Ёс зүй чухал бус уу, Удвал сайд аа?

Н.Удвал сайд
МАХН-аас Н.Удвал сайдыг  Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор шийдсэн тухай мэдээллээ.  Анхны эмэгтэй нэр дэвшигч гэдгээрээ Монголын улс төрийн түүхэнд нэр нь мөнхжих юм биз дээ. Тэрнээс бусдаар бол өөр "үр өгөөж" гэхээр юм харагдахгүй байна. Хүний хувьд сайн хүн байж болох ч Ерөнхийлөгч болох хэмжээнд хүртлээ боловсорсон "жимс"  лав биш.
МАХН-аас харин өрсөлдөж чадах ганц хүн байсан боловч гарч ирсэнгүй. Тэр хүн бол Ч.Улаан сайд юм. Ер нь Элбэгдорж Ерөнхийлөгчийг халаагаа өгөх тэр цагт  Улаан сайд залгамжилж авах хамгийн боломжтой хүний нэг мөн. Тэр болтол элдэв хэл аманд орчихолгүй нэр цэвэр явбал тэр шүү дээ. Дээхэн үед Баабар мань эрийг нэг хэсэг "төнхсөн" дөө.

Л.Баярцэцэг эмч
Удвал сайд  томоохон эмнэлгийн дарга нарыг томилох тушаал гаргажээ. Зарим дарга нар нь хэл ам таталсан нөхөд  байгаа  учраас Авилгатай Тэмцэх Газар (АТГ) ба Улсын Мөрдөн Байцаах Газар (УМБГ)-аас эсэргүүцсэн бичиг сайдад ирүүлсэн байгаа гэнэ. "Өдрийн сонинд" бичсэнээр бол "но"-той ганц нэг хүн байнаа. Ялангуяа ёс зүй гээч юмаар маруухан хүнийг даргаар тавиад байдаг нь ёс зүй бол чухал биш гээд байгаа ч юм шиг. Төрсөн ах нь хүчингийн хэрэг хийчихээд байхад ахыгаа мулталж авахын тулд  өвчтөний түүхэнд нь засвар хийгээд баригдсан Л.Баярцэцэг эмчийг Шастимы нэрэмжит 3-р эмнэлгийн захирлаар томилсон байх юм. Удвал сайд энэ хэргийг мэдэж байсан боловч энэ ёс зүйгүй хүнийг томилсоноороо өөрөө ёс зүй гэдгийг нэг их ойшоодоггүй  гэдгээ харуулчихав уу даа. Эсвэл гар мар хүндэрсэн, хүндрүүлсэн асуудал цаана нь байна уу? Одоогоор Л.Баярцэцэгт эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа юм байна.

Сайдын тушаалаар томилогдсон зарим нэг дарга нар хувьдаа бизнестэй (эмийн сан, сувиллын газар гэх мэт) учраас ашиг сонирхолын зөрчил үүсэж байгаа бололтой. Энэ мэтийг нь сайн судалж шалгаруулалт сонголтоо ул суурьтай сайн хийгээгүй гоомой хандсан байдал  байгаа бололтой. Ер нь хуучин хүнийг тавиад шинэ агаар оруулна гэвэл горьдлого бага л байна шүү. Монголын анагаах ухаан чадалтай, эрч хүчтэй, тэгээд ёс зүйтэй эмч нараар дутаагүй байлтай. Удвал сайд энүүхэн хэдэн томилгоон дээр ажиллаж чадахгүй байгаа юм чинь Ерөнхийлөгч болчихвол бүр "бажгадах"  юм байна. Яахав, нэр төрийн хэрэг гээд баахан мөнгө үрээд шоудаж болно л доо. Хожим хойно дурдатгал ном бичвэл бас оруулах юмтай болно. Хожмын юмаа одоохондоо  түр орхиод  одоо цаг үеийнхээ  ажилдаа арай нухацтай хандмаар юм биш үү, сайд аа?

   

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол