МАХН хов хүргэсэн нь

Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн (АОХН) орнуудын сайд нарын 7-р чуулган Монгол Улсын нийслэлд амжилттай болж өнгөрлөө. Сайн муу янз бүрээр л хэлж бичиж байна. Ямар ч байсан Монгол Улс энэ нийгэмлэгийн даргын хувиар хурлаа зохион байгуулж чадсаныг хүлээх нь шударга болов уу. "Хүн нэрээ, тогос өдөө" гэдэг шиг бид дотооддоо  хэдийгээр хөнжилдөө багтахгүй жийлцэж байсан ч дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж оногдсон ажлаа боломжийн хэмжээнд  гүйцэтгэж бусдын өмнө нэрээ авч гарсан явдал бол хамгийн чухал үр дүн.

МАН-ын дарга Ө.Энхтүвшин
Дэлхийн олон улсууд Монголд ирж ардчилалаас суралцах юм гэнээ хэмээн МАН-ын дарга Ө.Энхтүвшин хүртэл баалж тавлаж байсан нь саяхан. Төр засгийн эрхийг олон жил барьж байсан намын дарга хүн ийм юм хачин увайгүй юм хэлж байхад энгийн иргэд элдвээр муулах нь аргагүй ч юм шиг.  Уг нь тэр хүн жаахан ухаантай байсан бол эсрэгээр Монголынхоо төлөө баярлаж , Монголоороо бахархаж суух байлаа. Гэвч ухаан нь богино ажээ.

МАХН-ынхан
Нэг хүний нам гэгдэх болсон МАХН хүртэл жагсаал цуглаан зохион байгуулж дэлхийн олон орны төлөөлөгчдөд "хов хүргэхээ"  мартсангүй. Тэр хов нь юу байсныг бид бүгд харсан. Намынх нь дарга Н.Энхбаярт ял өгч шоронд суулгасан нь  Монгол Улсад "ардчилал байхгүйн нотолгоо"  гэнэ.
Монгол Улсад нэг ширхэг "улс төрийн хоригдол"  байна гэдгийг гадныханд хэлж байна.  МАХН-ынхан "жинхэнэ ардчилалыг" хүсэж байна гэнэ. "Энхбаярыг сулла" гэдэг шаардлагаа  бичиж барихаа бас  мартсангүй.

Энхбаяр бүхний "хэмжүүр"
Хов хүргэхийн зорилго юу байв?  Гадныхныг "нохойд барьдаг мод" болгож одоогийн эрх баригчдын эсрэг тавьж шахалт үзүүлэх, чуулганы үеэр Энхбаярыг нэг асуудал болгон  босгож  ирэх санаа байсан бололтой. Гэвч санасандаа хүрч чадсангүй, харин цаадуул нь чөлөөтэй жагсаал цуглаан болж байгаа нь өөрөө ардчилал байгаагийн тэмдэг, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж  байгаа нь хүний эрх, эрх чөлөө хангагдсаны нотолгоо  гэж хэлээд урмыг нь хугалж орхисон байна. (Мартсанаас мал мэнд үү гэгчээр МАХН-ынхан жагсаал цуглаан  хийх зөвшөөрлөө авсан байсан юм болов уу?)
МАХН хов зөөгөөд  бүтсэнгүй, одоо ямар хор найруулах бол?




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё