Туулай, луу, морь гурвын аль нь вэ хө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг Туулай, нэг Луу, нэг Морь  гэсэн ийм гурван "амьтан" нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар гараанаас гарлаа.  "Үсэг дотор тоо цохиж явна" (Тоон дотор үсэг ч гэдэг бил үү? Какая разница?) гэдэг шиг тэр гурав дотор нэг эмэгтэй хүн гүйж явна. Анхны удаа  юм болоод сонин харагдах.
Энэ  гурав маань бас  гурвуулаа өөр өөр мэргэжилтэй. Бөх, эмч, сэтгүүлч.  За тэгээд энэ гурваа жаахан шинжье. 

Ц.Элбэгдорж 1963 он буюу усан туулай жилд  төрсөн бөгөөд төмөр суудалд суусан  юм байна. Б.Батэрдэнэ 1964 он буюу Модон луу жилд төрсөн, шороон суудалтай.
Н.Удвал 1954 онд буюу Модон морин жилд  төрсөн, шороон  суудалд суужээ. 
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван этгээдийн энэ 2013 он буюу хар усан могой жилийн төлөв байдлыг зурхайн хэлээр ингэж буулгажээ.

Ц.Элбэгдорж

Ц.Э:  Туулай жилтнүүдийн хувьд ашиг орлого сайн байна. Санаж сэдсэн үйлсийн тухайд дунд зэрэг. Бие эрүүл мэнддээ анхаарвал зохилтой. Ажил үйлсдээ хянуур ханд.
Хийморь доройтон явах суух ажил бүтэмж муутай байж мэдэх тул сан олонтаа тавиулж, хийморийн дарцаг хийсгэн Доржнамжом, Чогжүмүнсэл уншуул.  Уушиг, зүрх, бүдүүн, гэдэсний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Элдэв хүнээс эд бараа бүү авах, төмөр үл хайлуулах, бухын мах үл идэх. Ариун бусын идээ, ундааг тэвч. Гол ус зайрмагтаж хөлдөх үед болгоомжтой байж ажил үйл, эрүүл мэнддээ анхаарвал зохино.


Б.Батэрдэнэ



Б.Б. :  Луу жилтнүүдийн хувьд могой жилд хийморь сүлд сайн байна. Санаж сэдсэн ажил үйлсдээ анхаарвал зохистой. Бие эрүүл мэндийн тухайд дунд зэрэг байна. Хэл амнаас болгоомжил. Нийт луу жилтнүүд суудал өнцөгдсөний засалтай. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар.


Н.Удвал



Н.У. :  Морь жилтнүүдийн бие, эрүүл мэнд дунд зэрэг. Эрүүл мэнддээ анхаарал тавибал зохистой. Санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй байна. Нийт морь жилтнүүд суудал өнцөгдсөний засалтай. Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Шар толгойтой хонь үл авах, эм сүвтэн болгон руу үл тэмүүлэх. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар.

Зурхайд итгэвэл энэ гурав гурвуулаа л эрүүл мэнд дунд зэрэг байх улс байна. Эрүүл мэндийн сайдын эрүүл мэнд тааруухан байна гэдэг их муу даа. Улсын нэр хүндтэй холбоотой "асуудал"  болоод явчихна. (Эрүүл мэндийн сайдынхаа  эрүүл мэндийг аятайхан аваад явчихаж чаддаггүй ямар арчаагүй улс вэ гэж амьтан муу хэлнэ биз дээ?)
Аваргын хийморь сүлд нь сайн байна гэжээ. Үүгээрээ бол мань эр цойлоод л гараад ирэх ёстой. Хамгийн тааруухан "тодорхойлолт"  авсан нь  одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж юм шиг.  Санаж сэдсэн үйлс нь дунд зэрэг л гэнэ. Хийморь доройтож, явах суух ажил нь бүтэл муутай л гэнэ. Ганц сайн юм нь ашиг орлого гэж байна. Баяжих нь.

Ингээд зурхайгаар шинжвэл аварга маань гараад ирэх нигууртай харагдана. Харин бодитоор шинжвэл сэтгүүлч  хүү маань "нахисан бундан" гэж хэлээд хожчихоор санагдана. Эмч бүсгүйн тухайд бол  нэг их хол гүйж чадахгүй биз ээ.
Ер нь юмыг яаж мэдэхэв, та гурав маань Гандан мандан орж суудал муудлаа засуулаад, нөгөө хийморийн сан болон бусад уншуулах ёстой ном судраа сайн уншуулж аваад л явцгаадаг юм шүү дээ.  Гурвууланг чинь гол ус, жалгаас хол яв гэсэн байгаа биз?  Ялангуяа аварга, эмч хоёрыг хаврын 3 сард их болгоомжтой бай гэж байгаа. Хөдөө гадаа сурталчилгаа энэ тэр хийж яваад ус мус руу уначихав! (Нүгэл!)

Цаашлаад хүүхдийн эмч охиндоо захиж хэлэхэд, эм сүвтэй болгон руу үл тэмүүл гэсэн байгаа шүү. Тийм болохоор эргэн тойронд чинь эм сүвтэн байх ахул хурдан холдох, эсбөгөөс ойртуулахгүй арга хэмжээг үтэр түргэн авч байх хэрэгтэй байна. Баянсэлэнгэ энэ тэр өөрт чинь их ойрхон, бараг наалдах шахуу зогсож харагдана  лээ шүү.  За тэгээд алт мөнгөнөөс хол яв гэж байна. Эмэгтэй хүнд хэцүү л байх л даа, гэхдээ энэ жилдээ тэвчих л болж дээ, охин минь.

За тэгээд амжилт!  Ерөнхийлөгчид нэр дэвшиж уралдана гэдэг чинь өөрөө их нэр төрийн хэрэг.  Энэ нэр төрөө хамгаалж намбатай, буурьтай суурьтай үзнэ шүү.  Араас чинь дагаад яваа цаад бараа бологч долдойнууддаа сайн хэлээрэй. Шударга түс тас , махан бодиороо, хутга шөвөг барихгүй сайхан нанчилдана шүү!  ОК?  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол