Путлер ба түүний нөхөд

 

Путлер гэж хэн бэ? Та зөв таалаа. Энэ бол манай хойд хөршийн Ерөнхийлөгч. Дарангуйлагч бодлогоосоо болж дэлхийд ад болж байгаа хүн. Ямар сайндаа л Путлер нэр авах вэ дээ. Нөгөө дөрвөлжин сахалтай Хитлерийн нэрний сүүлийн үеийг нэмчихээр ийм өхөөрдөм нэртэй болчихож байгаа юм. 

Яагаад мань эрийг дэлхий ад үзнэ вэ? Яагаад гэвэл тэр нөхөр бусдын газар нутагт халдсан учраас. Ямар ч тохиолдолд бусдын нутагт халдаж болохгүй. Бусдын нутагт амьдардаг үндэс угсаа нэг хүмүүс нь хавчигдаж хэлмэгдсэн ч гэсэн болохгүй. Украйнд амьдардаг Орос хүмүүсийг хэлмэгдүүлж, бүр алж хядаж байна гэдэг үндэслэлээр Путлер цэрэг хөдөлгөж дайн дэгдээсэн. 

Украйны зүүн хэсэгт байх 2 мужийг (Оросууд голдуу амьдардаг) салан тусгаарлах зорилготой босогчдыг Путлер дэмжиж тэтгэж ирсэн бөгөөд тэр 2 муж нь бүр Украйнаас тусгаар тогтнолоо зарласан гэж байгаа. Луганскийн Бүгд Найрамдах Улс, Донецкийн БНУ гэж 2 "улс"  шинээр бий болов оо. Дайнаа эхлэхээс өмнө Путлер тэр хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Энэ үйлдэл нь дэлхийн чихийг дэлдийлгэв.

Удалгүй мөнөөх 2 улсаас "хүсэлт"  тавьсаны дагуу Putler цэргээ тэр бүсэд орууллаа. Шалтгаан нь тус 2 улсын хүн ам болох Оросуудын эсрэг хядлага явуулж байгаа учраас тэднийг хамгаалж байгаа гэнэ. Мөн Украйныг байлдах чадваргүй болгохын тулд бүх л цэргийн бааз, зэвсгийн агуулах, техник хэрэгслийг нь устгах юм гэнэ. 

Энэ бүхэн бол зөвхөн шалтаг. Путлерт 2 зорилго байсан. Нэгдүгээрт, Украйны салан тусгаарлагч хүчнийг дэмжсэний хүчинд Крымээс гадна Украйны 2 мужийг салгаж авах. Хоёрдугаарт,  Украйныг НАТО-д элсүүлэхгүй байх. Хэрвээ Украйн НАТО-д элсчихвэл "дайсан" хаяанд нь ирж аюултай байдал үүсэх юм байна л даа, Путлерийн санаа нь.

Ерөөсөө дээр өгүүлсэн шалтгаанаар өөр улсад халдах нь яагаад ч зөвтгөж болохгүй үйлдэл. Маш буруу жишиг тогтооно. Жишээ нь, Хятадад амьдардаг Монголчуудыг  (цөөнх үндэстэн Өвөрмонголчуудыг) маань Хан үндэстнүүд ихээр хавчиж гадуурхдаг, хэлмэгдүүлдэг. Шоронд хатаадаг, яргалдаг, хүчээр нутгаас нь хөөдөг,  амь насанд нь халддаг. Сүүлийн үед хятаджуулах бодлогын хүрээнд сургуульд нь  Монгол хэлээр хичээл заахыг хориглож, соёл хэлийг нь устгах алхмаа хийгээд эхэлсэн. Яваандаа манж нар шиг уусгах зорилготой. 

Монгол улс угсаа гарал нэгтэй Өвөрмонголчуудаа хамгаална гээд Хятад руу цэрэг оруулж болох уу? Хүмүүс мэдээж манай улс хүчирхэг байсан бол тэгж цэргээ оруулж болно л гэх байх, гэвч тийм байсан ч болохгүй юм аа. Яагаад гэвэл олон улсын гэрээ хэлэлцээрээр өнөөгийн Монгол улсын хил, Хятад улсын хил баталгаажиж тогтсон юм. Үүнийг үгүйсгэж Хятад руу дайрч ороод, Өвөрмонголыг булааж болохгүй. Хэдийгээр хуучин бидний нутаг байгаад харамсалтай нь одоо өөр улсын мэдэлд очсон ч гэсэн. 

Эсрэгээрээ Ши гуай Монголд байгаа Хятад үндэстнийг хэлмэгдүүлж байна гээд цэрэг оруулбал яах вэ? 

Ийм учраас л  Орос улс Украйнд халдах эрх байхгүй. Тэр улсын газар нутаг, хил хязгаар нь  олон улсын гэрээ хэлцлээр тогтсон, НҮБ-ын гишүүн улс. Крымыг булааж авсан явдал ч мөн адил олон улсын хэм хэмжээг зөрчсөн түрэмгий үйлдэл юм. 

Дэлхий Путлерийн үйлдлийг буруушааж байна шүү дээ. НҮБ дээр Оросын энэ үйлдлийг буруу гэж 141 орон санал өгсөн байна. 5 улс л Оросыг дэмжиж. Эдгээр таван улс нь бүгд дарангуйлагч тогтолцоотой. Хойд Солонгос (Ким), Беларусь (Лукашенко), Эритреа (Афверки), Орос (Путин), Сири (Ассад). 

Монголын төлөөлөл санал өгөхөөс түдгэлзсэн 35 орны нэг. Бид яахав дээ, Оросоос хараат учраас шүүмжлэхээс эмээсэн юм байгаа биз. Хэрвээ дэлхийн 141 улстай ижил санал өгчихвөл Оросууд бензинээ өгөхөө болиод, цахилгаан нийлүүлэхээ зогсоочихно гэж айгаа биз. Хараат улсын зовлон. Ийм байдалд оруулсан үе үеийн эрх барьж байсан луйварчдын балаг. 

Монголчууд энэ дайны тухайд 2 хуваагдчихсан байгаа. Нэг хэсэг нь Путлерийг дэмжээд, Орос ялна гэж орилж байгаа бол нөгөө тал нь энэ дайныг буруушааж байгаа. 

Манай улсын албан ёсны байр суурь НҮБ дээр тодорхой болсон. Хэнд нь тал алдахгүй чимээгүй суух. Харин иргэд бол ямар ч үзэл бодол илэрхийлж болно. Ардчилсан орон л мөн юм  бол энэ нь хэвийн үзэгдэл юм. 

Ихэнх Путлерийг дэмжигчдийн хэлж байгаа зүйл бол Орос манайд тусалж тусгаар тогтнолыг олж өгсөн, Оростой мөнхийн хөрш учраас муудаж болохгүй, тэгвэл бензин тосгүй, цахилгаангүй балрана гэдэг. Түүгээр яваа дайныг дуудлаа л гэнэ. Энэ дээр товчхон тайлбар хийе. Тусгаар тогтнол олж өгсөн гэдэг нь үнэний ор бий бөгөөд Сталин гэдэг хүн дээр яригдах ёстой зүйл. Гэхдээ мэдээж цаад бодол нь ямар байсныг хэн ч мэдэхгүй. Миний бодлоор, мань эр Монголыг буфер улс маягаар байлгах нь дээр гэж үзсэн болов уу? Хятадтай шууд хиллэх нь хүсүүштэй байгаагүй биз. 

Тэгэхээр ямар ч байсан Сталин гэдэг гүрж нөхөрт талархаж явах нь зөв. Гэхдээ Путлерийг дэмжигчдэд хэлэхэд, Путлер бол Сталин биш шүү. Мөн тэр үеийн Орос орон өнөөдрийн Орос хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү. Өнөөдөр манай тусгаар тогтнолыг Орос хамгаалахгүй ээ. Харин  ардчилал эрх чөлөөг эрхэмлэдэг дэлхийн хамтын нийгэмлэг хамгаална.  Хятад манайх руу довтлоход Орос цэргээ оруулж ирээд Хятадтай дайтна гэж бодож байна уу? Горьдоно биз. Тэр хоёр чинь үй зайгүй найзууд болчихсон юм шүү дээ. Их л бодож бичиг шидэлцэж жүжиглэнэ. 

Харин бензинээрээ боож, цахилгаанаа тасалж чангалах байх л даа. Угаасаа өнөөгийн шинэ Орос ингэж өлхөн чадна. Тийм ч учраас манай эрх баригчид НҮБ дээр саналаа өгөөгүй биз. Харин жирийн иргэд нь үзэл бодлоо илэрхийлсэний төлөө дайныг дуудлаа гэж солиордог бол инээдтэй. Тэглээ гээд яах юм, Путлер Монгол руу дайрах юм уу? Монголын иргэд шүүмжиллээ гэж үү?

Ер нь том зургаар нь харвал Путлер том тэнэгтэж, дэлхийг өөрийнхөө эсрэг эргүүлж чадлаа. Үр дүнд нь Орос улс л хохирно. 141:5 харьцаатай ялагдчихаад байна шд. Баруунд нийлүүлдэг ахуйн хий, нефть болон бусад бүтээгдэхүүнээ болилоо гээд Барууныхан сүйрчихгүй аргаа олчихно шд. Харин дэлхийгээс тусгаарлагдсан Орос улс л балрана. 

Путлер ичсэндээ нэг хэсэг дайтаж Украйныг үнс болгох биз, гэлээ гээд ямар ч ашиг олохгүй, дайны төлбөрт л унана. Нэр нүүрээ шавхайтай хутгаад Оросын улс төрөөс эсвэл шившигтэй зайлуулагдана, үгүй бол алуулна. Хэзээ вэ гэдэг л байна. Оросын ард түмэн саран дээр тусдаа амьдрах сонирхолгүй байлгүй дээ. Дээр нь Хойд Солонгос шиг амьдралыг хүснэ гэж үү? Цаг хугацаа удахгүй харуулна.    

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө