Баярлуулан гомдоосон нь

Дээд Шүүхийн шүүгч О.Зандраа
Танхимын тэргүүн О.Зандраа хэмээх Дээд Шүүхийн шүүгчээр даргалуулсан шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын хэргийг авч хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, АН болон нэр бүхий  13 хүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргалаа. Хүрэлбаатар, Чойжилсүрэн нарт түр үнэмлэх олгосон 15-р тойргийн хорооны шийдвэр болон тэдний нэрийг Их Хурлын гишүүнээр өргөн мэдүүлсэн  тухайн үеийн Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрүүд хүчин төгөлдөр гэж мэдэгдлээ.  Видео бичлэгийг дараах линкээр орж үзнэ үү.

http://www.youtube.com/watch?v=1P7rw9SU8mw

Танхимын тэргүүн шүүгч Зандраагийн хэлсэн үгэнд ойлгомжгүй зүйл цөөнгүй байна.  Юуны өмнө давж заалдах шатны захиргааны шүүх өөрт хамаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь буруу гэсэн байна.  Давж заалдах шатны шүүх ямар үүрэгтэй гэдгийг энэ эрхэм ингэж тодорхойлжээ:

"Давж заалдах шатны шүүх аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолыг зөрчсөн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр эцсийн байдлаар хуульд нийцсэн үү үгүй юу гэдэгт хариу өгч шийддэг ийм шүүх байгаа."

 Гэтэл доорхи хэлсэнээс нь үзвэл анхан шатны захиргааны хэргийн шүүх л  тухайн маргааныг  эцэслэн  шийддэг  эрхтэй бөгөөд харин давж заалдах шатны шүүх нь маргаан дагуулсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэхийг л хянадаг аж.

"Давж заалдах шатны захиргааны хэргийн шүүх бол гаргасан зөрчилд үнэлэлт дүгнэлт өгч , зөрчил үндэстэй юу гэдэгт шийдвэр  өгч эцсийн шийдлийг гаргадаг шүүх биш  бөгөөд захиргааны маргаан бүхий акттай  холбогдуулж гаргасан эцсийн шийдлийг захиргааны хэргийн шүүх гаргах ёстой учраас хуулиар өөрт олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж шийдсэн нь буруу байна гэж үзлээ."

Давж заалдах шатны шүүгч Цогт
Тэгвэл давж заалдах шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн хэлж байгаачлан хууль зөв хэрэглэсэн эсэхийг хяналтын шатны шүүх л  тогтоодог гэсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг энэ блогт байгаа "Цаад эзэд нь" гарчигтай нийтлэл дээр байгаа бичлэгээс  үзээрэй. Эндээс дүгнэлт хийхэд, давж заалдах шатны шүүгч, хяналтын шатны шүүгч хоёрын хэлж ярьж байгаа нь зөрчилтэй, бие биенээ үгүйсгэсэн байдалтай байна. Хэн нь зөв, хэн нь буруу яриад байна? Манай шүүгчид  хуулийнхаа тухай нэгдсэн ойлголт байхгүй, өөр өөрөөр тайлбарладаг юм байна гэж ойлгогдохоор байна.  Ямар хэргийг хэн нь яаж шийдэх тухай хоорондоо зөрүүтэй юм ярьж бие биенийхээ шийдвэрийг буруу  байна гээд  сууж байгаа нь инээдтэй бөгөөд өрөвдөлтэй харагдаж байна.

Дашрамд нь хэлэхэд, Зандраа шүүгчийн уншиж танилцуулж байгаа шийдвэр нь хүн ойлгоход бэрх найруулгатай, нэг үгээ олон давтсан нуршаа юм болжээ. Сонсоод инээд хүрч л байлаа. Монгол хэлний чадвар ийм тааруухан хүн Дээд Шүүхийн шүүгч хийж байна гэхэд жаахан гутмаар. Шүүгч нарынхаа хэл ярианы боловсролд анхаарахгүй бол хэцүүджээ. Доорхи хэсгүүдийг уншаад үз дээ. (бичлэг дээрээс нь хуулж бичив)

"За түр үнэмлэхийг хүчингүй болгох тухайд бол энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд бол Сонгуулийн Ерөнхий Хороо хянан шийдвэрлээд хоёр удаа хариу егсөн, энэнтэй адилтгаж үзэх хэмжээнд урьталж сонгуулийн тойргийн хорооноос гаргасан шийдвэрт Сонгуулийн Ерөнхий Хороо хариу өгөөд тойргийн хорооноос гаргасан шийдвэрүүд  Сонгуулийн Ерөнхий Хороо хууль зөрчөөгүй гэж үзсэн учраас энийг эцэслэн шийдвэрлэж тогтоол гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн энэ асуудлууд дээр эцсийн шийдвэр гарсан гэж үзэж байгаа учраас энэнтэй холбоотой маргааны асуудал энэ шийдсэн маргааны хүрээнд бол хамааралтай биш бөгөөд маргаантай холбоотой асуудлууд шүүхээр орж шийдэгдээгүй байнаа."

"Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан эцсийн шийдвэр бол эцэслэн шийдэгдсэн. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдэж байгаа учраас энэ асуудалтай холбоотой  асуудал буюу  шийдвэрээр эрх бүхий байгууллагуудын зөрчлийг тогтоосон эцсийн шийдэл гаргасан шийдвэрүүдийг өөрөө Сонгуулийн Ерөнхий Хороо хэвээр үлдээсэн энэ шийдлүүд нь хэвээр байгаа учраас энэ үндэслэлүүдийг харгалзаж үзээд шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагуудыг үндсэнд нь бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдлээ." 

Ч. Хүрэлбаатар
Б.Чойжилсүрэн
Хамгийн сүүлд ,Б. Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын  сонгуулийн сурталчилгааны багийн гишүүд болох Баттогтох, Жамсран, Лхагва нарын хүмүүсийн давж заалдсан хэргийг Дээд Шүүхээр авч хэлэлцээд  ялыг нь хэвээр баталлаа.  Ингэснээр эдгээр хүмүүс 2008 оны сонгуулийн үеэр мөнгө тараасан нь батлагдаж, улмаар энэ нь  Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёрыг  хууль бусаар сонгогдсон гэдгийг нотолж  байна. Нэгэнт байдал ийм болсон учир  Сонгуулийн Ерөнхий Хороо одоо шийдвэрээ гаргаж Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын нэрсийг  нэр дэвшигчийн жагсаалтаас жагсаалтаас хассанаар тооцож, тухайн тойрогт хамгийн их санал авсан дараагийн хоёр хүнийг Их Хурлын гишүүнээр сонгуулахаар нэрийг нь өргөн мэдүүлэх л үлдэж байна.
Мөнгөөр төрийн сэнтийг худалдаж авдаг МАН-ын шившигтэй арга мэх энэ хэргээр ингээд дуусгавар болох болтугай.






Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё