Монгол Улс шившгээ тарилаа

С.Энхмаа
Энхмаа гэдэг эмэгтэй өөрийнхөө улаан нүүрээ улайлган, шалдаа бууж  байж Нигер улсаас гарч явсаныг Юүтюб сайт дээр тавигдсан бичлэгээс харлаа.  "Миний хүүхдүүдийн эцэг Анакуба муу хүн, гэхдээ Нигерчүүд бүгд тийм биш шүү", "Есүс бурхандаа баярлалаа", "Нигер улсад баярлалаа", "Сайн санаат Нигерчүүдэд баярлалаа" хэмээн аль байдаг магтаал талархалын үгээ хэлэн тал засаж, тэр ч байтугай сүмийн пасторын хүсэлтээр өөрийг нь хууран мэхэлж тамлан зовоосон Акабуна-г өршөөн уучилж, дуртай цагтаа Монголд очиж хүүхдүүдтэйгээ уулзаж болно гэсэн ам андгай өргөж байж хэд хоног толгой хоргодож, замын зардал болон хармааны мөнгөтэй болж аваад нисчээ. Сүүлийн үеийн мэдээллээр Нигерээс ниссэн Энхмаа болон түүний  хоёр охин Монголын хилээр орж ирээгүй байна. Египтэд байгаа Монголын Элчин сайдын яамнаас өгсөн паспорт дээр олгосон хугацаа нь энэ оны 2-р саын 26 гэсэн бичилт харагдана. Өнөөдөр 4-р  сар гарчихсан явж байна. Тэр гурав хаана байж таарах вэ?

Христофер Анакуба, хүүхдүүдийн эцэг
Нэг зүйл лав тодорхой байна. Энхмаа тэр нигер "бизнесмэн" нөхөрт хулхидуулжээ. Сайхан байсан бол тэгж арчаагаа алдаж интернэтээр тэр сүмийг "рекламдахгүй" байсан болов уу.  Тэр нигер нөхөр ч гэсэн тэр гуравт сайн байсан бол "явбал явна л биз" гэсэн аятай үл тоомсорлож, "Би бизнесмэн" хэмээн пээдгэр зогсохгүй байсан нь ойлгомжтой. (Тэр хажууд нь зогсох дүү нь бас юу ч билээ.). Хулхи нөхрийн нэрийг Христофер Анакуба гэдэг гэнэ.

Бас нэг зүйл тодорхой байна. Египтэд байрлах Монголын Элчин сайдын яам Монгол улсаа шившиг болгож орхижээ. Видео бичлэг дээр нөгөө сүмийн пастор хэлдэг дээ: - Египтэд байдаг Монголын элчин сайдын яамандаа хандаж тусламж хүссэн боловч мөнгө байхгүй гэсэн хариу авчээ гэж.  Тэр сүм дотор сууж байгаа болон тэр бичлэгийг үзсэн хүмүүс юу гэсэн ойлголт авах вэ? Монгол гэдэг чинь нэг иргэнээ татаад авчих мөнгө гаргаж чаддаггүй ядуу гуйлгачин орон юм байна даа гэж ойлгоно биз? "Бүх Үндэстний Сенагог сүм"-ээс замын зардал, паспортных нь төлбөрийг хүртэл хийсэн гээд бод доо! Шившиг!

Египтэд байгаа элчингээс явуулсан  имейл
Дээрх имейлийн утгыг сийрүүлбэл:

Эммануел Телевиз-д
Хавсаргасан  файл, илгээмжийн тасалбар, Сумъяагийн Энхмаа ба түүний хоёр хүүхдийн зорчих баримтын хуулбарыг үзнэ үү.
Сайн сайхныг хүсэж талархсан,
Б. Нямдаваг
Атташе
Каир дахь Монгол Улсын элчин сайдын яам
 2013 оны 2-р саын 27-нд  cairo@mfat.gov.mn  хаягнаас  info@emmanuel.tv  хаяг руу илгээжээ.

Одоо болохоор манай Гадаад яамныхан юу гэсэн тайлбар өгч байна гээч?  "Гадаад Харилцааны Яам өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч байсан" гэсэн гэнэ. Манай Гадаад яамны эрх хэмжээ нэг  иргэнээ татаад авчих хэмжээнд хүрдэггүй юм бол яам гэж байгаад яадаг юм? Тэр "эрх хэмжээ" нь тийм хязгаарлагдмал юм уу?  Үндсэн Хуулийн цэцийн гишүүн алдарт Сугар гээч нөхөр Японд  суух МИАТ-ын "зөвлөх" гэдэг орон тоон дээр "ажиллаж" байхдаа сард 3000 доллараар цалинждаг байсан юм гэнэ лээ. Египтэд байгаа манай элчингийнхэн тэрнээс дор цалин авав гэж дээ.

Хэдэн хүн цалингаасааа хандивлаад л онгоцны тийзний үнэ босгоод л ирнэ, сэтгэл байвал. Дараа нь засгаас  тооцоод авна биз.  Гэтэл тэнд байгаа элчингийн хүмүүст ч тэр, Гадаад Харилцааны яамныханд ч тэр, Монголоо гэсэн сэтгэл, Монгол хүнээ гэсэн сэтгэл огт алга. "Хүний" мөнгөөр улсынхаа иргэний зардлыг, паспортын төлбөрийг "даалгачихаад" ичихгүй имейл бичиж суудаг.  Ингэж тэд нар, цаашилбал  Гадаад Харилцааны Яам  Монгол улсын нэр хүндийг интернэтээр баастай хутгалаа. Нэг "муу" сүмийн пасторын  "аманд багтаж" доог тохуу болголоо.

Гадаад Харилцааны сайд Л.Болд
"Иргэдийг дэмжих сангаас олгодог ёстой" хэмээн хүнд сурталдаж, "тэр тусламжийн мөнгө нь шийдэгдэх шатандаа явж байтал  мөнөөх сүмээс гаргачихсан байсан" хэмээн ичихгүй тайлбарлаад сууж байна даа, манай Гадаад яамныхан! "Шийдэгдэх шатандаа" гэдэг чинь аль дивангалавын үеийн хүнд сурталтангуудын хэрэглэдэг байсан нэр томъёо байгаа биз? Гадаад Харилцааны Яам болон түүний удирдлага, Болд сайд та  цаг үеэ дагаж өөрөөр сэтгэж, өөрөөр ажиллах шаардлагатай болжээ. Гадаадад байгаа иргэдийн асуудал, ялангуяа хохирсон иргэдээ өмгөөлөх, халамжлах, тусламж үзүүлэх чинь танай яамны ажил биз дээ, Болд сайд аа? Зөвхөн цэрэг цуух, энхийг сахиулах хүчний асуудал манайд хамаатай гэж боддогүй байх гэж найдая.  Дансандаа мөнгөгүй элчин сайдын яам байдаг юм уу? Байлаа гэж бодоход, шаардлагатай тохиолдолд мөнгөн гүйлгээг минутын дотор хийчихдэг  цаг үед амьдарч байгаа биз дээ, бид?

Монгол  Улсыг төлөөлж гадаад орнуудад суугаа элчин сайд болон элчингийн ажилтнууд бол Монгол Улсын нэр хүндийг сэвтэхээс сэргийлэх, Монгол иргэддээ шаардлагатай тусламжийг  хурдан шуурхай үзүүлж,  иргэдийнхээ төлөө дуугардаг, тэмцдэг байх ёстой. Гэтэл тийм байж чаддаггүй элчин сайд, болон ажилтнууд байдаг тухай гадаад оронд байгаа болон байсан иргэд их ярьдаг. Тийм нөхдийг шууд л татах хэрэгтэй. Тэд хэний мөнгөөр цалинждаг болоод хамартаа "баас" түрхсэн аятай аашилна вэ?

Одоо  Египт улсад суугаа Монголын элчин сайдыг  Банзрагчийн Одонжил гэдэг юм байна. Гадаад Харилцааны Яамны сайтад  мэдээлсэнээр  имейл хаяг нь :  monemby@link.net   ба     bayardevi@hotmail.com  юм байна. Хүсвэл эдгээр хаягаар имейл бичиж  болно. Д.Одонжил сайд 28 жил төрийн албанд ажилласан , намын харъяалалгүй нэгэн юм байна. Хамгийн сүүлд Гадаад Харилцааны яаманд Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байжээ.

2012 онд мань эрийг  элчингээр томилогдох үед нь Их Хурлын гишүүд "Монгол улсаа сайн сурталчлаарай", "Иргэддээ анхаарал тавьж байгаарай" гэхчлэн захиж байсан боловч Египтэд очоод таг мартсан бололтой. Харин ч эсрэгээр нь Монгол Улсаа "шараа" болгож, хажууханд нь орох оронгүй, оочих аягагүй болсон ядарсан Монгол эмэгтэйд туслахгүй хүйтэн сэтгэл гаргаж "хүн биш" гэдгээ харуулжээ. Одонжилийн хамаатан садангийн хүн байсан бол аль хэдийн давхиж очоод авчихсан байгаа. Ядаж Нигер улс руу хүн явуулж байдал дээр танилцаад уулзуулах сэтгэл гаргаагүй л байгаа юм даа. Сэтгэл дутахгүй юу!
Энэ итгэл даагаагүй нөхрийг одооо тэнд байлгаж тэжээх хэрэг байна уу, Болд сайд аа?  Монгол Улсын  нэр хүндтэй холбоотой асуудал  гарсан байна шүү!

Бас нэг асуудал. Энхмаа болон түүний хоёр хүүхэд яагаад одоо болтол Монголд орж ирээгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүнийг Энхмаагийн ойр төрлийн хүмүүс мэдэх байх. Ер нь бол тэр эмэгтэйн хувьд Монголд шууд яваад ирэхэд хэцүү байгаа болов уу. Тийм ч учраас элдэв шуугиан намжаад, өөрийнх нь тухай "мартсан" хойно сэмхэн орж ирэх гэж байж магадгүй. Манайхан л болсон хойно, хүний мууг үзэх гэж  элдвээр хэлж байгаа болон хэлэх гээд хэл амаа билүүдэж байгаа   адгийн шаарнууд цөөнгүй бий. "Амьддаа бие биенээ хайрлая" гэдгийг  "Амьддаа бие биенээ үзэн ядъя" гээд буруу ойлгочихсон тэнэгүүдийн дарамтаас эмээж Энхмаа нэг хэсэг  харилгүй хол  байя гэж шийдсэн байж мэднэ. Хятадад байж ч магадгүй юм.

Энхмаагийн том охин
Энхмаагийн бага охин
Ер нь Монголчууд сүүлийн үед "хүнээ байж"  энэ мэт ядарсан нутаг нэгтнээ тавлаж, доромжлох нь ихсэж байгаа нь гутамшиг. "Харын хүүхэд" тээж ирсэн гээд л эвэртэй туулай үзсэн мэт аашлах  хүн зөндөө бий.  Хүүхдүүдийг нь үеийнх нь багачууд элдвээр хэлж , шоолж гоочлох ч энүүхэнд. Томчууд нь тийм авир гаргаж байхад багачууд нь аргагүй биз дээ. Уг нь хүүхэддээ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах нь хүнлэг бус, муухай зүйл гэдгийг хэлж ойлгуулж, сургаж байх ёстой улс шүү дээ. Иймэрхүү байдлаас болоод хөөрхий тэр эмэгтэй нэг хэсэг "нуугдахаар" шийдээ биз ээ. Одоо тэр хүнийг тэгээд тайван орхисон нь дээр.

Бичлэгийг доорхи линкээр орж үзнэ үү.




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё