Нэг айлын гэр бүл бараг бүгдээрээ шатаж амиа алдсан маш харамсалтай хэрэг гарлаа. Ганц муу охин л өөр газар байж таараад амьд хоцорчээ. Тавын таван хүн. Дээр нь нэмэгдээд уг айлд зочноор ирээд хоноглож байсан авгай нөхөр хоёр бас амиа алджээ. Ингээд бид
долоон сайхан иргэнээ нэг л шөнө алдчихлаа. Өмнө нь бас иймэрхүү хэрэг байнга л гардаг байсан. Тухай болгонд нь гал алдсан шалтгааныг хэлээд л өнгөрдөг, сонин дээр нэг бичигдээд л мартагддаг. Бараг л болгоомжгүйгээсээ болж угаартаж, галд өртсөн болохоор бид яах ч юм билээ гэсэн янзтай хандацгаадаг. Хааяа зарим нэг хүнлэг, сайн санаат хүмүүс шатаж байгаа гэрээс хүний амь аварч гавъяа байгуулсан тухай мэдээлдэг. Азтай нь аврагдаад, азгүй нь шатаж үхээд байх уу? Тэгвэл юу хийж болох вэ?
Монгол гэр маш амархан хугацаанд шатдаг гэж ярьдаг. Эсгий, мод, даавуу гэх мэт амархан шатах материалаар хийсэн юм чинь арга байж уу. Галын машин хичнээн хурдан давхиж ирээд ч нэмэр алга. Миний бодлоор гэрт угаартаж шатахаас сэргийлэхийн тулд нэн тэргүүнд авч болох 2 арга хэмжээ байна:
1.
Дохиолол тавих
2.
Галд тэсвэртэй, амархан шатдаггүй материал хэрэглэх
1. Дохиолол
|
Утаа ба хийн хосолсон дохиолол |
Утаа болон хий дэгдсэн үед мэдэрч түгшүүр хангинуулдаг жижиг ахуйн төхөөрөмжийг (зураг үзнэ үү) Монгол гэрт амьдарч байгаа айлууд хэрэглэж баймаар байна. Гарын алганд багтах овор хэмжээтэй энэ авсаархан төхөөрөмж ямар нэгэн эх үүсвэрээс гарсан утаа гэрт дэгдэх үед шууд ажиллаж түгшүүр өгдөг. Ямар ч таг унтаж байсан хүнийг сэрэхээр чанга, олон давталттай дохио өгдөг. Зориулалтаараа зөвхөн утааных , эсвэл хийнийх, мөн хоёуланд нь зориулсан (хосолсон) ч байдаг. Монгол гэрт амьдардаг айлуудад
утааны дохиолол нь байхад хангалттай, учир нь хамгийн аюултай гол "дайсан" бол галнаас үүдэлтэй утаа юм. Энэ утаанд угаартаж амиа алддаг. Мэдээж байшинд амьдардаг иргэд энэ дохиололын төхөөрөмжийг мөн хэрэглэж болно. Хэрвээ хий (газ) хэрэглэдэг бол мөн
хийнээс сэргийлэх дохиололтой байх хэрэгтэй. Эсвэл хосолсон үйлчилгээтэйг хэрэглэж болно.
|
Хоёр ширхэг хуруу батерейгаар ажиллана (тэжээл нь Монголд олдоцтой ) |
Дээр өгүүлсэн эмгэнэлт явдал дээр жишээ авахад, хэрвээ тэр айл ийм утаанаас сэргийлэх дохиолол гэрийнхээ хананд зүүчихсэн байсан бол унтаж байсан хүмүүс түгшүүрийн дохиогоор сэрээд шатаж эхэлж байгаа гэрээс өөрсдийгөө аваад гарах байсан. Тийм дохиолол байхгүй учраас галнаас гарсан утаанд угаартаж ухаан алдаад, сэрэх чадваргүй болж галд шатсан байна.
Монголд ийм сэргийлэх дохиоллын ахуйн төхөөрөмж оруулж ирдэг, зардаг аж ахуйн нэгж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Харин иргэд хувиараа гаднаас худалдаж авч ирээд гэртээ тавьсан байдаг. Хэрэв бөөнөөр оруулж ирдэг газар байхгүй бол боломжтой компаниуд энэ тал дээр санаачлага гаргаж ажиллахыг уриалж байна.
|
Хажуунаас харуулсан байдал |
Нэг их ашиг олох гэж улайраад яахав дээ, гол нь эх оронч, хүнлэг, иргэнлэг сэтгэл гаргавал их л гавъяа болно доо. Олж болох байсан ашиг чинь осолдож болох байсан олон хүний амийг аварсан буяны хандив болог. Бас их үнэтэй зарах гэвэл хэтэвч нимгэн иргэд маань авч чадахгүй болно гэсэн үг.
"Таван орд" гэдэг компани галын дохиолол, болон бусад холбогдох үйлчилгээ үзүүлдэг юм байна. Гэхдээ албан газар, томоохон обьектуудад галаас сэргийлэх дохиоллын систем тавьж өгч, мөн гал унтраагуур зэрэг хэрэгслийг борлуулдаг аж. Айл гэрт зориулсан ахуйн хэрэгцээний жижиг дохиоллын төхөөрөмж алга. Энэ компани , жишээ нь иймэрүү ахуйн жижиг төхөөрөмж оруулж ирэх боломжтой.
Ийм гэр ахуйн зориулалттай дохиолол үнийн хувьд тийм ч үнэтэй биш. Ялангуяа дан утаанаас сэргийлэх зориулалттай нь боломжийн хямд, харин хосолсон зориулалттай нь арай үнэтэй. (Жишээ болгож хэдэн зураг тавив)
|
Утааных, $9.48 (₮13,433) |
|
Утааных, ($14.97) |
|
Хосолсон (утаа ба хий) $49.97 |
|
Хосолсон, $103.49 |
2. Галд тэсвэртэй, амархан шатдаггүй материал
Монгол гэрийн материалыг амархан шатдаггүй болгох хэрэгтэй байна. Энэ талаар манай эрдэмтэд зориуд төсөл болгож ажиллавал зүгээр санагдана. Гол анхаарах материал нь , эсгий туурга, дээврүүд болон дотуур ба гадуур бүрээс болов уу. Болж өгвөл гэрийн модыг бас л "янзалмаар" байдаг, гэвч их үнэтэй тусаж мэдэх юм. Эсгий ба даавуу материалыг яаж шатдаггүй буюу амархан шатдаггүй болгох вэ гэдэг асуулт л манай шинийг зохиогч, эрдэмтдийн толгойг гашилгасан сэдэв болох ёстой. Тусгай бодисоор шүршиж бүрэх үү, эсвэл эсгийний оронд өөр галд тэсвэртэй материал ашиглах уу гэх мэт олон боломжийг судалж үзэх хэрэгтэй.
Froit гэдэг Голланд нөхөр Монгол гэр үйлдвэрлэдэг бөгөөд галд тэсвэртэй материал хэрэглэдэг тухай уншиж байсан юм байна. Ямар материал хэрэглэж, ахиц дэвшил олов гэдгийг бас сонирхоход илүүдэхгүй биз.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, гэрийг галд амархан автахгүй буюу тэсвэртэй материалаар хийгээд, мөн утаа болон хийний аюул бий болоход түгшүүр өгч осолдож эндэхээс өмнө амжиж түргэн авахуулдаг дохиолол гэртээ байнга тавиад хэвшчих юм бол санамсаргүй үед, ялангуяа ид унтаж байх шөнийн цагаар угаартаж амь насаа алддаг эмгэнэлт явдал эрс буурах боломжтой.
Хүн амаа өсгөх гэж ядаж байхад ингээд "зүй бусаар" алдаад баймааргүй байна шүү!
Comments
Post a Comment