Ротшилдийн тухай үлгэр

 


Ротшилдийн үлгэр үнэн гэдэгт итгэгсэд эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгээс эхлээд зөндөө байх. Тэд "АНУ-ын либерал ноёрхлыг"  бас шийдэмгий эсэргүүцэгчид. АНУ-ын либерал ноёрхол гэдэг нь Монгол дахь Оросын элчин сайд Азизов гэгчийн үг юм. Тэрээр элчингийн цахим хуудаснаа Монголчуудыг ийн нэрлэж, анхааруулга тавьсан бөгөөд үүнийхээ төлөө манай Гадаад яамнаас эсэргүүцлийн ноот бичиг авсан тухай ид шуугиж байна. Дайныг эсэргүүцэж, Украйныг дэмжигчдийг ингэж цоллож уураа гаргадаг үнэн жижиг коммунист аж. За энэ тухай ингэсгээд орхиё.

Барууныг болон Америкийг үзэн ядагч  коммунист хэвээрээ байгаа олон Монголчуудын тухай энд хөндөнө. Дээр дурдсан Ротшилдийн үлгэрт итгэгсэдийн тухай. 

Ротшилд гэж бодит хүн байсаан. Еврей хүн. Германы Франкфуртээс гаралтай. Товчхондоо, Майер Ротшилд гэгч нэгэн сүүхээтэй Еврей 1760-аад онд банкны бизнес хийж мөнгө хүүлж овоо баяжсан гэдэг. Тэрээр 5 хүүгээрээ дамжуулан Герман, Австри, Итали, Англи, Францад бизнесээ өргөжүүлж, зарим оронд язгууртны хэргэм ч хүртэж байжээ. 19-р зуунд тэдний гэр бүлээс илүү баяжсан хүмүүс байгаагүй гэдэг. 

Харин дэлхийн 2-р дайны уршгаар ихээхэн хохирч, 20-р зуунд хөрөнгийн хэмжээ нь буурчээ. Өнөөдөр тэд дарс үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бизнес, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, ашгийн бус салбар зэрэгт хүч үздэг юм байна. 

Ротшилдийн гэр бүл ид мандаж байх үедээ Европын 5 оронд (Германыг оруулаад) банкны салбарыг атгаж байсан нь үнэн. Гэвч тэд Америкт салбараа нээгээгүй бөгөөд энэ нь бидний том алдаа байсан гэж тэдний гэр бүлийн нэгэн гишүүн хэлсэн байдаг. 

Эхэн үедээ тухайн үеийн язгууртны адилаар өөрсдийн хамаатан садан дотроо (үеэлүүд) гэр бүл болдог байсан боловч 19-р зууны сүүлээс эхлэн энэ заншил орхигджээ. 

Олон улс дамжуулан банкны сүлжээ байгуулан амжилттай ажилладаг Еврей санхүүчдийн, ялангуяа Ротшилдийн гэр бүлийн, туршлагаас суралцсан еврөй бус санхүүчид өнөөдөр дэлхийн санхүүгийн бизнест давамгайлж байгаа тухай Еврейн Энциклопедиа (Jewish Encyclopedia, 1906) номонд дурджээ. 

Ротшилдийн гэр бүлийн бизнесийн тухай Еврей үндэстнийг үзэн яддаг хүмүүсийн бичсэн үй олон ном зохиолууд бий. Үлгэр домгийн гэмээр зохиолууд. Ямар ч баталгаа нотолгоо байхгүй зүйлүүд. Ийм үлгэрүүдэд итгэгчдийн нэг толгой төлөөлөгч бол дээр дурдсан Т.Баярхүү гэгч юм. Мань хүн арай антисемитист биш биз? Эсвэл зүгээр л нэг гэнэн итгэгч юм болов уу? Аль нь ч байж мэдэх.

Лав л 2 зуунаас илүү хугацаанд Ротшилдийн гэр бүл антисемитистүүдийн гүтгэлэгт өртөж яваа тухай Victor Rothschild - "The Shadow of a great Man" in Random Variables, Collins, 1984 болон Ferguson Niall, "The World's Banker: The History of the House of Rothschild, Weidenfeld & Nicolson, 1998 бүтээлүүдэд өгүүлжээ. 

Иймэрхүү гүтгэлгийн номлол, үлгэрүүдэд ихэвчлэн Ротшилдийн гэр бүл дэлхийн баялгийг эзэмшиж байгаа болон санхүүгийн байгууллагуудыг атгаж байгаа тухай бичсэн байдаг. Эсвэл улс орнуудын хоорондох дайн дажинг дэмжиж байсан, болиулж байсан тухай бичдэг.

АНУ-ын Нью Ёорк хотод байрлалтай Гүтгэлгийн эсрэг холбоо (ГЭХ) буюу Anti-defamation League (ADL) гэх ашгийн бус байгууллага нь Еврей үндэстний эсрэг явуулдаг гүтгэлгүүдийн тухай мэдээллүүдийг  баримтжуулсан байдаг. Үүний дотор Еврейчүүд дэлхийн банкны системийг хянадаг (Ротшилдийн гэр бүл), Wall street-ийг атгадаг, АНУ-ын Холбооны Нөөцийг (Federal reserve) хянадаг, дэлхийн мэдээллийн хэрэгслийг болон Холливүүдийг хянадаг, Барууны засгийн газруудыг хянадаг зэрэг гүтгэлгүүд дурдагджээ. 

Олон зуун жилийн өмнөөс амь бөхтэй явагдаж байгаа эдгээр гүтгэлгүүдийг голдуу цагаан арьст Христийн бүлгүүд, цагаан арьст  үндсэрхэг үзэлтнүүд, цагаан арьст арьс өнгөнийн үзэлтнүүд, хэт барууны үзэл номлогчид, уугуул үзэлтнүүд, хар арьст үндсэрхэг үзэлтнүүд, АНУ ба Европ дахь антисемитик (Еврейн эсрэг) үзэлтнүүд, Украйн дахь Свобода хэмээх ультра үндсэрхэг бүлэг зэрэг этгээдүүдээс гаргадаг юм.

Манайд ч бас энэ антисемитик үзэл оршиж байдгийн тод жишээ нь энэхүү Ротшилдийн үлгэрт итгэгсэд олон байгаа явдал юм. Ямар нэгэн үндэстнийг үзэн ядах нь арьсны үзэлтэн гэж цоллуулах шалтгаан мөнөөсөө мөн. Тэгвэл Монголчууд биднийг гадныхан элдвээр хэлэхэд өрвөлзөөд байх хэрэг алга. Адилдаа адил бус уу? 


 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө