Санаа муут яван хатна

Мэдэн будилагчид
МАН-ынхан шинэчлэлийн засгийн газрыг Чингисийн нэрээр бонд гаргаж их хэмжээний өр тавьж өтөнд бариуллаа гэж  ард иргэдээ "айлгаж" эхэллээ. Одоо яанаа, биднийг дааж давшгүй өрөнд унагаж улс орноо сүйрүүллээ гэж сүржигнэх. Тэд яагаад ингэх болов?  Цаанаа их нарийн учиртай.  Хамгийн гол нь шинэ засгийн газрыг  ямар ч үнээр хамаагүй унагаах нь тэдний зорилго. Нэр хүндийг нь болж өгвөл алхам тутамдаа дэвсэлж байх нь чухал гэж тэд шийджээ. Ингэхдээ Алтанхуягийн засаг огцрох эсэх нь сонин биш, харин шинэчлэлийн буюу АН-ыг л "доош нь хийж" байвал хэн Ерөнхий сайд байх нь ёстой "чепуха" байнаа гэж. Аль болохоор муулж, улдсаар байгаад Ерөнхийлөгчийн сонгууль хүргэх, цаашлаад дараагийн УИХ-ын сонгуультай залгах төлөвлөгөөтэй дэг.

Нөгөөтэйгүүр, МАН-ынхан өмнө хийсэн лайгаа аль болохоор ил гаргуулахгүй, дарах нуух зорилготойгоор түрүүлж "дайралт" хийх тактикаар ажиллаж байгаа бололтой. Гэнэдүүлэх тактик  эхэндээ амжилт авчирдаг тохиолдол бий боловч цаашид тулаан яаж өрнөх нь тодорхой биш байдаг. "Чингис бонд"-ыг шүүрч авсан МАН-ынхан иргэдээ  "бага хүнээр" бодож дээ. Иргэд маань олон жил "харанхуй" явж ирсэн нь үнэн. МА(Х)Н-ы бодлогоор шүү дээ. Гэхдээ одоо нүд нь нээгдэж юмны наадах цаадахыг гадарладаг болоод байгаа шүү.

МА(Х)Н  мөнгөөр бүхнийг шийдчихнэ гэдэг мулгуу бодлоосоо салах цаг нь болжээ. Мөнгө амлаж байж гарч ирчихээд амласан мөнгөө өгөхийн тулд 2008-2012 оны хооронд засаглахдаа улс орноо өрөнд бариулж өтөнд идүүлсэн гэмт хэрэг хийсэн нам даа.
Одоо тэгээд Чингис бонд зарж өр тавьлаа гээд байгаа нь тэр булайгаа л нуух гэсэн ядарсан мэх шүү дээ. МАН-ынхан тэгвэл өмнө нь ямар өр тавьж, ямар хэрэг тарьсан  бэ гэдгийг харъя:

1.  626 сая доллар  (Хөгжлийн банк  зээлж авсан.  Жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүнд 2012 онд 24 тэрбум төгрөг төлсөн. Энэ жил ч мөн тэр хэмжээний мөнгө төлнө.)

2.  170 сая доллар  (Эрдэнэт үйлдвэр зээлж авсан. Бүтээгдэхүүнээрээ зээлийнхээ хүүг төлж байгаа)

3.  350 сая доллар  (Хятадын Чалко компаниас  зээлж авсан. Таван Толгойн нүүрсийг тонныг нь 70 доллараар зарах гэрээ хийж "саймширч" байж авсан зээл. Зах зээлийн үнэ 110 доллар байхад шүү дээ! Ямар ч тэнэг хүн ийм алдагдалтай наймаа хийхгүй дээ! Гэвч МАН бол өөрсдөө л болж байвал улсаа ч худалдахаас сийхгүй гэдгээ харуулж байгаа биз? Үнийн зөрүү 40 долларыг гаргасан тонноор үржүүлбэл ямар их алдагдал хүлээх нь ойлгомжтой байгаа биз? )

4. 250 сая доллар  (Оюутолгой компаниас урьдчилгаа болгож зээлж авсан.)

Нийлбэр дүнгээрээ 1396 сая буюу 1 тэрбум 396 сая доллар зээлж аваад халамж болон амалсан мөнгөө өгч байна гээд тараагаад дуусгажээ. Зүгээр л идээд уугаад алга болгосон гэсэн үг.
Үүн дээр нэмэгдээд хүү бодогдох ёстой. Чалкотой хийсэн алдагдалтай гэрээг засъя гэсэн чинь  хятадууд зөвшөөрөхгүй байгаа. Гэрээгээ цуцлая гэхээр бас бөөн торгууль төлөх болчихоод байдаг. Ийм л "баас" шиг юм хийчихээд суудлаа тавьж өгсөн улс даа, энэ МАН-ынхан. Тэгээд одоо бас олон юм ярьж , гэмгүй энхийн цагаан тагтаа болж харагдах санаатай гэж байгаа, муусайн хар хэрээнүүд. Улс орноо өрөнд хийсэн гэмтэнгүүд өөрсдөө байсан  байгаа биз?

Чингис бондын мөнгө юунд зарцуулагдах нь тодорхой. Зөвхөн бүтээн байгуулалтанд. Зарцуулах том төслүүд зарлагдсан байгаа. Удахгүй их ажил ундрах ёстой.  Энэ 1.5 тэрбум долларыг бид идэж уугаад дуусгахгүй. Энэ мөнгө бүгд бодитой юм болж үлдэнэ. Ийм л ялгаатай. Энэ ялгааг хүмүүс мэдэж байгаа. Ойлгож , дэмжиж байгаа. МАН-ынхан ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч дээр  дурдсан атгаг санаагаар зориуд харлуулж харагдуулах гэж  их оролдож байна.
Санаа муут яван хатна гэдэг үг байдаг даа. МАН-ынхан яван хатах нь ойлгомжтой.
Монголчуудыг тэнгэр ивээж одоо нэг улс орноо өөд нь татаж , бүтээн байгуулах бодитой боломж ирлээ. Бас ч гэж тэнгэр нь хаячихаагүйд баярлаж сууна.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё