Хожимдсон ухаарал хэрэггүй

Хоёр засаглалынхаа хэлбэрийг товч харьцуулбал:

Парламентын засаглал

1. УИХ буюу Парламент (хууль тогтоох байгууллага) бүх ард түмний сонгуулиар бүрдэнэ.
2. УИХ хуралдаж Засгийн газрыг (гүйцэтгэх засаг) Ерөнхий сайдын хамт томилно.
3. Ерөнхийлөгч бол эрх мэдэл хязгаарлагдмал, бэлэг тэмдгийн чанартай байна.

УИХ хэмжээлшгүй эрх мэдэлтэй байж, гүйцэтгэх засгийн ажилд биетээр (УИХ-ын гишүүд давхар дээл өмсөж, сайд болж болно) болон бусад хэлбэрээр шууд оролцоно. Ерөнхий сайд ба Засгийн газрыг тааллаараа огцруулж чадна.

УИХ-д олонхи, цөөнх болсон намууд "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" зарчмаар асуудлыг хэлэлцэх биш, хэрэлдэж шийднэ. Ихэвчлэн олонхи болсон намын тал дийлдэг жамтай. Өвчин нь хөдөлбөл олонхи болсон намынхан ч хоорондоо төлхөлцөж ээлжилж хоолонд орох гэж алалцдаг. Үр дүнд нь Засгийн газар тогтворгүй байх (огцрох) бөгөөд сонгуульт хугацаагаа гүйцээхгүй байх тохиолдол олонтаа. Улс орны амьдрал ахуйн асуудлыг хариуцах эзэн олддоггүй.  Ерөнхий сайдаар толгойлуулсан Засгийн газарт  хариуцлага хүлээлгэх гэвэл тэд томилсон УИХ руугаа  заадаг. УИХ-ыг буруутгах гэвэл Ерөнхий сайд руугаа  заадаг. Эсвэл ялсан намын олонхи ялагдсан намын цөөнх буюу сөрөг хүчин рүүгээ  чичлэнэ. Ингээд эзэн олдохгүй замхардаг. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Танхимаараа хариуцлагаа үүрнэ, сонгуулиар дүнгээ тавиулна гэхчлэн хий агаарын юм ярьцгаагаад дүйвүүлээд өнгөрдөг дөө.

Ерөнхийлөгчийн засаглал

1. УИХ бүх ард түмний сонгуулиар бүрдэнэ.
2. Ерөнхийлөгч бүх ард түмний сонгуулиар сонгогдож, Засгийн газраа өөрөө сонгож байгуулна.

Хууль тогтоох ба гүйцэтгэх засаг хоёр бие биенээс хараат бус сонгогдож ажиллана. Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, улс орныхоо амьдрал ахуйн ажлыг хариуцна. Улс орны амьдрал, эдийн засаг муу байвал буух эзэн, буцах хаягтай гэсэн үг. УИХ хууль тогтоох ажлаа дагнах учраас Засгийн ажилд хутгалдахгүй бөгөөд давхар дээлний асуудал гарахгүй.
Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож, Засгийн газраа өөрөө байгуулах учраас УИХ тааллаараа огцруулаад байж чадахгүй. Тийм болохоор Засгийн газар тогтвортой ажиллаж сонгуульт хугацаандаа ажлаа хийж гүйцээх боломжтой.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тунгаавал:


Ер нь бид өөрсдийгөө хэн бэ, ямар хүмүүс вэ гэдгээ таньж мэдэх хэрэгтэй байна. Танихгүй байна! Мэдэхгүй байна! Үнэндээ галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөгөөд байна. Галуу нь барууныхан, хэрээ нь бид нар гээд ойлгочих.
Монголчууд бол товчхон хэлэхэд хатуу гар дор чих нь зөөлөрч, гар нь хөдөлдөг үндэстэн. Ер нь дураараа, сэхлүүн ард түмэн шүү. Хатуу гар гэдэг нь хуучин цагт Хаан байжээ. Мэдээж орчин цагт энэ нь Ерөнхийлөгч байх юм. Цаг цагаараа байдаггүй учраас өнөөгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ерөнхийлөгч хатуу гар байна гэдэг нь дарангуйлагч байна гэсэн шууд утгаараа  биш л дээ. Нэг удирдлагатай , хариуцах эзэнтэй байх ёстой гэдэг утгаар ойлгох хэрэгтэй. Бид нэгэнт ардчилсан нийгэм байгуулахаар сонголт хийсэн тул ардчилалын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө хадгалагдах ёстой. Үүнийгээ Үндсэн Хуулиндаа заасан байгаа бөгөөд засаглалын ямар хэлбэр байхаас үл хамаараад хэвээрээ үлдэнэ.

Бидний ухамсар, соёл, мэдлэгийн цар хүрээ тэлж зохих хэмжээнд хүрч амжаагүй байгаа өнөө цагт тохирох засаглалын хэлбэр бол Ерөнхийлөгчийн засаглал юм. Тэр тусмаа улс төрийнх нь намууд сонгодог утгаараа үзэл баримтлалгүй, бодлогогүй, төлөвшөөгүй нөхцөлд намын үүрэг, нөлөөг түлхүү харуулсан Парламентын засаглалын хэлбэр бидэнд тохирохгүй гэдэг нь өнгөрсөн 30 жилд харагдлаа. Ямар ч байсан тодорхой нөхцөл бүрдэх хүртэл бид Парламентын засаглалыг сонгож болохгүй юм байна. Намуудын төлөвшил түүхий байна гэдэг нь өнгөрсөн жилүүдийн улс төрийн амьдрал харуулсан бол иргэдийн маань ухамсар, соёл бас болоогүй байна гэдэг нь сонгуульд саналаа хэдэн төгрөгөөр зарж байгаа сонгогч түмний маань үйлдлээр нотлогдож байна.  Төрийн түшээ, засгийн түшмэлээр сонгогдсон  "шилдэг иргэд" маань эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөө ашиглаж шуналын тулам болдог жишиг бидний улс төрийн соёл, ёс зүй  ямар түвшинд байгааг давхар  гэрчилж байна. Үүнийг бүгд мэддэг, ярьдаг, үглэдэг, зүхдэг боловч  яавал үгүй болгох вэ гэдэг тухайд ноцтой шийдэл гаргаж чаддаггүй.  Энэ нь эргээд иргэд маань улс төрийн боловсрол огт байхгүй, намууд нь боловсроогүй , түүхий байгаатай холбоотойг баталж байгаа юм.

Тийм учраас бид энэ байдлаа ойлгож, өөрсдийгөө таньж мэдэх цаг болжээ. Эрт цагт бид яаж хүчирхэг болж чадсаны нууц нь  нэг удирдлага дор зангидагдаж, нэг хүн шиг ажиллаж чадсан явдал юм. Нэг удирдлага үгүй  болж, олон толгойтой хэдэн хэсэг болж тасрахын хэрээр хүчин доройтож, бусдын идэш болж байсан түүх бий.
Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэгчидийн нэг инээдтэй тайлбар бол Монголчууд Парламентын засаглалын уламжлалтай байсан гэдэг солиорол. Үүний баталгаа нь Их хурилдай хуралддаг байсан явдал гэнэ. Мөн 9 өрлөг гэж байсан нь нэг ёсны Мини-парламент байсан юм байх. Сайхан дэмийрч байгаа юм шүү!

Их хурилдай бол мөнөөх нэг удирдлагаа (Эзэн хаанаа) сонгох зорилгоор цугладаг байсан язгууртан ноёдын чуулган юм. Тэд хаанаа сонгоод л тарна. Одоогийн Парламент шиг байнга хуралдаад байдаг бүтэц огт биш. Сонгогдсон хаан нь төрийнхөө ажлыг хийгээд явах ба хааны зарлиг бол хууль. Өнөө цагийн сонгуультай ижил төстэй гэж хэлж болно. Хаан нь одоогийнхоор бол Ерөнхийлөгч, сонголт хийдэг  ноёд, хаад нь орчин үеийн иргэд-сонгогчид юм даа. Ингэж харвал харин энэ чинь Ерөнхийлөгчийн засаглалтай төстэй зураг харагдаж байгаа юм биш үү? Ерөн өрлөгийн тухайд гэвэл , өрлөг гэдэг үгийн тайлбар маргаантай байдаг учраас  тодорхой хэлэх боломж муу. Өрлөг гэдэг нь  хааны шадар нөхдийн тухай юм уу, эсвэл өршөөлийн тухай юу гэдэг тодорхойгүй. Есөн өрлөг гэдэг нь 9 шадар хүний тухай байсан гэж бодсон ч гэсэн энэ бол Парламент лугаа адил юм байсан гэж зүйрлэх нь утгагүй юм. Харин 9 шадар зөвлөх байжээ гэвэл ононо. Хаан хажуудаа мэдээж зохих хэмжээний зөвлөгч, туслагч нартай байсан байж таарна.

Эцэст нь хэлэхэд, мэдээж аливаа юм, үзэгдэл  бүхэн сайн ба муу талтай. Үүний адил, бидний хэлцээд байгаа засаглалын хоёр хэлбэр (Парламентын ба Ерөнхийлөгчийн) маань аль аль нь сайн, муу талуудтай. Гэхдээ бидний араншинд, өнөөдрийн нөхцөл байдалд тохирох хэлбэр нь Ерөнхийлөгчийн засаглал гэдэгт итгэлтэй байна. Үүнийг зөвтгөх хамгийн том баталгаа нь Парламентын засаглалын хэлбэрийг сонгоод бий болсон үр дүн нь өнөөгийн бидний байгаа царай. Өөрөөр хэлбэл, үр дүн нь ийм муу гараад байгаа нь энэ засаглалын хэлбэр манайд тохирохгүй юм байна аа гэдгийг л нотлоод байна шүү дээ. Халах хэрэгтэй гэсэн дохио. 30 жил туршлаа, одоо болсон юм биш үү? Тиймээс  одоо нөгөө хэлбэрийг нь (Ерөнхийлөгчийн засаглалыг) сонгохоос өөр гарц алга. Болохгүй байгаа юмыг болно, сайжрана гээд дахиад 30 жил энэ байдлаараа явалтай биш. Болохгүй юм болдоггүй л байхгүй юу! Дахиад 30 жилийн дараа юу ч үлдээ билээ. Өнөөдөр 3 хүний нэг нь ЯДУУ байгаа юм чинь дахиад энэ байдлаараа 30 жил явбал гурван хүний хоёр нь ядуу болох биз. Тэгвэл жинхэнэ гуйлгачдын орон болно доо. Тэр цагт ухаараад хожимдсон байх вий.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө