Мөнхгэрэл намчирхаагүй гэж үү?
Б.Түвдэндорж |
Өдрийн сонинд бичсэнээр бол хохирогч залуугийн ээж Тунгалагтуул хэлэхдээ тэр хоёр айлд биш, харин гадаа гудманд таарсан гэж байна. Н.Мөнхгэрэл машинтайгаа согтуухан, хохирогч Б.Түвдэндорж мотоцикльтэйгээ явж байсан гэнэ. Тэгээд тэр хоёр тааралдаж уулзаад л хоёр үг солив уу үгүй юу заамдалцаад авсан юм байх. Машин дотор байсан хүмүүс салгасан боловч Мөнхгэрэл машинаа эргүүлээд л Түвдэндоржийн араас гэнэдүүлж дайрч унагаад дээр нь гарчихжээ.
Хэрэг болсон газар нь зөрөөтэй, хэрүүл болсон шалтгаан нь бас өөр өөр байгаа ч гэсэн болсон үйл явдал нь дээрх хоёр эх сурвалжид бичсэнээр хоорондоо таарч байна. Өөрөөр хэлбэл Мөнхгэрэл гэгч Түвдэндоржийг машинаараа дайрч унагаад дээр нь гарсан бөгөөд хүмүүс машиныг нь өргөж зайлуулж байж ухаангүй болсон хохирогчийг гаргаж авчээ. Дээр нь гарсан хойноо Мөнхгэрэл машинаа бас хойш урагш нь холхиулсан гэж байгаа. Найдвартай гүйцээж алах гэж тэр шүү дээ.
МАН-ын гишүүн Мөнхгэрэл гэгч шалих шалихгүй маргаанаас болж хүний аминд хүрэх гэж оролдох "шизо"-той нэгэн байсан гэж үү? Үгүй байх аа. МАН чинь шилдэгүүдээ л даргаар тавина шүү дээ. Хэрвээ Мөнхгэрэл мэдрэл жаахан муу байсан бол МАН тэр нөхрийг даргаар тавих нь байтугай намдаа ч элсүүлэхгүй байсан. Аймаар олон хэл мэддэг Арго багшийг хүртэл намын нэр сэвтүүлнэ гэж хэлээд намдаа элсүүлээгүй гээд бодохгүй юу.
Тэгвэл тэр нөхөр хөөрхий Түвдэндоржийг цааш нь харуулах болтлоо юунд ингэж үзэн ядав? Миний бодлоор Мэдээ.мн сайтад бичсэн хувилбар илүү үнэмшилтэй юм шиг. Намаараа талцах, намчирхах үзэл хөдөө орон нутагт тахал өвчин мэт дэлгэрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Ямар сайндаа найр хурим дээр хүртэл намаараа хуваагдаж сууж байхав дээ.
Яг ямар учраас ийм хэрэг болов гэдгийг Түвдэндорж биеэ тэнхэрсэн хойно ярьж өгөх биз ээ.
Өдрийн сонин дээр бичсэн сурвалжлагыг уншвал анхаарал хандуулмаар зарим нэг зүйл байна:
1. Булган аймгийн Хишиг өндөр сумын Засаг даргын орлогч Ч.Батдэлгэр утсаар болсон явдлын тухай мэдээлэл өгчээ. Түүний хэлсэнээр бол энэ хэрэгт улс төр ямар ч хамаагүй гэнэ. Хэрэг гардаг өдөр Мөнхгэрэл машинтайгаа архи уугаад явж байж гэнэ. Түвдэндорж мөн мотоциклээ уначихсан халамцуу явж байсан юм байх. Ингээд тэр хоёр тааралджээ. Түвдэндоржийг сургуульд сурч байхад Мөнхгэрэл багшилж байсан юм гэнэ. Тэгээд "багш" нь "шавьдаа" хэлж гэнээ. Битгий архи дарс уугаад ингээд яваад бай гэж. Гэтэл "шавь" нь "багшийгаа" зодчихжээ. Уурласан "багш" нь "шавиа" машинаараа дайрсан юм гэнэ. За нэг иймэрхүү үлгэр шиг юм ярьжээ.
"Багш" нь өөрөө согтуу байж "битгий архи уу" гэдэг сургааль айлдсан гэхэд их л үнэмшил муутай сонсогдоно. Гэтэл "багшийгаа" ингэж хэлэхэд барьж авч зоддог "шавь" байдаг гэхэд бүр итгэмгүй. Хэзээ л архи уусан халамцуу хүмүүс бие биендээ архи битгий уу гэж сургаалддаг байлаа? Тэгэхээр Засаг даргын орлогч Ч.Батдэлгэрийн утсаар хэлсэн зүйл утга авцалдаа муутай байна. Харин ч болсон явдлыг Мөнхгэрэлд ашигтай байдлаар тайлбарлаж, хүмүүст буруу ойлголт өгөх гэсэн оролдлого гэлтэй. Тэрээр цааш нь хэлэхдээ, "Мөнхгэрэл дарга хохирогчийг машинаараа эмнэлэгт хүргэж, бүр тэндээ сахисан" гэжээ. Их гийгүүлж дээ. Бүр тэндээ сахисан гэнэ шүү. Бялдууч, бөгс долоогч нарын хэлдэг үг, ярьдаг яриа. "Мөнхгэрэл дарга" гэчихжээ. Мөнхгэрэл алуурчин гэвэл зохино.
Ч.Батдэлгэр сүүлд нь хэлэхдээ, "Хохирогч өөрөө болсон явдлыг ярьж, "Бидэнд ямар нэгэн өс хонзон байхгүй" гэж хэлсэн" гэжээ. Санаа нь, хохирогч тал гомдол байхгүй гэсэн учраас энэ бол сүртэй хэрэг болгоод байх зүйл биш гэж байгаа бололтой. Нөгөө л бие биенийгээ хаацайлсан, өмгөөлсөн үнэр үнэртэж байгаа биз? Энэ сумын удирдлагад эрүүл хүн алга. Гэмт хэрэг хийчихээд байхад л юу ч болоогүй аятай, өмөөрч зөвтгөсөн юм яриад сууж байгаа удирдлага энэ сумын жирийн иргэдийн төлөө байж чадах уу? Шаардлага гарвал иргэдийнхээ нүүр лүү нулимж чадах улс гэдгээ харуулж байна гэж ойлголоо. Ч.Батдэлгэрийн хэлсэн шиг Мөнхгэрэл, Түвдэндорж хоёр багш шавь хоёр биш гэдгийг хохирогчийн ээж нь хэлж байна. Нэгнийгээ өмөөрөх гэж мяндагтангууд юу гэж ч худлаа ярьж чадах улс гэдгээ энэ мэтээр нотолсоор.
2. Түвдэндоржийн ээжийн хэлсэнээр, Мөнхгэрэл хохирогчийг эмнэлэгт хүргэж өгөхдөө тухайн үед болсон явдлыг харж байсан найзад нь "Түвдэндорж мотоциклээс унаж гэмтсэн гэж гэрийнхэнд нь хэлээрэй" гэж мундагдсан гэнэ. Хохирогчийн багын найз Мөнхгэрэлээс айхдаа хэлсэн ёсоор нь хэл хүргэжээ. Хүн гэдэг ийм муухай амьтан аж. Багынхаа найзыг дайруулчихаад амиа алдаж байхад тэр муу сэтэртэй новшоос айж хэлсэнээр нь ярьж л явдаг! Хэдийгээр сүүлд нь уйлаад уучлал гуйсан гэх боловч Түвдэндорж ухаан ороод болсон явдлыг хэлсэний дараа ингэсэнд гол учир нь байгаа байхгүй юу!
Түвдэндорж ухаан ороод Мөнхгэрэл намайг машинаараа дайрсан гэж хэлэнгүүт нөгөө новш чинь Түвдэндоржийг найзтайгаа зодолдож байхад нь би салгасан ч гэх шиг хачин юм яриад эхэлсэн гэж байгаа. Хохирогч харин ч бие сайтай тулдаа тэсэж үлдэх найдвартай байна гэнэ. Одоогоор тархины бяцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, нуруундаа оёо тавиулсан байдалтай байна. Нарийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Хожим эрүүл мэндэд нь ямар ч үр дагавар илрэх юм билээ, хэн ч мэдэхгүй шүү дээ. Бүхэл бүтэн машин дээр нь гараад нааш цааш холхихоор хэр баргийн хүн тэсэх үү? Тонн гаран жинтэй RAV 4 (Тоёота) жийпээр дээгүүр нь "тонгочихоор" ямар байх нь ойлгомжтой.
Энэ бүгдээс харвал Мөнхгэрэл гэгч тухайн хэргийг үйлдэж байхдаа ухаан саруул байсан бөгөөд тэр ч байтугай хэргээс мултрахын тулд ямар арга зохиож худлаа хэлж байсан нь ил байна. Тэрээр сайндаа хохирогчийг эмнэлэгт хүргэж өгөөд хажууд нь сахиагүй юм. Ухаан оролгүй нас барчихвал мотоциклээс унаж амиа алдсан гэдэг хувилбараар зүтгүүлчихэд гэмгүй үлдэх юм байнаа гэж тооцоолоод үхэхийг нь харах гээд хүлээгээд сахиад байсан хэрэг. Ганц гэрч болох багынх нь найзын амыг барьчихсан, өөрийнх нь машинд сууж явсан хүмүүс мэдээж миний талд гээд бодчихсон байж л дээ. Гэтэл нөгөөх нь үхсэнгүй. Ингээд хамаг төлөвлөгөө баларч Мөнхгэрэл гэдэг МАН-ын "шилдэг боловсон хүчин" шоронгийн хаалга татлаа.
3. Булган аймгийн цагдаагийнхан хариуцлагагүй ажиллаж хэрэг гарсанаас хойш 3 хоног өнгөрсөний дараа Мөнхгэрэлийг баривчилсан гэнэ. ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн байсан учраас бэргээд халдаж чадахгүй байсан юм биш байгаа? Тэгээгүй бол гэмт хэрэг хийчихээд хүний амь дээсэн дөрөөн дээр байхад гэмтнийг барьж саатуулахгүй олон хоног өнгөрөөснийг юу гэж тайлбарлах вэ? Булган аймгийн цагдаа бас намчирхсан байгууллага болоо юу? Тэгсэн бол удирдлагыг нь сольж өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. Бидэнд намчирхдаг цагдаа хэрэггүй. Тэмүүжин сайд Булганы цагдаагийн энэ асуудлыг анхааралдаа авна гэж найдая. Ер нь тэр нөхрийг хотод авчирч шалгах хэрэгтэй. Аймгийн , орон нутгийн цагдаа анх хэрэг гарахад ингэж удаан хөдөлж байгаа юм чинь хэргийг үнэн зөв шалгаж, шүүж чадах уу? Аягүй бол Мөнхгэрэл аймагтаа танил тал ихтэй, хамгаалалт сайтай гээд додигор сууж байж мэдэх л юм. Хэрэв энэ хэрэг иймэрхүү маягаар байцаасан, ялласан, шүүсэн нэр зүүгээд өнгөрөх юм бол шударга ёс энээ тэрээ гэж яриад хэрэг байна уу?
Comments
Post a Comment