Хатиг эдгэхэд хугацаа хэрэгтэй

Монгол хүний бие дээр  ёрын хатиг гарчээ. Яагаад хатиг гарчихав?  Эрдэс бодис, аминдэмээр  дутмаг хоолоор тэжээлгэж,  дархлаа суларч ядаргаанд орсон учраас  эсэргүүцэл багатай биед нь бактери нэвтэрч ороод үүрлэчихжээ. Үндсэндээ 20 гаруй жил хатигандаа шаналж явлаа даа, хөөрхий.  Угаасаа бие сайтай, хатуу хөтүү тулдаа л өдий болтол сөхөрчихгүй  нэг юм сажилж явжээ.  Ер нь бол тууштай эмчилгээ хийлгээгүй бөгөөд өвчин намдаах эм төдийхнөөр аргалж ирсэн байгаа юм.

Ингээд тэснэ гэхэд яаж ингэж тэсэхэв гэж хэлээд хатигаа эмчлүүлж өвчнөөсөө салахаар хатуу шийдлээ. Хагалууллаа. Олон жил болсон хатигны үүрэнд идээ бээр ихээр буглаж сүйд хийжээ. Хатигны гэрийг онгойлгож идээг нь шахлаа. Цэвэрлэлээ, боолоо. Монгол хүний сэтгэл амарч одоо л нэг өвчнөөсөө салж амар сайхан болох цаг ирлээ гэж баярлана.

Дэндүү удаан эмчлүүлэхгүй явсанаас болж хатигны суурь  томорч, маш том нүх бий болгожээ. Ийм том шарх битүүрч эдгэхэд хугацаа хэрэгтэй. Өнөөдөр  хагалаад маргааш аниад эдгэчихнэ гэж байхгүй. Дахиж үрэвсүүлэхгүйн тулд хүчтэй эм тариа хийнэ. Идээ бээрэнд өмхийрсөн эд эс амархан төлжихгүй удаан хугацааны арчилгаа сувилгаа шаардана. Магадгүй үе үе шархирах, хатгах зэргээр өвдөж ч мэднэ. Боолт, цэвэрлэгээг зохих журмаар хийлгүй, бохир хандвал  дахин үрэвсэж идээлж ч мэднэ.

Гэвч Монгол хүн  итгэл дүүрэн байна. Урхаг хатигны толгойг авч үүрийг задалсан болохоор эдгэрч тэнхэрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Явцын дундах жижиг сажиг  саад бэрхшээл, хүндрэлээс айх юм алга. Илаарших нь тодорхой болжээ. Жаахан хугацаа л хэрэгтэй. Эмээ уугаад боолтоо хийлгээд явахад эдгэхдээ л эдгэнэ. Монгол хүн эрүүл болсоноор  бие махбодь, сэтгэл санаа нь дахин хүчирхэгжиж,   ирээдүй өөдөө итгэл  дүүрэн харж, баяртай сайхан амьдрах  боломжтой болжээ. Ямар их баяр!

пи.эс.:  "МАН"  докторын гадаах морины уяа хоосорч, харин "АН"  докторын морины уяа дүүрэн морьтой харагдана.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол