МАН-аар хатуу гишүүнчлэлгүй болох тухай хуулийг бичүүлье

МАН 2000 онд  15 мянган төрийн албан хаагчийг халж  байсан бол сая АН 1500 төрийн албан хаагчийг гудамжинд гаргажээ. Тооны хувьд маш том ялгаа байна. МАН-ын хувьд бол жинхэнэ хоморголно гэдгийг үзүүлж байжээ. Тэгвэл АН-ын халсан 1500 хүн дотор намын харъяаллаас ч болсон нь бий байх, мөн угаасаа ажил хийх чадваргүй шаардлага хангахгүй нь ч  байсан байх. Сайн дураараа ажлаа өгөөд явсан нь ч бий биз. Тооны их бага  нь чухал биш гэж бодоход энэ байдлыг тэгвэл  яаж өөрчлөх вэ? Мэргэшсэн төрийн албан хаагчдыг засаг солигдох бүрд ингэж халж  солиод байх юм бол Монгол төр, засгийн ажил хэзээ ч гажуудалгүй, зөв гольдролоороо явж чадахгүй. Төр засгийн чадамж, чанар энэ хэмжээгээр буурч сулрана. 

Тэгэхээр  төрийн албан хаагчдыг ингэж олноор нь ажлаас нь халдаг, сольдог асуудлыг зогсоох ганц л арга байна. Тэр нь намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох явдал юм. Өөр юу ч биш. Хэлмэгдэж байгаа ганц шалтгаан нь  намын харъяалал буюу намаар талцаж намчирхдаг  энэ өвчин. Ядаж эхний ээлжинд төрийн албан хаагчдыг ямар нэг намын  харъяалалгүй байх ёстой гээд хуульчлаад өгчихвөл аль ч нам засгийн эрх авсаныхаа дараа төрийн албан хаагчдыг намын харъяаллаас нь болж хэлмэгдүүлэх боломжгүй болно. Харин ажил хийх чадвар, үзүүлэлтээс  хамаарч халагдах бол өөр асуудал. Бүр болбол намын хатуу гишүүнчлэлийг нийтэд нь хориглох хэрэгтэй.

Төрийн албан хаагчдын хувьд ийм хязгаарлалт хийх нь хувь хүний улс төрийн үзэл бодол,байр суурийг хааж боосон асуудал огт биш. Харин энэ бол нийт улс орны эрх ашгийн төлөө хийж байгаа хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Учир нь энэ намчирхал, хуваагдал хичнээн хор хөнөөлтэй  болохыг  90 оноос хойш хэдэн сонгууль хийхдээ Монголчууд хангалттай мэдэрсэн.  Хувь хүн сонгуууль өгөхдөө санал өгөх байранд ороод ямар сонголт хийх нь чөлөөтэй.

Намаар талцдаг өвчин хэрээс хэтэрсэнийг хүн бүр мэдэж байгаа боловч ямар нэгэн бодитой ажил огт хийгдэхгүй байна. Одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л намаараа талцан уралцахаар  зэхэж байна. Хот хөдөөгүй, сум баг, айл өрх дотор, хамаатан садан дотроо намаараа талцан дайсагналцаж суудаг болоод удаж байна. Ерөнхийлөгчийн элч хөдөөд нийгмийн ажлаар явахад МАН-ын гаралтай сум багийн эрх баригчид АН-ын хүмүүс хэмээн хандаж хүлээж авахаас татгалзан зугтааж байна. Тэр ч байтугай МАН-ынхан иргэдийг хурал цуглаанд бүү оролц хэмээн зар тарааж төрийн ажлын эсрэг иргэдийг турхирч байна.

МАН-ынхан өөрсдөө олон мянгаар нь хоморголон хэлмэгдүүлж байснаа "мартчихаад" өнөөдөр АН төрийн албан хаагчдыг хоморголлоо гэж гуншигнаж байна.  Арай дөнгүүр боддог улс төрийн хүчин байсан бол ингэж ярихын оронд улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж , намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох заалт оруулахаар ажиллаж болох байлаа. Гэвч тэгсэнгүй "чавганцын хэрүүл" хийхээс үл хэтрэх аж. Намыг хатуу гишүүнчлэлгүй болгох санаа цоо шинэ юм биш л дээ, гэхдээ хэрвээ МАН санаачлага гаргаад бодитой төсөл өргөн барьсан бол олны  талархал хүлээх байлаа. Тэдэнд ийм ухаан дутжээ.

МАН-ынхан  улс төр хийхдээ л энэ мэт сэдэвийг шүүрч авдагаа болиод үүнийхээ оронд бодитой ажил хийж, санаачлагатай байвал жинхэнэ үр дүнтэй сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж байна гэж үнэлэгдэнэ. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар тийм дүр зураг харагдахгүй байна. Намынх нь лидерүүд ямар байна, нам нь тийм харагдана. Өнөөдрийг хүртэл МАН-ын хийсэн ажил гэвэл:
- Төрийн эрх барих дээд байгууллагыг (УИХ) байгуулах ажилд саад хийсэн (Дэмбэрэл гишүүн хурлаа удирдахгүй зугтаасан)
- Намын бүлэг байгуулах тухай хурлын дэгээ зөрчиж бүлэггүй хоцорчихоод  баахан улс төр хийсэн
- УИХ-ын үйл ажиллагааг хүчээр тасалдуулж чуулганы танхимын хаалгыг  буйдангаар хааж суусан
- Ерөнхий сайд Алтанхуягийг огцруулах гэж улс төр хийн төрийн ажлыг 14 хоног хойшлуулсан

За нэг иймэрхүү байдлаар "сөрж" ажиллаад байх юм бол 2016 оны сонгуульд  ямархуу дүн тавиулахаа  мэдэж байгаа байх гэж найдая. Ялагдсандаа шаралхахаа больж эрүүлээр улс орныхоо төлөө ажиллах цаг болжээ. Эхлээд юу хийхийг нь хэлээд өгье. Улс төрийн намын тухай хуулинд дээр өгүүлсэн өөрчлөлтийг оруулах хуулийн төсөл бичээд оруулаадахаач, МАН-ынхаан.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё