МАН-аас ял асууя

Ө.Энхтүвшин
МАН-ын үе үеийн дарга нар, одоогийн  дарга Ө.Энхтүвшинд хэлэх үг байна:
- Танай намаас сонгогдсон сумын Иргэдийн Хурлын дарга Н.Мөнхгэрэл гэгч нутгийнхаа жирийн иргэнийг улс төрийн үзэл бодлоор нь шалтаглан  амь насанд нь халджээ. Машинаар мөргүүлж, дараа нь бас  дайруулсан гэх энэ залуу амьд үлдэх эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Найдваргүй л болов уу.
Та нарын  намын дарга хийж байх өөр өөрийн хугацаандаа  сургаж бэлдсэн "боловсон хүчнүүдийн"  нэг чинь Монгол хүний аминд хүрлээ. Энэ бол анхных нь ч биш, бас эцсийнх нь ч биш.

Та нарын үзэл суртал, тархи угаалтаар цэнэглэгдсэн "хүн-робот" болж хувирсан гишүүд чинь өөрийнхөө намаас бусдыг үнэн голоосоо үзэн яддаг, өрсөлдөгч хүчнээ гадаадын дайснаас ч илүү жигшиж, юу ч хийхээс буцахгүй, товчлуур дарахад ажилладаг машин болж хувирчээ.
Аль 2008 онд сонгуулийн дараа 5 хүн хөөж буудаж алсан алуурчид, тэдэнд тушаал өгөөгүй гэж мэлзэх удирдлагууд нь та нарын бэлдсэн "роботууд" мөн билээ.  Энэ үймээнээр далимдуулж баривчилсан олон зуун залуус, хүүхдийг хоморголж ялласан шүүхийнхэн бас та нарын бэлдсэн "машинууд"  байсан.

Та нарын бэлдсэн "роботууд" орон нутаг дахь эрх мэдлээ ашиглан Ерөнхийлөгчийн илгээсэн элчийг хүртэл хүлээж авахаас цааргалах, зугтах зэргээр элдвээр аашилж, нутгийн иргэдийг хурал цуглаанд нь битгий оч  гэж ухуулж ярьж явсан тухай хэвлэлээр бичиж байна.  Ийм "роботууд" орон нутгийн нэгж, дүүрэг хороодод зохион байгуулалттайгаар бэлтгэгдэж аалзны шүлс мэт сүлжээг үүсгэсэн байгаа гэдгийг олон хүн мэдэж байгаа. Тийм учраас эдгээр бэлдсэн  "роботуудынхаа" хийсэн бөгөөд хийх аливаа үйлдлийн төлөө ТА  НАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ!

Үе үеийн хэлмэгдсэн хүмүүс, 2008 онд алуулсан 5 залуу,  амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа Б.Түвдэндорж нар болон тэдгээрийн гэр бүл садан төрлийнхөн, шударга ёсыг эрхэмлэдэг Монголын бүх  иргэд та нараас ял асуух эрхтэй!  Дараагийн Түвдэндорж хэн бэ? Энэ асуултанд  та нар л хариу өгөх ёстой.

Ө.Энхтүвшин сая болсон МАН-ын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр "МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах эрхгүй" гэдгийг  намын хорооны дарга нартаа сануулжээ. Сануулга авсан намын хорооны дарга нар болон бусад роботууд өрсөлдөгч хүчнийхээ нэг ч гэсэн саналыг үгүй болгох гэж хүний амь хороолоо гэж би ойлгож байна.
С.Баяр 2008 оны сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялна гэж амлаад баахан луйвар хийсний уршгаар үймээн гарч 5 хүнийг нохой мэт буудаж алсан билээ.
МАН-ын дарга нарын арга барил хоорондоо төстэй байгаад гайхах юм алга. Ийм байдлаараа энэ нам оршин тогтнох ёс суртахууны эрхгүй бус уу?

-------------------------------------------------------------------------------------------------------

Болсон явдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе:

Орон нутгийн МАН-ын гишүүдийн дунд сөрөг хүчнээ үзэн ядах байдал хэрээс хэтэрч, хүний аминд хүрчээ-
Гурав хүрэхгүй сая хүн амтай манай улс сүүлийн жилүүдэд хэдхэн намын харъяаллаар бие биенээ ялгаварлан гадуурхах нь ихэсчээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт энэ байдал хэрээс хэтэрч, улс төрийн сонгуульт ажилтай эрхэм нутгийн жирийн нэгэн иргэний аминд хүрсэн байна.

Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө МАН-аас сонгогдсон сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл гэгч тус сумын иргэн Б.Түвдэндоржийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намыг дэмжлээ” гэж түүний эрүүл мэнд, амь насанд халдсан байна.

Болсон явдлыг хохирогчийн гэр бүлийн хүнээс тодрууллаа. Хохирогч Б.Түвдэндорж 21.00 цагийн орчим хойд гудамжинд амьдрах айлаас хөрөөг нь гуйхаар оржээ. Тэгтэл тэр айлд сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл нарын хэд хэдэн хүн мах чанаж идэн, архи уугаад сууж байжээ. Тэд хохирогч Б.Түвдэндоржийг орж ирэнгүүт “Нутгийн хүүхэд наашаа суу. Хэд татчихаад гарна аа. Буян даана шүү” гэх мэт үг унаган архи хийж өгчээ. Яг энэ үед телевизээр АОХН-ийн сайд нарын бага хурлын нээлт гарч, улс төрийн нэр бүхий гишүүд үг хэлсэн байна. Гэтэл иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл “Чи аль намыг дэмждэг билээ” гэж асуужээ. Хариуд нь хохирогч Б.Түвдэндорж “Надад Ардчилсан нам аятайхан санагдаад байгаа. Би саяхан АН-д элссэн. Тиймээс намаа л дэмжинэ” гэж юу ч бодолгүй хариулсан ажээ. Гэтэл сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл “Чи муу нусгай АН-ыг дэмжлээ” гэж Б.Түвдэндоржийг өшиглөж гарчээ. Тэдний дэргэд байсан хүмүүс Н.Мөнхгэрэлийг болиулах гэж хэрдээ ноцолдсон байна. Хохирогч Б.Түвдэндорж ч түүний хөл доороос арай гэж мултраад хаалгаар гарч гүйжээ. Гэтэл Н.Мөнхгэрэл яах ийхийн зуургүй машинаа унаж, хохирогч залуугийн араас ирээд, машинаараа Б.Түвдэндоржийг мөргөж унаган, машиндаа чирч оруулаад Хишиг-Өндөр сумын зүүнтэй давхин одсон байна.


-“Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ыг дэмжлээ” гэж машинаар түүнийг хэд хэдэн удаа дайрчээ-

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Хишиг-Өндөр сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл хохирогч Б.Түвдэндоржийг сумын төвөөс зүүн тийш холгүйхэн хээр аваачин буулгаад, “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-д элсэж, тэднийг дэмжлээ” гэж машинаараа дайрч дээгүүр нь хэд хэдэн удаа гарсан байна.

Хохирогч Б.Түвдэндорж гэх 20 гаруйхан настай энэ залуу өнөөдөр үхэл амьдралын заагт ухаангүй, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт байгаа ажээ. Түүний хэд хэдэн яс хугарч гэмтсэний зэрэгцээ дотуур цус алдалт ихтэй, биеийн байдал хүнд байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Харин Хишиг-Өндөр сумын Иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэлд Булган аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Сэжигтэн Н.Мөнхгэрэл цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө "Би хэрэг болсон талаар юу ч мэдэхгүй байна. Нэг мэдсэн айлын хүүхдийг цус нөжтэй нь хутгасан байсан. Хүмүүс болиоч ээ гэж хашгираад байсан, тэгэхэд сэхээ орсон. Архи уугаад тасарчихсан юм шиг байна лээ" гэхээс өөр зүйл ярихгүй байгаа аж.


Эх сурвалж: www.medee.mn

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол