МАН хууль зөрчдөг байснаа хүлээлээ
Н.Энхболд |
Ерөнхий сайд Алтанхуяг МАН-ын тэр "аргаар" үүрэг гүйцэтгэгч томилоодохсон чинь хууль зөрчсөн болоод огцрох дээрээ тулаад байна. МАН-ынхан өөрсдөө өмнө нь үүрэг гүйцэтгэгч гээд хүмүүсийг албан тушаалд томилж байжээ. Дөрвөн ч аймгийн засаг даргыг үүрэг гүйцэтгэгч гэж томилоод дараа нь хоёрыг нь жинхлээд, нөгөө хоёрыг нь өөр хүнээр сольсон аж. Алтанхуяг сайд тэр жишгээр явсан чинь буруутахгүй юу. Тэгээд хэл ам гараад эхлэнгүүт шийдвэрээ хүчингүй болгоод алдаагаа засчихаж байгаа юм. Гэвч энэ нь МАН-д хангалттай биш гэнэ. Зөрчсөн бол зөрчсөн гээд л огцруулахаар улайрч байна. Харин МАН-ынхан өмнө нь хууль зөрчдөг байсныгаа одоо юу гэж тайлбарлах нь их сонин байна.
Хуулиа сахидаг байх нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, тав тухтай сайхан амьдрахын баталгаа гэдгийг Н.Энхболд дарга хэлж байна. Даанч бидний амьдрал нэг л сайхан биш байгаад байсан юм аа. МАН-ынхан маань хууль зөрчөөд яваад байснаас болсон юм байна шүү дээ. Одоо АН хуулиа сайхан мөрдөөд л явчихвал амьдрал тав тухтай сайхан болох юм даг уу даа. МАН-ынхан та нар өмнө нь энэ олон жил бидний толгой дээр зайдалж байхдаа хуулиа сайхан мөрдөөд манийгаа сайхан амьдруулж байхгүй даанч яав даа.
Хулгайч эцэг нь хүүхэддээ хулгай хийж болохгүй гэж сургадаг шиг юм болж байх шив. Алтанхуягийг хууль зөрчсөн гэсэн биш гай болж өөрсдийгөө хууль зөрчдөг байсныг хүлээхээс өөр аргагүй байдалд ордог байна шүү. Инээдтэй ч гэмээр юм уу, эсвэл өрөвдмөөр ч юм уу. Хэдийгээр одоо МАН засаг бариагүй ч гэсэн энэ үйлдлээрээ өмнө нь ямар хариуцлагагүй, ёс суртахуунгүй байсныгаа нотоллоо. Ямар намаар "жолоодуулж" байснаа та бүхэн мэдэж авав уу?
Comments
Post a Comment