МАН-ынхны атгаг санаа
Монгол Ардын Намын (МАН) туг |
Д.Амарбаясгалан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга |
АН болон түүний шинэчлэлийн засгийн газар бүтэлгүйтэж, ажил нь удааширч, цаг алдаж байх тусмаа МАН-д ашигтай гэсэн санаагаар манай хуучин коммунистууд ажилаж байна. Үүний тод жишээ бол дээр өгүүлсэн НИТХ-ын ээлжит хуралдаанаас 14 хоногийн завсарлага авч ахмадын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэх ажлыг хойшлуулж байгаа явдал. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, "Засгийн газраас орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч ахмадуудад тэр боломж нь хаагдмал байна" гээд "Нийслэлийн Засаг даргын оруулж ирж байгаа энэ хөтөлбөрөөр ахмад настан өөд болтлоо тэнд амьдарч байгаад дараа нь улс хурааж аваад дараагийн өндөр настанг суулгах юм байна" гэж дургүйцэж байна.
Байр зээлээр аваад, эсвэл худалдаж аваад суучих чадвартай ахмад настан байтугай залуус ховор байгаа энэ үед хямд бөгөөд тохилог түрээсийн байр бариад оруулчихая гэдэг санаа тун зөв шийдэл. Хийдгээ хийчихсэн ахмадуудад үлдсэн насандаа тохилог , тухтай амьдрах сонирхол байхаас өмч хөрөнгө цуглуулж үлдээх шаардлага, хүсэл байхгүй биз ээ. Гадаад орнуудад ч мөн ийм ахмадын тусгай тохилог байрууд байдаг.
Ахмадын хотхон бариад өгчихвөл ахмадууд маань тэнд үлдсэн насаа тохь тухтай өнгөрөөх боломж бүрдэх юм. Бурхны оронд очсон хойно нь тэр байранд нь өөр нэг нь очоод сууна биз дээ? Үүнд чинь юу нь болохгүй байна? МАН-ынханы санаа бол тэр байрыг нь өмчлүүлэх ёстой гэж их сайхан сэтгэл гаргаж байгаа мэт боловч үнэндээ цаагуураа ажилд саад хийх шалтаг болгож байгаа нь энэ. Тохитой байр хэрэгтэй ахмадуудынхаа нүүр лүү нулимж байгаа хэрэг гэж Нийслэлийн орлогч дарга С.Очирбатын хэлдэг үнэн.
Мөн саяхан Ерөнхий сайд Алтанхуягийг огцруулах гэдэг асуудал УИХ-д оруулсанаар УИХ дахь МАН-ын бүлэг төрийн ажлыг бас 2 долоо хоногоор хойш нь татаж амжилттай бойкот хийлээ.
Энэ хугацаанд нэг ч гэсэн хууль хэлэлцээд явсан бол түүнийг дагаад хийгдэх ажил нь бас л цаг алдахгүй явагдах байсан юм. Гэвч МАН-ынханд улс орны эрх ашиг, ард түмний сонирхол огт падгүй аж. Хэдийгээр аман дээрээ ард түмэн, эх орон гэж донгосох боловч ачир дээрээ ингэдэг л улс.
Үүнийгээ ч хойшид нотолсоор 4 жилийг дуусгах юм байна.
МАН-аас бодит санал, дэмжлэг, үндэстэй эрүүл шүүмжлэл ирнэ гэж горьдох хэрэггүй гэдгийг АН ба бусад хүчнүүд ойлгож авсан байх гэж найдая. Харин, сөрөг хүчин гэдэг бол "сөрж эсэргүүцэхийн" нэр гээд ойлгочихсон МАН-ын энэ мэт увайгүй хөгийн үйлдэл бүрд эрс шийдэмгий хариу барьж, гүтгэлэг болгонд нь хариу цохилт өгч ажиллахгүй бол худлаа зүйлийг олон давтахаар үнэн болчихдог гэдэг аргаар иргэд сонгогчдод буруу ойлголт өгч тархийг нь угаах энэ сэдэл нь ямар нэг хэмжээгээр бүтэлтэй болбол хожим муу үр дагавар дагуулах болно гэдгийг одоо эрх барьж байгаа хүчнүүд анхаарах хэрэгтэй.
Алтанхуягийг огцруулж чадахгүй гэж мэдэхийн дээдээр мэдэж байсан МАН-ынхан зүгээр л "улс төржсөн үймээн" зохиосон байхгүй юу. Огцруулах хэл аманд орж байгаа юм чинь ямар ч байсан тийм сайн Ерөнхий сайд биш юм байна гэдэг мессэжийг цөөхөн ч гэсэн хүмүүс авсан бол МАН-ын зорьсон зорилго биелжээ гэж ойлгох ёстой юм. Иймээс ирэх жилүүдэд шинэчлэлийн засгийн газар болон УИХ тун хүнд нөхцөлд ажиллах бөгөөд "сөргөхөөс" өөрийг мэддэггүй хүмүүст элдэв шалтаг гаргаж өгөхгүйн тулд хийх ажлаа долоо хэмжиж, хэлэх үгээ хэдэнтээ тунгааж байх нь чухал.
Шинэчлэлийн засгийн газар сайн ажиллаад, амалсан бүтээн байгуулалтын ажлууд, өөрчлөлтөө амжилттай гүйцэтгэж чадвал дараагийн сонгуульд МАН ялах нь байтугай одоогийнхоос цөөн суудал авах нь ойлгомжтой учраас ийм байдалд хүргэхгүйн тулд ямар ч үнээр хамаагүй саад хийх нь МАН-ыхны сонгосон ганц арга юм. Ингэснээрээ тэд өөрсдийгөө булшлах нүхээ ухаж эхэлсэн гэхэд болно. УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж суучихаад хэнийг ч оруулахгүйгээр Их Хурлын ажиллагааг хүч хэрэглэн тасалдуулж байсныг санаж байна уу? Тэндээс л эхэлсэн байхгүй юу!
Comments
Post a Comment