ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө

Хадгаламж Зээлийн Хоршооны (ХЗХ) хохирогчидын хэрэг одоо ид яригдаж байна. Хохирогчид өлсгөлөн зарлах гэж байгаа бололтой. Нийт  26 хоршооны 1300 гаруй иргэний 72 тэрбум төгрөгний хохирол гарсанаас  35 тэрбумын хохиролыг нь төрөөс барагдуулсан юм байна.

Саяхан Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хурал  дээр ХЗХ-ны хохирогчдын тухай асуудал яригдлаа. ХЗХ-ы хэрэгт нэр холбогдсон улс төрчид, УИХ-ын гишүүдийг хуулийнхан огт шалгахгүй байгаа юм байна. ХЗХ-дыг дампууруулахаас өмнө өөрсдийнхөө хэдэн сая, тэрбум төгрөгийг маш өндөр хүүтэйгээр хүүлж  аваад гарсан хүмүүсийн тухайд одоо болтол шалгалт явуулаагүй байна гэж С.Эрдэнэ гишүүн хэлж байна.

ХЗХ-ны хохирогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны дарга Я.Батхүү
ХЗХ-дын  хохирогч иргэдийн эрх ашгийг хамгаалах  түр хорооны дарга Я.Батхүүгийн хэлсэнээр улс төрчид, эрх мэдэлтнүүд, тухайлбал, Хадгаламж банкны Чимэдцэрэн, МАН-ын том албан тушаалтнууд гэх мэт этгээдүүд иргэдийг хохироосон учраас шалгаж өгөөч  гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Чимэдцэрэн жишээлбэл 9 лицензийг барьцаанд тавиад их  хэмжээний мөнгө ХЗХ-оос зээлж байсан гэнэ. Мөн МАН-ын дарга Ө.Энхтүвшин бас мөнгө зээлж байсан байх юм. МАН-ын "шинэ од" Сарангэрэлийн телевизийн асуудал, Бат-эрдэнэ гишүүн, Нямдорж гишүүн нар бүх хоршоодоос зээл авч байжээ. О.Чулуунбатын нэр, Сономпил гишүүний нэр ч тууж явна.

Лундаажанцан гишүүн
Намынх нь дарга, УИХ  суугаа гишүүдийнх нь нэр дурдагдаад эхлэнгүүт МАН-ынхны  дотор нь арзайж эхлэв бололтой. Аргагүй, аргагүй. Ямар сайндаа МАН-ын Лундаажанцан гишүүн аргаа барахдаа улаан цагаандаа гарч, "Энэ асуудлыг жаахан эртхэн оруулж ирж болоогүй юм уу, эсвэл дараа авч хэлэлцэхгүй яасан юм?"  гэж байхав дээ. Учир юу вэ гэвэл, мань эрийн хэлж байгаагаар,  "Яг ийм эгзэгтэй цаг үед, УИХ-ын гишүүдийн нэр төрд халдаж байгаа байдлаар ингээд оруулаад ирж байгаа нь нөгөө өрсөлдөгчөө намнах бодлого болж харагдаад байна"  гэнэ.

Эгзэгтэй үе гэдэг нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлж байгаа бололтой. Мянга гаран хохирогч иргэдийн асуудал ярьж байхад  намынхаа нэр , УИХ-ын гишүүдийн нэр төрд халдлаа гэж байгаа нь энэ намын гаргадаг араншин мөн байгаа биз?  Нэр төрд халдсан юм ч алга л даа. Зээл аваад өгөөгүй хүмүүсийн нэрийг л хэллээ. Худлаа юм уу? Худлаа бол тэр Я.Батхүү гэдэг нөхрийг шүүхэд өг. Үнэн бол нэр төрд халдлаа гэж утгагүй юм ярихаа боль. Ямар гэмгүй хүмүүсийг гүтгэчихсэн биш. Шүүхээр тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэхгүй гэдэг шиг гэнэ үү? Одоо тэгээд мөнгө авсан эсэхийг нь бас шүүхээр тогтоох болж байна уу? Аягүй бол зээл аваагүй гэж гүрийж мэдэх нь, хөөе!

МАН-ынханд бол  сонгууль болох гэж байхад  нэр төрөө сэвтээхгүй байх нь ХЗХ-ын хохирогчидын асуудлаас илүү чухал аж. Тэртэй тэргүй "сэвтчихсэн" нэр юм чинь одоо ингэж өрвөлзөөд яах вэ дээ. Өчнөөн л мөнгө идсэн, хулгайлсан, завшсан гэх хэргүүд ар араасаа илрээд байгаа биз дээ? Бүгд л МАН-ын засаглалын үед бий болж тогтсон аалзны тор, сүлжээ. Цаашид ч их юм гарна.

ХЗХ-ны хохирогчдын зовлонг "ойлгож байна" гэж манжлахаа Лундаажанцан гишүүн мартсангүй.

ХЗХ-ны хохирогчдод нэг арга зааж өгье. Та нар  дээр нэр нь гарсан улс төрчид, Их Хурлын гишүүдийн гэрийнх нь гадаа очоод суулт хий. Авсан зээлийнх нь дүнг, нэртэй нь хамт бичээд бариад суучихвал  ичсэн нэрэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өгчихөж магадгүй шүү. МАН-ын хувьд энэ сонгуульд ялах сонирхол их байгаа учраас муугаар нэрээ гаргахыг хүсэхгүй байгаа нь лав. Энэ байдлыг нь ашиглаад  мөнгөө олоод авах хэрэгтэй шүү, хүмүүс ээ! Ерөнхийлөгч болох санаатай байгаа аварга бол хамгийн түрүүнд зээлсэн мөнгөө буцааж өгнө.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай