Баатар хүн бурж болохгүй

Э.Бат-Үүл (Нийслэлийн ИТХ-ын гишүүн)
Улсын баатар Э.Бат-Үүлийн   "Ам нээвэл..." нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг үзлээ. Мэдээж баатар маань зөв зүйтэй зөндөө л юм ярьж байна. Гэхдээ түүний хэлсэн нэг зүйлийн тухай энд хөндөнө. Тэрээр дээрх ярилцлага дээр хэлэхдээ,  Парламентын засаглалтай байсан тулдаа л ЖДҮ, 60 тэрбумын хэрэг илэрлээ гэж байна. Мань эр бол Парламентын засаглалыг цээжээрээ хамгаалагч гэдгийг мэднэ л дээ.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сан бол Засгийн газрын тусгай сан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой маш бага хүүтэй зээл олгодог  Засгийн газрын сан гэж байгаа биз? Энэ сангийн сайт руу Энд дарж орж үзээрэй.

Бат-Үүлийн хэлсэнээр бол хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ЖДҮ мэтийн хэрэг хав дарагдах байсан юм байх. Тэгвэл Парламентын засаглалтай байсны ачаар бие биенийхээ хэргийг ил болгоод хаячихсан бололтой. Ухаандаа УИХ-ын гишүүд ба Засгийн газрын гишүүд бие биенийгээ барьж өгчээ. Хүн үнэмших үү?  Өөрсдөө илчлээгүй бол хөндлөнгийн этгээд буюу хэвлэл мэдээллийнхэн илрүүлсэн байж таарна. Тэгвэл  Парламентын засаглал юм уу, эсвэл   Ерөнхийлөгчийн засаглал байхаас үл хамаараад хэвлэлийнхэн энэ мэт хуудуутай асуудлыг ил гаргаж тавьдаг учиртай. Тэгэхээр засаглалынхаа хэлбэрээс нөлөөлсөн гэдэг Бат-Үүлийн мэдэмхийрэл бол дэмийрэл юм.

Одоогоор дараах УИХ-ын гишүүд ,

- Б.Батзориг (Хүнс Хөдөө аж ахуйн сайд)
- Н.Цэрэнбат (Байгаль орчин, аялал жуулчлалын сайд)
- Н.Оюундарь
- Б.Ундармаа
- Т.Солтан
- А.Сүхбат
- Х.Болорчулуун
- Н.Учрал
- Б.Жавхлан
- Л.Энхболд  болон 
МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар энэ сангаас өөрсдийн хамаарал бүхий этгээдэд зээл авахад тусалжээ. Хамаарал бүхий этгээд гэдэг нь дээр нэр дурдсан нөхдийн гэр бүлийн эзэмшдэг буюу эсвэл хувь эзэмшдэг аж ахуйн нэгж гэсэн үг. 

Ил гарсан нь эд нар болохоос биш нийтдээ 30 гаруй УИХ-ын гишүүд дээрх сангаас хүртсэн сураг байна. ЖДҮ дэмжих сангийн зээл хариуцдаг байсан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, энэ сангийн захирал нарын 4 хүнийг АТГ (Авилгатай тэмцэх газар) баривчилсан байна.

За одоо жаахан логик шинжилгээ хийх гэж үзье. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч өөрөө гүйцэтгэх засгаа (Засгийн газраа) толгойлоод явна. Энэ нөхрийн багийн бүрэлдэхүүнд  салбар хариуцсан сайд нар ажиллана. ЖДҮ -ийг дэмжих санг хариуцсан яамны сайд ба тэр сангийн захирал нь  өөрсдийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгжид бага хүүтэй зээлийг тус сангаас авахад нөлөөлжээ гэж бодъё. Өөрсдийнхөө компаниудад авчээ гэж. Нэг талаар тэд нарын компаниуд  олон биш учраас тэд нарт очих мөнгө харьцангуй бага байна. Нөгөө талаар өөрсдийнхөө албан тушаал, давуу байдлаа ашиглаж ийм үйлдэл хийсэн эдгээр хүмүүс хэрвээ баригдвал хоолноосоо сална гэдгийг мэдэж байгаа учраас тийм үйлдэл хийх эсэх нь их эргэлзээтэй. Тэдний амьдрал, ажлын ирээдүйтэй холбоотой асуудал учраас ийм үйлдэл хийхээсээ өмнө нэгийг бодож хоёрыг тунгаах нь гарцаагүй.

Хэрвээ Ерөнхийлөгч гүйцэтгэх засагаа толгойлдог  болчихвол УИХ-ын гишүүд хутгалдаж чадахгүй болох учраас дээр нэр дурдсан УИХ-ын гишүүд болон нэр нь ил болоогүй гишүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж компаниуддаа зээл авах боломжгүй болох  юм. Тэр хэмжээгээр буруу хүмүүст очоогүй мөнгө чинь зохих эзэддээ, очих газартаа очих болно. Ийм хувилбараар бодоход л ЖДҮ-сангаас олуулаа хулгай хийх боломжгүй гэдэг нь харагдаж байгаа биз? 2-3 хүн хулгайлах, 20-30 хүн хулгайлах хоёрын дунд мөнгөн дүнгийн  маш том зөрүү гарна  л даа. Бүдүүн тоймоор буюу бүдүүлгээр хэлбэл, Парламентын засаглалтай үед олуулаа их хэмжээгээр хулгайлдаг бол Ерөнхийлөгчийн засаглалтай бол хулгайчын тоо маш хязгаарлагдмал буюу цөөн байна гэсэн үг. Хамгийн гол нь Парламентын засаглалын үед олуулаа хулгай хийсэн ч хэн ч хариуцлага хүлээдэггүй бол Ерөнхийлөгчийн засаглалтай үед хулгай хийсэн ганц хоёр этгээд хариуцлагаа хатуу хүлээх (шууд ажлаа өгч гудамжинд гарна) учраас тийм хэрэг хийж зүрхлэх нь магадлал маш бага юм. Ерөнхийлөгч ажлаа толгойгоороо хариуцдаг учраас өөрийнх нь нэрийг баастсан хэнийг ч өршөөхгүй. Парламентын засаглалтай үед Бүгд л зээл авдаг шд гэж хэлээд хээвнэг зогсож чаддаг.  Учир нь тэд нартай хэн ч ямар ч хариуцлага тооцож чадахгүй.
Бүх юмаа шилэн болгочих юм бол хэн хэнд юу авч өгсөн гэдэг нь бүгд ил тод болно. Тийм учраас Бат-Үүл баатрын хэлээд байгаа шиг Ерөнхийлөгч нь хав дараад нуух боломжгүй болох юм.

Баатар маань ном их уншдаг гэсэн. Ямар сэдвээр юу уншдаг нь тэр хүний асуудал. Харин аливаа асуудлаар тодорхой байр суурь баримталж байгаа бол байр сууриа хамгаалахын тулд мэдээлэл сайн авсан байх хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр л Парламентын засаглалтай учраас ЖДҮ сангийн хэрэг илэрсэн, харин Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол илрэхгүй байсан гэж цээжний бангаар бурж болохгүй. Тэр тусмаа улс төрч хүний хувьд тун болчимгүй хөнгөн явдал болжээ. Энэ 2 тогтолцооны хэлбэрт сайн талууд ч бий, саар нь ч бий. Гэхдээ Монгол улсад тохирох нь Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг олон хүн ойлгож байна. Тэгээд ч нөгөө шүтээд байгаа Парламентын засаглал нь өнгөрсөн 28 жилд  тохирохгүй гэдгээ харууллаа. Үүнээс илүү ямар нотолгоо хэрэгтэй юм? Зөрүүд бух шиг мугуйдлахаа болимоор юм. Ядаж энэ сэдвээр дагнадаг судлаачдын үгийг сайн сонсох хэрэгтэй. Эрдэмтэн Л.Мөнх-Эрдэнийн сая өгсөн ярилцлагыг энд дарж үзээрэй.





Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө