"Монгол" хаягаа халъя

Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл  хүн амынх нь бараг тал нь бүгчихсэн УБ хотыг өөд нь татах их ажилд нухлагдан орондоо унтах ч завгүй хичээж яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Эрхэм Захирагчийн  энэ хичээл зүтгэлийг хувийн зүгээс сайшаан талархаж байгаа шүү. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрийг нь өөрчлөх шийдвэр гаргасан нь зөв гэж бодож  дэмжиж байгаа.
Нийслэлээ хот шиг хот болгохын тулд хаягжилтийн асуудал их чухал гэдгийг хүн бүр мэдэж байгаа боловч өнөөг хүртэл нэг л буруу яваад байх шиг. "Монгол маягийн" хаягтай бид хэдий болтол өөрсдийгөө "төөрүүлж", гадныханд  "гайхуулж" явах вэ? Дэлхийн жишгээр соёлжсон "стандартын" хоттой  больё гэж байгаа бол хаягжилт нь мөн "стандартынх" байх учиртай. Монгол маягийн, хийц загвартай гудамж гэж байдаггүйтэй  адил. Тэгэхээр дэлхийн бусад орны адил хаягаа зөв хийж, зөв хэрэглэж сурах хэрэгтэй байна. Энэ чухал ажлыг Нийслэлийн Засаг дарга Бат-Үүл  барьж авч, бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэх байх аа гэдэгт найдаж  байна.

Одоогийн мөрдөж байгаа дараах хаягаар жишээ нь энэ газрыг олж очих уу? Баянзүрх дүүргийн 18-р хороо, 147-р цэцэрлэг , бүсийн код (зип) 13370  гэсэн хаягаар гадаадын байтугай дотоодын хүн ч уг цэцэрлэгийг амархан олохгүй. Хаяг гэдэг чинь сонгодог утгаараа ямар нэгэн барьц болох обьекттой байх ёстой юм. Тэр обьектоо бариад хөөчихнө гэсэн үг л дээ. Обьект нь юу вэ гэхээр гудамж л байдаг. Сонгодог хот бол гудамжаар хөндлөн гулд "хэрчигдсэн" байдаг. Тухайн гудамжаа бариад л авбал очих ёстой  дугаараа хөөгөөд явчихна. Дээр өгсөн хаягаар 147-р цэцэрлэгийг олно гэвэл  бол эхлээд дүүргээ (Баянзүрхийг) олоод, дараа нь  18-р хороог олох хэрэгтэй болж  байна. Эцэст нь тэр хавийнхаа хүн амьтнаас 147-р цэцэрлэг хаана байдгийг заалгах нь. "Нутгийн" баагийнууд андахгүй хэлээд өгнө. Овоо ажил болж байгаа биз?

Улаан чагтаар тэмдэглэсэн нэргүй гудамжны ард 147-р цэцэрлэг байна.
Жишээ авсан  дээрх цэцэрлэг  маань "Манлайбаатар Дамдинсүрэнгийн" гудамжнаас хойно, 14-р байрны ард (Хавдрын эмнэлгийн баруунтай хэсгийг яриад байна) юм билээ (Зураг үзнэ үү). Гэвч гол гудамжнаас зайдуу, тэгээд цэцэрлэг рүү дөхсөн салаа  замыг нэрлээгүй болохоор "тийм гудамжны төдөн тоот" гэж хаяглахад хүндрэлтэй болчихож.  Гэхдээ цэцэрлэгт хамгийн ойрхон байгаа гудамжинд нь (зураг дээр улаанаар чагталсан байгаа)  нэр өгөөд, цэцэрлэгтээ дугаар өгчихвөл "стандарт"   хаяг бий болох боломжтой харагдана. Тэгэхээр тийшээ очих хүн зөвхөн гудамжнуудаа хөөгөөд явахад л хөтлөөд очно гэсэн үг. Тэр хэддүгээр хороо байх нь сонин биш болчихож байна. Мөнөөх цэцэрлэгийн урд байгаа 14-р байр гэхэд Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж дээр дугаар авна гэсэн үг.

Ийм маягаар жинхэнэ хаяг шиг хаяг өгөхгүй бол одоо байгаа болон ирээдүйд хийгдэх хаягжилт ямар ч ашиггүй, хэрэгцээгүй юм болох нь. Нөгөөтэйгүүр, хотынхоо гудамжыг нэрлээд тоолчих хүн энэ сая хүн дотор байна уу? Сайндаа л дуулсан, сонссон хэд гурван гудамжаа л нэрлэх байх. Гудамжаа мэддэггүй  хотынхоны  буруу биш л дээ. Энэ чинь ганцхан хаягжилт  нь "Монгол маягаар"   бичигдэж ирсэнээс болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, хаягжилт нь гудамжаараа хийгдээгүй, засаг захиргааны нэгжээр хийж ирсэн  учраас тэр. Гудамжаа  "хөсөр хаясаны" гай. Одоо энэ байдлыг өөрчлөөд "тийм гудамжны төдөн тоот" гэдэг загвараар бичигдээд, хэрэглэгдээд ирэхээр хүмүүс гудамжаа мэддэг, хотоо мэддэг болно.

Стандарт хаяг нь очих эзний нэр, байшингийн тоот, гудамжны нэр, дүүрэг, хот, улс гэсэн дараалалтай бичигддэг. Гэхдээ Европод бол гудамжны нэрний дараа байшингийн дугаар нь бичигддэг бол Америкт байшингийн дугаар нь гудамжны нэрний өмнө бичигддэг жаахан ялгаа бий. Монголд аль хувилбарыг нь сонгох нь эрх мэдэлтнүүдийн шийдэх  хэрэг.
Европ загвараар :                     

                                         Доржийн Дондог
                                         Ерөнхий сайд Амарын гудамж 15
                                         106 тоот
                                         Сүхбаатар дүүрэг
                                         Улаанбаатар хот, 14200
                                         Монгол улс

гэсэн загвараар бичигддэг болно гэсэн үг. Д.Дондог гээч хүн Ерөнхий сайд Амарын гудамжны 15-р байшингийн  106 тоотод амьдардаг байх нь. 

Замбараагүй, эмц  цэгцгүй  байршилтай  байшин барилгууд, гудамж замын сүлжээ муу зэрэг нь өнөөдөр сонгодог маягаар хаягжилт хийхэд хүндрэлтэй байдал үүсгэжээ. Гэхдээ хийж болох боломжийн гарц, хувилбаруудыг хайж, шаардлагатай газар нэмэлт зам тавих замаар одоо байгаа орон сууц, хорооллууд, албан газруудын хаягжилтийг хийж болно. Харин  одоо шинээр бий болох хороолол, гэр хорооллын орон сууцнуудыг анхнаас нь эмх цэгцтэй төлөвлөж, сонгодог хаягтай болгох тал дээр эхнээс нь анхаарч ажиллаасай. Би урьд нь нэг нийтлэлдээ хотын төвийнхийг бодвол гэр хорооллын хашааны айлууд илүү олоход амар гэж бичиж  байсан. Хэрвээ гудамжийг нь олчихвол дугаараа хөөгөөд л эрж байгаа айлдаа төвөггүйхэн хүрээд очно. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг хариуцаж хийж байгаа компаниуд энэ асуудлыг давхар бодолцож  байгаа  биз ээ.

Нийслэлийн газрын зураг дээр байгаа гудамжны нэрнүүдээ  англиар бичсэн мөртөө газар дээрээ монголоор байсан тухай нэг гадаадын жуулчин бараг онигоо болгож хуучилсан гэдэг. Монгол хэл мэдэхгүй "буруу номтнуудад" зориулж гудамжны хаягаа англиар бичилтэй биш, гэхдээ газрын зураг дээрээ монголоор (кириллээр) бичээд доор нь бас англи үзгээр галиглаж бичвэл болох байх. (Харин орчуулах нь буруу биз ээ)
За юутай ч гэсэн эхлээд хаяг шиг хаягтай болж авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төөрдөг УБ нэрнээсээ салахгүй, "нүүдэлчнийхээ" хаягтай 22-р зуун руу орох нь байна шүү.
    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё