Монголоо сурталчлахуй
Гао Сиаосон |
Эхлээд баахан доромжилчихоод дараа нь 180 градус эргэсэн юм ярихаар чинь үнэмших хүн байх уу? Эсвэл даапаалаад байна уу? Тэр хүний нэвтрүүлгийг үзсэн олон зуун сая хятадууд тийм л ойлголт авна. Угаасаа багаас нь гэр оронд нь, сургуульд нь тэгж заагаад зогсохгүй, Монгол бол хятадын нэг хэсэг (байх ёстой) гэдэг ойлголтыг толгойд нь хийгээд өгчихдөг юм гэнэ лээ. Гао уучлал гуйхдаа өөрийхөө хөтөлдөг блогийг ашигласан гэж байгаа. Өмнө нь шоу нэвтрүүлгээрээ цацчихсан юмыг блогоороо залруулна гэж юу байхав. Учир нь нэвтрүүлгийг нь үзсэн олон зуун сая хятадуудаас хэд нь түүний блогийг унших вэ? За даа, мэдээж маш цөөхөн биз дээ.
За энэ хятад ч яахав, бусдынхаа адилаар Монголчуудыг доош нь хийдэг юм байж. Гэтэл бид хариу барих юм юу байнаа? Бидний өвөг дээдэс тэр үед (Монголын их гүрэн байгуулагдсан болон хятадыг дайлаар мордох үед) бичиг үсэгт тайлагдаагүй, бичгийн хэлгүй байсан юм уу?
Энэ тухай судалсан шинжилсэн зохиол бүтээл гэж юу байдаг юм? Түүн дээр үндэслэсэн мэдээлэл, эх сурвалж, нийтлэл гэх мэт бичвэрүүд хаана байна? Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө авч ашиглаад иймэрхүү "халдлагын" өөдөөс няцаалт өгөх материал, баримт байна уу?
Тийм юм хомс учраас бид бодитой тодорхой хариу өгч чадахгүй дэмий л биднийг доромжиллоо гэж бухимдахаас хэтрэхгүй байна.
М.Саруул-эрдэнэ |
Бичиг соёл, хэл бичгийн талаар гайгүй мэдлэгтэй нэгэн юм болов уу гэж боддог. Олон ч хүн багшаа гэж хүндлэх юм билээ. Монголчуудын бичгийн соёл, түүхийн талаар бодитой нийтлэл, өгүүлэл бичиж мэдлэг түгээж байх хүн маань "бөөс" түүх төдийхнөөр цаг заваа өнгөрөөж байгаад харин жаахан харамсах юм.
Нэг удаа твиттерээр Саруул эрдэнэ-д хандаж Монголчууд яг хэдийнээс бичгийн хэл хэрэглэж ирсэн тухай лавласан боловч Шагдарсүрэн багшийн Үсэг Бичгийн Товчооныг (ҮБТ) үз гэдэг зөвлөгөө өгөөд өнгөрсөн юмдаг. Монголд байгаа нь ч тэр, хилийн чанадад байгаа нь ялгаагүй Монголчуудын хэл бичгийн түүхийг сайн мэддэг хүмүүс тэр тухай энгийн ойлгомжтой өгүүлэл бичиж түгээмээр байгаа юм. Тэр ҮБТ-оос гадна өөр байгаа бүтээл эх сурвалжийг ашиглаад ийм мэдээллийг олон сувгаар тарааж болж байна. Блогоор, Фейсбүүк, Твиттер болон бусад сайтуудаар цацаж болж байна. Монголчууд уншаад (хэл бичгийн соёлын) түүхээ мэддэг болоод зогсохгүй цааш нь түгээж тараана. Ялангуяа англи хэл дээр бичээд тавьчихвал бусад орныхонд сайн сурталчилгаа болж, Гао мэтийн хүмүүсийн гүтгэлгэнд няцаалт болох юм. Бид ч няцаалтандаа ашиглах сайхан зэвсэгтэй болно гэсэн үг. Саруул-эрдэнийн хувьд жишээ нь, англи хэлийг сайн мэддэг боломжоо ашиглаж энэ тухай англиар бичих бүрэн боломжтой гэж бодож байна.
Монголыг дан ганц албан шугамаар сурталчлах нь хангалтгүй юм. Монголын төр засгийн албан тушаалтнуудын энд тэнд хийх айлчлал, янз бүрийн хурал цуглаан болон англи хэл дээр байдаг ганц нэг сайт зэрэг нь хангалтгүй сурталчилгаа. Эх орноо сурталчлахад "Монгол хүн бүрийн хүчин зүтгэл" хэрэгтэй. Сурталчилгааг өнөө үед интэрнетээр их явуулж байна. Интернетээр аялдаггүй хүн байхгүй шахам болсон орчин цагт бид үүнийг сайн ашиглах хэрэгтэй санагдана. Нетээр аялж байгаа Монгол хүн эх орноо сурталчлах, элдэв гуйвуулсан мэдээлэл, гүтгэлэгт тухай бүрд нь хариу барихад хүчтэй "зэвсэг" хэрэгтэй байна. Тэр зэвсгийг манай эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүс маань бэлдэж өгөөч ээ гэж л гуйгаад байгаа санаа маань энэ.
Монголчуудын хийсэн аян дайны тухай бол харин хангалттай мэдээлэл тавигдсан байгаа. Одоо бусад сэдвээр "хүчтэй сөрөг довтолгоон" хийхгүй бол Гао мэт нь өнөөдөр доромжилчихоод маргааш нь уучлал гуйж даапаалдаг явдал тасрахгүй. Тасалж чаддаггүй юм аа гэхэд хариуг нь олигтойхон барьчихдаг болмоор байна шүү!
Comments
Post a Comment