"Алмаз" Ганчимэг, Алтанхуягийг нулимсан нь

Ерөнхий сайд Алтанхуяг ба түүний засгийн газрыг дайрах давшлах хүн олон болжээ. Дайсан мэдээж олон бий бий. Хуучин  нийгмээ, цаг үеэ санагалзаж мөрөөдсөн  "большевик"-уудаас гадна чөлөөтэй идэж ууж цусалж байсан цөөвөр чононууд, ард түмний нуруун дээр зайдалчихаад цусыг нь сорж байсан тарган хувалзнууд гээд Алтанхуяг ба түүний командыг, бүхэлд нь Ардчилсан Намыг (АН) хялайн зүхэж байгаа  адгийн шаарнууд зөндөө байна.
Харамсалтай нь  өөрсдийгөө 4 дэх засаглал гэж омойтох хэвлэл мэдээллийнхэн, тэр дундаа сэтгүүлч , нийтлэлч нэртэй бичээчид тэдэн дээр "хүч нэмж", элдэв өө сэв гарган, мэдэн будилж гүтгэн  муулах болжээ. 

"Даймонд" Ганчимэг
Хэвлэлийнхэн бол асар хүчтэй арми. Тэд ард түмний толгойг яаж л бол яаж, хэдэн градусаар ч хамаагүй эргүүлэх чадалтай хүмүүс. Тэд бол цаасаар хийсэн "ягаан Гажид" л гэсэн  үг.
"Ягаан Гажидууд" цуурах сэдэв олдохгүй болохоороо өчүүхэн ч хазгай гишгэхийг андахгүй шүүрч аван, байшингийн хананаас унасан будгийн хэлтэрхийг тоосго болгон хувиргаж сүрийг бадруулах бөлгөө. Сүүлийн үед  "ягаан Гажид"-аар тодроод байгаа Б.Ганчимэг гэгч нийтлэлч ээлжит дайралтаа хийж, "Уулзалтаас төрсөн гайхшрал" гэдэг өгүүлэл бичиж Баабарын сайт дээр тавьжээ.
http://ganchimeg.niitlelch.mn/content/4974.shtml

Алтанхуяг сайд сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр Ерөнхий сайд шиг сайд байж чадаагүйд нь "гайхсан"  юм байх. Дэндүү задгай (цагаан) байсан гэнэ. Юм юм руу орж, доод хүмүүсийнхээ өмнөөс ажлыг нь хийгээд, яриад байсан юм даг уу даа. Хэлбэр агуулгын хувьд цэгцгүй, "стандарт биш"  уулзалт хийдэг болсон л гэнэ. (Стандарт уулзалт гэхээрээ ч яадаг юм? )
Илэн далангүй, хамаа намаагүй, бэлтгэлгүй, дээд удирдагч хүний "өндөр эрэмбийн хэв шинж" байхгүй байсан л гэнэ. (Өндөр эрэмбийн хэв  шинж гэж юу байнаа?)  Шүүмжлэх юмаа олж ядах юм даа.  Ганчимэгийнхээр бол яах ёстой байсан юм бол оо? "Дээд зиндааны хүн"  гэдгээ харуулж, хэлэх үгээ хүнээр бэлдүүлээд, хамар амаа жаахан өргөсөн маягтай, бас жаахан ихэмсэг ярвайлттай, битүү бөгөөд ерөнхийд нь бөөрөнхийдүү хариулсан, үгээ бодож их нухацтай дүр эсгэсэн байдалтай байх ёстой байж.  Даанч яав даа, Ерөнхий сайд минь! Одоо "дүрдээ" бүрэн шингэж орох цаг болсон байна шүү! "Даймонд" Ганчимэг цаана чинь шүүмжлээд жигтэйхэн!

"Даймонд" (алмаз гэдэг байх аа?) гэдэг гуншин саяхан авсан Ганчимэг нийтлэлч маань  идэх талхаа олохын тулд үзэг цаас нийлүүлдэг ажилтай, гэхдээ иймэрхүү жонхуу зуураад байх юм бол өөрийгөө л доош нь хийж байгаа хэрэг.  Хүн тоохгүй бол "алмаз" чимэг зүүгээд хэрэг байгаа юм уу?   Баабар тоогоод сайт дээрээ тавьж байгаа бол тэр Баабарын дур хүсэл, таашаалын асуудал. Шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн учраас миний  бичсэн болгон "шилдэг" байх ёстой гэж бодож байгаа бол том эндүүрч байна. Сумо бөхийн зарчмаар л явах ёстой юм уг нь. Ёкозуна эсвэл Озэки болчихсон гээд таахалзаад байх боломжгүй,  муу барилдсан бол  цол нь  буураад доошоо явдаг шиг "шилдэг нийтлэлчийн клубын" гишүүн байхын тулд тогтмол сайн бичлэг үйлдвэрлэдэг байх ёстой баймаар. Гэтэл тийм биш бололтой. Сайн ч бичсэн, муу ч бичсэн хамаагүй, нэгэнт л тэр клубт орчихсон бол "насаараа" шилдэг нийтлэлч явсаар байгаад дуусах юм аа даа, янз нь.  За тэр клубын асуудал бол Баабарын асуудал биз. "Хувийн" клубын тухайд би юу гэхэв, гэхдээ нийтэд зориулсан (public) учраас би санаагаа хэллээ.

Ерөнхий сайд Алтанхуяг
Алтанхуягийн ярьсан  зүйлүүд бүгд л сэтгүүлчдийн асуусанд хариулт болгож өгсөн тайлбарууд байгаа. Тэрнээс биш тэр нөхөр  "алмаз" Ганчимэгийн бичсэнчлэн "өдий төдий дэл сул зүйлийг хамж аваад буу халаад"  байсан юм биш байхаа. Ганц Ганчимэг тэнд байгаагүй биз дээ? Олон хүн янз бүрийн л юм асууж. Тэр болгонд нь бөөрөнхийлж, тойруулалгүйгээр ил тод боломжоороо л хариулсан байна. Гэхдээ зарим тохиолдолд  хүний болон компаны нэр ус хэлэх нь зохимжгүй бөгөөд зарлах боломжгүй байсан учраас дурдаагүй юм байна. Ялангуяа тэр Солонгосоос бензин оруулах бизнесээс "хувь хишиг" болон "ашиг" нэхэж дарамталсан тухай, Оросуудыг бензиний үнээ өсгөөч гэж гуйж явсан тухай асуудлуудын тухайд Ерөнхий сайд нэр усгүйгээр мэдээлэл өгсөн байна. Энэ нь ч зөв, яагаад гэхээр зохих газрууд нь шалгаад  хэргийг шийдтэл наана нь хэнбугай ч тухайн хэрэгтэй холбоотой нарийн ширийнийг мэдээлэх  ёсгүй. Тэгээд ч тухайн холбогдогч этгээд шүүхээр ороод ялаа автал хэрэгтэн биш байдаг гэдгийг "Алмаз" сайн мэдэж байгаа. Гэтэл зориуд  Ерөнхий сайдыг тэр хүмүүсээ зарласангүй нуулаа гэх ухааны юм бичсэн байгаа юм. 

Тавантолгойн тухай бас нэг нь асууж. Байгаа байдлыг нь Алтанхуяг илэн далангүй хэлж. Харин үүнд нь талархах ёстой байтал "палхийтэл" хэллээ ч гэх шиг хачин юм бичсэн байх юм. Арай зөөлрүүлээд, битүүхэнээр хүн амьтны зүрхийг "палхийлгэхгүйгээр" хэлэх ёстой байж л дээ. Одоо юу гэдгийн, "Чалкотой хийсэн гэрээгээ сайжруулах тал дээр ажиллаж байгаа учраас Таван Толгой маань одоохондоо нүүрсээ гаргахгүй байгаа" гээд л ерөнхийдүү хариулт өгчихсөн бол  их гоё сонсогдох байсан юм байна.  Тэр элдэв тоо баримт, өр шир болон одоо байгаа байдлын тухай нарийвчилж хэлэх ёсгүй байж. "Бидний мэдэж байгаа" зүйлийг давтан хэллээ гэж залхсан байдалтай бичжээ. Дээр би хэлсэн дээ, тэнд  "Алмаз" ганцаархнаа очоогүй биз дээ гэж. Мэдээгүй нэг нь асуугаа л биз. Тэрэнд чинь давтлаа энэ тэр гэд төвөгшөөгөөд байх юм юу байнаа? Дургүйцээд байгаа бол Таван Толгойн тухай  мэдээллээс "хол хоцорчихоод" , бүхний мэддэг зүйлийг асуугаад "төвөг удаад" байсан   тэр   сэтгүүлчийг л зүхнэ биз дээ.

Таван Толгой гэснээс тэр гай болоод байгаа  Монголд ашиггүй гэрээг Хятатдын Чалко компанитай байгуулсан "эх орончдын" тухай "хөрөг нийтлэл" бичвэл  үнэ хүрэх байх шүү. МАН засаг барьж бүхнийг атгаж байсан тэр цаг үед хийгдсэн гэрээ биз дээ? Олон сая доллар зээлэхийн тулд Монголд ашиггүй гэрээг зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан  биз дээ?  Амласан мөнгөө тарааж дахиж сонгогдохын тулд МАН-ынхан улс орныхоо эрх ашгийг дэвслэн байж мөнгө зээлээд тараагаад өгсөн байх аа? Тараасан мөнгө нь ч хүрээгүй, гэхдээ сонгууль хүртэл аргалсан даа. Хэрэг хийсэн эзэд нь амьд сэрүүн байж л  байна.

Эцэст нь юу үлдэв? Баахан өр тавиад иргэддээ тараачихсан, улсад ашиггүй (маш хямдханаар олон жил нүүрсээ нийлүүлэх) гэрээ хийчихсэн байна. Одоо засна гэхээр Хятадууд юу боллоо гэж зөвшөөрөхөв дээ. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж гаргадаг тэнэгүүд тэд биш! Ийм гэрээ хийсэн Монголчууд л тэнэг  болж байгаа биз?  "Яриа хэлэлцээрүүд олонтаа хийгдэж байгаа  атал яагаад энэ асуудлыг гацаанаас гаргаж чадахгүй байна вэ?" гэж  Ганчимэг асуужээ. Хуцаж байгаа юм шүү! Амныхаа зоргоор донгосох юм даа. Тийм амархан юм бол өөрөө очоод, эсвэл яаж ярихыг нь тэр хэлэлцээр хийж байгаа тэнэг Монголчуудад заагаад өг л дөө.  Одоо засаг солигдсон боловч МАН гэдэг нэрэн дор нэгдсэн луйварчид, улсаа мөнгөөр худалдагчид энэ мэт гэмт хэрэг хийчихээд юу ч болоогүй юм шиг олон юм донгосоод сууж л байна. Одоо ажиллаж байгаа эрх баригчид, засгийн газрыг боорлож байхаар өмнөх эрх баригчдын   хийсэн энэ балгийн тухай нэртэй устай, эзэнтэй нь бичвэл яасан юм?  Эзэнтэй хэрэг шүү! Улсынхаа эрх ашгаас урвасан хүн, хүчнийг урвагч гэхгүй юм бол хэнийг урвагч гэх юм бэ?

Бондын мөнгөний тухай  ярианд  Ганчимэг бас  их залхаж байна гэнэ.  "Авдранд нь  байгаа амин хувийн алтан зоос"  ч гэх шиг. Үнэндээ тэр мөнгө чинь манай улс-айлын гэрийн авдарт байгаа алтан зоос юм шүү дээ. Захиран зарцуулах "жасын нярав" нь яах аргагүй Ерөнхий сайд мөн. Тэр хүн хэдийг хааш нь өгч зарцуулахаа зарлачихсан байгаа. Бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд одоо "сезон" эхлэнгүүт ажил ундрана гэж байгаа. Цас хайлж газар гэсээгүй байхад л "барьж аваад эхлүүлчихсэн нэг ч төсөл байхгүй паг сууж байна" гэж бичиж байгаа нь ерөөсөө л яавал муулах вэ гэдэг  ганц зорилго тавьсан нь нэвт харагдаж байна.  Бондын мөнгөний хүүний тухайд гэвэл дотооддоо "эргэлдүүлж" байгаа учраас алдагдал байхгүй гэдгийг аль эрт хэлсэн дээ.  "Алмаз" мэдэж л байгаа, гэвч зориуд ингэж бичдэг нь нөгөө далд зорилготой нь л холбоотой.

Тэр Тагнуулын Ерөнхий газрын дэд даргыг халсан асуудал бол Ерөнхий сайдын өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд хийгдсэн учраас "хөндлөнгөөс" олон юм ярих нь муусайн биеэ үнэлсэн, чадвар муутай сэтгүүлч нэртэй оронцогуудын хийдэг ажил биш. Багаараа ажилладаг, багаараа хариуцлага хүлээдэг ёстой жишиг байгаа. Баг дотроо хэн нэг нь эсэргүүцээд цорволзоод байвал тэр хүн тэнцэхгүй л гэсэн үг. Маш энгийн.  Энэ дээр "Алмаз" "нүүр хийх газаргүй" болтлоо ичиж зовлоо гээд жүжиглээд сүржигнээд байх  ямар ч шаардлага алга. Оронд нь ямар хүн тавихаа тэд мэдэг л дээ. Эцэстээ хариуцлагаа хүлээдэг ёс жаягаараа  бүх юм буух эзэнтэй учраас хожим хэзээ ч амыг нь асууж болно.
Өмнөх засгуудын үед харин Тагнуулын Ерөнхий газар дампуу байсныг бодвол одоо эмх цэгцэндээ орж байгаа. Шинэ сайд зөв бодлого барьж, эрч хүчтэй ажиллаж байгаа учраас ийм найдвар байгаа юм. Гадаад  орноос олон улсын хууль дүрэм зөрчин байж нууцаар хүн хулгайлж авчирч хэлмэгдүүлж байсан байгууллага шүү дээ.

Оросын Төмөр замын дарга нэг нөхрөөс   Алтанхуягт  захидал явуулсан нь өөрт нь ирэхээс өмнө хэвлэлд гарсан байсан тухай Ерөнхий сайд мэдээлжээ. Зохих байгууллагуудад хандаж энэ талаар асуусан тухайгаа ч хэлж. Бодвол тэр газрууд нь шалгаж байгаа биз дээ. Аяндаа ил болно. Тэр болтол хүлээж байгаад дахиж хөндөх хэрэгтэй. Харин Ерөнхий  сайд энэ мэдээллийг өгөнгүүт л тэр энэ буруутай, хариуцлага хүлээх ёстой бус уу гээд "тулгаад" байх нь огт зохимжгүй. Энэ асуудлыг шийдэхэд хугацаа хэрэгтэй.

Ер нь МАН-ын гайгаар хуримталсан олон асуудал, бэрхшээлийг тийм амархан засаад өөрчилчих боломжгүй. Хуучинсаг луйварчдыг зайлуулангуут намайг  хэлмэгдүүллээ, намаар гадуурхлаа гэж ирээд л  хэл ам хийж эхлэх жишээтэй. Баахан мөнгө идэж цусалсан хувалзнуудыг бариад шалгаад эхлэнгүүт бөөнөөр нь баривчиллаа, хорилоо, 37 оныг санагдууллаа гэж ирээд л донгосцгооно. Энэ мэт зүйл хойшид ч их гарна. Хэрвээ өөрчлөе, шинэчлэе гэж байгаа бол, хэрвээ энэ санаачлагыг дэмжиж байгаа бол муулж, харлуулах, гүтгэж гуйвуулахаа болих хэрэгтэй. Мэдээж эрүүл, зөв шүүмжлэл нээлттэй.

Баахан муулж, баалж байснаа "шилдэг нийтлэлч" маань адаг сүүлд нь  Ерөнхий сайдаа ихээр "өрөвдөж", хамаг юмаа нуулгүй дэлгэж, юм болгон руу орж,  хажуу хавирганых нь дэмжихгүй "хорлож" байгаа учраас хүчин мөхөсдсөн түүнд тусалцгаая гэж даапаалжээ. Нулимчихаад дараа нь худлаа үнэн шүлсээ арчиж байгаа нь энэ. Хоёр нүүр гаргах хэрэггүй ээ, Ганчимэг ээ. Нэг л зангаараа байх нь дээр шүү. Нэг үрчгэр нүүрэнд нэг л зан хаваасаг.


   

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё