UNICEF ба хүүхдийн мөнгө

Messi
UNICEF гэж нэг байгууллага байдаг. United Nations International Children's Emergency Fund гэдэг нэрийн товчлол бөгөөд монголоор орчуулбал НҮБ-ын Олон улсын хүүхдэд туслах сан гэсэн утгатай. Анх 1946 онд НҮБ  ба Людвик Ражчман хэмээх польш гаралтай бактериологч, эмч хүний санаачлагаар байгуулагдаж байжээ. Зорилго нь дэлхийн 2-р дайны хөлд нэрвэгдсэн улсуудын хүүхдүүдэд туслах явдал байсан бөгөөд хожим нь хамрах цар хүрээ нь өргөсөж тэлсэн байна.

Ражчман тус сангийн анхны тэргүүнээр ажиллаж байсан. Төв байр нь АНУ-ын Нью-Иорк хотод байрладаг. Санхүүжилт нь хандивлагч орнуудын болон хувь хүмүүс, байгууллагын хандиваас бүрддэг. Спортын байгууллагууд ч хандив өгдөг болсон. Испанийн алдарт хөлбөмбөгийн клуб Барселона тус байгууллагатай 5 жилийн гэрээ хийж 2006 оноос эхлэн жил бүр 1.5 сая Евро хандивласан ба  2016 онд дахин ийм гэрээ 4 жилийн хугацаатай шинээр байгуулж жил бүр 1.58 сая Евро хандивлаж байна. (Зураг дээр Барселона багийн шилдэг довтлогч Месси тус байгууллагын нэр бүхий цамц өмссөн байна)

ЮНИСЕФ нь дэлхийн 150 оронд төлөөлөгчийн газартай бөгөөд  Монгол дахь байр нь  Улаанбаатар хотын НҮБ-ын гудамжны 14-т байрладаг.
Монгол улсад тус байгууллагын суурин төлөөлөгч  Нидерланд улсын иргэн Алекс Хайкенс 2017 оноос эхлэн ажиллаж байгаа аж.

Зүүн Азийн бүсийг хариуцсан төвөөс 2018 онд Хойд Солонгос, Монгол, Лаос, Мянмар, Индонези , Папуа-шинэ Гвиней, Филиппин, Номхон далайн арлууд зэрэг газруудад тусламж үзүүлсэн гэж ЮНИСЕФ-ийн сайт дээр бичсэн байна. Энэ төвд цугласан  7 сая долларыг дээрх орнуудад үйл ажиллагаа явуулахад зарцуулсан гэнэ. Мэдээж Монгол улсад хэрэгжүүлсэн төсөл, үйл ажиллагаанд зориулж тодорхой хэсгийг нь төсвөөсөө гаргасан байгаа.
Энэ удаа тус байгууллагын Монгол дахь салбарын сайт дээр тавигдсан нэгэн нийтлэлийг сонирхуулж байна. Нийтлэлийг Сабина Нетрвалова гэх чех бүсгүй  бичсэн бөгөөд тэрээр НҮБ-ын Сайн дурынхан байгууллагатай  гэрээтэй мэдээллийн ажилтан  аж.
Англи эхийг  нь ЭНДЭЭС уншаарай.

Хүүхдийн мөнгө ч үгүй, хичээлийн хэрэгсэл ч үгүй

2018.12.26

Гурванбулаг сумын 5 настай ихэр хоёр. Эцэг эх нь орлогын ганц үүсвэр болох хүүхдийн мөнгөөр залгуулдаг .


"1 литр ургамлын тос...500 грамм гурил...жаахан төмс." Баруун өмнөд Монголд орших Гурванбулаг хэмээх жижиг сумын хүнсний дэлгүүрийн эзэн тэмдэглэлийн дэвтрийн хуудсаа эргүүлэнгээ ийн хэлж байна. Дэвтрийн хуудас болгон нь нэг айлд зориулагдсан бөгөөд үндсэн нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авч чадахгүй учраас ингэж бичүүлээд зээлээр авдаг ажээ. 
"Мөнгө муутай учраас бараг айл болгон биднээс зээлээр авдаг. Хүмүүс сард нэг удаа бөөнд нь төлдөг, гэхдээ бас үргэлж тэгж чаддаггүй. Малчид ихэвчлэн ноолуураа тушаасны дараа жилд нэг удаа төлбөрөө хийдэг" гэж дэлгүүрийн эзэн ярьж байна. 


Баянхонгор аймгийн алслагдсан сум Гурванбулагт амьдрал хэцүү байна. Хамгийн ойрхон хотхон нь донсолгоотой замаар 10 цаг явж хүрэх зайтай ба газар нь цэвдэгтэй учраас худаг гаргах, усны хоолой тавих боломжгүй аж. Гэхдээ хамгийн том зовлон нь ажлын байрны хомсдол. Тус суманд амьдрах 2200 хүнээс цөөхөн хэдэн хүн л тогтмол орлоготой бөгөөд тэд нар бол төрийн албаны үйлчилгээний хүмүүс болон  багш нар юм.  Үлдсэн иргэд нь улирлын чанартай түр ажил хийдэг эсвэл элдэв халамжийн мөнгөөр амьдардаг. 

Гэвч хамгийн түгээмэл  халамж нь хүүхдийн мөнгө  бөгөөд 18-аас доош насны хүүхэдтэй айл болгонд очдог боловч хэмжээ, хүртээмж нь сүүлийн хэдэн жилд буурч байгаа юм байна.
2016 онд бүх хүүхдэд зориулагдсан  Хүүхдийн мөнгөний хөтөлбөр зөвхөн ядуусыг онилсон арга хэмжээ байсан боловч өнөөдөр энэ халамж (хүүхэд бүрт 20 мянган төгрөг буюу 8 ам.доллар хүрэхгүй мөнгө) бүх хүүхдийн 80%-д   очиж байна.  Маш олон гэр бүлд энэ мөнгө бол өрхийн ганц орлого нь болдог.

"Бидэнд мал байхгүй, тэгээд ажил олдохгүй учраас  бидэнд олдож байгаа нь хүүхдийн мөнгө л байна. Бид одоо 5 хүүхдээ, дээр нь ач охиноо тэжээж байна. Сар болгон 100 мянган төгрөг (40 ам.доллар хүрэхгүй мөнгө) аваад гурил, будаа,мах авдаг" гэж гэрийн эзэгтэй Г.Саруул ярьж байна. Саруул ба түүний нөхөр нь хоёулаа 8-р анги төгссөн бөгөөд Саруул өөрөө хэзээ ч ажил хийж байгаагүй гэнэ. Нөхөр нь барилгын ажил хийж байсан ба байнгын тогтмол ажил олддоггүй аж. 

Саруулын гэр бүл сарын 40 ам.доллараас бага мөнгөөр амьдарч байна. Хүүхдийн мөнгийг хичээлийн хэрэгсэл авахад  зарцуулдаг байсан боловч одоо зөвхөн хүнсэнд зориулах болжээ.

Ноднин хүртэл тэд хүнсний талон авдаг байсан учраас  ойр зуурын хүнсээ залгуулаад хүүхдийн мөнгөө хичээлийн хэрэгсэл авахад зориулдаг байжээ. Гэвч Засгийн газраас явуулсан судалгаанд хамрагдсанаас хойш  хүнсний төлон авах эрхгүй болсон  учраас байдал эрс өөрчлөгджээ. "Зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдрахад хэцүү байна. Нүүрсээ ч авч чадахаа болилоо" гэж Саруул хэлж байна. 

Хүүхдүүд орхигджээ

Өрхийн амжиргааны судалгаа (ӨАС) нь тухайн гэр бүлийн ядуурлын түвшинг өрхөд байгаа биет хөрөнгө, өмч, хэрэгсэл дээр үндэслэн тогтоодог арга юм. Өнгөрсөн жил Засгийн газраас айл өрхүүдийн дунд судалгаа явуулж, орлого, эд хөрөнгө, худалдаж авсан томоохон эд зүйлс зэргийг бүртгэсэн дүнгээ Улаанбаатар хот дахь төв бүртгэлийн газарт явуулжээ. Энэ асуулга  дээр үндэслэн өрх бүрт оноо өгсөн байна. 

"Гэвч энэ судалгааны аргачлал тодорхой биш  бөгөөд хэн ямар халамж авахыг тогтоосон тэр оноог яаж гаргасаныг  бид  ойлгохгүй байна. Мэдээлэл дутмаг байгаагаас иргэд халамжид хамрагдаж чадаагүйдээ биднийг буруутгаж байна"  гэж Гурванбулаг сумын нийгмийн ажилтан Б.Цэеэ хэлж байна. 
"Хүүхдийн халамжийн мөнгө тус суманд том асуудал үүсгэж байгаа. Ойролцоо түвшний амьдралтай өрхүүдийн зарим нь аваад, зарим нь хасагдсан нь шударга бус гэсэн бухимдал их байгаа учраас байдал түгшүүртэй байнa"  гэж тэрээр нэмж хэллээ.  

Олон гэр бүлийн хувьд халамжийн мөнгийг  хүүхдийнхөө боловсролд зориулж хадгалах, эсвэл илүү тэжээллэг хоол хүнс хэрэглэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэгтээ ашигладаг. Тийм учраас ЮНИСЕФ хүүхдийн халамжийн мөнгийг хүүхэд бүрт өгөх ёстой гэж үздэг. 

"Хүүхдийн мөнгө өгөхтэй холбоотойгоор ӨАС хэрэглэх нь ихээхэн асуудалтай. Хамгийн сүүлийн ӨСА нь бүх өрхийн зөвхөн 70%-ийг л хамарсан. Аргачлалын хувьд алдаатай гэж  тогтоогдсон энэ аргыг  хэрэгжүүлэх явцад  нэмж алдаа гаргадаг. ЮНИСЕФ бүх хүүхдийг  энэ халамжийн хөтөлбөрт хамруулахын төлөө байдаг ба хэрвээ Засгийн газар бүгдийг нь хамруулах боломжгүй гэж байгаа бол насны ангилалд эсвэл газар зүйн байршилд түшиглэсэн өөр хувилбаруудыг санал болгож байна" гэж ЮНИСЕФ Монгол салбарын нийгмийн бодлого хариуцсан ажилтан Н. Энхнасан ярьж байна.

Хүүхдийн мөнгө  сурч боловсроход хэрэгтэй

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд нөхцөл байдал мөн л төстэй. Хэдийгээр аймгийн төвөөс 35 км алслагдсан боловч нутгийн иргэд урт хугацааны тогтвортой ажил олох гэж цөхөрдөг.

Халтарын гэр бүл Эрдэнэцогт сумандаа ядуу өрхүүдийн тоонд ордог. Хүүхдүүд нь зөвхөн улирлын чанартай түр ажил олж хийдэг.

Ү.Халтар 11 хүүхэдтэй. Тэрээр бүх хүүхэдтэйгээ, дээр нь 4 ачтайгаа  цуг амьдардаг. 
"15 жилийн өмнө нөхөр маань нас барахаас өмнө бид олон малтай байлаа. Ажил олдохгүй байгаа учраас бид халамжгүйгээр амьдрахад боломжгүй болсон. Хүүхдүүд маань улирлын чанартай чацаргана түүх мэтийн ажил л хийдэг" гэж тэрээр ярьж байна. Энэ өрх сумандаа ядуу өрхүүдийн тоонд ордог учраас хүнсний талон авах эрхтэй аж. 
"Гэхдээ оны эхний 6 сард зохицуулалтын асуудал гарсан учраас бид юу ч авч чадаагүй. Тиймээс би тэтгэврийн зээл авахаас аргагүй болсон. 2020 хүртэл би тэтгэвэр авахгүй гэсэн үг. Хүүхдийн мөнгөнөөс бид хадгалж хурааж чадаагүй"  гэлээ. 

Дөрвөн хүүхдийн ээж М.Бямбасүрэнгийн хувьд хүүхдийн мөнгө хоцорч ирэх, багасах зэрэг нь хүнд тусаж байсан тухай ярьж байна. "Зөвхөн ядуу давхаргад гэж онилох болсоноос хойш бид хүүхдийн мөнгөнөөс хасагдсан, гэхдээ манай хүүхдүүд ашгүй дахиад хамрагдах болж байгаа. Хоёр хүүхэд маань их сургуульд сурч байгаа ба хүүхдийн мөнгийг сургалтын төлбөрт нь зориулдаг.  Хасагдсанаа мэдээд би их уурлаж билээ"  гэж тэрээр хэллээ. Энэ өрх 200 гаруй малтай  бөгөөд сүү цагаан идээг нь борлуулж зохих хэмжээний орлого олдог аж. Гэвч өвлийн цагт хүүхдийн мөнгөнд л найддаг юм байна.

Өвөл цагт Бямбасүрэнгийн гэр бүл хүүхдийн мөнгөөр амьдардаг.

Хүүхдийн мөнгө бол ядуу хүүхдийг багасгах программ гэж ЮНИСЕФ үздэг. Бүх хүүхдийн гуравны нэгээс илүү нь (38.5%) ядуу амьдарч байгаа нь нийт хүн амд  ядуусын эзлэх хувиас (29.6%) их байна. ЮНИСЕФ-ийн судалгаагаар хүүхдийн мөнгө олгох программ нь ядуу хүүхдийн тоог 5%-иар бууруулсан дүн гарсан. 



Бичсэн:  Сабина Нетрвалова
НҮБ-ын Сайн дурынхан байгууллагын мэдээллийн ажилтан
Орчуулсан:  Маяагуайс

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө