Том баагч
Ж.Энхбаяр |
Дээд сургуулиасаа 2 жил сураад (90-92, ЦНДС) зодоон хийсэн хэргээс болж хөөгдөж байсан л гэнэ. Хан Хэнтийн дархан цаазтай газар нисдэг тэрэг хөлөглөн ан хийж байсан тухай хэвлэлээр бас л шуугиж байлаа. За тэр амьтны гол тасалдаг нь хувь хүний зугаа юм байгаа биз. Хойд насандаа бүх алсан амьтныхаа тоогоор хараал идэж тамд тавтай морилох нь дамжиггүй.
Наана нь муугаа мэдэхгүй олон юм ярьж гай болдгоо болимоор юм. Хүн тоож сонсохоор хэрэгтэй, бүтээлтэй юм ярьж, зөв шүүмж хэлдэг бол бас яая гэхсэн. Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн тухай асуудал Их Хурал дээр ярьж байхад хотын мээр Бат-Үүл мань эрийг "юу ч мэдэхгүй бацаан" гэж онож нэрлэсэн байдаг. ЗХУ-аас тэжээгддэг байсан эдийн засагтай, МАХН (одоогийн МАН)-аар удирдуулсан улс байсныг мэддэггүй юм шиг хачин хачин юм донгосч байгаад Бат-Үүлд нусгайгаараа дуудуулсан даа, тэгэхэд.
Ер нь ам нээвэл буруутдаг сонин нөхөр. Гэтэл муугаа мэдэхгүй олон юм донгосох дуртайг яана. Сая бас л нэг их цэцэрхсэн ярилцлага өгч. "Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Түүхэнд байгаагүй үзэгдэл шүү дээ" гэж бүлтэрсэн байх юм. Юугаа яриад байнаа гээд үзтэл, Монголд саяхан болсон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн хуралд манай хоёр хөрш улсуудын төлөөлөгч ирээгүй нь Монгол Улсын ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байгаагийн нотолгоо гэнээ. Хүлээж авахгүй гэдэг нь юу гэсэн утгатай юм бол? Хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм уу, эсвэл үл тоолоо гэж байгаа юм болов уу? Ийм л хачин гаж юм ярьдаг хүн дээ. Өөрөө ч энийгээ мэддэггүй бололтой.
Хоёр хөрш ирээгүй нь "асар том алдаа" гэнээ. Үгүй ээ мөн том "бааж" байгаа биз? Уг нь энэ "алдааг" Ерөнхийлөгчтэй холбож ярих ёстой мэт боловч 1-рт, Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчихсэн учраас Элбэгдорж руу шууд халдахгүй байна, 2-рт, ерөөсөө энэ засгийг унагаах асуудлыг гол зорилтоо болгосон МАН-ын "жанжин шугамын" дагуу Алтанхуяг руу дайрч байгаа нь энэ. Харлуулж будчихмаар юу ч байсан шүүрч аваад л, дээр нь давс цацаж байгаад л амныхаа зоргоор ганц Энхбаяр гэлтгүй МАН-ынхан бүгд л бурж байна. Эдийн засаг элгээрээ хэвтлээ гэнэ, барилгын салбар уналаа гэнэ, Засгийн газар бонд зарж өр тавилаа гэнэ, Бондын мөнгийг буруу зарцуулах гэж байна гэнэ, "Чингис бонд" гэж нэрлэсэн нь гутамшиг гэнэ, Хөрөнгө оруулалт гараад дууслаа гэх мэтээр бурна.
Ам нь чилэхгүй бол чалчиж л байг гээд орхиж болох боловч ийм худал сурталчилгаа нь иргэдийн толгойг эргүүлж мэдэх муу нөлөөтэй учраас бас тоохгүй байж боломгүй. Цаг хугацаа бүгдийг харуулна гэдэг биз? Иймэрхүү тавтиргүй хүмүүсийн үгэнд итгэж байгаа хүн байвал ганц л юм хэлье. Сонгогчид сонголтоо хийгээд АН-д эрхийг нь өгчээ. Одоо ажлаа яаж хийхийг хараад суух л ажил байгаа. Үнэхээр буруу шийдвэр гаргавал хэлж өгөөд, үнэтэй санал санаачлага байвал дэвшүүлээд л сууж байя. 4 жилд ямар ямар ажил хийнэ гэж амлалт үүрэг авсан билээ гэдгийг нь 4 жилийн дараа хуруугаараа тоолж байгаад хийсэн ажилтай нь тулгаад үз. Амлалт, биелэлт хоёр нь дүйж байна уу гэж. Тэгээд л дүнгээ тавь. Муу дүн авсан бол дахиад сонгогдох нүүргүй болно л гэсэн үг. Сайн дүн авбал дахин итгэл хүлээлгэж болох юм байна гэж. Ийм л энгийн зүйл.
Харин хугацаа нь дуусаагүй байхад наана нь элдвээр муулж харлуулах, эрт дүгнэлт хийхгүй байвал сайн. Мэдээж МАН-ынхан бол аль болохоор харлуулах, гутаах, нураах, үгүйсгэх, дэгээ тавих, саад хийх зорилт тавиад ажиллаж байгаа нь энэ Энхбаяр хэмээх "нусгай бацааны" ярианаас харагдаж байна. Сөрөг хүчин байх гэдэг бол сөрж, сөргөж байхын нэр гээд "ойлгочихсон" улс ингэх нь ойлгомжтой. Харин жирийн иргэд маань уужуу ухаалаг байж, өөрсдийнхөө сонголтыг хүндэтгэж, ажил хийх боломжийг нь олгож дэмжиж байвал 2016 он гэхэд урам хугалахааргүй үр дүн угтах болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.
Comments
Post a Comment