Бидний явдал ба Орос, Украйны дайн

Бүтэн жил ийшээ оролгүй өнжжээ. Энэ хооронд элдвийн л юм болж. Өвөлжилт санасаныг бодвол дулаахан болж, урин цаг дөхсөөр. Цэргийн баярын өмнөх өдөр бөхийн барилдаан зурагтаар гарч байна. 

Монголын өдрүүд адал явдал дуулиан шуугианаар дүүрэн. Ужиг болж дээ. Сүүлдээ тоож байгаа ч амьтан алга болж байх шиг. ЖДҮ сангаас дээдэс ноёд бүгд шахуу л зуу зуун саяар нь зээл нэрээр бага хүүтэй мөнгө хуссан нь ил болж баахан шуугиад намжиж байтал Хөгжлийн банкнаас бас манай хэзээ ч ханаж цаддаггүй ноёд бүр тэрбумаар  цусалсан нь илэрч бөөн шуугиан. Гэвч манайхан л болсон хойно хэсэг шуугиад намжиж байх шиг. 

Дараагийн "гоё гоё" үйл явдлууд залгуулан биднийгээ баясгасаар. Нэгэн дунд сургуулийн гавъяат багш эмэгтэй сурагчдаа зоддог нь илэрч бөөн дуулиан. Энэ хэрэг мартагдаагүй байхад залгаад Монголын Залуучуудын Холбоо (МЗХ) архины эсрэг тэмцэж байгаа нэрийн дор хэдэн шил архи задлан газар асгаж идээний дээжээ хүндэлдэг ард түмний "дургүйг"  хүргэж шуугиулав аа. Удахгүй 2 мянган ширхэг лонх архиийг талбай дээр асгаж үзүүлнэ гэнэ. Архийг жигшээж байгаа юм байх. 2 мянган лонх архийг хэдэн төгрөгөөр авах билээ? Овоо хэдэн сая төгрөг болно биз? Зүгээр л асгачихаж байгаа юм, гэхдээ хоёр сайн тал байнаа. Нэг сайн тал нь Сүхбаатарын талбайн нэг хэсэг газар угаагдаж ариутгагдах бол нөгөө нэг сайн тал нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд хөөрхөн орлого оруулчихаж байгаа юм. 

Гэвч тэглээ гээд бидний улс  архийг жигших үү? Өнөө цагт чинь архи өөрөө бидний ам руу автоматаар ороод уугдчихдаг болсон шүү дээ, тийм биз? Тиймээс бид биш архи буруутай учраас ингэж асгаж, устгаж шийтгэдэг нь нэг бодлын зөв ч юм шиг. Манай ухамсар сайтай иргэд энэ сайхан үйлийг дэмжиж тус бүрдээ нэгээс доошгүй шил архи дэлгүүрээс аваад тэр дор нь задалж бахархалтайгаар асгана гэдэгт итгэж байна. 

Нөгөө НЭГ тэрбум мод тарина гэсэн Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмждэг шиг. Еөк маань Америкт очиж талийгч Аннантай "уулзчихаад", дараа нь НҮБ-ын индэр дээрээс бидний улс 1 тэрбум мод тарина гээд амлачихсан юм билээ. Одоо ямар амнаасаа буцалтай биш, зүтгүүлэхээс өөр яахав. Бид ч дэмжээд л байгаа. Сая мань эр бас архитай дайн зарласаныг яруу алдарт МЗХ дэмжиж архийг устгацгаая хэмээн өөрсдөө үлгэрлэж үзүүлсэн нь тэр юм. Одоо манай архи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлээд л, бид нь дэмжиж худалдаж авангуутаа устгаад л байхаас яахав. Ингээд байхаар чинь архийг нэг нүдээр ч үзэж чаддаггүй болдог юм байгаа биз дээ, тэнэг л биш бол? 

Дайн гэснээс бидний улс Орос, Украйн хоёроос болж хоорондоо талцаад жаахан тиймэрхүү л байна. Уг нь аль алинд нь тал засаад 20, 20 мянган хонь өгчихсөн бол зүгээр л байгаа юм, гэвч тэгэхгүй бололтой. Шударгыг бодвол Оросыг буруутгаад, Украйныг дэмжмээр ч юм шиг. Бидний гуравдагч хөрш болох Барууныхан маань Украйныг дэмжээд байгаа. Гэтэл Украйнд тал заслаа гээд Оросууд бензинээ өгөхөө больчихвол бидний улс морио унахаас өөр аргагүй болно. Морь унаж сурах асуудал гарна даа. Оросыг дэмжвэл нөгөө Барууны хөршүүд маань гомдоод KFC, Pizza Hut, Rio Tinto бүгд гараад явчихна. Ацан шалаанд орохтой адил юм болоод байх шиг. Чимээгүй сууж байхаас өөр замгүй бололтой. НҮБ дээр санал хураахад манайхан саналаа өгөхөөс түдгэлзсэн юм гэнэ лээ. Албан ёсны байр суурь гэвэл энэ нь ч зөв байх, харин албан бусаар иргэд, байгууллагууд бол үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй шүү дээ. Ардчилсан л орон ухаантай юм бол. Тэглээ гээд тэднийг ад үзээд байх шаардлагагүй. Тэдний байр суурь энэ улсын албан ёсны байр суурь болохгүй л дээ. 

Иргэд маань хоёр талцсан гэдгийг цахим ертөнцөөр аялбал бэлээхэн харж болно. Иргэн миний байр суурь бол Оросыг буруутгадаг талтай өнгө ижил. Яагаад? Путин хэлэхдээ, Оросын энэ алхам бол Оросын тусгаар тогтнолыг хамгаалж байгаа явдал гэжээ. Уг нь Орос нь Украйнд халдаад байгаа биш бил үү? Украйнд амьдардаг Орос үндэстний эсрэг Киев алан хядах ажиллагаа 8 жил явуулж, олон мянган Оросуудыг алсан юм гэнэ. Их л тоо дуулдана лээ. Би гайхаад байгаа юм. Найман жил тэр бүсэд (Донецк, Луганск) амьдардаг иргэд (Оросууд) байшингийн доод хонгилд  байрлаж, олон арван мянгаараа хядуулж байсан гэхэд үнэмшил муутай. Яахаараа ч дэлхий энэ тухай огт мэддэггүй байсан  юм? 

Ер нь яаж ч бодсон "том биетэй" нь "давжаа биетэй" нэгнийгээ хүчирхийлээд байж болохгүй л дээ. Ямар ч шалтгаантай байсан гэсэн халдаж болохгүй. Украйн Орос улсад халдаагүй. Украйнд амьдардаг Орос үндэстнүүд гадуурхагдаж хохирсон байсан ч үүнийг тайван замаар шийдэх ёстой юм. Орост энэ боломж бүрэн байсан. Юуны төлөө НҮБ-д онцгой статустай улс билээ. Украйны энэ үйлдлийг дэлхийд илчилж, цээрлүүлэх ёстой байсан юм. Украйн ганцаардаж, дэлхийд гадуурхагдаад ирэхийн цагт элдэв хориг, эдийн засгийн шийтгэл амсаж, юун НАТО-д элсэхтэй манатай юм болох байлаа. Украйн, Орос хоёрын байр нь солигдох байлаа гэж. Одоо бол Орос дэлхийд гадуурхагдаж, Украйн Барууныхан болон бусад олон орны  хайрыг татаж байна.

Хэрэв би андуураагүй бол НҮБ-аас Оросын түрэмгийллийг буруушаасан шийдвэрийг дэмжиж 141 орон саналаа өгсөн бол Оросыг оруулаад 5 улс л эсрэг санал өгсөн байх юм. Санал өгөхөөс түдгэлзсэн 35 орны тоонд алдарт манай улс орсон билээ. Оросыг дэмжиж санал өгсөн 4 орон бол Беларус, Хойд Солонгос, Эритриа ба Сири юм.   Эритриа бол Этиопоос салж тусгаар тогтносон, дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг юм. Африкийн "Хойд Солонгос" гэдэг хочтой, дарангуйлагч тогтолцоотой, хүн амаараа манайхтай адил (3.5 сая) улс. Хятад, Куба мэтийн Оросын "дотны найзууд"  хүртэл саналаа өгөхөөс түдгэлзсэн гэжуга. 

Ийнхүү дэлхий нийтээрээ  Оросын түрэмгийллийг буруушааж байхад манай олон иргэд "Орос ялна" , "Путин бол агуу удирдагч" , "Орос орон шударга ёсны төлөө тэмцэж байна" гэхчлэн дэмжицгээх нь үнэхээр гайхамшиг! Дэлхийг хамтдаа сөрөх гээд байгаа бололтой. Тэгвэл өнөөдөр дэлхий хавтгай болсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Бусдаас хамааралгүй ямар ч улс хэвийн оршин амьдрах хэцүү болсон цаг. Манайхан уг нь үүнийг мэдэхийн дээдээр мэдэх ёстой. Эрээний хил хаагдахад л манай барааны хангамж  юу болдог билээ?

Барууныг, ялангуяа Америкийг үзэн ядагчид маш олон байна. Гэвч яг үнэндээ бүгд л Баруунд гарч сургуульд суралцах, амьдрах, ажил хийх, Барууны гаралтай эд зүйл өмсөх эдлэх донтой. Буруутгах ч аргагүй, яагаад гэвэл тэр Баруун чинь дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа юм шүү дээ. Тэнд л хамгийн сайн боловсрол олгодог. Бүгд л Америк, Баруун руу тэмүүлдэг. Барууны үй зайгүй түншүүд болох Япон, Өмнөд Солонгос руу бас үхэн хатан зүтгэнэ. Уг нь хамсаатнуудыг нь бас "хялайж" харах ёстой юм шд. 

Америк, Барууныхан олон оронд дайн хийж сүйтгэж байсан гэж шүүмжлэнэ. Мэдээж бүгд л алдаа хийсэн,хийдэг. Том гүрнүүд өөрсдийнхөө ашиг сонирхлыг тогтоох гэж элдэв "хэрэг тарьдаг". Орос ч мөн адил. Афганистанд Оросууд ч орсон, Америкчууд ч орсон. Бие биенээ муу хэлэх юм байхгүй. Гэхдээ яг одоогийн болж байгаа дайны тухайд гэвэл Оросууд бусдын нутгаас тасдаж авч байгаа нь зүгээр нэг нөлөөгөө тогтоох гэсэн үйлдлээс бүр хэд дахин илүү гэмт хэрэг болоод байгаад л гол ялгаа нь байгаа юм. Крымийг булааж авсан, одоо тусгаар тогтносон гэгдэх Луганскийн БНУ, Донецкийн БНУ-ын хүсэлтээр гэж шалтаглан эдгээр бүсэд нэвтэрч  ороод бүр цаашлаад Украйны нийслэл Киев рүү довтолж байна.  Киевийг эзлээд төрийн ордных нь дээр Оросын туг намируулах юм уу? Орчин үеийн жинхэнэ түрэмгийлэл мөн биз? Оросуудын гол зорилго нь Донецк, Луганск мужуудыг Орост буцаан нэгтгэх (энэ хоёр улс гэгч нь яваандаа Орост нэгдэх хүсэлтээ гаргаад л нэгдчихнэ шүү дээ, амархан), мөн Украйныг НАТО-д элсүүлэхгүй байх явдал юм. Даанч энэ зорилгоо хүчээр шийдэх гэж оролдсон чинь бүтэлгүйтээд, дэлхийг өөрсдийнхөө эсрэг болгочихлоо л доо. Оросын ард түмэн үүнийг удаан тэвчихгүй нь мэдээж. Путин өөрийгөө авслах юмаа өөрөө хийлээ дээ. Хэзээ тэсрэлт болох вэ гэдэг л байна.  

Манай соошил дээр цэцэрхдэг мэргэн жараахайнууд адаглаад бяцхан тархиа ажиллуулж үзмээр юм. Өөр дээрээ жишээ авч бодох хэрэгтэй. Баянөлгийд манай улсын үндэстний цөөнх болох Казахууд амьдардаг. Монгол Улсын иргэд мөн биз? Ялгаагүй Донецк мужид амьдардаг Оросууд мөн Украйн улсын иргэд. Тэд хавчлаганд өртөж, гадуурхагдаж, хэлмэгджээ. Манай Казахууд мөн ийм байдалд орсон гэж бодоё. Тэгээд тэд үүнийг эсэргүүцэж,Баянөлгийг тусгаар тогтносон улс хэмээн зарлаж, зэвсэглэн бослоо гэж бодоё. Манай Еөк зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хүн бол  цэрэг армиа хөдөлгөдөг гэдгийг маш сайн мэддэг учраас бослогыг дарахаар цэрэглэн давшлаа гэж бодоё. (Өөрөө Саарал ордноос армиа шууд цахимаар удирдана шд). Тусгаар тогтносон Баянөлгийн Бүгд Найрамдах Улс хүчин мөхөсдсөн учраас Казахстан улсаас тусламж хүслээ. Ерөнхийлөгч Токаев ах дүү Казахууддаа туслахаар армиа хөдөлгөлөө. Ингээд дайн эхлэнэ. Бусдын дотоод хэрэгт оролцож, армиа Монголын нутаг дэвсгэрт оруулсан Казахстаны үйлдлийг дэлхий буруушаана. 

Зүй нь Казахстан энэ асуудлыг НҮБ дээр аваачиж дэлхийн сонорт хүргэснээр Монголд хэлмэгдээд байгаа Казахууддаа туслах боломжтой  байсныг ашиглаагүй дайн өдөөснөөрөө буруутна. Яг одоо Орос буруутаж байгаа шиг. Хэрэв тэгсэн бол Монгол дэлхийн өмнө буруутаж, лалын шашинт цөөнхөө хэлмэгдүүлсэнийх нь төлөө бусад орнууд нүүрээ буруулж, Монголыг эдийн засгийн хувьд  цээрлүүлэх болно. Ингэвэл Монгол улс, Монголчууд л хохирно.

Өнөөдөр 21-р зуун. Дэлхийн улсууд бие биенээсээ хамааралтай болохын сацуу үзэл бодол,зарчим дээрээ ижил байр суурьтай орнууд нэгдэж бүлэг байгуулж, хамтран байр сууриа хамгаалах болсон. Хэдийгээр дэлхийн халуун ба хүйтэн дайны үр дүнгээр эсрэг тэсрэг эвслүүд бий болсон боловч асуудлыг дайны аргаар бус, тайван замаар шийдэхийг эрмэлзэх болсон юм. Варшавын гэрээний улсуудаар гол цөм нь бүрдсэн социалист систем задарч, Барууны гэгдэх НАТО эгнээгээ тэлсэн. Социализм, коммунизмын цөм болсон ЗХУ задарсан ч өнөөгийн Орос оронд коммунизмын сүнс амь бөх оршсоор байгаа нь НАТО эвслийг хадны мангаа гэж үздэг үзэл хэвээр байгаагаар нотлогдоно. 

НАТО биднийг тойрон бүчиж, бидэнд  аюул заналхийлж байна гэж шөнө ч унтаж чадахгүй цочин сэрнэ. Иргэд нь ингээд ойлгочихсон. Ойлгуулчихсан гэж хэлбэл зохих байх. Ийм ойлголт тархиндаа суулгачихсан иргэд Ерөнхийлөгч Путиныгээ дэмжин уухайлна. Дэлхий дээр бид ганцаардсан ч гэсэн өөрөө өөрсдийгөө тэжээчихэж чадна гэж бардамнана. Ингээд 20-30 жилийн дараа ямар байхыг төсөөлөхөд амархан. Орос орон хөгжих биш, харин доройтсон байх болно. Үндсэндээ цөмийн зэвсгээс өөр харуулах юмгүй, буурай улс л болж хувирна. Сүүлийн үед их сүжрээд байгаа Хятадыг түшиж,  дотносох гэх нь мэдээж, гэхдээ цаадуул нь зөрүүлээд нутаг дэвсгэрийн маргааныг өөртөө ашигтай шийдэхийг тулгана. Орос орон Хятадаар дүүрнэ. Яваандаа Хятадад залгиулах ч аюул тулгарч мэднэ. 

Үнэндээ НАТО Орос руу дайрах ч үгүй, харин Оросуудыг дайрах вий гэж л сэрэмжилж, байнгын бэлэн байдалд байдаг нь ойлгомжтой. Орос улс бол амь тавьж байгаа Коммунизмын цөм, шархадсан баавгай юм. Хилэгнэх юм бол эцсийн хүчээ шавхан дэлхийг өөртэйгөө хамт сөнөөж мэдэх аюултай араатан гээд л ойлгочих. Путин сая цөмийн зэвсэг ч ашиглахаас буцахгүй гэдгээ битүүхэн ойлгуулж байх шиг. Ийм л аюултай. Оросыг дэмжээд байгаа дээр дурдсан 4 орныг л харчих. Таарчихсан таар шуудайнууд. Өнөө маргаашаа яах дээрээ тулсан, буланд шахагдсан амьтад.  

Орост хайр зарлаад байгаа манайхны өөрсдийгөө зөвтгөдөг нэг зүйл нь Оросууд манай тусгаар тогтнолыг баталгаажуулж, бусдаар зөвшөөрүүлсэн буянтан гэдэг ойлголт. Сталинд буян санах ёстой гэнэ. Яахав, 2-р дайны үед бидний улсын үзүүлсэн өчүүхэн тусламжийн ачийг санаж гэхээсээ илүүтэйгээр Хятадтай шууд хиллэхгүй гэсэн хашир санаа байсан байж болох. Монгол улсыг  буфер улс байлгавал Орост хэрэгтэй гэж. Мэдээж, хөндлөнгөөс харахад тусгаар улс мэт боловч ачир дээрээ Оросын түүхий эдийн бааз л байсан биз дээ? Сахалт Гүржийн ач тус байсан гэдгийг огт үгүйсгэх гэсэнгүй, харин өнөөгийн Оросын араншинг тэр Гүржид ач санаж зөвтгөж боломгүй. Бидний улс Оросыг "ах" л гээд байдаг, гэтэл ах маань "дүүдээ"  хэр хандаж ирсэн билээ? Ялангуяа шинэ Оросууд. Бидэнтэй хийдэг наймаа арилжаан дээр их л шударга бус ханддаг гэж дуулдах юм. Доог тохуу хийж, онигооны гол дүрд тоглуулдаг л гэлцэх юм. Ер нь Баруунаас дутахгүй арьсны үзэлтэй улс болсон юм биш үү? Нацистууд цэвэр Ари үндэстэн гэж нэг юм зохиогоод Герман хүн биш л бол доод ангилалд оруулдаг байсантай адил үзэгдэл Орост ханхлах болжээ.  Оросууд дээд зэрэглэлийн үндэстэн, бусад нь бол 2-р зэрэглэлийнх гэж үздэг тухай нэг Украйн ярьж байх юм. Украйныг тэгж байгаа юм чинь бидний улсыг бол сармагчин гэдэг биз. Цагтаа бидэнд татвар төлж байсан гөлөгнүүд шүү дээ, уг нь.

Цагийн юм цагтаа болоод өнгөрсөн. Тухайн цаг үеийн хандлагаар өнөөгийн байдлыг дүгнэж болохгүй. Бидний улсын тусгаар тогтнолыг зүтгүүлж чадсан гавъяатай гэж тахин шүтэх ёстой юм бол Монголчуудын буянаар Оросууд нэгдэж нэг улс болж чадсан юм шүү гэж  тэд бас бидэнд талархаж явах учиртай. Тийм учраас өнөө цаг үед тэр цагийн юмыг авчирч авцалдуулах хэрэггүй. Сталин тэгсэн учраас бид Оросыг л дагах ёстой гэж мунхрах хэрэггүй л гэж. 

Коммунизмын сүнс даанч хүчтэй байна л даа, тэрнээс биш Оросын ард түмэн зовлон үзсэн учраас тэсэрч чадах л хүмүүс. Дэлхийд өөрсдийг нь ганцаардуулж, муухай харагдуулж, үзэн ядуулахад хүргэж гай болсон энэ "П" гэж хараамаар "П" үсгээр эхэлсэн дарангуйлагчаа солихоос нааш Оросуудыг наашаа гэх амьтан байхгүй. Оросын ард түмэн сонголтоо хийх цаг удахгүй ирэх болтугай!



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө