Сонголтоо хийх цаг болжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Манай топор хочир Ерөнхий сайд маань их цэвэрлэгээ удахгүй эхлэнэ гэж хэлсэн дээ. Ирэх долоо хоногоос бужигнуулах юм болов уу даа. Ерөнхий сайдын маань хуулийн зөвлөх , туслагч нар нь элдэв хэл аманд орж, нэр баастсан Засгийн газрын гишүүдийг хуулийн дагуу яаж зайлуулах тухай хэлж өгсөн гэж найдая. Хуулийн дагуу гэдэг нь хууль зөрчсөн шалтгаанаар гэсэн үг биз? Тэгвэл тэр ЖДҮ-ийн сангаас зээл авсан гээд байгаа төр засгийн албан тушаалтнууд ямар хууль зөрчсөн юм бэ гэдгийг харъя. Бид бүгд л энэ тухай мэдэж байх ёстой.

Сэмүүн бичээч "Хулгайчдаас салах хуулийн боломж байна" гэсэн нийтлэлдээ энэ тухай хөндсөн байна. Хуульч О.Алтангэрэл хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр нэр бүхий УИХ-ын гишүүдийн эсрэг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ.
Ингээд тэр зөрчсөн гээд байгаа хуулийн заалтуудыг нь сонирхож үзье.
2012 онд НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ  гэдэг хууль батлагдсан. Энэ хуулийн ямар заалтуудыг зөрчсөн бэ? Дараах 2 заалтыг ямар ч байсан зөрчсөн нь тодорхой байна:

6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ

Энэ заалтанд дурдсан ашиг сонирхлын дарааллыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, хувийнхаа ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээр тавьсан байна.

 20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.

Хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээд нь төрийн зээл авч болохгүй гэснийг зөрчжээ. 

Тэгвэл энэ хуулийг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх тухай юу гэж заасныг сонирхоё.

29.1.3.энэ хуулийн 20.2, 20.3, 20.5, 21.1-д заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох;

Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 240 мянган төгрөг байгаа. 2019 оноос 320 мянга болох юм гэсэн. 320 мянгыг 2-5 дахин үржүүлэхээр 640 мянгаас 1 сая 600 мянган төгрөг болж байна. Ийм хэмжээний мөнгөн торгууль оноох юм байна. Олон зуун сая, тэрбумын зээл бага хүүтэй авсан хүмүүст инээдтэй шийтгэл юм даа.

Төрийн өндөр албан тушаалд өрсөлдөж байгаа хүмүүс хуульд заагдсаны дагуу зохих газарт Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гэгч маягтыг бөглөж өгдөг журамтай.  Дараах албан тушаалтнууд АТГ-д энэ маягтыг бөглөж өгдөг.

24.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;

Энэ мэдүүлэгт бүх мэдээллээ өгөхөөс гадна хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, гишүүнчлэл зэргийнхээ тухай дэлгэрэнгүй бичдэг. Тэгэхээр АТГ-д УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийн бүх мэдээлэл байгаа учраас ЖДҮ сангаас хэний хамааралтай ямар компани зээл авсан нь тодорхой. Тийм болохоор АТГ хэрвээ хүсвэл хийх ажил их байгаа. Харамсалтай нь хэн нэгний хараат байгаа учраас хөдлөхгүй байна гэсэн хардлага байдаг.

Дээр нэр дурдсан хуулийн хоёр заалтаар л ЖДҮ-гээс зээл авсан зарим компаниудын хамаарал бүхий этгээд болох УИХ-ын болон Засгийн газрын гишүүд буруутах ёстой. 

Тэд Үндсэн хуулийг бас зөрчсөн гэж үзнэ. Үндсэн Хуулийн 23-р зүйлийн 1 дэх заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, улсын ба нийт иргэдийн ашиг сонирхлыг өөрсдийнхөө хувийн эрх ашгаас доогуур тавьжээ.  Үндсэн Хуулиа зөрчсөн төрийн түшээ энэ албандаа тэнцэх  ёс зүйтэй хүн мөн үү гэж асуух ёстой болно.

23.1. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.1 дэх заалт бас ийм утгатай.

6.1. Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

УИХ-ын тухай  хуулийг бас зөрчсөн байгаа биз?. УИХ-ын гишүүн сонгогдсоныхоо дараа  төрийнхөө сүлднийхээ өмнө тангараг өргөдөг. Энэ тангарагаасаа няцсан учраас тэдгээр хүмүүс албан тушаалаа үргэлжлүүлэн хаших ёс зүйн эрх байхгүй болжээ гэж үзнэ. Энэ тангарагт  мөн ямар эрх ашгийг дээдлэх вэ гэдгийг заасан байна: 

6.2.  “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө.

Хамгийн гачлантай нь төр засгийн өндөр албан тушаалтнууд хуулиа зөрчиж, тангарагаасаа няцсан ч  хариуцлага тооцох боломжгүй байхаар хууль нь бичигджээ. Зарим заалтыг нь авч хаясан тухай ч ярьдаг.  Бид тогтолцоогоо өөрчилж, Үндсэн Хууль, УИХ-ын тухай хууль зэргээ шинээр бичихгүй бол гэмт хэрэгт нэр холбогдож, хууль зөрчсөн тохиолдолд эрх мэдэлтнүүд маань дархан эрх эдэлж гэмгүй өнгөрдөг болжээ. Улсын Ерөнхий Прокурор нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирээд байхад л хэл аманд орж хэрэг үүсгэсэн гишүүнээ хамгаалаад аваад үлдэж байна гээд л бод доо! Ийм байхад шударга ёс яриад ч яахав дээ. Нэг бол өөрчил, үгүй бол шударга ёс энээ тэрээ гэж гонгинохоо больцгоо. Ийм л хоёр сонголт байна. Алийг нь сонгохоо өөрсдөө мэдсүгэй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө