Яаж тэмцэх вэ?

 Өвөл хүйтэн болдог гэж нэгэн ухаантай УИХ-ын гишүүн маань  хэлж байсан юмдаг.  Өвөл болж хүйтрэхийн хэрээр нөгөө алдарт утаа буюу агаарын бохирдол бидний Монголчуудын хувьд тренд сэдэв болж байна даа. Шинэ ч юм биш, жилийн жилд л ингэдэг. 

Шийдлийг нь одоогоор хэн ч олж чадаагүй байгаа. Анодын Даваа гэгч хүн цахилгаанаар халаалтаа шийдэж утаанаасаа салах арга санал болгоод төрийн 3 өндөрлөгт хүртэл бичиг сачиг илгээж анхаарлыг нь татах гэж оролдсон, одоогоор ямар ч хариу байхгүй гэнэм.  Даваагийн халаалтын тень нь ток бага зарцуулдагаараа онцлог аж. Дээрээс нь энэ хүн хэрвээ ток тасарвал хэрэглэж болох ток нөөцөлдөг хураагуурыг санал болгодог.  Шилдэг шинэ технологиор хийсэн учраас Даваагийн халаагуур ба нөөцлүүр нь ижил төстэй энгийн төхөөрөмжүүдээс давуу талтай гэнэ. 

Манай эрх баригчид хэрвээ энэ хүний санааг хэрэгжүүлнэ гэвэл өөрсдийнх нь шахмал түлшний бизнес ашиггүй болж дампуураад, аягүй бол хэрэгт татагдаж ялтан болж мэдэх учраас их сандарч байгаа. Саяхнаас дахиад олон мянган зуух зээлээр тараах тухай ярьж эхэлсэн дээ. Өөрсдийнхөө арьсыг хамгаалах тухай л бодохоос биш утаанаас болж иргэд яаж хохирч байгаа болон хүүхдүүд, гэдсэнд байгаа ураг яаж хордож байгаа тухай тоож байгаа ч юм алга даа. МАНАН-гийн үнэн нүүр царайг өдийд танивал танихаар л болсон доо, гэвч хашрахгүй сонгосоор...

За оршилоо дуусгаад жинхэнэ сэдэвээ яръя.

Энэ өвөл ч урьдын адил бас л их утаатай байх бололтой. Иргэд маань их ууртай бөгөөд өөр өөрсдийнхөө сувгаар, боломжоороо дургүйцэл бухимдлаа илэрхийлцгээж байна. Утасны цаанаас ч , талбай дээрээс ч үгээ хэлсээр байгаа боловч эрх баригчид тоож байгаа шинж алга. 

Бид ингэж тархай бутархай тэмцээд хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Үүнийг хүн бүр сайн ойлгож авмаар байна. Тийм учраас бид нэгдэж тэмцэх хэрэгтэй. Яаж нэгдэх вэ?

Бид зохион байгуулалтанд орох хэрэгтэй байна. Бидэнд бас удирдлага хэрэгтэй. Үүний тулд бид эртний Монголын цэргийн аравт, зуут, мянгатын бүтцийг ашиглах нь зүйтэй санагдана. Мянгатын систем гэдэг. 

Зохион байгуулалтанд орохын тулд тодорхой утга бүхий нэр хаягтай хуулийн этгээд байгуулах хэрэгтэй, хөдөлгөөн ч юм уу. Удирдах бүрэлдэхүүнээ сонгож, зорилтоо дэвшүүлнэ. Гишүүнчлэлтэй байна. Аравтын дарга удирдлага доороо 10 хүнтэй байна гэхчлэн бүтцээ тодорхойлно. Аливаа арга хэмжээ, акц, цуглаан, жагсаал  болоход  аравтын дарга 10 хүнээ дагуулж ирнэ. Зуутын дарга нь аравтын дарга нараа удирдана, гэх мэтчилэн. Ийм аргаар массыг хөдөлгөж чадвал тэмцэл маань нэгдмэл бөгөөд хүчтэй байж зорилгодоо хүрэх боломжтой. Одоогийн засаг захиргааны нэгж дээрээ суурилаад  энэ системийг бий болгох юм.

Өөрөөр бид энд тэнд хэсэг бусгаараа цуглаад, тус тусдаа гарын үсэг цуглуулаад амжилт олохгүй. Гишүүнээр элсэж байгаа иргэн тус хөдөлгөөний зорилгыг зөвшөөрч тангараг өргөнө.  Зөвхөн тэр зорилгын төлөө өөрийн харъяалагдах нэгжийн удирдлагад захирагдах болно.  Бид ингэж нэг цул болж байж амжилтанд хүрнэ. Энд зорилго тодорхой учраас олон ургальч үзэл, зөрөлдөөн байж болохгүй. Хоорондоо эвтэй, нэгдмэл бөгөөд дуулгавартай байсан Монголчууд дэлхийд нэрээ гаргасаныг үргэлж санаж явах хэрэгтэй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё