Хүн биш болоо юу даа, өнөөгийн багачууд


АНУ-д  дунд сургуулийн сурагчид хоорондоо зодолдож байхад бусад нь зургийг нь авч интернэтэд тавьдаг моод дэлгэрээд удаж буй. Манайх дуурайхгүй байна гэж хаа байхав. Одоо ч тэгээд хүн болгон шахуу утсаараа зураг авчихдаг, бичлэг хийдэг болж дээ. Ухаалаг  гар утастай ухаантай хүмүүс ч их олширч байна.  Сая тэр 54-р сургуулийн 7-р ангийн хоёр охин  зодолдож (зодолдох ч гэж дээ, нэг нь нөгөөгөө зодсон гэвэл таарах байх) байгаа бичлэгийг тавьжээ. Цагдаа шалгаж эхэлсэн гэнэ.

Зодсон охин нь сургуульдаа нэртэй, идэвхитэй сурагч гэнэ. Зодуулсан нь эмнэлгээр яваа юм байх. Үснээсээ баахан зулгаалгаж, гудчуулж, газраар чирүүлсэн болохоор хөөрхий амьтан толгой тархи, хуйх нь нэл өвчин болсон биз. Эмэгтэй зодоон голдуу үсдэлцдэг "стильтэй". Урт үстэй бол ч хэцүү дээ. Банди нар ч ялгаагүй үсддэг өвчтэй. Үснээс зулгаахгүй сайхан нудрагаараа  үзэлцэнэ гэж байхгүй шүү. Одоо үед ч нудрагаа "хайрлаад"  орлуулах юм их хэрэглэдэг моодтой болж дээ. Чулуу, мод, хутга гээд л юу эс мундахав. Гарт дайралдсанаа л шүүрч авна.

Буу зэвсэг чөлөөтэй зардаг АНУ мэтийн улсад бэлэн буу хармаалж явна. Удахгүй Монголд ч хармаандаа "нагаан" хийчихсэн баатрууд олон бий болох биз. Их Хурлын гишүүн байсан Сайхансамбуу, одоо гишүүн байгаа Номтойбаяр зэрэг хүмүүс гар буутай явдаг гэлцэх юм. Магад ч үгүй.
Гаднаас буу, сум оруулж ирэх оролдлого гардаг болсон. Бодвол их өндөр үнээр зарагддаг ашигтай наймаа  болохоор тэр биз. Дээрээс нь манай "маш чухал хүмүүс" утсан чинээ улаан амиа хамгаалахын тулд зэвсэглэж явдаг байх.


Дээр дурдсан зодоон руугаа эргээд оръё. Хоёр юм байна. Нэгдүгээрт, Зодож байгаа нь ямар хэрцгий авирлана вэ?  Эр хүйстэнд бол магадгүй тийм ч их хэрцгий биш харагдаж байж мэднэ. Эр хүний хэмжүүрээр хэмжвэл тэгэх магадлалтай. Харин эм хүний хэмжүүрээр тооцвол  эсрэгээр  түрэмгий догшин талдаа. Тийм л хүмүүжил олж авсан охин байх нь. Хэн тийм хүмүүжил өгөв өө? Нийгэм нь. Одоогийн  нийгэм  хүүхдэд бага балчраас нь эхлээд янз бүрийн "юм" зааж өгдөг. Заах арга нь мэдээж кино, хэвлэл, интернэт.

Хүүхдийн буруу гэж байхгүй. Тэд нар сайн муу бүгдийг нь тусгаж авдаг. Тусгаж авсанаа биеэрээ турших, дуурайх нэг хэсэг байхад бас хэрэгсдэггүй өнгөрөөдөг нэг хэсэг байна. Энд л эцэг эхийн, багшийн үүрэг ямар их чухал байдаг вэ гэдэг нь харагдана.  Энэ хоёр сурган хүмүүжүүлэгч (эцэг эх, ба багш) хүүхдийн цуглуулж, хуримтлуулж авсан сайн муу олон мэдээллээс мууг нь ялгаж салгаж сурах, үл ойшоож  хаях ба сайныг нь үлдээх тухай зааж өгч чиглүүлэх ёстой юм. Энэ үүрэг орхигдсоноос болж "муу" хүүхэд олширч байна.

Залуучууд бие биенийгээ яаж зэрлэг араатан шиг зодож бэртээж байгааг хүмүүс зөндөө л харж   байгаа. Одоо цагт ч  бүр хүний  олноор түрээ барьж хавсайддаг болсон. Нэг хүн нэг хүнтэй,  "махан бодиороо"   үзэлцдэг хуучин цагийн "уламжлал" үгүй болж харин бөөнөөрөө сүрэг махчин шиг дайрдаг болжээ. Өнөө олон хүнд  хайр энэрэлгүй балбуулсан хохирогч эд эрхтэнээрээ хохироод, зарим нь насан туршдаа тахир дутуу болдог. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзээрэй. Бие биенийгээ ингэж зэрэмдэглэдэг энэ ямар араншин бэ?  Монгол араншин уу?  Монголчууд бие биенээ хайрлах сэтгэлгүй болоо юу? Зэрэмдэглэхгүйгээр "зөөлөн" зодож болохгүй юу, залуус аа?

Эр, эмгүй ийм зэрлэг балмад болж байгаа энэ гажгаас яаж салах вэ? Дээр өгүүлсэн 2 сурган хүмүүжүүлэгчийн ажлыг сайжруулах хэрэгтэй. Өөр арга байхгүй. Нөгөө буруутай  хүүхдүүдийг өөрсдийнх нь аргаар шийтгээд ч нэмэр бага байх биз. Тэгээд ч тэр зодоонч охиныг  өөрийнх нь  үснээс нь гудчаад, газраар чирээд явах нь энэ нийгэмд таарахгүй шийтгэл болно. Харин тэр охины оронд  ээжийнх нь үснээс зулгаагаад чирээд явбал "онолын"  хувьд байж болох л шийтгэл. Тэр охин өөрийнх нь ээжийг ингээд тарчлаавал юу гэх бол? Ээжийгээ өрөвдөх болов уу? 

Хүнийг хайрлах сэтгэл, бие биенээ хүндэтгэдэг байх, хэнийг ч гэсэн хүнийх нь хувьд  хүндэлж үздэг үзлийг л эцэг эх нь, багш нар нь хүүхдүүдэд бага балчраас нь суулгаж өгөх хэрэгтэй байна. Өөрийнхөө хүүхдийг буруутай байхад өмөөрч "буруу ханд" өгдөг солиотой зангаа эцэг эхчүүд болиосой. Хүнийг эд хөрөнгө, өнгө зүсээр нь, мөн арьсны өнгө, угсаа гарал зэргээр нь ялгаварлаж ханддаг үзлийг одоогийн нийгэм бий болгож байна. Ялангуяа мөнгийг  хэт шүтэж, мөнгөөр бүхнийг хэмждэг гаж үзэл их давамгайлж байна. Энэ бүхний эсрэг л сурган хүмүүжүүлэгч нар хүчтэй зогсож "сөрөг сурталчилгаа" сайн хийхгүй бол манай хойч үе эвдэрч дууслаа. Нэгэнт эвдэрсэн хүнийг засахад хэцүү. Харин эвдрэхээс нь өмнө зөв залаад өгвөл жинхэнэ  хүн шиг хүн бий болох юм.  Бидэнд хүнлэг хүмүүс л хэрэгтэй.

Хоёрдугаарт,  хоёр охины зодолдож байгаа бичлэгийг хийгээд зогсож байгаа хүүхдүүд  юу бодож байсан бол? Тэдний  хувьд зүгээр л нэг ший жүжиг, эсвэл циркийн үзүүлбэр  байсан юм болов уу? Тийм л байсан бололтой. Учир нь тойроод үзэж байгаа, бичлэг хийж байгаа хүүхдүүд айж эмээсэн, сандарсан, санаа зовсон, болиулах гэж оролдсон байдал огт гаргаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ их зугаатай байсан дүр зураг харагдана. Энэ юуг өгүүлнэ? Иймэрхүү гэмт үйлдэл, зодоон цохион байтугай энэнээс цаадахад нь дасаад дөжирчихсөн учраас энэ хүүхдүүд ямар ч цочрол авахгүй байна.  Гэмт хэрэг, аймшиг, аллага таллага, цуж нөж, алаан хядаан үзээд нүд нь хэр баргийн юманд дальдчихгүй, жижигхэн зүрх нь барагтай бол  дэлсэхээ байчихсан аж.

Ийм "хүнэнцэрүүд" хожим нас бие гүйцээд  ирсэн үедээ жинхэнэ алуурчин, хүчиндэгч, хулгайч, дээрэмчин, янхан, мансуурагч болон хувирах магадлал маш өндөр гэдэгтэй маргаад хэрэггүй. Эдгээр нөхдийн буух  "эцсийн буудал"  бол  шорон юм. Шоронгийн хүн амаа өсгөх гээгүй бол хүнээ багаас нь хүмүүжүүлж зөв хүн болгох ажлаа сайн хийхгүй бол болохоо байжээ гэдгийг анхааруулсан нэг жишээ бол энэ охидын зодоон юм. Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн юм цаана нь болж байгаа нь лавтай. Энэ бүхний хажуугаар нүдээ аниад яваад байвал  хожим бид хүнд байдалд орсон байх вий.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол