Мөнх-Эрдэнийн хувилбар

Л.Мөнх-Эрдэнэ
Эрдэмтэн судлаач Л.Мөнх-Эрдэнэ  De facto нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. Гол сэдэв нь засаглалын тухай юм байна. Ерөнхийлөгчийн засаглалыг Монголд тохирох хэлбэр гэж үздэг хүн. 1992 онд бичсэн Үндсэн Хуулиар бид Парламентын засаглал гээчийг сонгоод даруй 28 жил өнгөрчээ. Үр дүн нь Монголын өнөөгийн дүр төрх. Гурван хүний нэг нь ядуу болжээ. Өөрөөр яаж илэрхийлэх билээ?

Энэ удаа Мөнх-Эрдэнийн хувилбарыг авч сийрүүллээ. Уншигчид тунгааж санаа оноогоо үлдээнэ биз ээ. Мэдээж Ерөнхийлөгчийн засаглал тогтоохын тулд Үндсэн Хуулиа шинээр бичих хэрэгтэй болно. Засаглалтай холбоотой хэсгүүд нь өөрчлөгдөнө гэсэн үг.

Мөнх-Эрдэнийн хэлсэнээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудыг (эрх мэдлүүдийг) САЛГАХ шаардлагатай юм. Одоо хэрэгжиж байгаа Парламентын гэх засаглалд дээрх эрх мэдлүүд буюу бүтцүүд нь тусдаа байгаа юм шиг боловч хоорондоо нийлсэн, холилдсон, харилцан хамааралтай  байгаа юм.

Эрдэмтний хэлсэн гол санаанууд:

- Ерөнхийлөгчөд гүйцэтгэх эрх мэдлийг өгөх хэрэгтэй. (Засгийн газрыг)
- Ерөнхийлөгч өөрөө багаа бүрдүүлдэг байна. (Сайд нараа томилно, хална)
- 2 танхимтай Парламенттай (УИХ) болох хэрэгтэй

Хоёр танхимтай Парламент нь 45 хүнтэй Дээд танхим ба 80 хүнтэй Доод танхимаас  бүрдэнэ.
Дээд танхим (Чуулган) нь 15 тойргоос 6 жилийн хугацаатай сонгогддог 45 хүнтэй байна. Гуравны нэг нь 2 жил тутамд шинээр солигддог (ротаци хийгдэнэ) байна. Тойргууд аймгуудтай давхцахгүйгээр хийгдсэн байх ёстой. Ойролцоогоод 150 мянган хүнтэй байх.
Доод танхим (Хурилдай ) нь  тус бүр 2 мандаттай 40 тойргоос сонгогддсон 80 хүнтэй байна. 2 жилийн хугацаагаар сонгогдоно. Сонгогдох гишүүд тухайн тойрогтоо амьдарч байх ёстой. Доод танхим 2 жил тутамд бүхлээрээ солигдож байна.

Бас нэг чухал санаа бол Ерөнхийлөгчийн сонгууль 4 жил тутамд явагдах бөгөөд хэрвээ ажлаа сайн хийж байвал хэдэн ч удаа улирч сонгогдож болно гэж байна. Зөв санаа. Учир нь ард түмэн тухай бүрд нь үнэлгээ өгөөд дүнгээ тавиад явах бөгөөд ажлаа сайн хийж байгаа хүнийг халж солих ямар ч шаардлагагүй юм. Ажил сайн хийж байгаа хүнийг сольдог тэнэг мэнэжмент гэж хаана ч байхгүй. АНУ-д бол дээд тал нь 1 удаа л улирах эрхтэй байдаг.

Ерөнхийлөгчийн багт ажиллах сайд нарыг Ерөнхийлөгч өөрөө сонгож нэрсийг нь дэвшүүлэх ба тэдгээр нэр дэвшигчид Дээд танхимаар орж шүүлгүүлдэг байх нь Ерөнхийлөгч өөрийнхөө гэр бүлийн хүмүүс болон ах дүү, хамаатан саднаа засгийн өндөр албан тушаалд авах боломжийг хааж өгөх ач холбогдолтой гэж байна.

Бие даасан шүүхийг яаж байгуулах вэ?  Одоо байгаа хуулиар бол манай Ерөнхийлөгч шүүхийн бүрэлдэхүүнийг сонгодог, томилдог учраас шүүх тодорхой хэмжээгээр хараат байна.  Үүнийг яаж өөрчлөх вэ гэж. АНУ-ын жишгээр хийнэ гэвэл Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг санал болгох боловч  Дээд танхимаар (Чуулган) оруулж шүүлгэдэг болно. Гэхдээ хугацааны хувьд тодорхой хугацаа заахгүй бөгөөд хэрвээ ажлаа сайн хийж байвал шүүгчээрээ ажилласан хэвээр тэтгэвэртээ гарна гэсэн үг.  Харин асуудал гарч, хэл аманд орооцолдвол мөнөөх шүүгчдийн томилгоонд оролцоогүй Доод танхим (Хурилдай- төлөөлөгчдийн танхим) уг хэргийг авч хэлэлцээд халах эрхтэй аж. Тэгэхээр хариуцлага тооцох механизм нь байна. Одоо бол хэл аманд орсон шүүгчийг хэн ч яаж ч чадахгүй байна. Тэр байтугай мөнөөх шүүгчдийн нэрсийг санал болгосон Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) гээч хуйвалдааны байгууллага хэл амтай шүүгчдээ өмөөрч хамгаалдагийг ШЕЗ-ин дарга Н.Лүндэндорж гэгчийн байр суурь илтгэнэ. Бичлэг нь ЭНД  байна. Авилга авсаныг нотол гэж даапаалж байна. Тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгчээ өмөөрч хачин үлгэр ярьж зогсоно.

Мөнх-Эрдэнэ судлаачийн хэлсэнээр Ардчилсан, Тогтвортой, Хариуцлагатай, Хууль засагладаг дэглэм бий болгохыг дэмжиж, хүсэж байгаа бол  Ерөнхийлөгчийн засаглал бүхий тогтолцоог сонгохоос өөр аргагүй болжээ. Үүний тулд Үндсэн Хуулиа шинээр бичиж, шинээр эхлэх цаг болсон байна. Үндсэн Хуулиа өөрчлөхийн тулд иргэд хүчтэй шаардах шахах хэрэгтэй байна. УИХ энэ өөрчлөлтийг хийхгүй ээ. Тэд чинь ҮХ-д өөрчлөлт оруулах тухай хууль гаргаад том хаалт хийчихсэн байгаа. Тийм учраас УИХ-ыг татан буулгаж , бүх ард түмнээс байгуулсан ямар нэгэн тусгай байгууллагаар шинэ Үндсэн Хуулиа бичих шаардлагатай байна. Эсвэл УИХ-аас элдэв хаалт  хийсэн хуулиа цуцалж бүх ард түмний санал асуулгаар дэмжигдсэн Үндсэн Хуулийг шинэ бүтцээр хэлэлцэж батлахыг шаардах хэрэгтэй.  Ийм л эрс өөрчлөлт хийхгүй бол 60 тэрбум, ЖДҮ, ядуурал, угаартлаа  гэж мянга хашгираад байдал сайжрахгүй. Бүх юм бахь байдгаараа л байна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө