МАН аваргыг золигт гаргав

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ
МАН-ын Бага хурлаас аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлжээ. Бат-Эрдэнэ аварга улсын наадамд олон жил босоо явсан сайхан бөх. Аварга гарлаа, давлаа гэдэг байлаа.
Урт нэртэй хуулийг санаачилж эх оронч гишүүн гэдгээ нотолсон.

Аварга маань Хадгаламж Зээлийн Хоршооноос  85 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй тухай хэл ам гарч байна. Тэрээр 2004 оны сонгуулийн үеэр "Бүтээн байгуулалт" ХЗХ -оос зээл авчээ. Энэ тухай тус ХЗХ-ы эдийн засагч Пүрэвсүрэн 2006 онд хэлж байж. Саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр  ХЗХ-ын хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга төв" Төрийн бус байгууллагын тэргүүн  Х.Оюунцэцэг  Бат-эрдэнэ аваргыг 85 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй нь үнэн гэсэн байна. УИХ-ын гишүүн Тэмүүжин мөн энэ зээлийн тухай аваргад сануулж байсан байх юм.
Аварга өөрөө хэлэхдээ, би аваагүй, дүүгийнхээ нэр дээр  авсан, надад хамаагүй гэж бултаж байгаа боловч санхүүгийн баримт дээр Бат-эрдэнэ аваргын нэр байгаа аж.

Ингээд энэ хэрэг шалгагдаж байгаа юм байна. Ер нь энэ ХЗХ-ы хэргээр хохирогчдын хохирлыг улсаас төлж барагдуулах чиглэлтэй бөгөөд харин зээл аваад төлөөгүй, барьцааны эд хөрөнгийг үнэгүйдүүлж авсан, хулгай хийж завшсан үйлдлийг илрүүлж хохирлыг нөхөн төлүүлэх юм гэсэн. Аварга маань өрөө төлөхгүй бол асуудалд орох нь дээ. Улс төр  гэгч наадмын дэвжээнээс огт өөр билээ. Нэрээ сэвтүүлсэн бол иргэд маань итгэж Ерөнхийлөгчөөр сонгох болов уу?
Уг нь хашир хүн юмсан. Урьд өмнөхийн асуудалтайгаа мэдсэээр байж өөрийнхөө нэрийг дэвшүүлэхийг зөвшөөрч л байдаг. Бөх хүн бүдүүн өвсөнд тээглээд уначихав уу?

МАН ч энэ удаа ёсыг бодож хэн нэгнийг дэвшүүлж байх шиг. Угтаа бол хэн нь ч байсан одоогийн Ерөнхийлөгчийн өмнө гишгэж чадахгүй гэдгийг мэдэж байгаа. МАН-аас нэр дэвшсэн хүн хожим хойно би Ерөнхийлөгчид нэр дэвшиж байлаа гэж дурсамж номондоо бичих юмтай л хоцрох юм даа. Нэр төрийн хэрэг гэдэг бил үү? Бусдаар бол МАН-аас нэр дэвшигч энэ удаа "золигт гарсан хүн" гэхэд болно.

Аваргыг энэ удаа  МАН "золигт гаргачих" шиг боллоо.  Өөрөө энийг мэдэж байгаа  юм болов уу даа. Хүнийхээ хувьд Ө.Энхтүвшинг бодвол ард түмэндээ нэр хүндтэй хүн. Гэвч ямар нэгэн асуудалд орооцолдсон бол нэмэргүй дээ.
Нөгөө талаар бөх хүн учраас Ерөнхийлөгчид тэнцэхгүй гэж үздэг хүмүүс бас л буруу тийшээ туйлширч байна. Жүжигчин Рейгэн АНУ-ын Ерөнхийлөгч болж л байсан. Гэхдээ Бүгд Найрамдах Нам ноёлж байсан учраас эрх баригчдад саад болж байгаагүй. Дээрээс нь, Ерөнхийлөгчийн ард бүхэл бүтэн зөвлөх баг ажиллаж байдаг учраас ухаантайхан сармагчин байсан ч Ерөнхийлөгч "хийж чадна".

Тийм болохоор одоогийн эрх баригчдын "дайсан" болох МАН-аас Ерөнхийлөгч болчихвол "намчирхаад" байх магадлалтай. Өнөөдөр бид чинь намаараа талцаж хуваагдсан бүлэглэлүүдийн орон болсон гэдгийг сана. Тэгэхээр уг нь эрх барьж байгаа хүчин нь төр, засгийн удирдлагад байвал санаа нэгтэй, хийе гэсэн зүйлээ хамтраад, бие биенээ дэмжээд хэрэгжүүлээд явах боломжтой гэсэн үг. Энэ утгаараа  аль хүчнээс нэр дэвшигчийг дэмжихээ сайн бодууштай. Аль нэг хүчинд төр засгийн эрхийг нь өгөөд даатгасан бол тэр нам хүчиндээ  багаараа ажиллах боломжийг нь өгчихөөд хугацаа нь дуусахаар үр дүнгээс нь хамааруулаад дүнгээ тавьж баймаар байна.

Эс тэгвэл олон нам хүчин холилдсон "цоохор" төр засагтай байх нь эргээд хариуцлага тооцох гэхээр бие бие рүүгээ чихдэг, хамтарсан гэдэг нэрээр бултдаг үзэгдэл давтагдана. МАН ийм аргаар олон ч хариуцлагаас амжилттай бултаж ирсэн. С.Баярын  "гүйлгээ" ухаанаар бий болсон хамтарсан засгийн газрын булхайг хэн хүлээж байна?  МАН-ын хэлдэг зүйл бол, бид дангаараа биш АН-тай хамтарч байсан учраас лайгаа хамт үүрнэ гэдэг. АН болохоор, хамтарсан нэртэй боловч шийдвэр гаргадаг нь олонхи байсан МАН учраас тэд хариуцлагаа хүлээх ёстой гэдэг.

Энэ мэтээр л биенээсээ зайлуулж, дунд нь завсардуулаад өнгөрдөг  байхгүй юу! Оюутолгойн гэрээ, Таван Толгойн нүүрсийг маш хямдаар өөрсөддөө хохиролтой борлуулах гэрээ байгуулж хятадуудаас зээл авсан асуудал, амлалтын баахан мөнгө тарааж "саймширсан" асуудал зэргийг "хамтарч байсан" гэдэг шалтгаанаар  "эзэнгүйдүүлж" байгаа жишээг бид харж байна. Одоо ингэж заваарч болохгүй ээ. Хэн нэгэнд нь эрхийг нь өгсөн бол өгсөн шиг өгөөд, дараа нь үр дүнг нь тооцдог баймаар байна. Ингэвэл  хэн ч гэсэн "бултах" аргагүй болно. Ажлыг нь хийгэчихээд хариуцлагаа тооцдог байя гэсэн санаа.
Тийм учраас л аваргыг  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгомооргүй байгаа юм.  Туялзуур жадны холбооны Ерөнхийлөгчөөр бол харин дуртайяа сонгоно шүү! 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол