Батаар гэртээ ирлээ

Монгол овогтой Батаар
Динозавр Батаар  эх нутгаасаа хулгайлагдаад олон жил янз бүрийн орноор хэсүүчилж явсаны эцэст эх орондоо эргэж ирлээ. Өссөн төрсөн нутагтаа амар тайван "хэвтэж" байтал муу санаатай Монгол гадаад нийлсэн хүмүүс хөөрхий Батаарыг  хулгайлж авч яваад "биеийг нь үнэлүүлэх" зорилгоор боол мэт зарах гэж байсныг нутаг нэгт Болормаа гэгч бүсгүй анх мэдчихээд Ерөнхийлөгчдөө дуулгаснаар аврагдаж байгаа нь энэ. Энэ дашрамд хэлэхэд,  палентологич М.Болормаад болон тээвэрлэж авчрах ажлыг зохион байгуулж онгоцоороо үнэгүй авчирч өгсөн Өмнөд Солонгосын "Кореан  Эир" компани, Туушин компани, Бодь Даатгал,  зэрэг бусад байгууллага хүмүүст баярлалаа!

М.Болорцэцэг (зүүн гар талд) , ССАЖЯ-ны сайд Оюунгэрэлийн хамт
Сайн санаат олон хүмүүсийн хичээл зүтгэлээр Монгол орондоо буцаж ирсэн Батаар маань харин орох оронгүй учраас түр зуурдаа Гаалийн баталгаат агуулахад "толгой хоргодох"  юм байна. Уг нь ирэхээс нь өмнө орон гэрийг нь бэлдчихээд байх санаатай их үзсэн л дээ, даанч бүтсэнгүй. Лениний музейд байрлуулахаар шийдэж байрыг нь бэлдэх гэтэл "эх орон", "тусгаар тогтнол" гэж байнга гоншигонох дуртай МАН гээч улс төрийн нам уг музейн барилгыг "манай өмч" гээд суллаж өгсөнгүй өдий хүргэлээ. Уг нь энэ барилгыг улсын хөрөнгөөр барьсан юм гэнэ лээ. Гэтэл хэдэн онд ч гэнэ үү, шүүхийн шийдвэрээр МАН-ын өмч гэж тогтоосон юм байх.
МАН эрх барьж байсан учраас  тухайн үеийн шүүх ардын намд таалагдах гэж ийм шийдвэр гаргасан байх магадлалтай. Тийм биш бол яахаараа улсын мөнгөөр барьсан барилгыг энэ намын өмч болгодог билээ?

Батаар буцаж ирлээ
Ингээд "эх оронч" МАН  эх оронч бус  сэтгэл гаргаж шүүхээр орон хэрэг зарга үүсгээд явж байна. Тэд нарт Монголын түүх соёлын үнэтэй биет өв (дуудлага худалдаагаар 1 сая америк доллараар зарагдсан эд шүү)  зориулалтын байрлах  байртай байх эсэх нь огт хамаагүй юм шиг.  Тэдэнд Лениний музейн барилгыг элдэв компани байгууллагад түрээслэж мөнгө олж байх нь л чухал бололтой. Бололтой ч юу байхав, тийм л юм байна. Монгол Улсын эрх ашгийг  намынхаа  эрх ашгаас доогуур тавьж байгаа энэ нам үнэхээр "эх оронч" гэж үү?  Лениний музейг өгвөл оронд нь нэг барилга авна гэж  нэхэж байгаа юм гэнэ. Даварна гэдэг чинь л энэ байх. Лениний музей дотор байсан үзмэрүүд бас алга болсон сурагтай. Хэрэв тийм бол алга болгосон МАН  хариуцлага хүлээх  ёстой.

Эх оронч сэтгэлтэй иргэн бүр энэ намын увайгүй байдлыг шүүмжилж, улсын хөрөнгөөр баригдсан Лениний музейн барилгыг элдэв юм нэхэлгүйгээр Монголын ард түмний мэдэлд буцааж өгөхийг шаардах хэрэгтэй байна. Соёл Спорт, Аялал Жуулчлалын Яамны (ССАЖЯ) сайд Оюунгэрэл ганцаараа шаардаад хүч хүрэхгүй нь. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө иргэд маань одоо л жагсаж цугладаг баймаар. МАН-ын байрны өмнө  цуглаж  шаардлагаа хүргүүлж дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй.

Батаарын "цээж зураг"
Зориулалтын бус байранд хадгалах гэж Батаарыг авчраагүй биз дээ? Байнгын орон гэр байхгүй Батаар энд тэнд тэнэж явсаар аягүй бол эвдэрч бутраад, хэмхрээд дуусах вий. Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дээр түр музей барьж Батаарыг иргэдтэй "уулзуулах" юм гэнэ. Яахав, нутагтаа буцаж ирсэнийх гээд нэг удаа ингэж "уулзаж" болох л юм, гэхдээ хойшид байнгын орон гэртэй болгож суурин суулгахгүй бол болохгүй.  Монголдоо орох оронгүй учраас гадаад орнуудаар тэнүүчлэн "биеэ үнэлж" яваа бусад олон үлэг гүрвэлүүд ч гэсэн эх орондоо ирвэл орон байртай болох юм.

Ер нь гадаадад "хар ажил" хийж яваа тэдгээр үлэг гүрвэлүүдийг эх оронд нь  авчирвал гадныхан Монголд ирэх нь ихсэнэ. Одоо бол гадаадынхан нутагтаа үзчихэж байгаа учраас Монголд орох ёстой мөнгө нь тэндээ үлдчихэж байгаа хэрэг. Динозавр бол Монгол бренд. Энэ брендээр бид дэлхийд нэрээ гаргах ёстой. Үлэг гүрвэлийн музей , паркийг үзэх гэж жуулчид гадаад орнуудаас Монгол руу цувдаг  байх ёстой.

Ирээдүйн "Үлэг гүрвэлийн музей"
Энэ бүхэн нь  Лениний музейг зориулалтаар нь  ашиглаж Үлэг гүрвэлийн музей болгохоос  эхлэх ёстой.
Лениний музей удахгүй Батаарын болон түүний хамаатан садан болох бусад үлэг гүрвэлүүдийн  байнга "амьдрах орон сууц"  болж "Динозаврын музей" нэртэй болох болтугай гэж  ерөөе. Динозаврын музей гэхийн оронд  "Үлэг гүрвэлийн музей" гэх нь дээр ч юм уу.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол