар энэ хэргийг анхааралдаа авч зохих ёсоор нь шударгаар  шийдүүлэх талаар ажиллаасай гэж хүсэж байна. Хууль шүүхийн байгууллагад байгаа иймэрхүү үл бүтэх нөхдөөс болж энэ салбарын нэр хүнд унаж  байгаа учраас асуудал гарсан даруйд шийдэж засаж явах нь маш чухал.

Өдрийн сонины  8 сарын 20-ны дугаарт энэ хэргийн тухай дэлгэрэнгүй бичсэн  Л.Баатарын нийтлэл  байна. Тэнд бичсэнээр, хэргийг гэмтнүүдэд ашигтай шийдэхийн тулд Хэнтий аймгийн хяналтын прокурор С.Наран өргөсөн тангарагаа умартан байж ажилласан гэнэ. Прокурор албан тушаалд томилогдохдоо,  "Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, гадны нөлөөнд үл автах, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг гүнээ хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангарагаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” хэмээн тангарагийг уншаад төрийн сүлдэнд мэхийн ёсолж, зүүх  өвдөг дээрээ сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авдаг.  Наран прокурор өргөсөн тангарагаасаа няцжээ. Түүний  хувийн хэрэг дотор нь өөрийнх нь гарын үсэг зурсан Прокурорын тангарагийн үгтэй бичиг  байх ёстой. Тэр бичгийг нь өөрт нь үзүүлээд, гарын үсэг зурж баталгаажуулсан  тангарагаасаа няцсан тул таныг халлаа гэж хэлээд  зайлуулах хэрэгтэй.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 6.1.-д зааснаар, "Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ  гадны нөлөөнд үл автан, гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг удирдлага болгоно."
С.Наран прокурор  гадны нөлөөнд автсан байна. Уг нийтлэлд бичсэнээр бол, үрийн шингэнээ бэлгэвчинд гоожуулсан нэг хүүгийн хамаатны ах болох хотод байдаг  шүүхийн дарга "зайнаас нөлөөлсөний" улмаас Наран прокурор мөнөөх хүүг бас нэг хүүгийн хамт "хэрэгт холбогдолгүй болой" гэсэн дүгнэлт гаргаж хууль зөрчжээ.

Бас нэг хүүхэд "насанд хүрээгүй" болохын тулд 1996 онд төрсөн гэж бичиг баримтаа янзлуулсан гэнэ. Хэргийг шүүсэн шүүгчид тэр хуурамч бичиг баримтыг "мэдээгүй" юм уу даа. Ингээд 1994 онд төрсөн ганц хүү хорих ял авч, зарим нь  "гадны  нөлөөллийн ачаар" хэргээс мултарч,  үлдсэн нь "насанд хүрээгүй" гэдэг үндэслэлээр "тэнсэн" мэтийн шийтгэл  авсан бололтой.
Тун удахгүй насанд хүрэх энэ хүүхдүүд хойшид ямар хүн болох вэ гэдгээ энэ  үйлдлээрээ харууллаа гэхэд болохоор байна. Учир нь, тэд гэмшиж ичих нь бүү хэл харин ч архидан согтуурч хохирогч охины урдуур хойгуур хөндөлсөж тавладаг гэнэ. Энэ араншин нэг юм хэлээд байгаа биз? Юун гэмших!  Уг нь  бол хүний нүүр ч харж чадахгүй гөлөлзөж явах  ёстой улс баймаар, гэтэл гавъяа байгуулсан юм шиг аяглаж байгаа бололтой.  Тэдэнд хүнлэг ёс, хүн чанар гэж алга. Эрх мэдэл, эд хөрөнгө байхад бүх юм тэдний хүслээр болно гэж мунхаглажээ. Шүүх хурал дээр ч гэсэн, тэр охиныг "өөрөө хүссэн" гэж ичихгүй мэдүүлж байсан гэнэ. Үнэндээ бол архиар шахаж согтоож унагачихаад  "оочирлож" байгаад "харайсан" юм шүү дээ. Өнөөдөр насанд хүрээгүй 16-тай охиныг хүчиндэж байгаа энэ хүүхдүүд маргааш бага насны 6-тай охин доромжилж мэдэх сэтгэхүйтэй нь харагдаж байна. Энэ залуус  хүн алчихаад "өөрөө алаад өгөөч гээд байсан" гэж хэлэхээс ч сийхгүй байж мэдэхээр  байна. Танилцагтун: Ирээдүйн нийгмийн хог шаарнууд!

Хүн гүтгэж байна гэж битгий бодоорой. Иймэрхүү хүмүүс чинь араншингаараа танигддаг байхгүй юу! Өнөөдөр хүчин хийж байна, маргааш хүн ална, хулгай хийнэ. Тэд бол төрөлхийн биш харин  зохиомол "дефекттэй" бүтээгдэхүүнүүд юм. Ээж аавын гараар "урласан" бүтээлүүд. Өнөөдөр яаж ийгээд хэргээс мултлаад авчихаж байна, гэвч маргааш нь дахиад нэг юм дуулгана. Нөгөөдөр мөн адил.  Өнөөдөр хэргээс мултлаад авчихаж байгаа чинь хүүхэддээ тус болж байгаа биш ус болж байгаа хэрэг. Ингээд муу зан сургачихсан, эрүүл биш сэтгэхүйтэй болсон нөхөд маргааш дахиад л чихнээс чинь хонх уяна.  Тэр хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдийн бүтээсэн гажиг бүтээлээсээ болж насаараа ингээд шүүх, шоронгийн хооронд гутлаа элээгээд дуусах байх даа, хөөрхийс. Тэднийг хөөрхийлөх ч яахав, харин нөгөө  шаарнууд нийгэмд ямар их гай тарьж,  зовлон авчрах бол гэхээс айдас хүрэх мэт.

Нөгөө талаас, манай иргэд өөрсдөө иймэрхүү хэргийг их "өөгшүүлж" байнаа. Яаж гээч? Хүн бүр хар амиа бодоод л  хошуугаа салтаандаа шаачихаад таг дуугүй суугаад байгаа биз дээ? Хохирсон охины эцэг эхээс өөр хэн хэл ам хийж байгаа юм?  Миний охиныг  хүчиндээгүй бол  яамай гэсэн  бэртэгчин хандлага манай эцэг эхчүүдэд байна. Өөрсдийнхөө охиныг хүчиндүүлсэн юм шиг бодож нийтээрээ өмөөрч дуу хоолойгоо сонсгож эсэргүүцэж, ямар нэгэн дохио өгөхгүй ингээд үлбэн царайлаад явцгаах юм бол маргааш иймэрхүү шаарнууд танай охиныг доромжлоно гэдгийг яагаад ойлгохгүй байнаа? Эсвэл Монголчууд ийм хувиа бодсон, бэртэгчин болчихсон юм уу? Ээж нар юу хийж байнаа? Эмэгтэйчүүдийн байгууллагууд хаана явна?  Ганц энэ хэрэг ч биш, бүлэглэж болон ганцаараа , насанд хүрсэн хүрээгүй ялгаагүй охид эмэгтэйчүүдийг хүчиндсэн өөр хэргүүд дуулдаж л байдаг. Тоодог амьтан байдаг юм уу?

Бүлэглэж хүчиндсэн хэрэг гарчээ гэсэн мэдээ уншаад цочирдож, бухимдаж уурлаж байгаа эхчүүд, эмэгтэйчүүд алга. Гудамжинд гарч, жагсаж байгаа  сүүдэр ч алга. Энэтхэгт дээхэн нэг анагаахын сургуулийн оюутан бүсгүйг автобусанд 7 залуу хүчиндээд, зодоод алснаас болж улс даяар эмэгтэйчүүд жагсаж хилэгнэж байсан. Сая бас Мумбай хотод нэг зураглаач-сурвалжлагч эмэгтэйг 5 залуу хүчинджээ. Тэд нараас хоёрыг нь олж баривчилсан байна. Бусдыг нь эрэн сурвалжилж, цагдаагийн  маш  том операци явагдаж байгаа гэнэ. Дахиад л нөгөө нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүд, эхчүүд  гудамжинд гарч жагсаж байна. Манайхан бол хаалгаа түгжиж аваад л таг. Ийм байж яаж өөрсдийгөө болон  өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах юм? 

Жич: Иймэрхүү  төрлийн ноцтой гэмт хэрэг үйлдэгсдийг   насанд хүрээгүй байсан ч хүндрүүлж үзэх шалтгаантай бол насанд хүрсэн гэж тооцоод хэргийг нь шийддэг  туршлага бусад орнуудад байдаг.  Манайх шинэ хуулиндаа ийм өөрчлөлт оруулах хэрэгтэй мэт. Эс тэгвэл насанд хүрээгүй байхдаа хүн алж, хүчин хийсэн ч ялгүй гарах юм байна гэдэг ойлголт байх шиг.
Жич: Мумбай хотод бүлэглэж хүчин хийсэн 5 дахь хүнийг сая барьж гэнэ. Бангладеш рүү оргон зайлах гэж байсан аж. Одоо тэднийг саяхан баталсан шинэ хуулиар шийтгэх юм байна. Бүлэглэж хүчин хийсэн бол доод тал нь 20 жилийн хорих ялтай гэж өөрчилжээ.  Хуулахдаа сайн манайхан энэ  заалтыг нь хуулаад авчихмаар юм.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё