Гарц

Аливаа зүйл сайн муу хоёр талтай. Цөөхөн хүн амтай улсын сайн тал нь юу вэ? Цөөхүүлээ учраас хүнснээс эхлээд л бусад хэрэглээ нь бага. Тэжээхэд амар гэсэн үг. Муу тал нь юу байх вэ? Хүн хүч дутмаг учраас бяд муутай. Ажиллах хүч хангалтгүй.
Гэвч харамсалтай нь бид сайн талаа ашиглаж чадахгүй байна. Муу талаа бол яаж ийгээд нөхөж болно. Гаднаас ажиллах хүч авч ашигладаг ч юм уу, жишээ нь.

Хөрсөн дороо эрдэнээр арвин, хөрсөн дээрээ малаар дүүрэн, багтаж шингэхгүйн зовлон үгүй уужим газар нутагтай бидний улс сайн талаа ашиглаад, муу талаа нөхөөд хөгжвөл хөгжих  бүрэн боломжтой. Таатай нөхцөл, өгөгдөл нь байсаар атал яагаад ингэж гуйланч царайлна вэ?
Нэг намын дарангуйлал дор өнгөрүүлсэн коммунист замналын 70 жилээ байг гэхэд олон намын системтэй ардчилал, зах зээлийн нийгмийг байгуулаад 30 шахам жил өнгөрчихөөд байхад хөгжингүй орон болж чадаагүйн учир юунд байна?

Кимчигээс өөр юмгүй байсан Өмнөд Солонгос гэдэг улс 30 жилийн дотор үсрэнгүй хөгжиж дэлхийн том эдийн засагтай улс болж чадсан түүхтэй. Гурван гол зүйл ийм амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гэж ойлгож байгаа:
- Хүн хүч
- Ажилсаг, эх оронч, бардам зан
- Нэг удирдлага
Манайд аль аль нь ч алга. Эхний ба гуравдахь хүчин зүйл ор байхгүй. Харин хоёрдахь хүчин зүйл нь ор нэр төдий. Санаа нь зовж тархиа гашилгах хэсэг байхад худлаа эх оронч дүр эсгэх, хоосон бардам зан гаргах авиртай хүмүүс олон бий.

Тэгвэл Солонгосын загвараар явна гэвэл дээрх 3 зүйл зайлшгүй шаардлагатай. Хүн хүч мэдээж дутагдах учраас гаднаас ажиллах хүч авах хэрэгтэй болно. Нэг удирдлагын тухайд Солонгос шиг цэргийн дарангуйлагч сонгох шаардлагагүй боловч хүчтэй Ерөнхийлөгчтэй болох шаардлагатай. Солонгосын загвараар явж байгаа орон бол Казахстан. Назарбаевын дарангуйлал дор энэ улс яаж хөгжиж байгааг бид харж байна. Эх оронч бардам занг хөгжүүлж, өргөхийн тулд ухуулга сурталчилгаа их явуулж байгаа. Хятадын загвар бас л иймэрхүү.
Өмнөд Солонгос нэгэнтээ хөгжлийн тавцанд гараад ирсэн хойноо дарангуйлалын арга хэлбэрээс татгалзаж, ардчилсан системийг нэвтрүүлж, Ерөнхийлөгчөө сонгодог болсон. Казахстан улс яваандаа нэг хүний удирдлагаасаа цаг нь болохоор татгалзаж, өөрчлөлт хийх биз ээ.

Бид нар адаглаад Солонгосын замаар явдаггүй юм аа гэхэд Арабын улсуудын жишгээр явсан бол бас л өөдлөн дэвжих  боломжтой байсан гэж бодогдох юм. Арабын цөлнөөс өөр газаргүй улсууд ганцхан газрын баялаг болох нефтээ зараад л диваажин байгуулсан даа. Хэдийгээр удирдлага нь угсаа залгамжилсан ноёд боловч тэд нефть зарж олсон мөнгөө маш үр ашигтай, ухаалаг зарцуулж улс орноо өөд нь татаж чадсан байна. Тэд зөвхөн хувиа бодож өөрсдөө тансагласангүй , бас улс орноо тансаг болгоё гэж боддог байсан учраас ийм  ид шид бий болгосон.
Бид тэгвэл газар доорх баялгаа зараад   гуравхан сая хүнээ гундаахгүй амьдруулж чадах байсан уу? Тийм боломж бүрэн байсан гэж бодож байна.

Монголчуудыг зовлон үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн гэж хэлэх нь бий. Энэ бас үнэний ортой. Дайны хөлд нэрвэгдэж айхтар сүйрч байсан нь үгүй. Өлсөж, зовж үзээгүй ард түмэн мөнгөний үнэ цэнэ, арвилах, хэмнэхийг мэдэхгүй. Дээрээс нь нэмэгдээд бидний араншинд их учир байнаа. Ер нь жаахан дураараа улс чинь дугтарвал хүч нэг болж чаддаггүй юм байна. Тамын тогооны үлгэр үүнээс үүдэлтэй. Бидний амьдралын хэв маяг биднийг ийм болгосон байх л даа. Дураараа дуртай газраа нүүдэллэж явдаг, тархай бутархай биеэ даасан амьдралын хэв маяг нь ийм улсууд бий болгожээ. Ийм сонин, бэртэгчин ч гэмээр зантай улсууд яаж нэгдэж нийлээд, дэлхийд байгаагүй хүчирхэг улс байгуулж чадав аа? Ганц л тайлбар бий. Хамгийн гол хүчин зүйл нь тэд нарыг нэг нударга дор зангидаж хурааж чадсан явдал юм. Хэрвээ ингэж зангидаж чадвал юу ч хийж чадах мундаг чадвартай улс байхгүй юу!  Нэг зорилго дор нэгтгэж хөдөлгөе гэвэл бидэнд хүчтэй удирдагч л хэрэгтэй.  Тэр нь дээр дурдсан Ерөнхийлөгчтэй болох  буюу Ерөнхийлөгчийн засаглал тогтоох явдал юм. Нэг хүний удирдлага гэдгийг нэг хүний дарангуйлал гэж мушгиж ойлгох хэрэггүй. Хэлмэгдүүлэлт гарна гэж солиорогчид ч цөөнгүй байна. Гүйцэтгэх засаглалаа эзэнтэй болгоё, тусад нь хараат бус болгоё гэж л ярьж байна.

Өөр гарц надад лав харагдахгүй байна. Над шиг ингэж боддог хүмүүс олон бий. Ийм бодолтой хүмүүс өөрсдийгөө ямар авир араншинтай үндэстэн бэ гэдгээ таньж мэдсэн байна шүү дээ. Тийм болохоор хүнтэй нь зууралдаад дэмий, харин түүний оронд  механизмтай нь ажиллах ёстой юм гэж байна. Энэ нь  засаглалын тогтолцоо нь буруу байнаа гэдгийг хэлээд байгаа  хэрэг. Хүндээ байгаа юм биш гэсэн үг. Өдий олон жил бидний сонгосон эрхмүүд маань бүгдээрээ муу муухай хүмүүс байсан гэвэл алдас болох биз. Өнөөдөр ч бид мөн 76 луйварчин гээд л цоллоод сууж байгаа биз дээ? Дараагийн сонгуулиар хамгийн мундагуудыг нь сонголоо гэчихээд л удалгүй мал адгуусаар нь дуудаад эхэлнэ гэж мөрийцсөн ч бэлэн байна. Нөгөөдүүл нь яаж зүгээр байх вэ гээд л ахуй амьдралаа, ахан дүүсээ эн тэргүүнд тавих нь ойлгомжтой. Бидний араншин шүү дээ. Энэ араншинг цагдахгүй бол бидэнд ирээдүй алга. Бид муугаа эрт л мэдэж авах тусмаа сайн. Тэр цаг  нь хэзээ тохиож аврал ирэх юм бол доо. Тэр болтол хэрэлдээд л, чадаж байгаа юманд аргагүй хэмээх гоё үгээ шидэлцээд л сууцгааж байхаас.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө