Согтуу жолоочоос салах арга

Хутга барьсан алуурчин
Шинэчлэлийн засгийн газар шинэлэг бөгөөд шуурхай  байх хэрэгтэй байна. 

Хийх ажил мэдээж "толгойтой үснээс их" байгаа. Хүн амын "зүй бус" хорогдолд зам тээврийн осол, түүн дотор согтуугаар жолооны ард суудаг "заншил" их нөлөөлж байна. Согтуу жолоочоос яаж салах вэ? Зам тээврийн яам  Хууль зүйн яамтай хамтраад "юм" хиймээр байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог гэмт хэрэгтэй тэмцэх талаар бодитой санаачлага гаргаж  зохих хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь аль хэдийн болоод өнгөрчихсөн байна шүү!  Өдөрт дунджаар 70 удаа согтуугаар хөдөлгөөнд оролцдог хэрэг гардаг гэж сонслоо. Арай дэндэж байгаа юм биш үү? Согтуу цагдаа хүртэл машин барьж хүний аминд хүрсэн гэнэ.

Согтуугаар жолоодож явсан тээврийн хэрэгслийг шууд хурааж улсын орлого болгох заалт хуулиндаа  оруулж өгөх шаардлагатай байна. Өмч хөрөнгөтэй нь ярихад хүн үгэнд орох нь илүү  болох ёстой. Өөрийн эсвэл хүний машин байх эсэх нь огт хамаагүй. Хураасан машиныг борлуулсанаас олсон орлогыг зам засах, зам тээврийн осолд орсон хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлэх гэх мэт олон зүйлд зарцуулж болно. Өдөрт 70 машин хураагаад эхлэхээр энэ тоо буурсаар буурсаар удахгүй согтуу жолооч гэдэг ойлголт байхгүй болно.

"Согтуу хүн сохор ухаантай" гэдэг дээ. Хэдий согтуу ч гэсэн машинаа хураалгахгүй шүү хө гэж хэлдэг болно.  Яахав, олон машинтай баячууд нэг хоёр машинаа хураалгахад нэг их хотойхгүй байж мэдэх юм, гэхдээ л машин гэдэг үнэтэй эд хөрөнгө, тэр тусмаа тэд ямар "Эксел" хөлөглөдөг биш. Дээр нь согтуугаар машин барьсан тохиолдолд оноох ялыг өөрчлөх хэрэгтэй. Торгоод, эрхийг нь хасаад  өнгөрөх биш , бүр тодорхой хугацаагаар баривчилж хорих нь зүйтэй. 14 хоног хоригдоод гарахдаа тэр хүн нэгийг тунгаах буй заа, оюун ухаан нь эрүүл юм бол.

Ингэж л хатуухан, өөр байдлаар тэмцэхгүй бол хуучин аргаараа үзээд амжилт олохгүй юм байна гэдгийг гудамжаар өдөр шөнөгүй зорчих энэ олон согтуу жолооч нар, автын ослууд батлаад байгаа юм биш үү? Хүний өмч хөрөнгөнд халдах гэлээ энээ тэрээ гэж хачин юм бүү ярь. Согтуу жолоочид дайруулж алуулсан олон хүүхэд, томчуудад бас амьд явах эрх байсан юм шүү! Согтуу жолоочийн "хутгыг" (машин гээд ойлгочих) булааж авсанаар олон хүний амийг аварч байгаа юм. Амийг нь аварсан олон хүний дотор чи өөрөө ч тууж яваа юм бил үү, хэн мэдлээ.

Аймгуудын төвийг нийслэлтэй холбох  авто зам тавигдах гэж байгаа. Энэ ажил дууссаны дараа тухайн замууд дээрх  хөдөлгөөнд яаж хяналт тавих, замаа яаж  байнгын арчилгаатай байлгах , элдэв ослын үед яаж шуурхай арга хэмжээ авах гэхчлэн олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно.
Хээрийн замд ганц юм балгасан шигээ хэнэггүй явах жолооч гарч мэдэх юм. Өршөөлгүйгээр авдаг арга хэмжээгээ авах хэрэгтэй. Засмал замгүй байхад хотоос гарсан жолооч аяга тагш юм эргүүлээд л шороон замаар зам хазайгаад л туудаг байсан даа, дээхэн үед. Одоо тэгж согтуу жолоочийг байн байн сэгсэрч "сэрээж" байдаг энхэл доголтой зам нь байхгүй болчихоор өнөө гайхал чинь жолооныхоо ард "тасраад" замын хажуу руу эсвэл өөдөөс ирж яваа машин руу хар хурдаараа очиж мөргөөд "будаа" болохоор нөхцөл байдал үүсэх гээд байна.  Тиймээс хээрийн замын хяналт, шалгалт сайн байх шаардлага аяндаа тавигдана.
Энэ мэт хийх өөрчлөлт, шинэчлэлтээ гүйцэтгэхийн тулд хууль эрх зүйн талдаа нөхцөл боломжийг нь хангаж өгөх цаг болжээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё