Эх оронч сэтгэлгээ

Эх орон юунаас эхлэх вэ?  Эх оронч гэж хэнийг хэлэх вэ?  Тэнэг хүн л өөрсдийгөө муулдаг гэж үү? Муулах биш юм аа. Үнэнийг л хэлж байгаа хэрэг.
Тамын тогооны үлгэр чинь бидний өөрсөддөө зориулж зохиосон онигоо биз дээ?  Атаач жөтөөч,  эд баялагт шунамхай, амин хувиа хичээгч бэртэгчин зан чанарууд орчин үеийн Монгол хүнийг тодорхойлж байна гээд хэлчихвэл уурлаад сүйд болох  хүн олон байгаа.

Эх оронч хэмээн худлаа цээжээ дэлдсээр байх уу?
Эх оронч байна гэдэг чинь бие биенээ хайрлахаас эхэлдэг юм. Бие биенээ өмөөрөхөөс эхэлдэг юм. Хамтач, элэг нэгтэй байхаас эхэлдэг юм. Дотооддоо бие биенийгээ алж устгаад л, гадаадад байгаа нь бие биенээсээ зугтааж, эсвэл хорлож, эсвэл шулж хохироож байгаа чинь бид эх оронч биш гэдгийг   нотлоод байгаа хэрэг.

Намаараа талцаж, нутаг орноороо бөөгнөрч булагнах , ястан гарал угсаагаараа  биесээ ад үздэг Монголчууд  яаж эх оронч гэж өөрсдийгөө цоллох юм?  Үндсэрхэг үзэл гэдэг чинь Монголд байгаа хужаанууд, эсвэл аль нэг гадаадын цагаан арьстанг муухай харах, айлгах, дээрэмдэхийн нэр биш юм. Арьсны үзэл гаргах бол бүр ч биш. Үндсэрхэг үзэл гэдэг чинь Монгол гэдэг нэр зүүсэн бүхнийг хамгаалах, мандуулах, дэмжихийг хэлдэг юм.
Үндсэрхэг үзэл гэдэг чинь хэрэгтэй цагт Монгол Улсдаа бүхнээ зориулах сэтгэлийг хэлж байгаа юм. Өөрийнхөө хуруунд байгаа алтан бөгжөө аваачаад хандивлаж чадах  сэтгэлийн илэрхийлэл.
Яг л нөгөө Солонгосын иргэд шиг.

Нутагтаа бие биенээ хайрлахгүй байгаа хүмүүс гадаадад очоод яг хайрлаж харагдаач. Залуус нь нэгнийгээ тахир татуу болтол нь гэмтээж зодож байна. Яг л араатан шиг.  Сүрэг чоно хонь барьж байгаагаас ялгаа алга. Зодуулсан нэг нь насаараа эд эрхтэн, эрүүл мэндээрээ хохирч, үүний гайгаар  Монгол Улсад баялаг бүтээх нэгж  хүн хүч  шууд жагсаалаас  хасагдаж, ажил хийх чадваргүй тэжээлгэгч нэгээр нэмэгдэж байна. Ингэснээрээ бид өөрсдийгөө л хорлож, эх орноо чадавхигүйжүүлж байна.

Согтуугаар жолоо барьж байгаа хэн ч гэсэн Монгол Улсын эсрэг дайсагнаж байна гэхэд хилсдэхгүй.  Ухаан бүрэн саруул бус, өөрийнхөө үйлдлийг хянах чадвараа алдсан гэдгээ мэдсээр байж машин барьж байгаа хүн бол Монгол Улсын иргэн, ирээдүй болсон хүүхэд хэн ч байсан хамаагүй санаатайгаар хөнөөх зорилготой явж байгаа этгээд  мөн гэж үзэхэд болно.  Ийм хүмүүсийг эх оронч бус, Монгол Улсад дайсагнагч гэж нэрлэвэл зохино. Учир нь  тэдний дайрч алсан, гэмтээсэн хүний тоогоор Монгол Улсын  хүн хүчний нөөц хорогдож, эдийн засгийн чадавхи суларч байна гэсэн үг.

Гадаадад байгаа нь бие биенээ дэмжихийн оронд харин ч эсрэгээр боож, хаах, хохироох сэтгэлээр ханддаг байна. Солонгост байгаа Монголчууд ядарсан, ажилгүй нэгэндээ ажил олж өгч боломжоороо туслахын оронд бие биендээ 100 доллараар зардаг гэнэ. Тэр хүмүүсийг эх оронч гэж яаж хэлэх билээ? Амьддаа бие  биенээ хайрлая гэдэг чинь их өргөн хүрээтэй ойлголт агуулсан үг шүү.  Монгол хүн Монгол хүндээ тусалсан мэдээ баримт тун ховор байхад гадаад улсад амьдрагч Монгол хүн тухайн улсынхаа иргэдэд (гадаад хүнд) амь насаа дэнчин тавин байж тусалж "од" болсон хэрэг байсхийгээд дуулдах нь сонин.

Эдийн шуналтай наймаачид гэж Монголын эсрэг дайсагнагч бүлэг хүмүүс  олон болжээ. Хужаагаас авчирсан  эд барааныхаа үнийг хэт өсгөн, зарим тохиолдол бүтэн нугалж заран ашгийн төлөө улайрч Монголчуудаа шулна. Тэндээс оруулж ирсэн  хүнсний ногоог Монголынх хэмээн ичихгүй худлаа хэлэн борлуулна. Хятад төмсийг  хар шороонд булчихаад Монгол төмс  хэмээн зарна. Улаан лооль , өргөст хэмхийг мөн Монголд ургасан шинэ ногоо хэмээн ичихгүй сурталчлан зарж эхэллээ гэнэ. Зарж борлуулж байгаа газраа "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" гэсэн уриа хадсан байх юм гэнэ.  Энэ бол үйлчлүүлэгчдийг хууран мэхэлсэн хэрэг учраас О.Магнайд алтан хушуу өргөх хэрэгтэй. Гэхдээ бүр цаад утгаараа Монголчуудынхаа  эрүүл мэндийг  баталгаагүй бүтээгдэхүүнээр   хорлож байна гэсэн үг.  Тэдэнд олж болох ашиг,  орлого л чухал болохоос биш Монголчуудынх нь эрүүл мэндийн аюулгүй байдал чухал биш аж.

Жинхэнэ эх орончийн үлгэр жишээг  хятадууд, солонгосууд, японууд үзүүлж байна.  Эх оронч үзлийг гаднаас хуулж дуурайна гэж байхгүй. Энэ бол эд бараа биш. Эх оронч сэтгэлгээг бид өөрсдийгөө өөрчилж байж бий болгоно. Хүүхдүүдээ багаас нь бие биенээ хайрладаг болгож хүмүүжүүлэхээс эхэлнэ. Хүний өөрийн гэж ялгалгүй харьцаж сурахаас эхэлнэ. Зоосны нүхээр хорвоог харж, мөнгөөр хүнийг хэмжихээ болихоос эхэлнэ. Бие биенээ дэмжиж, ядарсаныгаа тэтгэж хайрлахаас эхэлнэ. Хар муу атгаг санаа, хов жив гэх мэт адгийн шулмын зан араншингаа больж, нэгнийхээ хөлнөөс хойш нь татаж унагахаа болихоос эхэлнэ.  Намчирхаж , нутгархаж, жалга довны, яс угсааны үзэл гаргахаа зогсоож  Нэг Монгол үндэстэн  гэдэг дор нэгдэж ах дүүс болохоос эхэлнэ.  Эвлэлдэн нэгдэхгүй бол Монголчууд  өөдөлж дэвжиж байсан түүхгүй гэдгээ ухаарах цаг болоогүй юу, манайхаан!!! 
 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол