Шашныг мандан бадруулах уу?

Монголын Хүний эрхийн үндэсний комиссын (ХЭҮК) илтгэлд сүм хийдэд шавилан сууж байгаа, шашны сургуулийн сурагч хүүхдүүдийн эрхийг зөрчдөг тухай өгүүлжээ. Кинон дээр гардаг шиг, лам багш нь бяцхан шавиа гөвшдөг хэвээрээ юм байх. Эцэг эхчүүд нь хүүхдээ ингэж гөвшүүлдэгийг мэддэг  л байлгүй дээ, бодвол.  Лам багш нар шавиа зодож эрхийг нь зөрчихөөс өмнө ээж аав нь мөнөөх хүүхдийг лам болгоно гээд дураараа  шийдээд эрхийг нь зөрччихдөг юм биш үү? Ингэж давхар давхар эрхээ зөрчүүлээд хэцүүдэж яваа хүүхэд цөөнгүй байгаа нь лавтай.

Сера хийдийн банди нар ном хаялцаж байна
Тэр жил Энэтхэгт сургуульд яваад баларч ирсэн нэг хүүхдийн тухай (Өдрийн сонинд бил үү) бичсэн байсныг санаж байна. Энэтхэгт буй  Сера гэдэг  хийдэд шашны чиглэлээр олон Монгол хүүхдүүд сурдаг юм билээ.  Манай буддын шашны байгууллагуудын гадаадад бэлдэж байгаа боловсон хүчин гэх юм уу даа. Энэтхэгийн тэр хийд маш том бөгөөд олон мянган хүүхдүүд (3000) гадаад орноос, түүний дотор Монголоос, очиж суралцдаг юм гэсэн. Нэг хэцүү юм нь бэлгийн дарамт, хүчирхийлэл  бараг уламжлал болсон газар юм гэнэ лээ.

Өглөөний цугларалт (Сера хийд)
Тэр газраас зугтаж ирсэн лам хүүхдийн (одоо тэр нөхөр "хар" болоод энгийн амьдарч байгаа гэсэн) ярьсанаар бол, тэнд лам багш нар болон суралцаж байгаа банди нар бие биенээ эмлэж дур хүслээ хангаж байдаг гэсэн. Лам багш нар нь тус бүрдээ өвөртөлж унтдаг бандитай байдаг гэнэ. Манай Монголоос очсон банди нарыг Түвд банди нар бас айлгаж хүчиндээд байдаг юм гэсэн. Энэтхэг рүү хүүхдээ шашны том сургуульд явуулчихсан, мундаг том лам болоод ирнэ гэж бодож байгаа ээж аав нар хүүхдээ тэнд "эм" болчихсон байгааг мэдэхгүй л сууж байгаа. Хүүхэд нь ч юу боллоо гэж хэлэхэв дээ. Сайн сайхан байна л гэнэ.
Энэтхэгт "ижил хүйстэн" болж байгаа банди нарын хажууд ч Монголдоо саваагаар бөгсөн дээрээ гөвшүүлж байгаа банди нар ч хамаагүй жаргалтай байнаа.

Хоолондоо... (Сера хийд, Энэтхэг)
Ер нь манай эцэг эхчүүд жаахан бодмоор юм. Монголд хуучных шиг ийм олон лам хэрэг байна уу гэж. Учир мэдэхгүй, ухаан суугаагүй балчир үрээ лам нарын эгнээнд шилжүүлэхээсээ өмнө сайн бодооч ээ. Танай хүүхэд лам биш, харин өөрийн дур сонирхолоор дуртай мэргэжлээрээ хожим ямар ч мундаг хүн болох байсан юм билээ гэж. Та нар өмнөөс нь шийдвэр гаргаад тэр жаахан амьтныг орхимжоор ороогоод тавьчихаж байна гэдэг чинь хүчирхийллийн  нэг хэлбэр.
Ардын хувьсгалын үеэр Хүрээнд 100 000 (зуун мянга!) лам сууж байсан юм гэнэ лээ. Бас л том арми байсан байгаа биз?  Энэ олон лам нар  бол ямар ч бүтээл үйлдвэрлэдэггүй, баялаг бий болгодоггүй байсан учраас үнэндээ Монгол улсад ашиг тусаар тун бага "хүний нөөц" байжээ.
Аливаа юм туйлширч, хэтрэхээрээ биш болдогийн жишээ энэ. Одоо манайхан тийм байдал руу дөхөөд байх шиг. Айл болгон хонх дамар дуугаргадаг ламтай болох гээд байна уу даа.

Хүний эрхийн үндэсний комиссоос (ХЭҮК)  нэг сонин зөвлөмж гаргажээ. Сүм хийдэд суугаа хүүхдүүд суурь боловсрол эзэмшиж чадахгүй байгаа учраас шашны сургалттай ерөнхий боловсролын сургуулийг үндэсний хэмжээнд бүсчилэн байгуулах шаардлагатай гэжээ.
Энэ арай хэтэрнээ!   Одоо бүр зориудын бодлогоор шашны сургуулиудыг улс даяар байгуулах болж байна уу?  Шашныг дэлгэрүүлэх нь (эсвэл дэлгэрүүлэхийг зөвлөх нь гэмээр юм уу) ХЭҮК-ийн үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго биш байхаа. Суурь боловсрол олгож  чадахгүй хохироож байгаа бол тэр асуудлыг нь гаргаж тавьж байгаа чинь танай  ажил. Сайн байна гэж магтая. Хуулиараа суурь боловсрол олгох ёстой гэж байгаа бол хуулиа биелүүлэх л ёстой. Хууль зөрччихөөд  элдэв тайлбар тавиад байгаа бол  "мэддэг газар" нь шашны сургууль, сүм хийдтэй хариуцлагаа тооцоод явна биз. Харин  улс даяар шашны сургууль байгуулж, орхимжтой ажилгүйчүүдийн арми бий болгох нь Монгол улсын хөгжилд саад болох хортой  үйл ажиллагаа юм.

Ер нь тэгээд хорионд байсан эд сулрахаараа яадаг билээ дээ? Тэрэн шиг энэ шашин ч мөн адил замбараагаа алдсан даа нэг хэсэг. Юу хэлээд байгаа нь бүү мэд , хэн ч мэдэхгүй Түвд хэлээр дуржигнуулсан баахан лам нар сүрийг бадраагаад л, тэрэнд нь сохроор итгэсэн нэг хэсэг, дүр үзүүлэгч нэг хэсэг нийлээд хөгшин залуугүй хөдөө хотын хэдэн сүм хийдийг гороолоод л, нэмэр болж байгаа эсэх нь туйлын эргэлзээтэй "ном" гээчийг уншуулах гэж хоолныхоо мөнгөнөөс илүүчилж тэнд суугаа сүрийг бадраагч нарын амьдралын баталгааг хангаж буй Монголчууд бид хараад байхад хэзээ ч гэгээрэхгүй мунхаг улс бололтой. Өөрсдөө хоосон шахуу хонож байгаа юм шдээ, хөөрхийс гэж. Тэгээд ч хийморийн сан тавиулаад хийморь  маань сэргээд дэвжээд явчихдаг  бол ч бид өдийд ингэж гундаж явахгүй л байсан байх даа. Хичнээн ч удаа уншуулав  даа, чөтгөр гэж.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол